2024-07-24, Лхагва
19 C
Ulaanbaatar

Г.БАДАМСАМБУУ: Амьдарч яваагийн утга нь таашаалын төлөөх тэмцэл л байх

"Ирмүүн лайф" сэтгүүлд нийтлэгдэж байсан үхлийн тухай цуврал ярилцлагын маань зочдын нэг нь аялагч, сэтгүүлч Г.Бадамсамбуу байсан юм. Түүний яриаг таны өмнө дэлгэе.

ҮХЛИЙН ТУХАЙ ЦУВРАЛ ЯРИЛЦЛАГА-2

Эх сурвалж: “Ирмүүн лайф” сэтгүүл №03. 2010 он

-Үхэл ер нь сонирхолтой сэдэв, таныхаар үхэл гэж юу юм бэ?

-Яасан сонин асуулт вэ. Үхэл гээч хүмүүсийн хувьд аймшигт төгсгөл мэт боловч үнэн хэрэгтээ зүгээр л хувьсан өөрчлөгдөх үргэлжлэл. Алив амьтны амьдын төлөв байдлаа өөрчлөх агшнуудыг л үхэл гэж нэрлээд байгаа юм болов уу даа.

-Маш энгийн зүйл юм шигээр хариулж байх шив. Бидний төгсгөл тэгээд тийм ч онцгой зүйл биш гэж үү?

-Үхэл гэдэг ертөнцийн жам шүү дээ. Биднээс хол биш бидэнтэй хамт байдаг. Тэгэхээр үхэл тийм ч онцгой зүйл биш байж болно. Үхэл нь төрж мэндлэхтэй адил элбэг тохиол юм. Хүний заяанаас өөр хувь тавилан руу дахин мэндэлж шилжиж байгаа нь үхэл юм гэдэг үзэл ч бий. Үхлээс бүгд айдаг. Үүрдийн хар ангал руу шидүүлэх шиг дагжин чичирцгээдэг. Биднийг айлгаад байгаа тэр хүчирхэг эргүүлэг болох сансар ертөнц гэдэг чинь мөнх. Харин хүмүүс бол өсөж үржээд бутарч алга болж байдаг түр зуурын биетүүд. Замхраад хийсчихдэггүй ертөнц рүү шингэж, зарим хэсэг нь агаарт дэгдэж урвалд орж байдаг. Насны жамаар өөд болно гэдэг цэнэгээ дуусч байгаатай адил. Үхлээс айх хэрэггүй. Энэ эцсийн сүйрэл биш.

-Хүн үхэлд бэлтгэгдэнэ гэж байж болох уу. Зүгээр л ээлжит аялалдаа гарч байгаа юм шиг бэлтгээд л…

-Нэгэнт гарцаагүй жам тул бэлтгэвэл зүгээр. Зүгээр, тэнэгдүү гөлийж байгаад осолд өртсөн юм шиг гэнэт унаад өгч болохгүй байх. Саяхан зохиолч С.Эрдэнэ агсны нэг гунигт бодролыг уншлаа. Сэтгэл хөдөллөө. Төрсөн нутгаараа явж, салхи байгалийг мэдэрч, тэр бүхнээ хайрлах уярах бүрийд далдхан харуусал цээжинд дүүрч байгаагаа бичжээ.

Их зохиолчийн тэр үгнээс, тоонотдоо сүүлчийн удаа ирснээ мэдэрч байгаа тухай, ертөнцөөс буцах боллоо гэсэн гашуун, гэхдээ жам ёсыг үнэнээр нь мэдэрсэн уйтай сэтгэл сонсдоно. Цээжний гүнээс нулимс нь дүүрч ирээд л… Хоргодонгуй, гэхдээ үнэнээр нь тайван хүлээж авч байгаа өнгө аяс. Үхэлд бэлтгэгдэнэ гэж энэ байх. Аугаа юм аа. Хувилгаад, лам нар, суут хүмүүс үхлийг амьдралын үргэлжлэл хэсэг гэж итгэдгийг олонтоо уншиж байлаа. Лам нарын үхэлд бэлтгэх ёс гэж нарийн дэгтэй, нууцыг нь үл тайлах тийм эрдэм байдаг бололтой.

