2024-07-23, Мягмар
13 C
Ulaanbaatar

Кирсан Илюмжинов: БИ ДОНЖУАН БИШ ЭЭ

Дэлхийн улс төрийн ертөнцөд нэрээ сийлчихсэн Илюмжиновт Оросын хамгийн баян улстөрчдийн нэгд багтаж явсан түүх бий. Түүний ухаан нь бүр оюутан ахуй цагаас нь төлөвшсөн гэж хамт сурч байсан найз нөхөд нь ярьдаг. Тэрээр нэгэн удаа өөрийгөө “Би коммунист биш, бас ардчилагч ч биш, хөрөнгөтөн” гэж тодорхойлсон байдаг. Илюмжинов 1962 оны тавдугаар сард Элстэй хотод жирийн сэхээтний гэр бүлд төржээ.

Эцэг нь Элстэй хотын намын хороонд өндөр алба хашдаг байсан бөгөөд дөнгөж төрсөн хүүдээ ахынхаа нэрийг хайрлажээ. Ахтай нь усны дусал шиг адилхан төрсөн болохоор тэр. Харин удам дамжсан малын эмч мэргэжилтэй ээж нь хүүгээ Бадам хэмээн дууддаг байж. Илюмжиновынх дөлгөөн Дон мөрний эрэг даган амьдарсан казахын удам. Холын садан төрлийг нь яривал Байгаль нуурын ойрдуудтай холбогдоно.

Тэрээр тун хэрсүү хүүхэд байжээ. Шатар их тоглоно. Энэ чанар нь түүнийг хэрсүүжүүлсэн гэж хожим дурссан нь бий. Дөрвөн настайгаасаа шатар тоглож эхэлсэн тэрээр хоёрдугаар ангидаа Халимагийн шатрын аваргаар тодорч байсан удаатай. Түүнийг аварга болмогц ойр дотнынхон нь гоц авьяастнуудын сургуульд шилжүүлэх гэж нэлээд хичээсэн боловч хүчрээгүй гэнэ. Ангиасаа холдохгүй хэмээн зөрүүдлэх аясыг нь дагахаас өөр аргагүйд хүрчээ.

Илюмжинов дунд сургуулиа онц дүнтэй төгсөөд Элстэй хотын “Звезда” үйлдвэрт слесариар ажиллаж байв. Халимагийн хамгийн хүнд үйлдвэрээс ажлын гараагаа эхэлсэн түүний ажилсаг чанарыг хамт олон нь үнэлж дээд сургуульд орохыг зөвлөжээ. Энэ зөвлөгөө нь ёстой нүдээ олсон хэрэг болжээ. Илюмжинов чамгүй боловсролтой. Москвагийн улсын их сургуулийг Олон улсын харилцааны мэргэжлээр дүүргэж, хожим Японд мэргэжил дээшлүүлж, Алс Дорнодын орнуудтай эдийн засгийн чиглэлээр ажиллах арга ухааныг эзэмшсэн юм.

Кирсан ИлюмжиновОюутан байхдаа Илюмжинов томчуудын хүүхдүүдтэй нөхөрлөдөг байв. Зөвлөлтийн удирдагчид Л.Брежнев, Афганистаны Ерөнхийлөгч асан Кармал нарын хүүхдүүд гээд л. Мэдээж энэ бүхэн нь түүний цаашдын амжилтад нөлөөлсөн. Дээд сургуулиа дүүргээд Зөвлөлт-Японы хамтарсан “Лика-Радуга” фирмийн захирлаар томилогдсон бөгөөд “суусан газраасаа шороо атгах”-ын ухаанаар бизнесийн ертөнц рүү хүч түрэн оржээ. Оросын хамгийн хүчирхэг бизнесмэнүүдийн нэг гэгдэж, Халимагт гаднын шинэ содон бараа таваарыг нэвтрүүлж, ард иргэдээ “гадаад ертөнц”-тэй танилцуулж байлаа. 1990 онд анх “САН” корпорацийг үндэслэж, дараа нь “Степь” банкаа байгуулсан гэдэг.

Мөнгөтэй залуухан бизнесмэнийг Оросын анхны Ерөнхийлөгч Б.Ельцин дэмждэг байж. “Том ах”-ынхаа дэмжлэгийн хүчинд бизнесийн ертөнцөд чөлөөтэй ажиллах боломжоор хангагдаж байв. Тэрбээр Халимагийг хөгжүүлэх үүднээс нэг тэрбум долларын үндсэн хөрөнгөтэй “Халимаг” корпорацийг байгуулж, газрын тос ашиглах эрхийг олж авчээ. Корпораци нь хэдхэн сарын дотор хөл дээрээ босч ирсэн бөгөөд гадаадад даатгалтай болж эдүгээ боломжийн ашигтай төслүүдэд жилдээ 3,2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж байв. Мөн түүний байгуулсан “Калымрыба” концерн загас агнуураараа хамгийн үр ашигтай ажиллахаас гадна гадагшаа хууль бусаар загас экспортлохыг хянаж байсан юм.

Илюмжиновыг архи тамхи огт хэрэглэдэггүй, зурагт үздэггүй, сонин хэвлэл барагтай уншдаггүй гэлцдэг. Сонин хэвлэл дээр юун тухай бичдэгийг гадарладаг тул шүүрч аваад уншаад байдаггүй аж. Харин англи хэлийг төгс эзэмшсэнийхээ хувьд интернетэд нэлээд цагаар аялдаг. Хөгжим их сонсоно. Домогт “Битлз” хамтлагийн улаан фэн. Түүний сонирхдог, цуглуулдаг зүйлсийн нэг нь автомашин.

