2024-05-17, Баасан
10 C
Ulaanbaatar

Нобелийн утга зохиолын шагнал ба түүнийг хүртээгүй дэлхийн суут зохиолчид

Нобелийн утга зохиолын шагналыг энэ жил Норвегийн зохиолч, яруу найрагч, бас жүжгийн зохиолч Ён Фоссед “шинэлэг утга зохиол, жүжгүүдээрээ болшгүйн дуу хоолойг гаргасанд” олголоо гэжээ.

Тэрээр 1959 онд Норвегийн баруун эргийн Хаугсесунд хотод төрж, 1983 онд “Улаан, хар” (Raudt, svart) романаараа зохиолчийн гараагаа эхэлсэн байна. Улмаар, 1994 онд “Хэн нэгэн ирж байх шиг” (“Nokon kjem til е komme”) жүжиг бичсэн нь тайзнаа тавигдаж эхэлжээ. Тэр цагаас хойш Ён Фоссе 30 гаруй жүжиг бичсэн гэнэ. Үүнээс гадна хэд хэдэн шүлгийн, бас хүүхдийн зохиолын товхимлуудаа хэвлэжээ. Бас гадаад зохиолчдын бүтээлүүдийг ч орчуулж хэвлэсэн аж.

Түүний бүтээлүүд олон улсын шагнал багагүй гарджээ. Жишээ нь, 1995 онд “Нэр” жүжгээрээ Ибсений нэрэмжит олон улсын шагнал, 2015 онд “Септологи” гурамсан романаараа Скандинавын орнуудын Хойдын зөвлөлийн хамгийн нэр хүндтэй шагналыг хүртэж байв. Тэгвэл өнгөрсөн 2022 онд түүний дээрх гурамсан роман Букерийн олон улсын шагнал аваад зогсолгүй, Америкийн утга зохиол шүүмжлэгчдийн шагналын сүүлийн шатанд шалгарчээ. Мундаг амжилт, үүнтэй нь хэн маргах билээ.

Гэвч Нобелийн утга зохиолын шагналтнуудын дунд дэлхийд нэр нь түгсэн цөөнгүй зохиолч байдаггүйг л дор сонирхуулах гэлээ.

Лев ТолстойЛев Толстой

Орос төдийгүй дэлхийд нэртэй энэ зохиолч Нобелийн утга зохиолын шагналд 1902-1906 онуудад дараалан нэр дэвшсэн ч аваагүй. Нобелийн шагнал гардуулах академийн дарга Карл Вирсэн тухайн үед тайлбарлахдаа, “Лев Толстой байж болох бүхий л соёл иргэншлийн хэлбэрийг шүүмжилснээс гадна соёлт нийгмийн тогтоосон бүх хэм хэмжээнээс ангид бүдүүлэг амьдралыг уриалсан” гэжээ. Үүнээс төд удалгүй Лев Толстой Нобелийн шагналыг өөрт нь ямар ч нөхцөлд гардуулахгүй байхыг албан ёсоор хүсэмжилсэн гэдэг.

Марк ТвенМарк Твен

Марк Твенийг Вильям Фолкнер “Америкийн анхны зохиолч” гэж, Эрнест Хемингвэй “Америкийн бүх уран зохиол Марк Твений “Хаккелберри Финний ядал явдлууд”-аас эхтэй” гэж учирлаад ч Нобелийн зөвлөлд нөлөөлж чадаагүй. Марк Твен Нобелийн шагналд есөн удаа нэр дэвшсэн ч гардсан удаа үгүй билээ.

Херберт ВэллсХерберт Вэллс

Нобелийн зөвлөл түүнчлэн уран зөгнөлт зохиолчдыг таалдаггүй байсан гэлтэй. “Үл үзэгдэгч хүн”, “Цаг хугацааны машин”, “Ертөнц хоорондын дайн” зэрэг зохиолуудаараа дэлхий даяар алдаршсан Херберт Веллс 1921, 1932, 1935, 1946 онуудад энэхүү шагналд нэр дэвшсэн ч хүртэлгүй өнгөрсөн.

Жеймс ЖойсЖеймс Жойс

Жеймс Жойс “Улисс” романаараа дэлхийн соёл урлагт маш ихээр нөлөөлсөн. Өнөөг хүртэл тэрээр англи хэлнээ уран бүтээл туурвисан хамгийн олон уншигчтай зохиолчдын нэг. Гэвч Нобелийн зөвлөл түүний зохиолуудыг хэт авангард гэж бодсон уу, шагнал өгөхөөс эмээсэн.

Владимир НабоковВладимир Набоков

Нобелийн зөвлөл Владимир Набоковын “Лолита” романыг дэндүү ёс суртахуунгүй хэмээн нэр дэвшсэн бүтээлүүдийн жагсаалтаас хасч байв. Александр Солженицын Нобелийн зөвлөлд Владимир Набоковын хамгийн алдарт романыг байдгаараа магтсан ч тусыг эс олжээ.

Хорхе Луис БорхесХорхе Луис Борхес

Аргентины хамгийн нэр хүндтэй зохиолч Хорхе Луис Борхес Нобелийнхээс бусад утга зохиолын бараг бүх шагналыг хамсан нэгэн. Нобелийн зөвлөл түүнийг Чилийн дарангуйлагч Аугусто Пиночетод хүндлэл үзүүлсэнд дургүйцэн шагнал гардуулагүй гэх нь бий.

Виржиниа ВулфВиржиниа Вулф

1901 оноос гардуулж эхэлсэн Нобелийн утга зохиолын шагналыг 15 эмэгтэй зохиолч хүртжээ. Гэвч тэдний тоонд ХХ зууны эхэн хагасын утга зохиолын хөгжилд хамгийн ихээр нөлөөлсөн, модернист урсгалын гол төлөөлөгчдийн нэг хэмээгдэх Виржиниа Вулф байдаггүй нь мөн л хачирхалтай.

 Умберто Эко

“Сарнайн нэр”, “Фукогийн савлуур” романууд нь хэдийнэ дэлхийн сонгодог зохиолуудын нэг болсон Умберто Эко ч энэ жагсаалтад хамрагдах хүн. Гэхдээ хэдэн жилийн өмнө түүнд нас барсных нь дараа хүндэтгэл үзүүлэн энэхүү шагналыг гардуулж магадгүй гэх яриа гарсан ч тэгсгээд замхарсан. Уг нь Нобелийн утга зохиолын шагналыг өнөөг хүртэл эсэн мэнд зохиолчдод л гардуулж ирсэн юм билээ. Удахгүй энэ уламжлал өөрчлөгдөнө гэх сураг сонсогдох ч хэн мэндлээ. Туйлын консерватив, хуучинсаг үзэлтэй байгууллага гэдэг нь дээрхээс бэлхнээ харагдах биз ээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img