2024-07-23, Мягмар
17 C
Ulaanbaatar

B.ГАНЗОРИГ: “Тэлмэн Ресурс”-ийн тогтоосон метан хий дэлхийн топ 10 метан хийн нөөцөд багтах боломжтой

Photo by Motherland Sukhee

“Эрдэс баялгийн тойм” сонины Редакц энэ удаагийн дугаарын “Mining and CEO” булангийн зочноороо “Тэлмэн Ресурс” ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал В.Ганзоригийг урьж ярилцлаа. Тус компани нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын төслийн талбайдаа нүүрсний давхаргын метан хийн туршилтын (НДМХ) олборлолтыг энэ оны долдугаар сарын 24-нд амжилттай хийсэн билээ.
“Тэлмэн Ресурс” ХХК-ийн төслийн хүрээнд Монгол Улсад анх удаа НДМХийн өргөтгөсөн үйлдвэрлэлийн туршилт ийнхүү эхэлсэн бөгөөд хийн үйлдвэрлэлийн томоохон нөөц тогтоогдвол олборлолтын үйл ажиллагаандаа шилжих юм.

-Танай компани танилцуулгаа хийхдээ Чингис хааны зурагтай илтгэлээр эхлүүлдэг. Ярилцлагын эхэнд энэ асуултыг тавья гэж бодлоо, энэ ямар учиртай вэ?

-Бид “ТМК Энержи Лимитед” (ASX:TMK) гэдэг нэрээр гаднын хөрөнгө оруулагчдад танилцуулгаа хийдэг. Компани маань үндэсний хөрөнгө оруулалттай, Австралийн хөрөнгийн бирж дээр гарсан байдаг учраас олон улсын хөрөнгө оруулагчдад Чингис хааны зурагтай илтгэлээр танилцуулгаа эхлүүлдэг юм.

ЭНЭ ОНДОО БАГТААН ОЛОН УЛСЫН СТАНДАРТААР ҮЙЛДВЭРЛЭЛИЙН НӨӨЦӨӨ БАТАЛГААЖУУЛАХААР БИД АЖИЛЛАЖ БАЙНА

-“Тэлмэн Ресурс” компанийн төслийн талбай Өмнөговь аймгийн Гурвантэс, Ноён суманд оршдог. Нийт хэдий хэмжээний талбайд төсөл хэрэгжиж байгаа вэ?

-8400 км2 талбайд төсөл хэрэгжиж байна. Төслийн талбай нь “хайгуул, олборлолт, ашиглалт” гэсэн статустай. Энэ гурван үе шат Газрын тосны тухай хуулиар зохицуулагддаг. Хорь гаруй жилийн өмнөөс энэ бүсэд хайгуул хийгдэж, Монголын алт (МАК), Саусгоби сэндс (SGS), “Өсөх зоос” зэрэг компаниуд үйл ажиллагаа явуулж эхэлсэн учраас дэд бүтцийн хувьд хилтэй ойрхон буюу Шивээ хүрэнгийн боомтоос 20 орчим километрийн цаана бий. Хэдий алслагдмал ч гэлээ дэд бүтэцтэй гэдгээрээ манай төслийн нэг давуу тал, онцлог болж байна. Энэ нь манай төслийн амжилттай урагшлах гол нөхцөлийг бүрдүүлдэг.

Нөгөө талдаа бид гадагшаа экспортлох хэмжээний метан хийн нөөц гаргаж чадвал бас давуу талтай. Хятадын хойд хэсэгт байдаг хий дамжуулах гол шугамаас 380 километрийн зайд бид төслийн үйл ажиллагаа явуулж байна.

-Монгол Улс урд хөршид уул уурхайн бүтээгдэхүүнийхээ 90 гаруй хувийг экспортлодог. Гэхдээ хил гаальтай холбоотой ямар нэгэн асуудал үүсэхээр түүхий эдээ гадагшаа гаргаж чадахгүй байх тохиолдол хэдэнтээ гарч байсан. Метан хийн экспортын хувьд энэ саадтай тулгарахгүйгээр экспортлох боломж бий юу?

