2024-07-27, Бямба
18 C
Ulaanbaatar

12 жил Францыг толгойлсон өвгөн Ширак

Николь Саркозигийн өмнө 12 жил Францын ерөнхийлөгчийн сэнтийд сууж асан өвгөн Ширакийн амьдрал өнөө ч домог мэт яригддаг. 2007 оны тавдугаар сарын 16-нд Ерөнхийлөгчийн албан тушаалаа хүлээлгэж өгөөд Францын Үндсэн хуулийн Зөвлөлийн насан туршийн гишүүн болсон тэрээр одоогоос дөрвөн жилийн өмнө яг ийм намраар таалал төгссөн юм. 87 настай өвгөн улстөрчийг орчлонгоос буцахад Франц улс үндэсний гашуудлын өдөр зарлаж байв. Түүнтэй салах ёс гүйцэтгэхэд ОХУ, Герман, Гүрж, Итали, Словенийн Ерөнхийлөгч, Бельги, Унгар, Серби, Чех, Хорватын Ерөнхий сайд нар, Иорданы хаан, Люксембургийн Их Гүн, Монакогийн хунтайж нар оролцож байж. Ингээд түүний хувийн болон улстөрийн амьдрал руу өнгийцгөөе

Компанийн захирлын цорын ганц хүү

Жак Ширак 1932 оны арваннэгдүгээр сарын 29-нд Парижийн нэгэн компанийн захирал Абел Франсуа Ширакийн ганц хүү нь болж төржээ. Түүний эцэг эх нь чинээлэг гаралтай бөгөөд өвөө нь маш их эрдэм боловсролтой нэгэн байж. Магадгүй, ийм оюунлаг гэр болж төрж өссөн нь Ширакийг хожим төрийн том түшээ болоход нөлөөлсөн биз ээ. Ширакийг төрөхийн өмнөхөн эгч Жаклин нь өвчнөөр өөд болжээ. Тэгээд л хөөрхий эцэг эх нь ганц хүүгээ амь шигээ хайрлаж. Жак багаасаа католик сүсэг бишрэлээр өсч хүмүүжжээ. Парижийн дунд сургуулиа төгсөөд далайчнаар хэдэн сар ажилласан түүх түүний намтарт бий. Энэ үед гэргий Бернадетт де Корселтойгоо танилцаж, хоёр охинтой ч болжээ.

Ширакийг маш сонин хувь тохиол улс төр рүү түлхэн оруулжээ. Францын улс төр цэргийн нэрт зүтгэлтэн, хоёрдугаар дайны томоохон жанжин, Шарль де Голлийн тэмцэл түүнд хүчтэй нөлөөлсөн гэдэг. “Францад мөнхийн нөхөр гэж үгүй, харин мөнхийн эрх ашиг гэж бий” гэсэн суут үгийн эзэн Шарль де Голль ганц Ширак төдийгүй Францын маш олон улс төрчдөд нөлөөлсөн юм билээ. Жак Ширак 1950-иад оноос улс төрийн карьер хөөж эхэлжээ.Энэ үед тэрбээр Францын коммунист намд элсэж, коммунист үзэл сурталтай янз бүрийн цуглаанд оролцдог болов.

Францын лидерүүдийг төрүүлдэг Иколийн Үндэстнүүдийн захиргаанд орохын өмнөхөн Харвардын их сургуульд суралцжээ. Мэдээж хэрэг, энэ сургуулийг дүүргэснээр Ширак улстөрд хүч үзэх бэлтгэлээ хангалаа гэсэн үг. Ерөөс Ширак асар богино хугацаанд улстөрийн амаргүй шатаар өгсчихөв.

1962 оны дөрөвдүгээр сараас Ерөнхий сайд Жорж Помпидугийн туслахаар ажиллах боллоо. Түүнд маш өргөн боломж нээгдэв. Помпиду Ширакийг “Миний бульдозер” хэмээн нэрийднэ. Хичээл зүтгэлийг нь үнэлсэн хэрэг л дээ. “Бульдозер” нэрээрээ тэр Францын улстөрийн хүрээнийхэнд илүү танил болсон гэж хэлж болно.

