2024-07-22, Даваа
22 C
Ulaanbaatar

Пак Жөнхый ба Солонгосын сэргэн мандалт

Нэгэн үеийнхний орших хугацаа нь хязгаартай ч нэгэн улс үндэстний орших хугацаа мөнх. Өнөөдөр бидний үеийнхний хөлсөө урсгаж бүтээн цогцлоохоор зорьж буй бүхэн зөвхөн өөрсдөө мөр бүтэн, гэдэс цатгалан явах гэсэнд бус, энэ бүхнийг хойч үедээ өвлүүлэн өгч, улс үндэстнээ мөнхөд сэргээн мандуулахын төлөөх үйлс юм шүү”….

Энэ мөрүүд бол Пак Жөнхый Ерөнхийлөгчийн улс орны тухай үзэл нь бөгөөд Сөүлийн Их сургуулийн захиралд бичсэн захидлын хэсэг нь.

Тэрээр 1928 оны аравдугаар сард Хуанхэ мужийн Пүнчөнд төржээ. Өмнөд Солонгосын нэн хурдтай хөгжсөн жилүүд болох 1960-1970-аад онд Худалдаа үйлдвэрлэлийн яам, Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын ахлах нарийн бичгийн даргаар ажиллангаа Солонгосын аж үйлдвэрийн голлох бодлогуудын төсөл төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэхэд удирдах үүрэг гүйцэтгэсэн гавьяатай нэгэн.

Пак Жөнхый Ерөнхийлөгчийн удирдлагын дор өрнөсөн Солонгосын экспортын өргөжилт, хөнгөн, хүнд нефть, химийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулжээ. Мөн Солонгосын Батлан хамгаалах салбарын шинэчлэл, техник, инженерийн мэргэжилтнүүдийг сургаж бэлтгэх, технологийн судалгааны төвүүд байгуулах, Ойрхи Дорнодын зах зээлд нэвтрэн орох ажлыг зохион байгуулсан технократуудын нэг.
Тэрээр Солонгосын аж үйлдвэржилт, экспортын бодлого, хөгжлийн загварын талаар олон бүтээл туурвиснаараа ард түмэндээ ихэд танигдсан юм.

“Солонгосын сэргэн мандалт их сонин байна. Эдүгээ бидний өмнө шинэ түүхийн үүр цайж байна. Энэ бол ядуурлын бус хөгжил цэцэглэлтийн түүх, бусдаас хараат бус бие дааж хөгжихийн түүх, хуваагдлын бус нэгдлийн түүх. Энэ бол үнэхээр сэргэн мандалтын гал бадран асч эхэлсэн түүх” гэж Пак Жөнхый Ерөнхийлөгч хэлж байжээ.

Энэ эрхэм хүмүүний тухай О.Вончөлийн туурвисан “Пак Жөнхый: Солонгосын сэргэн мандалт” ном монгол хэлнээ хөрвүүлэгдэн уншигчын гар дээр очоод буй нь энэ.

О.Вончөл бол Солонгосын нэн хурдацтай өрнөсөн эдийн засгийн өсөлт хөгжлийн жилүүд болох 1960-аас 1970 онуудад Худалдаа үйлдвэрлэлийн яам, Ерөнхийлөгчийн ордонд ажиллангаа Солонгосын аж үйлдвэрийн голлох бодлогуудын төслийг боловсруулан хэрэгжүүлэхэд удирдах үүрэг гүйцэтгэсэн билээ.

Тэрээр Пак Жөнхыйн засаг захиргааны төсөөлөл болохуйц, технократын хувьд нөлөө бүхий эдийн засгийн бодлого боловсруулагч, үйлдвэрлэл зохион байгуулагч байв.

Пак Жөнхый түүнийг “О улсын эрдэнэ” гэж нэрлэх хэмжээнд хувь нэмрийг нь өндрөөр үнэлдэг байж. Итгэлийг нь хүлээсэн хүн байлаа. О.Вончөл энэхүү номын өмнөтгөлдөө “Энэ номыг бичихдээ дараах зарчмыг баримтлав. 26 жилийн тэртээд эргэн одож, тэр үеийнхээ алба тушаалын үүднээс үйл явдлыг бичсэн болно. Би Худалдаа үйлдвэрлэлийн яамны хэлтсийн дарга байсан үеэсээ Пак Жөнхый ерөнхийлөгчид товч тайлан тавьж эхэлснээс хойш 18 жил тийм байдлаар ажилласан бөгөөд тиймээс тэр үеийн брифинг маягаар энэ номоо туурвив” гэж өгүүлжээ.

Тэрээр “Энэ номд Пак Жөнхый ерөнхийлөгчийг бүх талаас тодруулсан гэж бодохгүй байна. Харин улс орны хэмжээнд “эх орноо орчин үеийн улс болгосон БНСУ-ын Ерөнхийлөгч”,”Эдийн засгийн хувьсгалт өөрчлөлтийг авчирсан удирдагч”, олон улсын төвшинд “хоцрогдсон орныг үйлдвэржүүлэх замаар хөгжүүлсэн төрийн тэргүүн”-ий тухай тэмдэглэл юм гэжээ.