-Байж болно. Хятад руу метан хий экспортлох хоолой байгуулж чадвал ядаж л нүүрс тээвэрт үүсдэг түгжрэлтэй ядаж тулгарахгүй. Нөгөөтэйгүүр бид бүтээгдэхүүнээ илүү олон төрөл болгож, гадаадын валютыг Монголдоо оруулж ирэх боломжтой. Геополитикийн талдаа ч энэ маань таатай нөхцөл байх болов уу. Тэгэхээр энэ бол зөвхөн компанийн бус, алс хэтдээ улс хоорондын эдийн засгийн үр ашигтай харилцааг бий болгох алхам болно гэж харж байна.

-Хятад улсын хувьд “Гурвантэс XXXV” төслийн талбайтай ойр байгаа нь байгалийн хийн дэд бүтэцтэй дэлхийн хамгийн том эрчим хүч хэрэглэгч болох нь эргэлзээгүй байх, тийм үү?

-Хятадын 2020 оны байгалийн хийн хэрэгцээгээр тооцоход 2040 он гэхэд хэрэглээ нь хоёр дахин нэмэгдэнэ. 2040 онд Хятад улсын хийн хэрэглээ 497-655 тэрбум м3 байна гэсэн үг. Тиймээс бид төслийн хөгжлийг хурдасгах зорилгоор эрчим хүчний төслийг эрчимжүүлж байна.

-Одоогоор танай төслийн талбайгаас илэрч байгаа нөөцийн хэмжээ хэр байна вэ?

-Олон улсын PRМS ангиллын дагуу өнгөрсөн жил хийж гүйцэтгэсэн хайгуулын үр дүнгээр бол геологийн нөөц 1,2 триллион м3 (34 тэрбум м3) метан хийн нөөц тогтоогдсон. Үүнийг эрчим хүч рүү шилжүүлбэл 500 мВт цахилгаан станцыг 110 гаруй жил хангах боломжтой. Гэхдээ энэ бол өнгөрсөн жил манай төслийн талбайн ердөө 1 хувьд хийгдсэн хайгуулын үр дүнгээр тодорхойлж гаргасан нөөцийн үзүүлэлт.

Ирэх жилийн эхний улиралд багтаан Монголд нөөцийн тайлангаа оруулахаар ажиллаж байна. Олон улсын хараат бус зөвлөх үйлчилгээний компаниар нөөцөө баталгаажуулсан. Геологийн нөөцийн хувьд боломжтой, бодитой ангилал руугаа дөхөж байгаа. Өнгөрсөн жил гүйцэтгэсэн өрөмдлөгийн ажлаа энэ жил нэмэгдүүлж, дараа жил төслийг илүү амжилттайгаар урагшлуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

-Энэ бол газрын гүнд хэдий хэмжээний нөөц байгааг л харуулсан үзүүлэлт. Олборлолтын туршилтын цооногоо суурилуулаад олон улсын стандартын дагуу үйлдвэрлэлийн нөөцөө тогтоох уу?

-Тийм ээ. Энэ ондоо багтаагаад олон улсын улсын стандартаар үйлдвэрлэлийн нөөцөө баталгаажуулахаар ажиллаж байна. Хайгуулын ажлаа бид үе шаттайгаар төлөвлөдөг. Төлөвлөсөн ажлууд маань зуун хувь биелэлттэй яваа.

-Жишээ нь?

-2023 оны нэгдүгээр улиралд гэрээ хэлцэл, хоёрдугаар улиралд өрөмдлөгийн ажлаа хийнэ, гуравдугаар улиралд галаа бамбардана, дөрөвдүгээр улиралд нөөцийн тайландаа орно гээд төлөвлөлтөө хийдэг. Энэ бүгд жилийн өмнө гаргасан төлөвлөлтүүд.