Кирсан ИлюмжиновТэрээр нэгэн удаа сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Эр хүн амьд яваа цагтаа өөрийгөө эрх мэдэл, мөнгө, бүсгүйчүүдээр чимээд үзчих хэрэгтэй. Миний хувьд сүүлийнх нь тийм ч хэцүү байгаагүй. Гэхдээ эмэгтэй хүнийг бүхний тэргүүнд тавиад байвал бизнес маань унана. Ажилдаа хамаг цагаа зарцуулах хэрэгтэй гэж хэлмээр байна. Би Донжуан биш ээ. Бүх л цагаа ажилдаа зарцуулдаг хөдөлмөрч л хүн. Үүнээсээ кайф авдаг” гэжээ. Мөн “Та эхнэртээ хэр халамжтай вэ” гэсэн асуултад “Динара бид хоёр нэг анги. Бага сургуульд байхаасаа үерхэж эхэлсэн” гэсэн байдаг.

Илюмжинов Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш бямба, ням гарагт нэг ч удаа амарч үзээгүй, авсан цалингаа шууд л хүүхдийн асрамжийн газарт шилжүүлчихдэг байж. Түүний хамгийн дотно найз нарын нэг нь зөнч Ванга эмээ байв. Ирээдүйг нэвт хардаг энэ эмгэнийд Илюмжинов зав л гарахаараа очдог, Ванга ч эрхэм Ерөнхийлөгчийнд хааяахан ирдэг байжээ. Ванга найзыгаа “Кирч” гэж дууддаг байв.

1990-ээд оны эхээр Ванга Москвад очих үеэрээ Илюмжинов руу өөрөө утасдаж, нөхөрлөхийг санал болгосон гэдэг. Илюмжиновын өөр нэгэн хүндтэй найз нь XIV Далай лам. Буддын шашны тэргүүнийг өөрийн эх орондоо айлчлуулахын тулд нэлээд хөөцөлдсөний эцэст найзыгаа Халимагт ирүүлж, Буддын шашинтай ард түмнээ баярлуулсан юм. Тэр нэгэнтээ “Би Будда, Мухаммед, Христэд адилхан итгэдэг. Тэд нэг л бурхны хүүхдүүд” гэж ярьсан удаатай. Гэхдээ сүүлд Монголд ирэхдээ өгсөн ярилцлагадаа буддист гэдгээ хэлсэн байдаг.

Кирсан ИлюмжиновТэр өөрийгөө улстөрч гэж хэлдэггүй, улстөрийн ертөнцөд өөрөөрөө оршиж чадсан энэ дэлхийн цор ганц эрхэм байж ч мэднэ. Хэдхэн жилийн өмнө хэвлэлд ярилцлага өгөхдөө “Би дуртай зүйлээ л хийдэг хүн. Өөрийгөө улстөрч гэж хэлэхэд хэцүү. Парламентад байхдаа, Ерөнхийлөгч байхдаа ч би цалингаа авч байгаагүй. Буддын, христийн сүм хийдэд цалингаа хандив­ладаг байсан. Театр, зам, сүм хийдэд хөрөнгөө зарцуулдаг. Улс төр миний хувьд зөвхөн хобби байсан. 26 насандаа сая ам.доллар хийж байсан. 50 компанийн хувьцаа эзэмшиж байсан. Хүмүүс намайг улс төрд орооч, парламентад нэр дэвшээч гэснээр би улс төр рүү орж байв.

Ер нь олон хүн эд хөрөнгийг арвижуулах, өөрийн хүрээний хүмүүсийг өөд татах гэж улс төрд ордог юм шиг. Би залуугаасаа улс төрд орохдоо цэвэр хобби маягаар орсон гэж хэлж болох юм даа. Улс төрд би хэнээс ч хамааралгүй өөрийнхөө юу бодсоныг чөлөөтэй илэрхийлж чаддаг байсан. Далай ламыг Халимагт урихад Хятадын Засгийн газраас Оросын Засгийн газарт анхааруулж байлаа.

Гэтэл би Далай ламд мөргөж өөрийнхөө онгоцоор Халимагт авчирч байлаа. Халимагийн ард түмний шүтээн болсон Далай ламыг Халимагт урихад Хятадын улс төрийн бодлогоос айх шаардлага байхгүй гэж үзээд өөрийнхөөрөө энэ асуудалд хандсан юм. Тэр үед ч гэсэн Хятадын удирдлагатай маш сайн харилцаатай байсан. Гэвч би хүмүүсийн шүтэж бишрэх эрх шашин шүтлэг улс төр гэдэг юмыг тусад нь авч үзэхийг хүссэн хэрэг” хэмээж байв. Тэрээр улстөрд ингэж л өөрөөрөө, өвөрмөц, эрхэмсэг оршсон нэгэн.

К.Илюмжинов 1995 онд Дэлхийн шатрын холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдож, энэ спортын хөгжилд хувь нэмрээ онцгой тод оруулсан эрхэм. Эдүгээ Халимагт шатар тоглодоггүй хүүхэд байдаггүй гэнэ лээ. Энэ бол мэдээж Илюмжиновын буян.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img