2024-07-22, Даваа
22 C
Ulaanbaatar

Ч.Ганжавхлан:”Хүүхдийн амийг аварч чадах хүчтэйгээ ойлгооч ээ” л гэмээр байна

Ч.Ганжавхлантай уржигдар орой ярилцсан юм, СУИС-ийн хажууханд хэлэлцүүлэг яриа зохион байгуулсных нь дараа. Орчлонг бүрэн таньж чадаагүй үрсээ цаг бусаар алдсан элдэв хэцүү кейсийг сонсохгүйгээр амгалан тайван аж төрөхийн тулд шийдэл хайж яваа, шийдлээ ажил болгочихсон суугаа ганц хүн бол Ч.ГАНЖАВХЛАН. Тэр энэ удаа ч нийгмийг түгшээсэн үйл явдлыг зүгээр л нэг ажиглагчийн байр сууринаас харж суусангүй. Хэлэлцүүлэг зохион байгуулж, хүүхдийн асуудалд анхаарсан Хороо байгуулсан юм. Биднийг ярилцаж суухад хулгайлагдсан охиныг цагдаагийнхан олж чадаагүй байсан бол ярилцлагаа бичиж дуусгах мөчид өр өвтгөм хэцүү мэдээ сошиалаар хөврөв. Ярилцлагын өмнөтгөл бичих ийм хэцүү байдаг билүү... Ингээд элдвийг үл нуршин Ч.Ганжавхлантай өрнүүлсэн ярилцлагаа хүргэе.

-Ойрын өдрүүдэд иргэдийг түгшээсэн нэг кейс сошиалын сэдэв болж байна. Дорноговь аймагт 12 настай охин хулгайлагдсан мэдээг анх сонсоод ямар бодол төрснөө хуваалцаач?

-Сэржмядаг гэдэг охиныг Монголын төр тэр чигтээ олж чадаагүй. Энэ хар бараан дурсамжаас юу ч сураагүй байна даа л гэж бодож байсан. Уг нь энэ дохиог бидэнд маш олон хүүхдүүд өгсөн. Бүр тэрбайтугай “траншейны хүүхэд” гэж байсан тэртээх цагаас эхлээд л хүн худалдаалах гэмт хэрэг, хүүхдийн хулгай зэрэг зүйлс бидэнд энэ дохиог маш их, чанга тодоор өгч байсан. Энэ үйл явдлууд бидэнд ойлговол ойлгохоор, анхаарвал анхаарахаар сэрэмж, дохио өгсөн. Гэтэл өөрийнх нь хүүхдэд тохиолдоогүй болохоор өөрт нь ямар ч хамаагүй юм шиг энэ бүгдийг анхаарахгүй явсаар байгаад өнөөдөр дахиад нэг хүүхдийг алдаад “олдоосой” гээд залбираад сууж байна. Сургамж ерөөсөө авахгүй байна. Мартаж байгаа болохоор л давтагдаад байгаа юм. Ерөөсөө л энэ…

-Сошиал орчинд олны танил нөлөөлөгчид бүгд л энэ үйл явдалд харамсаж байгаагаа илэрхийлсэн. Зарим улстөрч бүр зөвхөн залбирч байгаа эможи постолсон харагдсан. Таны хувьд тэднээс тэс өөрөөр, энэ үйл явдалд харамсал илэрхийлэхээс илүү шийдэл санал болгож байгаа нь илүү бодитой, хэрэгтэй санагдсан. Таны сошиалд бичсэн байр сууриас “жагсаад яах юм бэ, үр дүнд хүрдэггүй шүү дээ” гэсэн үг санаанд тасхийгээд үлдчихсэн. Жагсаад үр дүн гардаггүй тийм нийгэмд бид амьдраад байна уу?

-Энэ үйл явдлын хувьд эхлээд бид өөрийнхөө эсрэг жагсах ёстой. Толинд харж байгаад өөрөө, өөрийнхөө эсрэг жагсъя. Бид нэг буруутан олоод түүнд л хамаг зүйлээ тохоод эсвэл нэг албан тушаалтныг огцруулчихдаг. Тэгээд дахиад л маргааш нь нэг инээдтэй лайв үзэж суух гээд байна шүү дээ. Элдэв хэцүү асуудлаас хурдхан салчихна гэж бодоод байна.