-Дараагийн хайгуулын ажлууд хаана хийгдэх вэ?

-“Терра Энержи” компанийн төслийн талбай дээр хийгдэнэ. Нүүрсний хайгуул, нүүрсний давхаргын метан хийн хайгуул зарчмын хувьд 95 хувь нь адилхан аргачлалтай. Үлдсэн 5 хувьд нь нүүрснээс дээж авч, хийн гарцаа тодорхойлдог. Тиймээс төслийн талбай дээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудтай зардлаа хуваах байдлаар хайгуулаа хамтдаа хийчихэж байгаа юм. “Терра Энержи”-ийн төслийн талбайд мөн ийм зарчмаар бид ажилладаг. Энэ жилээс “Жавхлант орд” ХХК-тай НДМХ-ийн хайгуул дээр хамтран ажиллахаар ярилцаж байна.

БИД МОНГОЛ ОРНЫ БАЙГАЛИЙН ХИЙН ХАМГИЙН ТОМ ОРДЫН ХАЙГУУЛЫГ ХИЙЖ БАЙНА

-Танай төслийн хөрөнгө оруулалтын гол онцлог юу вэ?

-Хайгуулын 7 цооногоос бүрдсэн анхны өрөмдлөгийн ажил маань 100 хувь амжилттай хэрэгжсэн. Бидний тогтоосон метан хийн нөөц ирээдүйд дэлхийн топ 10 метан хийн ордод багтах боломжтой. Монгол дахь хамгийн том нүүрсний давхаргын метан хийн нөөц баялгийг манай компани тогтоосон. Монголын дараагийн Оюу Толгой бол “ТМК Энержи Лимитед”-ийн төсөл гэж судалгааны зарим байгууллага хардаг. Мэдээж төсөл амжилттай урагшлах нэг давуу тал бол байршил. Бүр тодруулж хэлбэл стратегийн хувьд Хятадын эрчим хүчний зах зээл, дэд бүтцэд ойрхон байрлалтай.

Төслийн талбай арав гаруй жилийн хугацаанд маш сайн судлагдсан. Дахин өндөр зардалтай хайгуул хийхгүйгээр үйлдвэрлэлийн үе шат руу богино хугацаанд шилжих боломж бий. Бас нэг давуу тал гэвэл бид олон улсын хөрөнгийн бирж дээр гарч, хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлж үйл ажиллагаа тасралтгүйгээр явуулж байна. Энэ нь манай компанийн үнэ цэнийг өсгөх, гол үе шатуудад учрах санхүүжилтийн эрсдэлийг бууруулж байгаа.

-Олон улсад нэр хүндтэй ‘’Talon Energy’’ компанитай “Тэлмэн Ресурс” 2021 оны нэгдүгээр сард 6 сая ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Гэрээний гол зорилгыг товчхоноор тодорхойлбол?

-“Talon Energy”-тэй гэрээ байгуулснаар хайгуулын ажлыг эрчимжүүлж төслийн потенциалыг тодорхойлох зорилготой байсан.

 В.Ганзориг-Компанийн Төслийн удирдлагын баг, Төлөөлөн Удирдах Зөвлөлийн талаар мэдээлэл өгч болох уу?

-Монголд төсөл хөгжүүлж байсан, хөрөнгийн зах зээл, эрчим хүчний чиглэлээр арвин туршлагатай мэргэжилтнүүдээр төслийн ТУЗ-ийн Стратегийн зөвлөх З.Цэцэний хувьд “ТМК Энержи” компанийг 100 хувь эзэмшдэг “Тэлмэн Ресурс” ХХК-ийн үүсгэн байгуулагч. 2007 оноос хойш “Тэлмэн” группын Гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа бөгөөд Монгол, Орос, Хятад зэрэг оронд хэд хэдэн бүтээн байгуулалтыг амжилттай удирдсан. Ер нь бол Австрали мэргэжилтнүүд маань мэргэжлийн талаас туслалцаа хэлж болно.

