2024-07-22, Даваа
16 C
Ulaanbaatar

Б.БОЛДСАЙХАН: ХҮН ҮХЛИЙН ТӨЛӨӨ АМЬДАРДАГ, АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ҮХДЭГ БАЙХ

ҮХЛИЙН ТУХАЙ ЦУВРАЛ ЯРИЛЦЛАГА – 1

Ханын шүүгээндээ цаасан хайрцагт хийгээд мартаж орхисон “Ирмүүн лайф” сэтгүүлээ ухаж гаргаж ирээд хайсан ярилцлагаа олж уншлаа, өчигдөр. Тээр жил хэд хэдэн эрхэмтэй үхлийн тухай цуврал ярилцлага өрнүүлж байсан юм. Тэдний нэг нь Б.Болдсайхан эмч. Саяхан, ердөө өнгөрдөг сарын сүүлээр түүний постыг хараад өмнө нь өрнүүлсэн ярилцлагаа санасан хэрэг. Болдсайхан эмч тэр өдөр “Үхэхэд сайхан өдөр байна … өнөө, одоо үхэвч: харамсах, хоргодох зүйл, үйл үгүй амидурах гэж хичээж буй” гэсэн пост бичиж, тэрийг нь би олж харж… Тэндээс үлдсэн мэдрэмж минь олон жилийн өмнөх ярилцлагаа уншигчдадаа ахин хүргэх сэдэл болсон юм. Тээр жилээс хойш олон намар өнгөрчээ. Энэ олон намрын дараа үхлийн тухай ахин ярилцвал тэр ямар хариу өгөх бол…Хэдэн жилийн өмнөх байтугай, хэдхэн сарын өмнөх бодол, ухаарал өргөсч тэлж, өдөр, сар, жил өнгөрөх тусам хүн гэдэг амьтан өчигдрийн “би”-гээсээ өөрчлөгдсөөр нартын тоосыг хөдөлгөж явдаг нь орчлонгийн жам гэж ухаарах болсон. Магадгүй уулзах хувь ахиад олдвол би Б.Болдсайхан эмчтэй энэ сэдвээрээ үргэлжлүүлэн ярих сан гэж боддог. Маргааш танд яруу найрагч, аялагч Бадамсамбуугийн ярилцлагыг, “үхэл”-ийн тухай бодол эргэцүүллийг нь хүргэхээ амлая.

Эх сурвалж: “Ирмүүн лайф” сэтгүүл №03. 2010 он

-Болдсайхан эмч ээ, би таныг үхлийн тухай хоёр янзаар хариулах болов уу гэж таамаглаж байна. Эмч хүний хувьд тогтсон үзэл онол бий байх. Харин таны дотоод ертөнцөд үхлийн тухай ойлголт хэрхэн буудаг вэ?

-Эмчийн хувьд миний олж авсан боловсролоор үхэл гэдэг бол маш энгийн. Ямар нэгэн биологийн биет эхээс төрөөд, амьдраад, эцэст нь дуусч бие нь задран бусдад тэжээл болдог. Бүр товчхоноор бол зүрх зогсоод хоёр минутаас дээш болоход тархи үхэхийг л хэлж байгаа юм. Оюун ухаан ч гэсэн тархины бүтээл юм бол тархитайгаа хамт дуусна. Энэ бол эмнэлгийн нарийн шинжлэх ухааны бүдүүлэг амархан тодорхойлолт.

Хувь хүний ойлголт маань эмчийнхтэйгээ зөрдөг. Энэ тухай их боддог, их уншсан. Эртний Сонсгоодоос авахуулаад Египетийн үхлийн ном, Свэдинборг, Моуди, Дантэ гээд би бүр багаасаа уншиж байсан. Гэхдээ үүнийг мэдсэн хүн бараг үгүй байх. Хүн өөрийнхөө үзээд туулсныг л мэддэг. Бид амьдарч яваа мөртлөө амьдралын тухай ч мэддэггүй шүү дээ. Тиймээс үзээгүй үхлийн тухай мэдэх бүр хэцүү. Миний дээр дурдсан хүмүүс амьдралын чинадад очоод, үхлийг үзэж ирээд бичсэн гэдэг болохоор надад сонирхолтой байсан. Үхэл гэж юу юм бэ гэдэгт шууд хариулахад хэцүү. Хүн төрөлхтөн үхлийн тухай таньж мэдээгүй байгаа учраас олон янзын ойлголт байдаг.