Ялалт гэж байхгүй… Хэн ч ялахгүй. Жагсаад хэнийг ч өөрчлөөд, оронд нь хэнийг ч шинээр сольж тавиад ялгаа ерөөсөө ч байхгүй. Энэ бол манай нийгмийн сэтгэлгээний гацаа. Мөн манай төрийн менежментийн гацаа. Та бид хоёрын ярьж суугаа асуудлыг жагсаад шийдчихдэг зүйл биш юм билээ. Бид их жагсаж үзсээн. Өвлийн ид хүйтэнд “Хүн бай”, “Нүдээ нээ” гэх зэргээр есөн удаа жагссан түүх бий. Ингэхдээ бид тодорхой шаардлагатай жагссан. Шүүх эмнэлэгийн журмын нэг л заалтыг өөрчлөхийг шаардаж жагсаад сайдын тушаалыг цуцлуулж журмыг тэр заалтыг өөрчлүүлж чадсан.

-Нөлөөлж чадсан тэр журмын өөрчлөлтөөр чинь ярилцлагаа үргэлжлүүлье?

-Осолд өртөөд цус нөжөө гоожуулаад очсон хүүхдээс эмнэлэг 10.000 төгрөг хураадаг, жилдээ улсын төсөвт энэ мөнгөөр найман сая төгрөгийн орлого бүрдүүлдэг журам байсан юм. Нэг бодит тохиолдол гараад осолд орсон хүүхэд эмнэлэгт очиход тэр мөнгийг нь төлж чадахгүй нөхцөл үүссэн. Тэр өвөл “Очир” төвд болсон аймшигт хэрэг гарсан. Сэржмядаг охины хэрэг ч мөн болсон. Ингээд бид “Нүдээ нээ” гэсэн жагсаалыг өрнүүлсэн. Энэ жагсаалд бидний зорилго тодорхой байсан.

Харин энэ удаад бол ийм тодорхой, шууд барьж авах зүйл алга. Эцэг эхчүүд хүүхдэдээ хайхрамжгүй хандаж байна, хүүхдэдээ үл хайхрах хүчирхийлэл битгий үзүүлээч гэж жагсаад үр дүн нь юу вэ? Тиймээс л бид өөрсдийнхөө эсрэг жагсах ёстой гээд байгаа юм.

Ч.ГанжавхланТөр засагтай ярих зүйл байгаа юу гэвэл байна. Өнөөдөр гэхэд ялын бодлогод өршөөл үзүүлэхгүй байх хэрэгтэй зэргээр өөрсдөө яриад эхэлж байна л даа. Жишээлбэл, 12 жил хүчингийн хэргээр ял эдлэж байгаад гарч ирээд давтан гэмт хэрэг үйлдэх нь ноцтой хэрэг шүү дээ. Шоронгийн дээд удирдлага Тогтоол гүйцэтгэх гэдэг газар, хорих ангийн дарга нарт хийх ёстой нэг зүйл байдаг. Тэр нь хүүхэд хүчиндсэн аймшигтай нөхөр шоронгоос суллагдсан бол тэр хүн ямар хорооны, ямар суманд очиж суурьшиж байна вэ гэдгийг хянаж байх ёстой. Гэтэл өнөөдөр тэр нөхөр яагаад дахин гэмт хэрэг үйлдэх болов гэхээр Хорих ангийн дарга тухайн хүнийг нийгэмшүүлэх ажлаа хийгээгүй байна гэсэн үг.

-Төр засгийн бодлого боловсруулагчид энэ асуудлаар өөр өөрийн байр сууриа илэрхийллээ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдыг энэ асуудал дээр чимээгүй байлаа гэж иргэд бухимдсан. Гэтэл сайд нь гарч ирэхдээ сэжигтний гэрэл зургийг ил болголоо. Энэ нь ямар ч шийдэл л юм бүү мэд. Хууль зүйн шинэ сайд нь гарч ирээд магадлангаар ялтнуудыг суллахгүй гэдэг байр суурийг илэрхийлсэн. Энэ нь яг шийдвэр мөн ч юм уу, биш ч юм уу. Тэдний эдгээр байр суурийн тухайд бодлыг чинь сонсъё?