Ширак 1967 онд Үндэсний чуулгад суудал авахын тулд Шарль де Голлийн дэмжлэгийг авчээ. Бүх зүйл түүний ялалтаар өндөрлөлөө. Шарль де Голль түүнийг Засгийн газарт Нийгмийн асуудал хариуцсан Төрийн нарийн бичгийн дарга /дэд сайд гэсэн үг/-аар ажиллахыг санал болгов. Хэдийгээр “Помпидугийн фракц” Голлийнхоос илүү байсан ч Ширак Шарль де Голлийн дэмжлэгт найдаж байлаа.

1968 онд Францыг донсолгосон оюутны томоохон бослого дэгдэх нь тэр. Ширак яг энэ үед тэдэнтэй хэлэлцээр хийхийг хүсэлгүй, ерөнхийдөө төвийг сахисан байдалтай байв. Тэрбээр Эдийн засгийн асуудал хариуцсан Төрийн нарийн бичгийн дарга болонгуутаа тухайн үед Санхүү, эдийн засгийн сайдаар ажиллаж байсан Жискар де Эстентэй дотносчээ. Жискар де Эстен бол Голлийн үнэнч шавь төдийгүй түүний үйл хэргийг залгамжлагч юм. Хожим Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Ийм нөлөөтэй хүнтэй нөхөрлөсөн Ширакийн нэр хүнд өсөлгүй яах вэ.

Жак Ширак төдөлгүй өөрт нь оногдсон төрийн өндөр суудал болох Парламенттай харилцах сайдын албыг хашиж байгаад, Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жорж Помпидугийн ивээл дор Хөдөө аж ахуйн сайд болчихлоо. Үнэн хэрэгтээ, энэ яамны сайдаар ажиллаж байх үед Ширак “Францын фермерчдийн эрх ашгийг хамгаалагч” гэдгээрээ бүр ч алдаршжээ.

Түүгээр ч зогсохгүй АНУ, Баруун Герман, Европын комиссын хөдөө аж ахуйн бодлого Францын ашиг сонирхолтой нийцэхгүй байна гэж эрс шүүмжилсэн нь олон улсын анхаарлыг татаж, 1974 онд тэр нэг хэсэг Дотоод хэргийн сайдаар ажиллаж байтал Ерөнхийлөгч Помпиду түүнийг сонгуульд өрсөлдөхөд нь туслалцаа үзүүлэхийг хүсчээ.

жак ширакГэтэл Помпиду тун эмгэнэлтэйгээр өөд болж, Ширак ч Голлийн фракцтай өрсөлдөхөөр шуударчээ. Азаар Жискар де Эстен Францын түүхнээ хамгийн дуулиант хэмээн тэмдэглэгдсэн Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж, Помпидугийн залгамжлагч болжээ. Жискар де Эстен Ерөнхийлөгч байхдаа Ширакийг Ерөнхий сайд болгох санал дэвшүүлсэн гэдэг.

Учир нь Ерөнхий сайд болсноор парламентыг олонх болох “Жискарын эсрэг” фракц болон “Жискарын фракц”-ыг эвлэрүүлнэ гэж тэр үзжээ. 41 нас хүрсэн Ширак “Залуу чоно”-нуудын удирдагч болов. Гэхдээ л Голлийн фракцын зүгээс ширүүн шүүмжлэлтэй тулгарсан юм. Жискарыг Ерөнхийлөгч болоход бүх ажлыг нь амжуулсан хэмээн түүнийг буруутгана.

Ширак 1974 онд Ерөнхий сайдаар сонгогдсон тэр жил Иракийн дэд Ерөнхийлөгч Саддам Хусейн Багдадад албан ёсны айлчлал хийхийг түүнээс хүсчээ. Ширак ч урилгыг хүлээн авч, 1975 онд Иракт айлчилсан байна. Айлчлал үр дүнтэй болсон талаар тухайн үеийн хэвлэлүүд ихэд шуугисан юм. Саддам Хусейн газрын тосны олборлолтын 23 хувийг Францын компаниудад шилжүүлэх баталгаа өгчээ. Энэ бол том итгэл. Саддам, Ширакийг хүндэтгэж явдгийн илэрхийлэл ч гэж хэлж болно.