-Зүрхний эмч хүн өдөр бүр шахуу үхэлтэй “нүүр тулах” хэрэг гардаг байх. Хүний үхэл амьдралыг шийднэ гэдэг өөр дээр үхэл ирснээс хүнд тусдаг уу?

-Зүрхний мэс засалч хүн өдөр бүр шахуу хүний зүрхийг түр зогсоож байгаад засч буцааж ажиллуулдаг. Хүнийг клиник үхэлд оруулж байгаад амьдруулна гэсэн үг. Хүний үхлийн тухай бодох нэг хэрэг. Өөрийн үхлийн тухай бодох бас өөр хэрэг. Би эмч хүнийхээ хувьд өчүүхэн алдаа гаргавал тэр хүн яг миний гар дор үхэх ёстой болдог. Тийм шийдвэрийг үргэлж гаргаж байгаа хүн үхлийн тухай бодохоос аргагүй.

Хүн ер нь үхлийн төлөө амьдардаг. Амьдралын төлөө үхдэг байх. Хүний үхэх агшны өмнөх цаг мөчүүд тоологдож байхад эргээд амьдралаа харахад харамсахааргүй байх ёстой гэж боддог. Байгалиас өөрт нь заяасан боломж, авъяас бүхнээ ашиглаад амьдарсан шиг амьдарчээ гэж бодох юм бол үхсэн шиг үхэж болох байх. Хэрвээ утгагүй, тэнэг, буруу амьдарсан бол Там гэдэг нь үхэхийн өмнөх тэр мөчүүдэд л байдаг байх. Эргээд харахад хамаг амьдралаа муу муухай юманд зарцуулсан байвал там гэдэг л тэр. Үхэх гээд орондоо хэвтэж байх тэр агшин бол хүний сэтгэлд байдаг хамгийн том эцсийн шүүх, эцсийн бясалгал биз. Тэгэхээр үхлийн тухай, амьдралын тухай ойлголт гэдэг чинь нэг зоосны хоёр тал шиг салгаж ойлгохын аргагүй юм. Амьдарч чадсан хүн үхэж чадна.

-Үхэл айдсыг үргэлж дагуулдаг. Үхлээс айж байхын оронд үхэлдээ бэлдэх ч юм уу, үхлийн тухай мэдэхэд тэмүүлэх ёстой байх нь…?

-Үхлийг мэдэхгүй болохоор аймшигтай. Хүн төрөлхтөн гараг ертөнц, атом, ген гээд ихэнх зүйлийг таньж мэдэж чаддаг. Харин үхлийн тухай, амьдралын тухай, өөрийнхөө мөн чанарын тухай танин мэдэж чаддаггүй.

Хүнийг бие, оюун ухаан, сэтгэл гурвын нэгдэл гэдэг. Би ч тэгж боддог. Бие, оюун ухаан нь байна. Гэтэл сүүлийн үед тэр сэтгэл гэдэг нь хаана оршдог юм, ямар мөн чанар, зүй тогтолтой юм гэж өөрөөсөө би их асуух болсон. Үхлийн тухай ярих гэхээр энэ тухай ярих хэрэгтэй болдог. Үхэхээр бие нь дуусдаг. Оюун ухааны тархи нь гашлахаар бас дуусдаг юм байна. Тэгвэл тэр сэтгэл нь хаачдаг юм. Хүмүүс асар ухаантай болоод хөгжчихсөн гээд байгаа мөртлөө өөрийгөө таньж мэдэж чаддаггүй.

БолдсайханЕвропын олон оронд ажиллаж байхад ная, ер гарчихсан хүмүүс үхлээс айдаг, зугатдаг тохиолдол олон байдаг. Амьдрал бол ингээд л надаар дуусдаг юм байна гэж бодоод хэдхэн хоног амьдрахын төлөө хүнд хагалгаанд ороод зовж шаналдаг. Гэтэл дорнын ард түмэн, ялангуяа монголчууд саяхныг болтол үхэж чаддаг байсан. Энэ бол маш сонирхолтой. Үхнэ гэдгээ мэддэг, хүлээн зөвшөөрдөг, тэрбайтугай бэлддэг байсан. Одоо бид нийгэм, улстөр, эдийн засгийн өөрчлөлтийг хийгээд яваа гэсэн мөртлөө тэр асар өндөр соёл маань өөрчлөгдөж байгаа нь харамсалтай. Одоо хүмүүс үхэж ч чадахаа больж байна. Муугаар хэлэх юм бол амьдарч ч чадахгүй, үхэж ч чадахгүй болж байгаа.