-Маш богино зайн зүйл ярьж байна л даа. Туйлын шийдэл ерөөсөө хайхгүйгээр бухимдалтай нийгэмд өнөөдөр ямар үг олоод хэлчих үү гэж бодож суугаад л үг хэлж байгаа юм шиг, тийм л мэдрэмж төрсөн. Яахав, тэдний үгээс санал нийлэх зүйл байсан. Нийлэхгүй зүйл ч байсан. Гэвч хэнийх нь ч суурь шийдэл ерөөсөө биш. Хамгийн том суурь шийдэл бол бодлогодоо тусгасан маш том урьдчилан сэргийлэх томоохон цогц “хувьсгал” маягийн үйл хэрэг явах ёстой.

Төр ерөөсөө урьдчилан сэргийлэх ажил хийхгүй байна. Төсөв мөнгө нь данхайх хэрээр Түлэнхийн төв, Хамгаалах байр нэмж барих тухай ярьж байна. Уг нь тэр Хамгаалах төвийг барихгүй байгаагаа багасгах нь төрийн бодлого байх ёстой. Аль болох асуудлыг гаргахгүй байхад төсөв мөнгөө зарцуулах ёстой. Гэтэл бид үр үндэс дээр нь ямар ч ажил хийгээгүй мөртлөө цэцэг ургачихлаа гээд гайхаад байгаа шиг л байна. Бүр цаашлаад харах юм бол энэ суурь боловсролын асуудалтай ч холбоотой.

-Олон улсад гэмт хэрэгтэй тэмцэх хамгийн сайн стратеги бол гэмт хэрэг гарсны дараа тэмцэх биш гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бодлого байдаг шүү, нээрээ. Гэтэл үүнийг өнөөдөр чамаас сонсож байгаа нь олзуурхмаар нөгөө талдаа төр, засгийн ярих ёстой хүмүүс нь ярихгүй, хийхгүй яваад харамсал төрж байна.

-Яг л тийм. Манай улсад урьдчилан сэргийлэх бодлого огт алга. Ийм бодлого байх ёстой. Төр засаг… Яг үнэндээ манай энэ төр засаг гацаанд орчихсон юм билээ. Өөрсдийгөө хэд хоногийн дараа байхаа ч мэдэхгүй. Төсөв нь, хууль нь байгаа ч сэтгэл үгүй. Хийдэг ажлаа урт хугацаанд хийж яваа хүмүүс гэж алга. УИХ дээр хүүхдийн төлөө, хүүхдийн энэ асуудалд анхаарсан хороо байгуулагдаасай гэж би өчигдөржингөө “орилсон” л доо.

УИХ дээр тэр эмэгтэй, эрэгтэй гишүүд нь үзэл бодол нийлдэг, нийлдэггүй хамааралгүйгээр хүүхдийн асуудал дээр анхаарч, бодлогоо гаргах хороог байгуулж ажиллаасай гэж хүссэн юм. Ерөнхий сайд хүүхдийг төлөөлж байгаа нэг номерын хүн нь. Тэр хүмүүс нь энэ хороонд анхаарч ажиллаасай гэж хүссэн. Гэвч тийм Хороо байгуулагдаагүй болохоор бид энд Хороо байгуулж байна. Хүмүүс сайн дураараа энэ хороонд ирж элсэж байна.

Нийгэмд асуудал нэг шуураад л өнгөрдөг гэсэн шүүмжлэл бий. Харин бид энэ асуудлыг шуураад өнгөрөх биш бодит ажил болгож ажиллахыг хүсэж байна. Бид хүүхдийн төлөө өдөр бүр, цаг минут тутамд бодитой ажил хийдэг л дээ. “Ид шидийн орон” –г ажиллуулж байгаа ч хангалтгүй байна. Яалт ч үгүй нэг бүтэц үүсгэж давхар авч явъя гэж бодож сууна. Энэ бол уг нь төр, засгийн л дэмжих ёстой ажил юм.

Ч.Ганжавхлан-Хүүхдүүдэд тохиолдож буй харамсалтай үйл явдалд олны танил сошиал нөлөөлөгчид сошиал орчинд цаг наргүй харамсал, залбирал, үзэл бодлоо илэрхийлж байна. Гэтэл бодит байдал дээр хүрч ирээд чадах зүйлээрээ туслаж байгаа нь хэд вэ гээд харахаар утасны цаанаас л ярьж, бичиж суудаг бодит зүйлгүй хүмүүс болчихсон юм шиг. Жишээ нь өнөөдрийн арга хэмжээнд тэднээс хэн нь ч алга. Чиний хэлснээр өөрөө өөртэйгээ тэмцэж чадах бодит үйлдэл бидэнд үнэхээр алга…?

