2024-07-26, Баасан
15 C
Ulaanbaatar

Сингапурыг бар улс болгосон Ли Куан Ю

Энэтхэг, Номхон далайн боомт арал дээрх Британи, Малайзын колони Сингапурыг Бүгд Найрамдах болсоныг зарлуулж, НҮБ, АСЕАН-д элсүүлж, улсынхаа ажилгүйдэл, авилгалтай хүчтэй тэмцэж, байгалийн баялаггүй ч хөрөнгөлөг орон болгож, 1973 оны «Олон улсын нефтийн хямралын» үеэр нефтийн цогцолбор байгуулсан хүчтэй удирдагч бол Ли Куан Ю.

1965 оны наймдугаар сарын есөн. Ли Куан Ю-гийн ард түмэндээ хандан хэлсэн үгийг нэвтрүүлэгч сүрлэг сайхан хоолойгоор уншиж танилцуулан, “Үүнээс хойш Сингапур үеийн үед бие даасан, ардчилсан, тусгаар тогтносон үндэстэн байх болно” гэжээ. Ли Куаны энэ үг Малайзтай далан сувгаар төдийгүй эдийн засаг, түүхнийн үүднээс салшгүй холбоотой байсан юм. Ерөөс Сингапур хэмээх арлын бяцхан улсын хувь заяаг үндсээр нь өөрчлөх гараа байсан гэлцэх юм билээ.

Улс бүр өөр өөрийн гэсэн хувь заяатай. Байгалийн ямар ч нөөц баялаггүй, дотоодын зах зээл гэхээр гавьтай юм байхгүй энэ арал улс хэзээ нэг хүчирхэг улс болно доо гэх эргэлзээ ард түмэнд нь байсан юм. Тэгтэл Ли гэгч эр Сингапурыг бар улс болгохоор зориг шулууджээ.

1963-1965 онд хоёр жил хэртэй хугацаанд Сингапур Малайзын холбооны улсын бүрэлдэхүүнд багтаж байсан ч энэ “гэр бүл” төдөлгүй салж сарнихдаа тулжээ. Малайзын ихэнх нь маланчууд, Сингапурт дан хятадууд байсан нь “хагацах”-ын шалтгаан байсан гэж ажиглагчид үздэг. Маш ажилсаг, өөдрөг сэтгэлтэй Хятадууд ухаалаг хэрсүү Ли Куан Ю-гаар удирдуулан, холбооны энэ улсад голлох үүрэгтэй болох нь хэмээн тухайн үеийн Малайзын эрх баригчид түүнээс ихэд болгоомжилж байсан гэдэг.

Хөрш зэргэлдээх улсууд нь Сингапурыг хардаж, энэ арал улсыг Малайз, Индонезийн хавийн нутаг дахь Хятадын баян бүрд болно гэцгээдэг байлаа. Үнэхээр ч Ли Зүүн өмнөд Азийн хоосон ядуу арлыг “баян бүрд улс” болгосон юм. Ли Куан энэ тэргүүнд Сингапурын үндэсний аюулгүй байдал, эдийн засаг, нийгэм гэсэн гурван асуудалд гол анхаарлаа хандуулсан байна.

….Дөнгөж хөл дээрээ босон ядаж байгаа Сингапурт хөрш орнуудын заналхийлэл их байлаа. Малайн Үндэсний байгууллагын алан хядагчид Сингапурыг Малайзтай нэгтгэхийг санаархана. Иймд Ли хамгийн түрүүнд Сингапурыг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрүүлөх бодлого баримталжээ.

Сингапур тусгаар улс болсны дараахан, 1965 оны есдүгээр сарын 21-нд НҮБ-д элсэж, хоёр жилийн дараа АСЕАН-ы гишүүн болов.