-Та Австралийн зөвлөх үйлчилгээний компанид 10 гаруй жил ажилласан туршлагатай. Австралийн мэргэшсэн зэрэгтэй. Олон улсад хөрөнгө босгох 60 гаруй тайлан, төсөл дээр ажилласан гэж сонссон юм байна?

-Миний хувьд эрдэс баялгийн салбарт 12 жил ажиллаж байна. “Энержи Ресурс” ХХК болон ASX биржэд бүртгэлтэй RPMGlobal компанид ажилласан туршлагатай. Геологич мэргэжилтэй. Монгол, Австрали, Индонези, Орос, Лаос зэрэг улсад төслийн менежмент, хайгуулын төслийн удирдлага, due diligence судалгаа ТЭЗҮ, нөөцийн тооцооны чиглэлээр ажиллаж байсан. Олон улсын мэргэшсэн геологич. Одоо “Тэлмэн Ресурс” ХХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирлаар ажиллаж байна.

-Танай компани 2022 оны хоёрдугаар сарын 15-нд албан ёсоор нээлттэй компани болж, Австралийн хөрөнгийн бирж дээр гарсан. 2019 оноос үйл ажиллагаагаа эхлүүлэхдээ л олон улсын хөрөнгийн бирж дээр гаргах зорилготой байсан гэдэг. Хөрөнгийн бирж дээр гарсны дараа “Тэлмэн Ресурс”-ийн мэдээлэл олон нийтэд илүү нээлттэй болсон шүү дээ?

-Австралийн Хөрөнгийн биржид гарсан учраас бид долоо хоног тутамдаа мэдээллээ олон нийтэд болон орон нутагт  нээлттэйгээр хүргэдэг. Метан хийн олборлолт уул уурхайтай адил хөрс хуулдаггүй,  ухаж олборлодоггүй.  Өрөмдөнө, хийгээ насосоор  гаргаж авна. Байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл байхгүй. Орон нутгийн иргэд маань ч метан хийн хайгуул,   олборлолтын талаар ойлголт сайтай болж, ач холбогдлыг нь үнэлдэг болж байна.

-Танай компани танилцуулгаа хийхдээ Чингис хааны зурагтай илтгэлээр эхлүүлдэг. Ярилцлагын эхэнд энэ асуултыг тавья гэж бодлоо, энэ ямар учиртай вэ?

-Бид “ТМК Энержи Лимитед” (ASX:TMK) гэдэг нэрээр гаднын хөрөнгө оруулагчдад танилцуулгаа хийдэг. Компани маань үндэсний хөрөнгө оруулалттай, Австралийн хөрөнгийн бирж дээр гарсан байдаг учраас олон улсын хөрөнгө оруулагчдад Чингис хааны зурагтай илтгэлээр танилцуулгаа эхлүүлдэг юм.

Австралийн Хөрөнгийн биржид гарсан учраас бид долоо хоног тутамдаа мэдээллээ олон нийтэд болон орон нутагт нээлттэйгээр хүргэдэг. Метан хийн олборлолт уул уурхайтай адил хөрс хуулдаггүй, ухаж олборлодоггүй. Өрөмдөнө, хийгээ насосоор гаргаж авна. Байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл байхгүй. Орон нутгийн иргэд маань ч метан хийн хайгуул, олборлолтын талаар ойлголт сайтай болж, ач холбогдлыг нь үнэлдэг болж байна.

-Танай компани 2019 онын нэгдүгээр сард Ашигт малтмал, газрын тосны газартай Гурвантэс XXXV төслийн талбайд Эрлийн ажил гүйцэтгэх гэрээг анх байгуулсан. Ковид цар тахлын жилүүдэд геологийн 30 гаруй ажил гүйцэтгэж, бүтэн гурван жилд гүйцэтгэх ажлыг нэг жилийн хугацаанд хийж дуусгасныг мэднэ. Хил гааль хаалттай үед Австралиас хөрөнгө оруулалтаа татсан. Гол нь та бүхэн Засгийн газартаа Бүтээгдэхүүн Хуваах Гэрээ (БХГ) байгуулахаас өмнө энэ хөрөнгө оруулалтаа татсан нь онцлог үйл явдал болсон. Тийм хүнд цаг үед яаж хөрөнгө оруулалт татаж чадав аа?