-Энэ юутай холбоотой вэ?

-Миний түрүүний хэлснийг ухаад харахаар хүнд сэтгэлийн том ертөнц байх ёстой байх нь ээ дээ. Нэгэнт л нүцгэн ирээд нүцгэн буцахаас хойш уул шиг алттай байгаад аваад явахгүй. Тэгэхээр сэтгэлийн амьдралаар илүү амьдрах хэрэгтэй болох нь. Гэтэл сэтгэл гэдэг чинь юу юм. Тэр нь ямар өнгөтэй, ямар аялгуутай, ямар жам ёстой, хаана байдаг ертөнц юм гэдгийг мэддэггүй. Өөрийгөө юм уу ертөнцийг танин мэдэх гэсэн хүний тархины оролдлого бол шинжлэх ухаан. Биеийнх бол ойлгомжтой амьтан шиг, харин сэтгэлийнх бол багаар бодоход урлаг гэж би ойлгодог. Итгэл, эр зориг, сайхан сэтгэл ч гэдэг юм уу сэтгэлийн атрибутууд оюуны логиктойгоо зөрдөг.

-Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн үхлийг хүлээн авах илрэл нь өөр байх шиг санагддаг. Эмэгтэй хүн үхсэнийхээ дараа ч гэсэн хөөрхөн харагдахыг хүсдэг юм шиг… Танд тийм зүйл ажиглагддаг уу?

-Манай аав их идеалист хүн байсан. Ер нь жараад оныхон тийм байсан байх. Надад их хэцүү үгийг аав хэлдэг байсан. Тэр нь хүний бүх юм сайхан байх ёстой гэж. Энэ нь хүний бие, сэтгэл, оюун ухаан нь сайхан байх ёстой гэсэн үг. Хүмүүсийн дотор ийм идеал байдаг. Энэ бол маш том, гоё идеал. Тиймээс монголчууд үхэлд бэлдэж чаддаг байсан юм. Эмэгтэй хүн илүү байгаллаг сэтгэлгээтэй, урлаг талдаа болохоор тийм зүйл бий. Зүрхний маш хүнд хагалгаанд орох гэж байгаа эмэгтэй хүн өглөө нь үсчин, гоо сайхан ороод дэрвийтлээ гоёчихоод ирдэг тохиолдол бий. Энэ нь надад их таалагддаг. Монголчуудын өндөр соёлын нэг жишээ нь энэ. Монголчууд амьдарч чаддаг, үхэж ч чаддаг байсан.

-Үхэл ийм л байдаг байх нь гэсэн мэдрэмж төрж байсан уу, танд?

-Үхлийн тухай ойлголт үргэлж хөгжиж явдаг. Тэгээд эцсийн эцэст нүүр тулж мэдлээ ч үхсэн учраас амьд хүнд хэлж өгч чадахгүй шүү дээ. Эмч хүн үхлийг их сонин хүлээж авдаг юм билээ. Оросын Павлов үхэхдээ мэдэрч байгаа зүйлээ шавь нартаа хэлсээр байгаад дууссан гэдэг.

Би өдөр бүхэн үхэлтэй нүүр тулдаг гэж ярьдаг ч өөрөө үхэх дөхөж байж үхлийн тухай ойлголтыг гүнзгий мэдэрсэн. Тийм тохиолдол бий. Говь-Алтайд явж байгаад нэг удаа анафилактик шоконд орсон. Өөрөө эмч тулдаа, тэр үед сумын эмнэлэгт байсан тулдаа амьд үлдсэн байх гэж боддог. Эмч хүн хүнд тусламж үзүүлдэг шигээ өөртөө тусламж үзүүлдэг юм билээ. Ширээний хажууд зогсоод тариулж байсан хүн чинь шоконд ороод эхлэнгүүтээ ор руу хоёр алхаж очоод орон дээр унаж байгаа юм. Унахдаа албаар түрүүлгээ хараад, хөл гараа нугалчихсан. Төвийн эрхтнүүд рүүгээ цусаа хадгалах гэж байгаа нь тэр. Хэл ам нь ээдрээд мэдэгдэхгүй болсон хэрнээ тийм тариа хий гээд заагаад байгаа юм аа, бас. Ертөнц зүрхний лугшилтаар нарийсаад, нарийсаад л байдаг юм билээ.

