2024-07-24, Лхагва
16 C
Ulaanbaatar

Зураач Я.Булган: Үхэл магадгүй хамгийн оюунлаг зүйл байх

ҮХЛИЙН ТУХАЙ ЦУВРАЛ ЯРИЛЦЛАГА-4

Үхлийн тухай цуврал ярилцлагын маань гурав дахь зочин зураач Я.Булган байсан юм. Түүний ертөнцөд тавтай морил.

Эх сурвалж: “Ирмүүн лайф” сэтгүүл №03. 2010 он

-Үхлийн тухай бодоход танд ямар мэдрэмж төрдөг вэ? 
-Бага байхдаа айдас төрдөг байсан. Залуу байхад ойлгомжгүй байсан. Тийм болоод ч тэрүү би 21 наснаасаа л хүн гэж юу вэ, амьдрал, үхэл гэж юу вэ гэдгийг сонирхож эхэлсэн. Үхэл яагаад миний зургийн сэдэв рүү орж ирсэн бэ гэхээр үхлийг амьдралын нэг тал гэж ойлгож эхэлсэн. Мэдээж хүн бүхэн үхлээс айдаг. Үүнийг хэрхэн тайлахав. Суутнууд болоод шашнуудын үзэлд онолд нэвчин орж уншлаа ч гэсэн хүнд өөрийн гэсэн индивидуал үзэл байдаг. Одоо бол надад үхэл гэдэг оньсого. Үхэж байж л би үхэл ямар байдгийг мэднэ шүү дээ. Өнөөдөр би амьд байгаа учраас тэр дүгнэлтийг чин сэтгэлээсээ өгч чадахгүй байх. Гэхдээ үхлийн тухай бодоход их сонин. Заримдаа амьд явсан бүх үйлийн шалгуур нь үхэл байх гэж бодогддог. Тэр оньсогыг тайлахыг их боддог.
Тэмдэглэлээс… 2007 он
Үхлийн айдас гэж юу юм бэ? Хүн мэдэхгүй зүйлээсээ л айдаг. Тэгвэл үхэл гэдгийг яаж мэдэхэв? Надад маш нууц үл тодорхой оньсого. Яг амьдрал мэт. Амьд явна гэдэг энэ ертөнцийг танин мэднэ гэдэг мөн адил том оньсого. Гэвч бид сониуч, бид “тачаал”, “шуналтай”.
-Үхэл амьдрахын утга учир ч юм бил үү, таныхаар? 
-Амьдрал бол миний хувьд боломж. Оюуны хувьд шат ахих өгөгдсөн асар их боломж. Үхэл гэдэг тэр боломжийг буцаах боломж. Би энийг төсөөлж л хэлж чадна.
Тэмдэглэлээс…
Зөв сэтгэл гэж өвөө маань их ярьдаг байлаа. Зөв сэтгэж зөв төрлийг олно.
Зөв төрөл гэж юу вэ? Би маш их боддог боллоо…
“Зөв амьдар-тэгвэл чи зөв үхнэ”  энэ бүхний утга учрыг олох маш сонин. Үхэлтэйгээ би энэ ертөнцөөс юугаа авч явах уу? Зөвхөн амьдарсан үйлийнхээ дурсамжуудаа хар бараан, гэрэлтэй гэгээлэг бүгдийг. Өөр би юуг ч авч үл чадна. 
Гэхдээ амьд байх сайхан. “Амьд хэвээр үх, үхсэн хойноо ч амьдар” энэ надад таалагдаж байна.
Я.Булган-Зураач хүний ертөнцөөр үхэл ямар өнгөтэй вэ? 
-Үхэл надад хэзээ ч хар өнгөөр төсөөлөгдөж байгаагүй. Яагаад гэвэл хар товч тодорхой баригдмаар өнгө. Үхлийн өнгө гэхээр надад нэг сонин бүдэг саармагжсан бүрхэг, яг ямар гэж хэлэхэд хэцүү өнгө төсөөлөгдөг. Би Бардын ертөнцөд байгаа хүүхдүүдийг зурахдаа саарал, ягаан цусны өнгийг сонгосон байдаг юм. Магадгүй би тэр үед тэгж төсөөлж байсан байх.
-Та гарцаагүй ирэх тэр зүйлээс айдаг уу? 
-Би айдаггүй гэж хэлэхгүй гэхдээ сэтгэлзүйгээ бэлдэхийг боддог. Үхэл бол зайлшгүй, гарцаагүй ирнэ.Тэгэхээр айхгүйн тулд мэдлэг авах хэрэгтэй. Бид зөвхөн физик амьдралыг мэдэрч байгаа болохоор үүндээ захирагдаж байгаа. Үхэл магадгүй илүү оюунлаг байхыг үгүйсгэхгүй.
Харин би дахиад энэ боломжийг олохын тулд юу хийх ёстой вэ?
2007-6-15
Үхэл чамайг би гуниг нулимсгүй эрхэм угтаж авна. Амьдрал минь энэ ертөнцийн чимээ авиаг мэдрүүлсэн бол үхэл чи минь сэтгэлийн дууг сонсуулна.
Үхлийн хөшгийг татахаас айж явна. Гэвч үхэл маань ирэхэд би угтаж авах болно.
-Та амьдралын юунд хоргодох вэ? 
-Би өөрөө өөртөө хоргодно. Өөрөө өөртөө хоргодно гэдэг бүх юманд хоргодно гэсэн үг. Хоргодохгүй гэвэл би их худалч болно л доо. Хайртай хүмүүстээ, хийж буй уран бүтээлдээ хоргодно. Үхэл надад боломжийг олгосон юм болов уу. Би үхдэггүй байсан бол юу ч хийхгүй байж магадгүй юм. Үхэл гээд зааг байгаа болохоор надаас гарах бүхнийг би хийдэг.