-Энэ насандаа яаж амьдарснаас хойд насны хувь заяа шийдэгддэг гэсэн үзэл байдаг…?

-Мэдэхгүй юм даа. Ямар ч байсан сүнс амирлуулах хугацаа, зан үйл гэж байдаг юм билээ. Мөн ариун сүнс, ад зэтгэр гэдэг нь муу, сайн явдалтны сүнсний ялгаа юм гэнэ лээ. Ямар хүн байна үхэлд тэгж л хандана, амьдарсан шигээ дуусдаг гэдэг. Зуурдын орны тухай ойлголтуудыг дорнын гүн ухаанд барим тавим нээж бичсэн байдаг. Ийм нарийн мэдлэгт хүртэл зорьж байсан нь сонин.

-Зуурдын орон гэж дурдлаа, энэ тухай сэдвээр ярилцлагаа үргэлжлүүлье?

-Үхлийн дараа юу болдог вэ гэсэн мөнхийн асуулт өнөө ч яг таг хариултгүй үлдсэн хэмээдэг. Хүний оюун санаа яаж үүсэн бүрэлддэгийг тайлбарлаж чадахгүйтэй адил нууц юм. Өндгөн эсээс ухамсар, сэтгэл яаж урган бүрэлддэгийг бид ойлгож дөнгөхгүй байгаа. Өндгөн эс хэдийд нь сэтгэл мэдрэмжтэй болдог вэ, “сүнс”-ээ хаанаас авдаг вэ? Тэгэхээр бидний тайлагдашгүй нууц бол хүний үхэх, төрөх юм. Энэ хоёр үзэгдэл хоорондоо холбоотой.

“Үхэгсэдийн судар”-т энэ бүхнийг нарийн тайлсан гэдэг. Хүн өөд болоход цогцос нь үлдэж сүнс нь гадагшилдаг хэмээдэг. Тэгээд хаашаа явахаа мэдэхээ байж зовж эхэлдэг гэцгээдэг.

Харин үлдэгсэд нь талийгаачийн сүнсийг нь амар тайван болгох, цаашдын замд одоход нь тусалдаг. Үүний тулд төрөл бүрийн сайн зан үйл үйлддэгийг та бид мэднэ.

Монголчууд 49 хоног гэж ярьдаг. Энэ нь номын ёсоор бол “зуурдын орон”-ы хугацаа гэдэг. Түр зуур хаашаа одохоо “мэдэхгүй“ төөрсөн сүнс энэ 49 хоногт өөр, дараагийн “амьдрал”-аа олж хувирах ёстой гэнэ. Энэ хугацаанд амьд үлдсэн хүмүүс нь талийгаачийн сүнсэнд тусалж, хойноос нь буян үйлдэж чадахгүй бол сүнс тэндээ үлдэж, айдас түгшүүр зэргээр зуурдын оронд мөнхийн тэнэж тарчилсаар байдаг аж.

Дараагийн төрлөө олохгүй төөрсөн гэсэн үг. Хойдын буян үйлдэх гэж лам нар ярьдаг нь үүнтэй холбоотой гэж би уншсан. Харин номын хүч авсан, амьддаа буян хурааж, сайн сэтгэлийг олсон хүн энэ зуурдын орныг амар амгалан туулан өнгөрдөг хэмээдэг. Энэ зуурдын орныг Бард гэж нэрлэдэг аж. Бардад өөрийгөө бэлтгэх нь маш том эрдэм гэнэ.

Талийгаачийн 49 хоногт будаалга болдог нь дотны хүнийхээ сүнсийг амгалан оронд одуулах цээр, хойдын буяныг үйлдэж дууссаны тэмдэг ба сайн оронд төрүүлж чадсан хэмээн сэтгэл ханаж байгаа нэг ёсны баяр ёслол ажээ.

Г.Бадамсамбуу-Сүнс үнэхээр байдаг болов уу, та юу гэж бодож байна. Үхлийн дараах амьдрал гэдэг үргэлжийн төсөөлөл, таамаг, эргэлзээ байсаар ирсэн, цаашдаа ч энэ хэвээр байх нь тодорхой…?