-Олон улсын бирж дээр гарах бүх шаардлагыг бид анхнаас нь цэгцтэйгээр хангаж ажилласан. Ажил үүргээ бид зөв хуваарилж, компанийн монгол залуус өөрсдөө төслийн бүх ажлыг эхнээс нь гардан зохион байгуулсан. Ковидын үед манайхаас өөр компани гаднын биржээс хөрөнгө оруулалт татаагүй байх. Хөрөнгө оруулалт гэхээр зөвхөн мөнгө талаас нь анзаарч хардаг тал зарим хүмүүст бий.

Мэргэжлийн хамт олон, зохион байгуулалтын ажилд шаардлагатай хөрөнгө оруулалт цаг хугацаа шаарддаг. Хөрөнгө оруулагчидтайгаа онлайнаар нээлттэй, сайн харилцсаар байгаад бирж дээр компаниа гаргаж чадсан. Технологийн давуу талыг ашигласан гэж хэлж болно. Монгол Улсыг далайд гарцгүй гэдэг ч интернетийн мэдээллийн далайгаар гарц нээж ажиллах боломжтойг бид ковидын үед илүүтэй олж харсан, бас ашигласан.

-“Тэлмэн Ресурс” компани хөрөнгийн бирж дээр гарахдаа (2022 оны хоёрдугаар сар) анх 20 сая ам.долларын үнэлгэйтэй байсан бол жил гаруйн дараа 70 орчим сая ам.долларын үнэлгээтэй болжээ. Дэлхий нийтээрээ “ногоон эрчим хүч “рүү шилжих зорилттой байгаа өнөөдрийн цаг үед хөрөнгө оруулагчид нүүрсний давхаргын метан хийн хайгуул, олборлолтод илүүтэй хөрөнгө гаргаж байна. Энэ нь танай компанийн хөрөнгө оруулалтад ч нөлөөлсөн болов уу?

-Тийм ээ. Бидний хувьд хөрөнгийн бирж дээр гарахдаа сайн ч хичээсэн, нөгөө талдаа төслийн үнэ цэнэ дөрөв тав дахин нэмэгдэх таатай үе тохиосон.

-“Тэлмэн Ресурс” компани Засгийн газартай Бүтээгдэхүүн хуваах гэрээг (БХГ) 2021 оны есдүгээр сард байгуулан хайгуулын тусгай зөвшөөрлөө авсан. БХГ байгуулахад хэр хугацаа шаардсан бэ?

-Бид төрд ямар ч танил талгүй ч цэвэр мэргэжлийн үүднээс судалгааны ажлаа хийж, асуудаа зөв харах юм бол Засгийн газартай БХГэрээ байгуулж болдог юм байна гэдгийг харуулсан болов уу. Салбарын бүх яамдтай харилцаж, эрсдэлээс айхгүйгээр асуудлыг зөв хөөгөөд явах юм бол хэлцэл урагшилж болж байна. Мэргэжлийн бөгөөд ёс зүйтэй байх нь маш чухал юм.

-Нүүрсний давхаргын метан хий (НДМХ) дээр ямар мэдээллийг түлхүү онцолж харах шаардлагатай байдаг вэ?

-Үндсэн дөрвөн зүйлийг л анхаарах хэрэгтэй. Тодруулбал, нүүрсний зузаан, хийн агууламж, агуулга, нэвчилт болон нэвчүүлэмж. Бусад орнуудыхтай харьцуулбал Монголын нүүрс зузаан байдаг.

-Зузаан нь?