НҮБ-д элссэн даруйд Ли Куан улсынхаа тусгаар тогтнолыг батлагаажуулсан олон улсын гэрээ хэлэлцээрүүдэд нэгджээ. Швейцари шиг төвийг сахисан улс болгохоо олон улсад зарлаж, зэвсэгт хүчнээ юун түрүүнд бэхжүүлэв.

Синга хэмээх шинэ улс нь олон ястан үндэстний орон болж дэлхийд мэндэллээ. Тус улсад англи, хятад, малай, томиль гэсэн дөрвөн албан ёсны хэл байхаар хуульчлан тогтоосон байна. Хүн амын дөрөвний гурван хувь нь хятадууд байсан ч малай хэлийг төрийн болгон зарлаж, улсынхаа сүлд дууллыг энэ хэлээр дуулдаг болжээ. Энэ нь нутгийн уугуул малай үндэстнийг хүндэтгэсэн хэрэг байлаа. Англи хэлийг засаг захиргааны хэл гэж үзсэн Ли боловсролын тогтолцоонд хоёр хэлний гол сургалт бий болгон эцэг эхчүүд, хүүхдээ ямар хэлээр сургахаа өөрсдөө сонгох ч англи хэлийг заавал сурах хууль хүртэл гаргажээ.

Ли өөрөө Хятадын Гуандун мужаас гаралтай айлд төрж өссөн бөгөөд аав ээжтэйгээ хамт бяцхан завь хөлөглөөд Сингапурт ирсэн түүхтэй. Ли Куаны дээд өвөг Ли Бок Бун нь хятад эхнэртэй байжээ. Ли Бок Бун Сингапурт овоохон мөнгө олоод Гуандундаа буцах гэтэл эхнэр нь хүүхдээ аван Сингапурт үлдсэн байна. Ирээдүйн Ерөнхий сайдыг хятадын уламжлалт аргаар төрөхөд нь Куан Ю хэмээн нэрийдсэн бөгөөд энэ нь “гэрэл гэгээ хурц тод” гэсэн утгатай юм байна. Өвөг эцэг нь түүнийг англи боловсролтой болгохын тулд Харри хэмээн нэрлээд Англи руу явуулжээ.

Ли Куан Ю, Кембрижийн их сургуулийг онцсайн дүнтэй төгсөөд хуульчаар нэг хэсэг ажилласан бөгөөд Английн колончлолоос эх нутгаа чөлөөлөх тэмцэлд нэгдэхээр шийдэн Харри нэрээ сольжээ.

Тухайн үед Ли Куаныг найз нөхөд, хамтран зүтгэгчид “Дорно зүгийн хамгийн шилдэг англи эр” хэмээн хүндэтгэн авгайлдаг байсан юм. Ерөнхий сайд байхдаа тэрээр англи, малай, хятад аялгуугаар ярьдаг байв.

…Ли Сингапурыг авлигын торноос салгахыг хүсч байлаа. Иймд Авлигатай тэмцэх тусгай хороо байгуулж, сэжигтнүүдийг мөрдөх, баривчлах, ял сонсгох, банкны данс, татварын баланс, орлого зарлагыг нь шалгах онцгой эрх олгожээ. Төрийн албан хаагчид цалин хангамж сайтай байж л төр засагтаа үнэнч шударгаар зүтгэнэ гэж үздэг байсан нь тун оносон санаа байв. 1994 онд тэр сайд нар болоод шүүгчид, тэр дундаа хувийн салбарын хамгийн шилдэг профессоруудтай адил төвшинд байх ёстой гэсэн санал гаргажээ.

Ли ”Чухал гэрлэлтийн хэлэлцүүлэг” өрнүүлж өндөр боловсролтой эхнэр авсан эрчүүдийг урамшуулдаг механизмыг бий болгов.

Lee kuan yewБоловсролтой эмэгтэйчүүдийн ихэнх нь гэрлэдэггүй нь улсад хор уршигтай хэмээн Ли анхааруулж байлаа. Ийм санаачлагатай, идэвхтэй Ерөнхий сайдын албан тушаалаа орхисон нь цаанаа учиртай. Малайзын Ерөнхий сайд Махатирийг Ерөнхий сайдын орлогч байхад нь л анзаарчээ.

