2024-07-23, Мягмар
19 C
Ulaanbaatar

Монголын эрдэс баялгийн салбар дэлхийн хаахна явна вэ?

Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн Зөвлөлийн дарга Г.Батцэнгэлийн "Монголын эрдэс баялгийн салбарын дэлхийд өрсөлдөх чадвар" сэдэвт илтгэлийн онцлох эшлэлүүдээс хүргэе.

* Уул уурхай бол хүн төрөлхтний хөгжлийн салшгүй хэсэг. Хүн ам өсч, улс орнууд хөгжиж, хэрэглээ нэмэгдэх хэрээр тэлж ирсэн салбар. 1985 онд 9.6 тэрбум тонн уул уурхай, эрдэс баялгийн бүтээгдэхүүнийг дэлхий даяар үйлдвэрлэдэг байсан бол энэ тоо 2021 онд 17.9 тэрбум тоннд хүрч сүүлийн дөч орчим жилийн хугацаанд бараг хоёр дахин нэмэгдсэн. Уул уурхайн үйлдвэрлэл сүүлийн хорь гаруй жилийн хугацаанд Азид эрчимтэй байж ирлээ.

Энэ тивд уул уурхайн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 140 хувиар өсөөд байгаа. Харин эдийн засгийн өсөлт нь харьцангуй тогтворжсон, хөгжингүй улс болох Европт 31 хувиар буурсан байх жишээний. Африкт 20 гаруй хувийн өсөлттэй яваа. Австралийн хувьд Ази номхон далайн бүс нутагт ордог гэдэг утгаараа Азийн хөгжлийг дагаад ханган нийлүүлэгчийн хувьд 140 хувийн өсөлт үзүүлж. Өмнөд Америкт 8 хувь, хойд Америкт 18 хувийн өсөлттэй харагдаж байгаа юм. Трэнд ойлгомжтой, Азид ноёрхож байна.

*Уул уурхайн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн 25 хувийг БНХАУ үйлдвэрлэж байна. Монголчуудад нэг түгээмэл ойлголт бий. Хятадууд бүх юмаа гаднаас аваад байна гэцгээдэг. Энэ бол ташаа ойлголт. Хятад улс уул уурхайн маш том үйлдвэрлэгч. Газар зүйн байршлаа харвал Хятадад, Австралид үйлдвэрлэл маш ихээр төвлөрсөн, Баруун болон Зүүн Өмнөд Африкт ч бас төвлөрөөд байгаа. Чили, Өмнөлд Америкийн Бразилд уул уурхай үсрэнгүй хөгжиж яваа. Мэдээж хойд Америк бол уул уурхайн том үйлдвэрлэгч улс.

Улс орнууд нийтдээ 70 гаруй төрлийн бүтээгдэхүүн олборлож өөр хоорондоо худалдааны эргэлтэд оруулдаг. Манай улс найман төрлийн гол бүтээгдэхүүний экспорт хийдэг орон.

* Монгол геологийн, нөөцийн хувьд харьцангуй баялаг ихтэй орон. Нөөцийн хувьд харьцангуй хангалттай ч нөөцөө эргэлтэд оруулж эдийн засгаа тэлэх боломжоо бүрэн ашиглаж чадахгүй байна. Зэсийн хувьд батлагдсан нөөц нь 60 гаруй сая тонн. Гэтэл үйлдвэрлэл нь 0.3 сая тонн. Оюутолгойн далд уурхай эхэлсэн нь сайн хэрэг. Далд уурхайн нөлөөгөөр энэ тоо хоёр дахин өслөө ч дэлхийн төвшинд өрсөлдөхүйц тоглогч болж чадаж байгаа эсэх нь маш том асуултын тэмдэг. Нүүрсний хувьд 35 орчим тэрбум тоннын нөөцтэй.