-Дөч, тавь, цаашлаад зуугаад метрийн зузаантай. Бид талбай дээр долоон цооног өрөмдсөн. Дунджаар 60 орчим метрийн зузаантай нүүрсэнд өрөмдлөг хийсэн. Австралийн нүүрсний зузаан 5-10 орчим метр байдаг юм билээ. Нүүрс зузаан байх тусмаа л хийн нөөц их байна гэж ойлгож болно.

Нүүрсний хийн агуулга ойролцоогоор 13.2м/т, 9.3м./т, 9.8м./т зэрэг байна. Ерөнхийдөө 1 тонн нүүрсэнд 13.2 куб.метр хий агуулагддаг гэж ойлгож болно. Найрлагын хувьд 92- 99 хувь байх жишээтэй. Өрөмдсөн анхны 7 хайгуулын цооног нь НДМХ-ийн маш өндөр хэтийн төлөвтэй. НДМХ-ийн төслийн хувьд хамгийн тохиромжтой зэрэглэл болон чанарын үзүүлэлттэй гэж хэлж болно. Түүнчлэн нүүрсний өндөр нэвчүүлэмж тогтоогдсон нь давхаргад шингэн хагалбар хийх шаардлагагүйгээр өндөр гарцтай хий олборлох боломжтойг харуулна.

-8400 кв2 бүхий төслийн талбайд нүүрсний ашиглалтын 24 тусгай зөвшөөрөл бий. Идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаа зургаан уурхайтай. Гэхдээ танай компанийг анх үйл ажиллагаа явуулахад тусгай зөвшөөрлийн давхцалтай холбоотой асуудлууд гарч байсан санагдана. Үүнтэй холбоотой компаниуд хоорондын ойлголтын зөрүүг хэрхэн арилгасан бэ?

-Бид энэ талаар олон удаагийн уулзалт хийсэн. Одоо бол биенээ маш сайн дэмжин ажиллаж байна. Ер нь бол дээр хэлсэнчлэн компани хоорондын харилцааны л асуудал байж ирсэн. Мэдээллээ ил тод, шударгаар солилцож чадвал төслүүд амжилттай явагддаг гэдгийг эндээс илүүтэй олж харсан.

-Танай төслийн үр дүн сайн гарвал эхний ээлжинд дотоодын хэрэгцээг газаар хангах уу?

-Тийм ээ. Дотоодын хэрэгцээг хийгээр хангах нь бидний хувьд номер нэг ажил байх болно. “Тэлмэн Ресурс”-т Монгол Улсдаа хийх, эрчим хүчний гол нийлүүлэгч болох томоохон боломж бий. Хий нийлүүлээд илүү гарсныг нь гадаад оронд экспортлох зорилттой. Улаанбаатар хотын хувьд агаарын ихээхэн бохирдолтой байна.

2022 онд Монгол Улсын дундаж PM (Particle Matter) 2.5концентрацитай байгаа нь ДЭМБ-ын агаарын чанарын жилийн удирдамжаас 5.9 дахин их юм. Агаарын бохирдлыг бууруулах, эрчим хүчний аюулгүй болоод найдвартай, бие даасан байдлыг шийдвэрлэхийн тулд байгалийн хийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх улс орны хүчтэй хүсэл эрмэлзэл хэрэгтэй гэж бид харж байгаа.

Монголд одоогоор байгалийн хийн үйлдвэрлэл байхгүй нь эрчим хүчний аюулгүй байдал, найдвартай байдалд тулгарсан томоохон асуудал. Метан хийгээ олборлож, ашиглаад хэрэглээнд нэвтрүүлбэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахаас гадна энэ нь ирээдүй хойч үед маань ихээхэн тустай байх болно. Зөвхөн компанийн бус, нийгэм эдийн засагт маш чухал ач холбогдолтой төсөл юм шүү гэдгийг онцолж хэлье.