Малайзын ирээдүйн тэргүүн болох хүнийх нь хувьд Ли Махатирийг 1978 онд Сингапурт албан ёсны айлчлал хийхийг хүссэн байна. Энэхүү айлчлалын дүнд Мохаммед бин Махатир, Ли Куан хоёрын алба, амины харилцаа гүнзгийрсэн боловч1980-аад оны дундаас түнжин хагарч эхэллээ. 1988 оны зун Ли, Махатир нар Куала-Лумпур хотноо Жохор хэмээх гол дээр далан барих гэрээнд харилцан гарын үсэг зуржээ. Гэтэл энэ гэрээ Малайзид 60, Сингапурт 40 хувийн ашигтай туссан байна. Алдагдалтай гэрээ батласан тэр өдрөө Ли Куан Ерөнхий сайдын суудлаа орхисон юм.

Гэхдээ Ли Куан энэхэн төдийхнөөр нэр хүндээ алдах хүн биш байлаа. 2004 онд Сингапурын гурав дахь Ерөнхий сайдаар Ли Куаны ууган хүү Ли Шиен Лун сонгогдож, эцгээ Зөвлөх сайдын суудалд томилсон гэдэг.

Ли Куан Ю-гийн улс орноо удирдсан жилүүдэд арлын орныхон нэг хүнд ногдох орлогоороо дэлхийд тэргүүн байрыг эзлэж, үндэстэн дамнасан корпораци, банкны тоогоороо Лондон, Нью-Йоркийн дараа гуравт орж чадсан байна. Сингапурт бараг айл болгон кабелийн зурагт интернэттэй холбогдсон нь Ли Куаны л гавьяа. Ли Куан өөрөө ард түмнээ хэрхэн хайрлаж бөөцийлдгийн үлгэр жишээг дэлхийд харуулсан юм.

Нөгөө талаас тэр ард түмэндээ хариуцлага үүрүүлж сургасан. Жишээ нь, жорлонгийн усаа татаагүй бол 80 доллар, гудамжинд тамхины иш хаявал 500 доллараар торгох зэрэг олон хуулийг Ли Куан санаачилж байв. “Бид сайхан амьдарч, дэлхийн өрсөлдөөнд бэлэн үлдээе гэвэд бусад орныхоос илүү сахилга баттай, үр бүтээлтэй ажиллах ёстой” хэмээн “Ли Куан захина.

Lee kuan yew“Түүхийн төгсгөл” хэмээх дэлхийг шуугиулсан номын зохиогч Ф.Фукуяма “Сингапур мэтийн … орнуудын зөөлөн ухаалаг дарангуйлал нь либерал ардчиллын онолтой өрсөлдөх сайн талаа харуулж байна” хэмээн бичсэн нь бий.

Эдүгээ Сингапур орон дэлхийд ямар цэмцгэр нягт, нямбай улс байж болдгийн үлгэр жишээг харуулж байна. Хэдийгээр тус улсад олон намын тогтолцоо байхгүй ч гэлээ хуулийн хатуу хяналт дор ард түмэн нь баян чинээлэг амьдарцгааж буй.

Ерөөс Сингапурын өнөөгийн тансаг хэрнээ чанга хатуу амьдралыг Ли Куаны зан төрхтэй холбон тайлбарлахад гэмгүй. “Би маш хатуу, эрс шулуун зантай хүн. Ямар нэг зүйлд итгэсэн бол зорьсондоо хүрэхийн тулд өөрийгөө зориулдаг, ухарч няцдаггүй. Ийм үед бүх хүн миний эсрэг, би тулах цэггүй унах гэж байлаа ч санасандаа хүрэхийн тулд зүтгэсээр байдаг” хэмээн Ли Куан дурсан ярьдаг.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img