-Ямар нэгэн уран бүтээл хийснийхээ дараа танд дахин төрсөн юм шиг санагддаг уу?
-Миний бүтээл төрөх болгонд би өөрөө дахиад төрдөг. Би хүүхэд зурдаг. Тэр хүүхэдтэйгээ би хамт төрдөг. Тэр мэдрэмж дандаа шинэлэг байдаг. Гэхдээ шинэлэг юм хамгийн амархан, хамгийн түрүүнд хуучирдаг гэдэг. Магадгүй тийм болохоороо би түүнтэйгээ хамт хуучраад дахиад шинийг хүсдэг байх. Бүтээлд ч гэсэн цаг хугацаа байдаг. Урт богиныг нь би мэдэхгүй.
-Хүн төрөөд хувь тавилангаараа энэ орчлонгоос буцахын тухайд хөгшин, залуу байх нь ялгаатай юу? 
-Дон Хуан “төрнө, амьдарна, хөгширнө, үхнэ гэдэг бол хүмүүний л ертөнц”  гэж хэлсэн байдаг шүү дээ. Гэтэл орчлон үүнээс тэнүүн. Зуу наслаад утгагүй амьдарсан хүмүүс байдаг шүү дээ. Түүний оронд хорь наслаад ч гэсэн өөрийн гэсэн боломжийг ашигласан хүн бол хамаагүй илүү гэж бодож байна.
-Энэ ертөнцөөс буцахад танд ганцхан өдөр үлджээ гэвэл та юу хийх вэ? 
-Би юу ч хийхгүй. Надад хүч бий, сэтгэлийн тэнхээ бий. Би тэр өдөр бүх юмтайгаа салах ёс хийх байх. Тэгээд би чаддаг бол бэлдэх байх.
Тэмдэглэлээс…
Харин үхэл чамайг би хэрхэн угтаж авах вэ?
Индианчуудын “үхлийн бүжиг” надад маш сонин санагдсан. Энэ талаар уншаад санаа төрөв. Хүн болгон өөрийн “үхлийн бүжигтэй”. Тэр бол хүссэн хөдөлгөөн, хүссэн газар хүссэн орчин, хамгийн сүүлчийн миний бодол. Энэ бол гоё үхэл, бүх зүйл миний хүссэнээр “миний гоё” байх ёстой.
-Үхлийн дараах амьдралын тухай таны төсөөлөл? 
-Бид нарын далд ухамсарт болж байгаа өөрийн гэсэн орон зай, там бол бид нарын хийсэн үйлийн шийтгэл байх.
-Тэгэхээр та там, диваажин байгаа гэдэгт итгэдэг гэсэн үг үү? 
-Итгэдэг. Гэхдээ энэ бол физик биш оюунд болдог.
 Тэмдэглэлээс…  2008 он
Дахиад л Бардо, Бардог уншаад гоё байна. Нэг юмны үзүүрээс зуурсан мэт. Одоо би айдасгүй явмаар байна. Үхлийн айдас ард үлдсэн мэт. Үхэл бодох тусам амьдрах эрч хүчээр дүүрэн.  “Үхэл бол шалгуур, амьдрал бол бэлтгэл “ гэж нэг ухаантан хэлсэн нь үнэн ч юм шиг. Амьдрал маш агуу боломж, оюуны ухаантай бүгдэд дээшлэх боломж. Энэ амьдралдаа бид нэг шат ч гэсэн ахиулах уу? Түүний төлөө нь амьсгалж, амьд явна. Үйлсээр дүүрэн амьдрал минь “үхлийн ёсонд захирагдана”. “Баг зүүсэн үхэл” чи намайг айлгаж үл чадна, гэгээлэг дурсамжаар дүүрэн миний мишээл чамайг угтана. Сэтгэл чи биеэс минь хагацаж Би нууц хаалгаа татна!   “Харанхуй” 2006 он
Дахиад бас дахиад өдөр ирнэ, дахиад л хүн чи төрнө. Дахиад, дахиад бас шөнө болоход чи үл мэдэх харанхуй руу халин одно.  /Брахма/
Я.Булган-Сайхан, муухай гэдэг хүний л хэмжүүр боловч бид үүгээр илэрхийлэхгүй байх боломжгүй юм. Сайхан хийгээд муухай үхлийн тухайд? 
-Сайхан үхэл гэж хүссэнээрээ үхэхийг л хэлэх байх л даа. Дайнд яваад буудуулаад үхэхийг сайхан үхэл гэж бодож байж болох юм. Тэр хүний л зам. Бясалгал хийгээд иогийн замаар өөрийгөө бэлдэж байгаа бол тэр  хүний л мэдлэг.
Тэмдэглэлээс…
Би яаж үхэх вэ? Мэдэхгүй, гэвч би боддог… Үхэх момент, хамгийн чухал сүүлчийн бодол, санаа. Энийг Бардогоос олж авсан.
-Хүн үхлээ сонгож болдоггүй нь харамсалтай…? 
-Би бол өвчнөөр үхмээргүй байна. Хүн бүхэн тэгж хүсдэг байх. Би гоё үхмээр байна. Гоё гэхээрээ ямар ч хүнд муухай юм үзүүлэхгүй. Эмэгтэй хүнийхээ хувьд ч гэсэн үхсэн дараагаа гоё харагдаж баймаар байж болно шүү дээ. Би урландаа үхэх юмсан гэж боддог.
- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img