-Атеистууд, шинжлэх ухаанчид, марксистуудын хувьд нотлогдоогүй учраас сүнс байхгүй гэдэг. Харин шашнууд сүнс бий гэж үзсээр ирсэн. Онолын хувьд бол сүнс байх боломжтой. Авианы хэлнээс давсан харилцааны аргад дэвшвэл бид далд сүнслэг чанараа эзэмдэж танихад дөтөлнө. Ийм боломж хүмүүст бий.

Тэнгэрт хальсан хүмүүсийн сүнстэй харьцах гэж хичээдэг эртний арга нь бөө мөргөл байж. Өнөөдөр Монголд бөөгийн тоо ихсэх сонин үзэгдэл газар авч байгаа, мөнх тэнгэрийн үзэл гэх мэтээр дагагсад олширч. Сансарын хүч, оддыг айг шүтэх үзэл л дээ. Эрт үед бөө, тэнгэрийг шүтэж явсан учраас монголчууд хүчтэй байжээ гэж үзэх хүмүүс ч цөөнгүй.

Харин шинжлэх ухаан нь манай хүн төрөлхтөн болоод орчлонт сансарын далд нууцын тухай мэдлэг ойлголтоор туршлага багатай, харьцангуй залуу аргачлал юм. Гэхдээ бодитой, үлэмж боломжтой.

Тиймээс шинжлэх ухааны аргачлал туршлагажиж, сүнсний нууцыг тайлах хүртэл дэвшин хөгжихийг хүмүүс бид хүлээхээс нааш энгийн хариулт авч чадахгүй. Сүнс, далд эрчимийн үнэн эсэхийг өнөөгийн шинжлэх ухааны аргаар нотлоход дахиад хэдэн зуун жил шаардагдана гэдэг. Тэр болтол “сүнс байна, байхгүй” гээд суугаад байхаас өөр замгүй мэт. Зарим томоохон эрдэмтэд сүнсийг хүлээн зөвшөөрдөг бөгөөд энэ нь зүгээр л давтамж үелзлэлийн ялгаа гэдгээр тайлбарладаг.

-Тэгэхээр сүнсний нууцыг таних цагт хүн төрөлхтөн маш өндөрт дэвшсэн байх нь ээ?

-Учир зүйн хувьд тэгж ойлгож болно. Тэнгэр шүтлэг-шашин-шинжлэх ухаан гэсэн дарааллаар танин мэдэх явц үргэлжилж ирсэн түүхтэй, энэ бүгдийг гүн ухаан холбож байдаг. Бас эргэх холбоотой. Одоо цаашлаад шинжлэх ухаан-шашин-тэнгэр шүтлэг гэх дарааллаар далд нууц руу нэвтрэх логик холбоо эргээд үргэлжилнэ байх.

Ганц сүнсний сэдэв ч бус ертөнцийн үзэгдлүүдийг энэ холбоон дээр тайлах үе рүүгээ хүн төрөлхтөн ойртож байж мэдэх болоод байна. Галилей, Ньютон, Эйнштейн нар чинь нэг ёсондоо өмнөх нууцыг бидэнд тайлж өгсөн “хувилгаад” байжээ.

Хувилгаан гэхээр бид ламын тухай л боддог. Гэтэл заяагдмал оюуны хүч бүхий хүнийг увидаст гэж үздэг. Ердөө л эрчим хүч, эгэл бөөмсийг жолоодож чадах эсэхээс бидний ирээдүй шалтгаалж байгаа. За бүр хадуурч өглөө, юу ярьж байлаа бид?

-Хадуурсан ч сонирхолтой хадуурлаа. Үхлээс хэн ч айдаг. Үхлийн юу нь тийм аймаар гэж бодож байна?

-Амьдралаас хэт зууралдаж байгаагаас, бас таашааж дурлаж, шунаж байгаа бүхнээсээ салахгүй гэсэн шуналаас айдас төрдөг биз. Бардын номоор бол жамаар үхэх үедээ хүн айн түгшүүрлэж, амьдралаас чаргуулдан зууралдсаар одох ёсгүй, тэгвэл сүнс нь машид зовно гэдэг.