2003 онд Холбоотны цэргийн хүчнийхэн Иракт халдан довтолсныг Жак Ширак хүчтэй эсэргүүцэж байлаа. Үүнийг эрт үеийн энэ “нандин” харилцаатай нь холбож ойлгож болмоор. Саддамын бэлгийн хариуд Франц улс Иракт “Осирак” хэмээх цөмийн өндөр технологит реактороо худалджээ. Гэтэл энэ реакторыг Израилийн агаарын хүчнийхэн юу ч үгүй бөмбөгдөж орхих нь тэр. Ерөнхий сайд Жак Ширак эл явдлыг буруушаасан мэдэгдлийг удаа дараа хийсэн төдийгүй Персийн булангийн дайны дараа цөмийн зэвсгийн үндсэн төхөөрөмжүүдийг хэрэглэх нь зүйтэй гэсэн байр сууриа илэрхийлжээ.

Jak ShirakШиракийн алдаа оноо

Жак Ширак 2004 оны есдүгээр сард НҮБ-ын чуулганд үг хэлэхдээ дэлхий дахины ядууралтай тэмцэхийн тулд олон улсын татварыг бий болгоё, тэгвэл жилд 50 тэрбум ам.доллар хуримтлуулах боломжтой гэж мэдэгдсэн нь шуугиан тарьсан билээ.

Америкийн төлөөлөгч эл үгэнд нь үл итгэсэн байдалтай хандахад мань эр “АНУ хэдий хүчирхэг байлаа ч 110 Засгийн газрын дэмжсэн төлөвлөгөөг үгүйсгэж чадахгүй” гэж хариулж. Гэхдээ энэ санал явуургүй болсон ч Ширакийн эр зоригийг харуулсан явдал болсон билээ.

Улс төрийн шатаар Ширак 40 жил эрчтэй ахисан гэж үздэг. Парис хотын даргаар олон жил ажиллахдаа олон реформ хийж байж. Олон улсын асуудлаар зоригтой санаачлага гаргах гэж Ширак нэлээд хичээсэн. Дэлхийн II дайны жилүүдэд Еврей нарыг нүүлгэн шилжүүлэхэд Франц улсын гүйцэтгэсэн үүргийн талаар тус улсын эрх баригчдаас хамгийн түрүүнд ам нээсэн хүн бол Ширак. Түүнчлэн боол худалдах явдлыг тэр бас буруутгасан. Иракийн эсрэг хүч хэрэглэхийн хор уршгийн талаар Ширак л болгоомжлуулж байлаа. Гэлээ ч цэрэг, дайны эсрэг эл байр сууриа ард түмнээрээ дэмжүүлж чадаагүй нь нэлээд олон оронтой муудалцахад хүргэсэн түүхтэй.

Замын ослоос болж нас барагсдын тоог таван жилийн хугацаанд хоёр дахин бууруулсанд нь Францчууд түүнд талархдаг юм. Мөн Хавдар судлалын салбарт судалгаа шинжилгээний ажлыг өргөжүүлж, Парист эгэл урлагийн музей байгуулсныг Ширакийн гавьяа гэлцдэг.

Николь Саркози түүнээс Францын Ерөнхийлөгчийн суудлыг 1,2 их наяд еврогийн өртэйгөөр хүлээж авч байсан юм. Ширакийг Ерөнхийлөгч болоход Францын өр үүнээс хоёр дахин бага байж. Францын ажилгүйдлийн түвшин 8,8 хувьд хүрсэн нь Ширакийн алдаатай бодлогын илрэл хэмээн тухай үед шүүмжилж байлаа. Саркозигийн ялалтын шалтгаануудын нэг нь энэ байв. Саркози сонгуулийн сурталчилгааныхаа үеэр ажилгүйдлийг бууруулна хэмээн тод дуугарч байсан юм.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img