Өнгөрсөн жил 40 сая хүрэхгүй тонныг олборлож байсан бол өнөө жил харьцангуй өсч 50 гаруй сая тоннд хүрэхээр байна. Төмрийн хүдрийн хувьд 1.8 тэрбум тоннын батлагдсан нөөцтэй ч 10 сая тонн хүрэхгүй хэмжээг олборлодог. Алтны нөөц маань 500 мянган тонн хүрэхгүй. Шороон ордуудын нөөц шавхагдаад дуусч байгаа учраас алтны үндсэн ордуудын эрэл хайгуул олборлолтоо нэмэгдүүлэх шаардлагатай нүүр тулчихсан. Ураны нөөцийн тухайд харьцангуй өндөр нөөцтэй улсад багтана. Энэ салбарт шинэ тоглогч болж орж ирэх боломжоо бүрэн ашиглах хэрэгтэй болов уу.

* Одоо дэлхийтэй өөрсдийгөө харьцуулъя. Дэлхийн зэсийн батлагдсан нөөц бараг 900 сая тонн. Үйлдвэрлэлийн нөөц нь жилдээ 22 сая тонн. Монгол улсын батлагдсан нөөц 7 хувийг нь л бүрдүүлж байгаа. Үйлдвэрлэлийн хувьд Чили, Перу гэх мэт улс хамаагүй урд гарчихсан яваа.

Монгол улсын дэлхийн зэс үйлдвэрлэлд эзлэх хувь нь 1.4 хувь. Оюу толгой ашиглалтад орж энэ тоо хоёр дахин нэмэгдсэн ч гурван хувь хүрэхтэй үгүйтэй л байгаа гэсэн үг. Ногоог хөгжил, ногоон шилжилттэй холбоотойгоор зэсийн эрэлт нэмэгдэж, үнэ нь цойлох хүлээлт бий. Гэтэл бид зэсийн салбарын нөөцөө бүрэн ашиглаж чадахгүй яваа.

Хятад улс 1.9 сая тонн зэс үйлдвэрлэж байна. Конго шинэ тоглогч болоод гараад ирчихсэн. 2.2 сая тонныг үйлдвэрлэж буй. Чили 5 гаруй сая тонн, Перу 2.2 сая тонныг үйлдвэрлэж байгаа. Манайтай харьцуулахад хамаагүй их хэмжээний зэсийг олон улсад нийлүүлж байна.

Дэлхийн нүүрсний батлагдсан нөөц нь 1 их наяд гаруй тонн. Үйлдвэрлэл нь 8 орчим тэрбум тонн. Нөөцийн хувьд Америк, Хятад, Орос, Австрали улс өндөрт тооцогддог. Хятад улс нийт нүүрс олборлолтын бараг 50 хувийг хийдэг. Төмрийн хүдрийн хувьд дэлхийн батлагдсан нөөц нь 180 тэрбум тонн. Бүтээгдэхүүн үйлдвэрлэл нь хүдрээрээ 1.6 тэрбум тонн. Нөөц нь Австрали, Бразилд зонхилдог. Сүүлийн үед Африк дах хэд хэдэн төсөл урагшлах мэдээлэл бий.

Монголын тухайд энэ зах зээл дээр сул, жижиг байр суурьтай. Алтны дэлхийн нийт батлагдсан нөөц 52 мянган тонн. Жилийн үйлдвэрлэл нь 3000 гаруй тонноор хэмжигддэг. Манай батлагдсан нөөц 500 тонн хүрэхгүй бол өмнөд Америк 5000, Америк 3000, ОХУ 7000, Австрали 8000 гаруй тонны батлагдсан нөөцтэй. Алтны салбарын үндсэн ордын хайгуулын ажил хоцрогдсон байдалтай яваа. Олборлолтын хувьд Хятад тэргүүлдэг. 330 тонныг олборлож байгаа. ОХУ, Австрали 320 тонн, Канад 220 тонныг жилдээ олборлодог. Гэтэл бид 23 тонныг жилдээ олборлож Монголбанкинд тушаадаг.

Battsengel*Дэлхийн улс орнуудын өрсөлдөх чадварыг харья. Олон улсын байгууллагаас дэлхийн өрсөлдөх чадварын индексийг эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн байгууллагын ашигт үйл ажиллагаа, дэд бүтцийн хөгжилтэй нь уялдуулж гаргадаг. Эдийн засгийн тамир тэнхээгээр Ирланд тэргүүлж байна. Энэ бол өнгөрсөн жилийн үзүүлэлт гэдгийг тодотгоё Манайх 60-д жагсч байна.