Эцсийн мөчдөө айн тарчлах хэрэггүй, үхлийг зүгээр л угт хэмээдэг. Эд өлөг, идэх хоол төдийд сэтгэл нь хоргодож, амь нь тээглэж байгаа хүн маш их бачимдан сандарсаар, түгшүүр зовлонд унаж ертөнцөөс хальдаг гэнэ лээ.

-Тэгээд амьд байх, амьдрах утга учир нь юу юм, таныхаар?

-Амьдын утга нь таашаалын төлөөх тэмцэл гэмээр юм уу даа. Бүтээл, хайр зэргээс хүртэх таашаал. Гэхдээ хүмүүс бидний бий болгосон өнөөгийн зохиомол арга хэрэгсэл, эд өлгийн зүйлсээс таашаал авах төдийгөөр өөрийгөө сатааруулах уу, эсвэл ямар нэгийг бүтээн үлдээх зэргээр оюун ухааны давуу чанараасаа таашаал авч энэ насаа өнгөрөөх үү гэдэгт л гол утга учир байж мэдэх юм. Шашинд бол амьдрах утга нь гэгээрэх гэсэн байдаг.

-Хүмүүс үхлээс айх айдсаа өөрсдөө зохиодог гэсэн үг үү?

-Тийм дээ, дэлхийд 70 тэрбум хүн амьдарсан юм гэнэ лээ. Одоо зургаа гаруй тэрбум нь амьд байна. Зуухан жилийн өмнө хоёр тэрбум байж. Энэ дэлхийн хамгийн аюултай амьтан бол хүн. Гэтэл энэ аюулт амьтан маш хурдан үржээд ирлээ. Ойрын хорин жил орчимд 9 тэрбум орчимд хүрнэ гэж буй. Идэж уух нь, цөлмөх нь дийлдэхгүй болно гэсэн үг. Хүний амьдрах загвар хөнөөлтэй.

Сүүлийн 40 мянган жилийн түүхэнд хүн гэнэт олноороо ингэж үржиж байсангүй. Сул дорой юм шиг мөртлөө онцгой хөнөөлтэй энэ амьтан цаашид дийлдэхээ больж байна. Гол нь хүн өөрөө амьдралын илүү хөнөөлтэй загварыг улам дээдлэх болоод байна. Материаллаг хэрэглээ, технологи гэх мэт. Бид бүгдээрээ үхлээс айдаг, татгалздаг хэрнээ өөрсдийнхөө сүйрлийг амьдралынхаа загвараар бий болгоод байна л даа. Айдсаа улам бүр үйлдвэрлээд байна гэсэн үг.

-Та амьдралдаа нэг удаа ч болов үхлийн агшныг мэдэрч, төсөөлж ч юм уу, “би үхэх нь” гэсэн бодолд эзлүүлж байсан уу?

-Нэг удаа би энгийн хагалгаанд орсон юм. Намайг унтуулах шаардлага гарав аа. Тэр үед би уран зохиол бичихэд цагаа их зарцуулдаг залуу байлаа. Унтуулна гэдэг чинь үндсэндээ клиник үхэл л дээ. Тэгэхэд би “хүн үхвэл яадаг юм бол, яг үүнийг мэдэрч үзээд амьдралдаа эргэж ирье, зохиол бичихэд хэрэг болно” гэж бодсон шүү. Тэртэй тэргүй наркозны дараа сэрнэ, нэг удаа хагас үхээд үзнэ гэдэг аз ч юм шиг. Яг ингэж бодсон. Тэгээд л хагалгаа эхлэхэд амархан тасарч ухаан алдахгүйг хичээж, оюун санаандаа үхлийг тогтоож авах гэж оролдоод л байлаа. Толгой дээр байгаа ханын цагийг тас ширтээд ухаан алдахгүйг хичээлээ.