-Яахав бүр байхгүй байснаас “дүр эсгээд” ч болтугай асуудалд хандах гэж оролдож байгаа нь нэг алхам юм даа. Ер нь энэ төрлийн ажлыг алхам алхмаар ойлгодог юм билээ. Тэд гэр хорооллын гудмаар ч явж үзээгүй тэс өөр ертөнцөд амьдарч байгаа хүмүүс байхгүй юу. Үүсээд байгаа нөхцөл байдал, орчныг сайн ойлгохгүй “тасарчихсан” нөхцөлд байгаа л даа.

Бага багаар ойлгож, ойлгуулж байгаад сүүлдээ бодитой болдог юм билээ. Би ч бас эхэндээ тийм бодолтой л байсан. Сүүлдээ шат, дараалалтай зүйл болохыг нь ойлгосон. Нэг сонсоод, нэг яваад үзчихдэг юм байна. Жаахан зүйл ойлгосны дараагаар хүмүүс бодитой болдог юм байна билээ. Өнөөдөр энэ түр хороонд нэгдэхээр ирсэн хүмүүс бол бодитой хүмүүс.

Учир нь энэ хүмүүс юм бодож энд ирсэн. Уйлдагаа уйлаад, шаналдагаа шаналж үзсэн дахиж янз бүрийн зүйл цахим орчинд шэйрлэхээс цөхөрчихсөн хүмүүс.. Гэмтлийн эмнэлэгийн сэтгэлзүйч хүртэл ирсэн байна. Хүүхдийн үхэл гэдэг статистик биш гэдгийг ойлгуулах гэж урьсан юм. Түлэгдээд тал бие нь ялзраад хэвтэж байгаа тэр хүүхэд сэтгэл зүрхтэй. Тэр ямар сэтгэл вэ гэдгийг бид сонсож байж статистик тоо биш юм байна гэдгийг нь ойлгоно. Энэ бүгдийг сонсож, ойлгож байж хүмүүс бодитой хандана. Бидэнд энэ чиглэлээр ажилласан 11 жилийн ажлын туршлага бий. Тиймээс бид үүнийг зохион байгуулж хүүхэд хамгааллын чиглэлийн багуудаараа ажиллах болно.

-Хүүхэд бүрийг хамгаалж чадах хүч хүмүүст өөрт нь бий гэж та түрүүн хэлсэн. Ярилцлагын төгсгөлд тэдэнд хандаж уриалга хэлээч?

-“Та хүүхдийн амийг аварч чадах хүчтэй, тэр хүчээ ойлгооч ээ” гэж хэлмээр байна. Тийм мундаг гэдгээ ойлгооч ээ. Хөршийн тань хүүхэд уйлж байгаа бол нэг л удаа сэтгэл гаргаад асуугаарай. Хүүхдүүдийн зорчдог зам тэмдэглэгээгүй бол нэг л удаа түүнд сэтгэл гаргаж холбогдох газарт нь хандаарай.

Тоглоомын талбай хүүхдийг гэмтээхээр харагдвал жаахан сэтгэл гаргаад очоод анхаараад өгөөч ээ л гэж хүсч, уриалмаар байна. Жаахан сэтгэл гаргачихад нэг хүүхдийг гадны нөлөөнөөс болж хараагүй, хөлгүй болохоос аврах тийм их хүч бидэнд бий. Бид яг ийм байж чадвал балчир үрсээ элдэв эрсдлээс болж амиа алдах аюулаас ч аварч чадна.

Өөрчлөлт гээд байгаа зүйл төр засгаас ирэх байх гэж хараад ямар ч үр дүн хүрэхгүйг өнгөрсөн жилүүд бэлхнээ харуулж байна. Цагдаа нар нь ажлаа хийж байгаа ч өдгөө өрнөж буй гашуун кейс бүр бидний “үл хайхрах” хүчирхийллээс болж байна шүү дээ. Цаазын ялыг сэргээгээд, засаг төрөө огцруулаад юу ч өөрчлөгдөхгүй. Хүүхдийг “үл хайхрах” бидний хүчирхийлэл л гол асуудал болоод байна.

-Ярилцсанд баярлалаа.

- Сурталчилгаа -spot_img

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img