-“Тэлмэн Ресурс” ХХК, “Бээжин Гао жие Энержи технологи” ХХК компаниуд энэ оны гуравдугаар сард Монголд анхны хийн түлшээр ажиллах туршилтын 5-6 мВтын цахилгаан станцыг богино хугацаанд барьж ашиглалтад оруулах Санамж бичиг байгуулсан. Энэ ажил хэр явцтай байна вэ?

-Энэ оны долдугаар сард манай олборлох төслийн цооногийн ажил дуусч, туршилтын 180 хоног дээр явж байна. Төслийн ажлын үр дүн хэр гарахаас цахилгаан станцын ажлын хугацаа тодорхой болно. Ирэх оны нэг, хоёрдугаар улиралдаа багтаан хийн түлшээр ажиллах Цахилгаан станцыг ашиглалтад оруулна. Цахилгаан станцын технологийн судалгаа хийгдэж байна.

-Хэр овор хэмжээтэй станц байх вэ? 

-Ойролцоогоор 50 хувийг нь хэмнэнэ. Метан хий нь -160 хэмд хөлддөг онцлогтой. Монголд ахуйн хэрэгцээнд ашиглаж байгаа газ нь -5- аас -20 хэмд хөлддөг учраас газаар ажилладаг машин явах боломжгүй. Дизель машиныг 500 литр түлшээр цэнэглэхэд мөн 500 километр замыг туулдаг. Тэгвэл LNGээр 500 литр цэнэглэвэл 1000 километр явах жишээтэй. Ижил зардалтай атлаа туулах зам нь хоёр дахин уртсаж байгаа биз. Энэ нь уурхайнуудын үйл ажиллагаанд маш том дэмжлэг болно. Ер нь бол дэлхий нийтээрээ “ногоон эрчим хүч” рүү тэмүүлж байна. Нүүрсний хэрэглээг бууруулж, аль болох байгальд ээлтэй эрчим хүчийг хөгжүүлж, ашиглах бодлогыг дэлхийн улс орнууд баримталж байна.

-Олборлосон хийг шууд борлуулах боломжгүй, шатаагаад бага хэмжээний цахилгаан үйлдвэрлээд түүнээсээ ашиг хуваах уу гэдэг төвөгтэй гэж зарим мэргэжилтнүүд хэлдэг. Тиймээс Бүтээгдэхүүн хуваах гэрээ өөрчилье гэсэн байр сууриудтай Та санал нийлэх үү?

-Бүтээгдэхүүн хуваах гэрээний онцлог нь газрын тостой харьцуулбал уламжлалт бус нөөц (байгалийн хий) талдаа илүү уян хатан байдаг. Тухайн компани эрдсдэлээ үүрээд үйл ажиллагаа явуулж байгаа энэ тохиолдолд БХГэрээний уян хатан байдал нь давуу талыг олгож байна. БХГэрээний дагуу ирээдүйд гарах бүтээгдэхүүний хувийг нөгөө талдаа өгнө. Энэ бол олон улсын жишиг.

-Метан хий гэхээр зарим иргэд тэсэрч, дэлбэрэх аюултай гээд ойлгочихдог. Мэргэжлийн хүмүүс дотор ч тийм ойлголттой хүмүүс мэр сэр байна. Та энгийнээр товчхон тайлбар хийх үү?

-Хүмүүс мэдэхгүй зүйлээсээ айдаг. Метан хий нь тодорхой орон зайд хуримтлагдан гал дамжуулагч үүссэн нөхцөлд л дэлбэрдэг болохоос биш бусдаар аюултай зүйл биш. Бид одоо л ярьж байгаа нь шинэлэг юм шиг боловч дэлхийн дээр маш олон улс байгалийн хийг ашиглаж, эрчим хүч гаргаж авсаар 30 гаруй жил болж байна. Энэ хугацаанд тийм айхтар дэлбэрэлт болж байсангүй. Технологийн хувьд өндөр хөгжсөн. Гэрийн нөхцөлд ч гаазын плитка хэрэглэж байгаа шүү дээ.

-Ярилцсан Танд баярлалаа.

эрдэс баялаг

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img