Зургийн аппаратны өрц шиг л нарийссаар байгаад өчүүхэн нарийхан гэрэл үлдээд миний физик бие мэдрэмжгүй болчихсон. Тэгээд хав харанхуй хорвоотой намайг холбож буй өчүүхэн цагаан гэрэл байгаад байдаг. Тэр дотор миний ухамсар тасарч болохгүй гээд хичээгээд байдаг, тасрах л юм бол би үхнэ гээд. Эцсийн үлдсэн бүх юмаа шавхаад цагаан гэрлээ унтрааж ухамсар тасарч болохгүй гэдэг дээр л төвлөрч байсан. Тэгж байгаад өнөө цагаан гэрэл зүрхний цөөхөн үлдсэн лугшилтаар буцаж өргөссөөр гайгүй болсон. Дөнгөж нэг юм тультраад юм хэлдэг болонгуутаа “зураг авсан уу” гэж асуусан гээд намайг хүмүүс их шоолдог юм. Үхэж байсан зургаа харах нь л дээ.

Болдсайхан-Энэ амьдралаас салах агшин үлдэж буй хүмүүсийн хувьд мэдээж хүнд хэцүү зүйл. Харин буцаж байгаа хүнд орчлонгийн явдал хамаагүй болж, энэ ертөнцийн хэмжээс багадаж, өөр хэмжээст багтахад бэлтгэгдэж байгаа юм шиг санагддаг. Лав л тийм их шаналал, зовлон биш юм шиг мэдрэмж төрөөд байдаг л даа…?

-Үхэж буй хүмүүсийг тэгтлээ зовж шаналж байгааг харсан удаагүй. Үхэл бол хамгийн богинодоо хоёр, гурван минут юм шиг боловч тэр хүндээ асар урт процесс. Бүх юм хамаагүй болоод, дотогшоо, өөр дотроо төвлөрөөд, тайван амгалан болоод дуусдаг байх. Яг нэг тийм хамгийн гүн гүнзгий бясалгалтай адилхан. Бид яах гэж бясалгадаг юм. Амьдралын болоод өөрийнхөө мөн чанарыг ойлгох гэж л бясалгадаг.

-Хойд нас, сүнс хэмээх ойлголт үхэлтэй холбогдон гарч ирдэг. Та итгэдэг үү?

-Хойт төрөл гэдэгт би ерөөсөө итгэдэггүй. Юу нь дахин төрөх юм. Одоо хүртэл танин мэдэж чадахгүй яваа сэтгэл нь юм уу, эсвэл сүнс гээд байгаа нь өөр амьтны эсүүдэд ороод төрөх юм уу. Байдаг гэдгийг үгүйсгэх аргагүй. Гэхдээ би итгэдэггүй. Байдаг бол сайхан л байна. Дахиад энэ Монголдоо төрмөөр байна. Түүний оронд миний хүүхдүүд бол миний үргэлжлэл гэдэгт итгэдэг. Би аавынхаа үргэлжлэл болж яваа шиг тэд минь миний үргэлжлэл гэдэгт итгэдэг. Физик бие, бодол санаа, үйл хэргийнхээ хувьд ч энэ бол хойд төрөл гэдгээс хамаагүй энгийн, бодит зүйл.

-Үхлийн тухай шүүлтийн тухай хүмүүс өөр, өөрийнхөөрөө төсөөлдөг. Бурханд ч бай, эрлэгт ч бай шүүгдэхийн тухайд та юу гэж боддог вэ?

-Хэрвээ бурхан шүүдэг байсан бол би айхгүй. Аягүй бол аргалж хуурах ч юм уу “шпидэж” ч болно шүү дээ. Хамгийн аймшигтай нь бид өөрөө өөрийгөө шүүнэ. Өнгөрсөн амьдралаа зөв, буруу байсныг өөрөө шүүнэ. Жинхэнэ там тэр байж мэдэх юм. Хүн өөрөө өөрийгөө хуурч чадахгүй. Үхэж дуусах гэж байж хуураад ч яах билээ. Тэгвэл тэнэг амьдралдаа таарсан бүр л тэнэг үхэл болно биз.