Пак Ерөнхийлөгч ажил хэрэг явуулахдаа тогтсон дараалал үе шаттай байсан юм.

  • Нэгд: Суурь баримтлалаа гаргаж ирнэ.
  • Хоёрт: Үндсэн зарчмаа тогтооно.
  • Гуравт: Нарийвчилсан зорилго, төлөвлөгөөгөө боловсруулна.
  • Дөрөвт: Хэрэгжүүлнэ гэсэн дараалалтай байлаа.

1960-1970-аад оны Өмнөд Солонгосын хувьд хамгийн гол, хамгийн чухал зорилт нь орчин үеийн аж үйлдвэржсэн улсыг бүтээн байгуулах явдал байсан. Аж үйлдвэр бол техник, технологид суурилдаг салбар бөгөөд улс орны бүтээн байгуулалтыг засаг захиргааныхан голлон гүйцэтгэдэг.

Тиймээс аж үйлдвэржсэн улсын бүтээн байгуулалт нь технократын үйл ажиллагааны талбар болдог юм хэмээн энэхүү номонд өгүүлжээ. Өмнөд Солонгосын хүнд болон химийн үйлдвэрлэлийн салбарыг бүтээн байгуулсан онцлог нь бусад улс орны жишээнээс эрс ондоо. Бусад улс орны хувьд үйлдвэржилтийн явцад аяндаа хүнд болон химийн үйлдвэрлэл бүрэлдэн бий болж, экспорт хийж эхэлсэн байдаг бол Өмнөд Солонгосын хувьд эхлээд экспортын салбарыг хөгжүүлнэ гэсэн зорилт дэвшүүлээд үүнд хүрэхийн тулд “Хүнд болон химийн аж үйлдвэрлэл”-ийг бүтээн байгуулсан юм.

Солонгосын хувьд үйлдвэрүүдээ барихдаа л экспортлох чадавхтай, өөрөөр хэлбэл олон улсын хэмжээнд өрсөлдөх чадавхтай хүнд, химийн үйлдвэрлэлийг бүтээн босгожээ. Энэхүү онцлогийг хэн бүхнээс илүү ойлгож байсан хүн бол Пак Ерөнхийлөгч юм.

Төгсгөлд өгүүлэхэд;

Түүний амь насанд халдахаар хэд хэдэн удаа оролдсоны дотор Умард Солонгосын туршуулуудын халдлага хоёр удаа байжээ. 1979 оны аравдугаар сарын 26-нд Пак өөрийн хамгаалалтын албаны дарга Ким Жэ Гюүгийн гарт амиа алдсан юм. Японы эзлэн түрэмгийлэлд байсан Солонгост ядуу тариачин айлын гэрт төрсөн Пак Японы тоглоомын Манж Го улсын армид цэргийн алба хааж байв. Түүнийг чадварлаг офицер болохыг нь ажиглаж, Японы эзэн хааны армийн дээд зэрэг болох Квантуны армид Дэлхийн II дайны үед элсүүлжээ.

Дайны дараагаар Пак Бүгд найрамдах Солонгос улсын армид элсэв. Солонгосын дайны үед тэрээр тун залуудаа генерал цол хүртсэн юм. 1960 онд Пак Солонгосын армийн үйл ажиллагааны хэлтсийн тэргүүн болж, 1961 онд Өмнөд Солонгосыг 30 гаруй жил удирдсан цэргийнхний эсрэг төрийн эргэлт хийсэн офицеруудыг удирдав.

Пак 1979 оныг хүртэл Өмнөд Солонгосыг удирдахдаа эдийн засгийн өсөлтийг нь хурдасгаж Хан мөрний эрэг дэх ид шидийг бүтээсэн. Гэсэн ч түүний дэглэмийн үед хүний эрхийг зөрчих, халдах тохиолдол байсан.

Үүнээс болж түүний талаарх хүмүүсийн бодол хоёр хуваагддаг. Нэг хэсэг нь түүний хийсэн өөрчлөлтийг үнэлэх ёстой гэдэг бол нөгөө хэсэг нь түүний дэглэмийг буруушаадаг. Түүний дэглэмийн үед залуу насаа өнгөрөөсөн ахмад үеийнхэн социалист Умард Солонгосоос өөрсдийгөө хамгаалахын тулд Пакын бүтээн байгуулсан эдийн засгийн суурийг нь үнэлдэг.

Харин Солонгосын шинэ үеийнхэн болоод ардчиллын төлөө тэмцэж байсан хүмүүс түүний дэглэмийг буруушааж, Өмнөд Солонгосын ардчилалд хүрэх шилжилтэд саад хийсэн гэдэг. 1999 онд Time сэтгүүлийн “Зууны шилдэг Ази хүмүүс”-ийн эхний арван хүнд Пак Жөнхый багтжээ.

эрдэс баялаг

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img