Ханын цаг аажмаар шаргалтан алсарч бүдгэрсээр, дээрээс минь өнгийж байгаа эмч нарын дуу удааширсан пянз шиг зунгааралдан холдсоор… Тэгж тэгж байснаа бүх орчин шав шаргалд хувирч, дараа нь миний бие биш ямар нэг хий зүйл дотор би хөвөн нисээд л… Олон өнгөт бөмбөлгөн орчинд, тунгалаг тааламжтай хүрээлэлд байршил эвээ олох гээд “энд орвол яах бол, арай биш байна, энд тогтвол ямар бол” гээд үргэлжид эрээд яваад байгаа юм шиг мэдрэмж дүүрээд ирсэн. Айдасгүй, бие махбодийн хувьд мэдрэмж байхгүй, тэгээд баярлаж байгаа ч юм уу нэг л сонин тайвшрах сэтгэгдэл төрж байх шиг. Нэг л хачин болоод ирсэн. Энэ л надад үхлийн мэдрэмж юм шиг санагдсан.

-Гайхам мэдрэмж байна. таныхаар одоогийн төрлөө солихын цагт энэ амьдралын юунд нь хоргодох бол?

-Хайранд, түүнтэй дүйх үнэт зүйлсдээ хоргодно. Олонх хүн сүүлчийн тэр агшин тулгарснаа эргэж санахдаа ав адил зүйл ярьсан байдаг. Тэр нь “миний хайртай хүмүүс, амьдрал минь нүдний өмнүүр жирэлзээд өнгөрсөн” гэдэг.

-Хүн болж төрсөн хувь заяандаа юуг бүтээсэн байхсан гэж боддог вэ?

-За даа, уйдахгүй л байх хэрэгтэй дээ. Хүн болж төрөөд хүний төлөө юм бүтээх хэрэгтэй. Сайн хүн байх ёстой. Сагаж сагсаганах хэрэггүй. Зүгээр л даруу мөрөөрөө амьдар. Энэ ч боломжийн зүйл шүү. Миний мөрөөдөл өчүүхэн дээ. Хүний оюуныг тэжээхүйц жаахан өв үлдээхсэн. Харамсалтай нь хүний амьдралд юу хийж чадахаа, юу хийвэл чухлаа мэдсээр байгаа хэрнээ санаандаа хүртэл бүтээж чадахгүй насыг барна гэдэг эмгэнэлтэй. Би яг тиймэрхүү замаар явж байна.Угсаатан минь, иргэншил маань хурдан хайлан алга болсоор… Үүний төлөө сүүлчийн нүүдэлчдийн үрс болох бид л юм үлдээх учиртайсан гэж бодож байна.

-Мөнхийн зүйл гэж байдаг болов уу, байгаа бол тэр юу вэ?

-Дэлхий сөнөчихгүй л бол хамгийн чухал нь үр удмаа үлдээх. Энэ бол мөнхийн гэмээр хэлхээ. Хүн төрөлдөө үлдээх хамгийн том тамга ердөө л энэ. Угсаатан, хаад үр удмаа үлдээхэд л ихэд хичээн тэмцэж байсан нь учиртай. Эр хүн нэг эхнэртэй байх ёстой гэж бид ойлгодог. Энэ нь биднийг журамлаж байгаа. Гэтэл үр удмаа аль болох олноор үлдээх зүй тогтолтой харьцуулбал энэ нь зохиомол ёс суртахуун болдог. Хүн сүргийг “хариулах”-ад олон зүйлийг зохиох, туршлагаар дэглэм тогтоох хэрэгтэй болдгийн жишээ энэ.

-Бүх зүйл л хоёр талтай. Сайхан үхэл гэж байгаа байх л даа?

-Сэтгэл ханамжтай одох, бас үлдээсэн зүйлдээ хоргодохгүй байх. Энэ л сайхан байх.

-Та өөрийгөө тэгээсэй гэж хүсч байна уу?

-Одоо бодоход тийм л юм шиг байна. Чин сэтгэлээсээ таны араас гашуудах хүнтэй байх, үлдэгсдэд орчлон хоосрох мэт гашуун мэдрэмж төрөх. Тийм зай үлдээж байвал үнэт хүн орчлонгоос одлоо гэж харамсуулна. Үнэгүй явж болохгүй. Гэхдээ гэр бүлдээ, эх орондоо хайртай над мэт нь энд их удаан тэсэх хүсэлтэй байгаа. Тэсэх шалтгаан хангалттай байна.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img