Одоо ч гэсэн би буруу, зөв хийж буй бүхнээ мэдрэх мэдрэмжээ чагнах гэж оролддог. Хууль нь ч бай, найз нөхөд ч бай зөв буруу гэж хэлэх нь хамаагүй. Би өөрөө өөрийгөө л шүүж байхгүй бол бурхан ч шүүж чадахгүй. Би аавынхаа “Хүний бүх юм сайхан байх ёстой” гэсэн тэр идеалыг бодож явдаг. Энэ бол өөрийгөө шүүж байгаа л хэрэг. Өнөөдөр нэг муу юм хийчихье, дараа нь хэдэн цаас өгөөд цайруулчихна гэсэн юм хэзээ ч байхгүй.

-Зүрх хүний амьдрал үхлийг шийддэг эрхтэн. Тэр эрхтэн таны гарт, тэр хүний амьдрах үхэх эсэх нь танаас хамаарч байхад юу боддог вэ, та нүднээс нь юу уншдаг вэ?

-Нэг их драмжуулаад байх юу байхав. Хүний эзэмшдэг л мэргэжил. Аав, ээж, дүү маань ч зүрхний эмч байсан. Миний хэдэн зуу дахин хийсэн хагалгаа байсан ч би маш их боддог. Тархиндаа доод тал нь таван удаа хийдэг, зүүдэлдэг. Өвчтөнөө амьдралын талд, өөрийнхөө талд байлгах ёстой. Гэхдээ бас би айдаг, эргэлздэг.

БолдсайханАхин дахин эргэлзэж боддог. Хамгийн энгийн хөдөлгөөн бүрийг яаж бүр хялбар, бүр аюулгүй болгох вэ гэж боддог. Бүр арьсны зүслэгийг ч гэсэн. Эмчийн мэргэжилд дуртай байлгадаг хэдхэн момент л бий. Нэг нь зүрх дахин сэргэх момент. Хэн нэгний зүрх дахихдн сэргэх “аймаар” кайфтай. Магадгүй хар тамхичин өнөө тамхиндаа донтож байгаа шиг мэдрэмж байх (инээв). Дургүй момент маань хүн энэ орчлонгоос буцах.

Тэр болгонд энэ өрөөнөөс, энэ эмнэлгээс, энэ мэргэжлээс, энэ амьдралаас тэр чигээрээ алхаад гараад явчихмаар санагддаг. Эмч хүн өвчин, үхэлд дасдаг гэдэг, би ерөөсөө үхэлд дасч чаддаггүй. Хэдийгээр ойрын хэдэн жилд тохиолдоогүй байгаа ч дараагийн удаа би мэргэжлээ хаяна л гэж санадаг.

-Амиа хорлох бол нэг төрлийн үхэл. Үхэх эрх чөлөө гэж байж болох уу?

-Амиа хорлох гэдэг муухай үхэл биш байх. Муухай үхэл бол аборт шүү дээ.

-Муухай аллага гэвэл тохирох юм биш үү?

-Муухай аллага. Эмч хүний тангаргаар хориотой юм. Бид чадвал хүнд туслах, чадахгүй гэвэл ядаж хор болохгүй байх ёстой. Гэтэл мэргэжлээ хүн алахад ашиглаж байна. Хүн төрөлхтний сүүлийн тавин жилд гарсан хамгийн муухай зүйл энэ. Харин амиа хорлоно гэдэг өөр. Үхэл бол хувь хүний төвшинд яригддаг. Хүн бүр сүргийн амьтан. Тэр сүргийн төвшинд амиа хорлолт байх ёстой. Хүн ам хэр дотоод энергитэй байна гэдгээсээ хамаараад амиа хорлолт байдаг.

БолдсайханЯлангуяа нэр төрийн төлөө амиа хорлох сайн үхэл байх. Нэр төрийнх нь цаана хайр, мөнгө, эрх мэдэл, өр гээд юу ч байж болно. Тэр нь амьдрал, нэр төрийн дэнс байж болно. Харин амиа хорлолтгүй орон бол тэр угсаатан мөхөж байгаагийн шинж. Буруу л юм хэлж байгаа байх л даа. Гэхдээ жишээлбэл Ирак юм уу, Афганийг хэзээ ч дийлэхгүй гэдгийг би ганцхан юмаар хэлж чадна. Хувь хүн болгон эх орныхоо нэр төрийн төлөө амиа золиосолж чадаж байхад энэ ард түмнийг дарна гэж байхгүй. Энэ бол ард түмэн эр зоригтой, халуун эрчимтэй байгаагийн шинж. Үхэж чадаж байна гэдэг амьдарч чаджээ гэсэн үг байх.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img