Бидний хувьд зэсийн зах зээлийн тоглогчид гэдгээр нь жишиж харах учиртай хоёр улс бий. Нэг нь Чили, нөгөө нь Перу. Эдийн засгийн тамир тэнхээгээрээ тэд биднээс хавь илүү урд жагсч байна. Засаглалын үр ашгийн хувьд Швейцарь тэргүүлдэг бол Чили, Перу мөн л бидний өмнө жагссан. Бизнесийн байгууллагын ашигт үйл ажиллагаагаар нийт чансааг Дани тэргүүлдэг. Бид 64-т, Чили, Перу 45, 53-т. Дэд бүтцийн хувьд Монгол улс сүүлийн 15-20 жилийн хугацаанд авто зам, төмөр замын сүлжээ гэх мэтэд маш их хөрөнгө оруулалт хийж, боомтын бодлогын хүрээнд анхаарч байгаа ч энэ индексээрээ Чили, Перу улсаас нэлээд хойно явна. Зэсийн талбарт Чили, Конго нэлээд том өрсөлдөөнийг бий болгоно гэдгийг мартаж болохгүй.

* Тулгарч буй асуудлуудаа он дарааллаар нь жагсаагаад харвал зовлон 2008, 2009 оноос эхэлсэн. Уул уурхай хөгжих тусам, хайгуулын салбар хөрөнгө оруулалт татах хэрээр сөрөг үр дагавар гарч ирсэн. Үүнийг дагаад нийгмийн эсэргүүцэл дэвэрсэн. Үр дүнд нь урт нэртэй хууль 2009 онд батлагдаж байлаа. 2010 онд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоо тодорхой хугацаанд зогсоосон.

Стратегийн орд гэдэг ойлголтыг гаргаж ирсэн. Гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг 2012 онд баталсан түүх бий. Энэ бүхний уршгаар 3000 гаруйгаар тоологдож байсан хайгуулын тусгай зөвшөөрөл өнөөдөр мянга хүрэхтэй үгүйтэй болсон. Хайгуулын салбар зогсонги байдалд орчихсон. Эрдэс баялгийн сангаа бүрдүүлэх, улсын нөөцөө нэмэгдүүлэх ажил харьцангуй хоцрогдолтой яваа. Үүнийгээ дагаад ирээдүйн гадаадын хөрөнгө оруулалт маань ч гэсэн татрах нөхцөлд бийг ойлгох хэрэгтэй.

Бид далайд гарцгүй. Ганц давуу тал нь эрдэс баялгийн бүтээгдэхүүний хамгийн том хэрэглэгч Хятадтай хөрш.

* Ер нь бид нүүрс, зэс гэх мэт голлох бүтээгдэхүүнийхээ зах зээл дээр хэнтэй өрсөлдөхөө мэдэж байх учиртай. Ирээдүйд цахилгаан машин гэх мэт ногоон хөгжил рүү чиглэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрс өснө. Энэ өсөлтийг дагаад зэсийн хэрэглээ өсөх нь тодорхой. Мөн газрын ховор элемент гэх мэт шинэ төрлийн эрдэс бүтээгдэхүүний эрэлт, үнэ ханш нь огцом өснө. Тэгэхээр энэ чигийн хайгуулдаа онцгой анхаарах хэрэгтэй.

Шинэ хөрөнгө оруулалт татах боломж энэ салбарт байна. Ногоон хөгжилтэй холбоотой металлуудад хөрөнгө оруулалт хийх сонирхол цаашид өссөөр байх нь гарцаагүй. Дахиад хэлэхэд ингэхийн тулд хайгуулаа нэмэгдүүлэх шаардлагатай. Монгол улс 2021 онд 42 сая ам.долларыг хайгуулын салбарт зарцуулсан байхад дэлхийн өнгөт металлын хайгуулын зарцуулалт 11.2 тэрбум ам.доллараар хэмжигдэж байна. Газар зүйн хэмжээтэйгээ харьцуулахад манайд хийгдэж буй эрлийн хайгуулын ажил үнэхээр хангалтгүй байгаа.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img