2024-07-22, Даваа
17 C
Ulaanbaatar

Яруу найрагч Д.Одгэрэл: Аз жаргалыг бүрдүүлдэг дотоод мөн чанарын цаана үхэл нуугддаг

ҮХЛИЙН ТУХАЙ ЦУВРАЛ ЯРИЛЦЛАГА-4

Үхлийн тухай цуврал ярилцлагын маань дөрөв дэх зочин яруу найрагч, зураач Д.Одгэрэл байсан юм. Түүний ертөнцөд тавтай морил.

Эх сурвалж: “Ирмүүн лайф” сэтгүүл №03. 2010 он

-Үхэл гэж таныхаар юу вэ?

-Үхэл гэдэг бол амьдрал юм. Үхэл бол бүсээ тайлахтай л адил. Үхэл байхгүй бол амьдрал байхгүй, амьдрал байхгүй бол үхэл байхгүй. Үхлийг мэдэрснээрээ, үхэлд бэлтгэлтэй байснаараа тухайн хүнд өөрт нь л хэрэгтэй. Монголчууд юмыг дотоод мөн чанараар сэтгэдэг ард түмэн. Өнөөдрийн эмх замбараагүй нийгэмд хувийн зарчимтай хүн л амьдарна. Монгол хүн бүгд өнөөдөр хувийн зарчимтай болчихвол аз жаргалтай амьдарна. Тэр аз жаргалыг дотоод мөн чанар л бүрдүүлнэ. Дотоод мөн чанарын цаана үхэл нуугддаг.

-Шашин ихэнх хүмүүсийн үхийн тухай ойлголтыг төлөвшүүлж ингэхдээ айлгаж түүн дээрээ “тоглодог” юм шиг санагдах юм. Үхэл үнэндээ айх зүйл биш…?

-Шашнууд өөрийнхөө үзэлд хүмүүсийг үнэнч байлгаж өөрсдөө шашныг дагаж баян амьдрах гэсэн арга шүү дээ. Шашны үзэл бодлоор хүмүүсийг дарамталж үхлээр “хадны мангаа” гэдэг шиг айлгадаг.

-Тэгвэл бөө, зурхайч, үзмэрч, зурхайчдын тухайд?

-Эдгээр бол тусдаа. Шашныг хүний оюун ухааныг хордуулагч “хар тамхи” гэдэг байсан бол зурхайч, үзмэрч нь хүний оюун ухааныг хордуулагч “өдөр тутмын” тамхи нь болсон байна. Хамгийн микро хордуулагч нь гэсэн үг. Бөө гэдэг бол тэнгэртэй харьцдаг ухаан. Хөгшин сүнснүүдийн хоорондын харьцаа гэж хэлж болно. Дэлхий нийтэд “500 мянган хүнээс дээш хүн шүтэж байгааг шашин гэнэ” гэсэн нэг загвараараа л бөөгийн шашин гэж яриад байгаа болохоос бөө шашин биш.

-Гэхдээ манай бөө нар зурхайч, үзмэрчдээсээ ялгарах юмгүй л байгаа шүү дээ?

-Манай бөө нар бөөг бас л хүн айлгах, мөнгө олох арга хэрэгсэл болгосон. Өнөөдөр хэдэн сүнсний хүчийг агуулсан байна, хэр их хөгшин сүнс байна гэдгээс бөө хүчтэй хүчгүй байх нь хамаарна. Бөөг ерөөсөө л амьдрах тоглолт болгосон. Гайгүй амьдарч байгаа нэгийгээ танайхаас нэг бөө төрөхгүй бол болохгүй нь гээд надад шавь ор гээд мөнгө нэхдэг болсон байна.

-Та бөө юу?

-Би бол бөө. Гэхдээ жүжигчин бөө биш жинхэнэ тэнгэртэй харьцдаг бөө. Бөө гэдэг тэнгэртэй харьцдаг ариун зүйлбд болохоос хүнийг айлгадаг, хараадаг юм биш шүү дээ. Бөө хүн, лам хүн соён гэгээрүүлэгч байх ёстой.

Д.Одгэрэл-Хоёулаа үндсэн сэдэв рүүгээ оръё. Үхлийн тухай ойлголт хүн бүрт өөр өөр. Ихэнх хүмүүс нэг л амьдарна гэж боддог болохоороо ямар нэгэн муу зүйл хийхээс айдаггүй юм болов уу?

-Монгол өнөөдөр ингэж яартлаа хөгжчихсөн юм уу эсвэл тийм ажилч хэрэгч болчихсон юм уу. Үгүй шүү дээ. Үхлийн, амьдралын урлагт суралцаагүй байна. Үхэлд өөрийгөө бэлдэж мэдэхгүй. Өмнө нь шашнаар дамжуулан үхэлд бэлддэг байсан. Одоо бол өөр өөр үзлүүд ороод ирсэн. Өнөөдөр нэг л амьдрах юм чинь яагаад ч хамаагүй жаргаж байгаад үхье гэж бодож байна. Гэтэл үхсэний дараа эрлэгийн хаалгаар орохоо мартчихдаг. Тэнд шүүлгэнэ шүү гэдгээ мэддэггүй. Нүгэл,буян гэж байдаг ч юм уу, үгүй ч юм уу, үхсэн юм чинь юугаа мэдрэх юм гэдэг. Тэгвэл мэдэрнэ гэж хэлье.

Оюун ухааны сүнс бол үхдэггүй, төрдөггүй, мөхдөггүй мөнхийн зүйл. Амьдралын гүн ухааны суурь сонгодог онолуудад оюун санаа бол төрдөггүй, мөхдөггүй гэсэн байдаг. Үхлийн ороомог хууль гэдэг бол хамгийн ариун үнэнч, дулаахан, аз жаргалтай зүйл. Үхэл бол ямар нэгэн аймшигтай зүйл биш.

Үхэл бол үнэртэй, жинтэй, ямар нэгэн замтай. Энэ нь үхэл бүхэн ямар нэгэн сэтгэлийн өнгө, үнэр, жин дагуулахыг хэлж байгаа юм. Зарим хүнийг нас барахад дэлхий даяараа, зарим хүнийг нас барахад хэсэг бүлэгхэн хүн гашуудаж байна. Энд үхлийн жин харагдаж байгаа биз. Үхлийн жинг сэтгэхүй талаас нь ярихад ийм ч, бодит талаас нь авч үзэхэд огт өөр л дөө.

-Тухайн нас барсан хүний араас нэг үү эсвэл мянган хүн гашуудаж байна уу гэдэг нь тэр үхсэн хүндээ ямар хамаатай байх вэ?

-Хамаа байна. Тэр хүн харна. Тэр амьгүй болсон биеийн цаана оюун ухааны амьдрал байна. Үхсэний дараах амьд ертөнц заавал байна. Үүнийг маш олон гүн ухаанууд, шашнууд тайлбарласан байдаг. Минийхээр орон зайн хамаарал байгаа гэж тайлбарлаж болно. Цаг хугацаа, орон зайн хамааралгүй болчихвол үхсэний дараах амьд ертөнцийг мэдэх боломжтой. Энэ боломжид төрөхийн тулд оюун санааны асар том гэгээрэл хэрэгтэй байдаг юм. Тийм хүмүүс төрөхөөрөө хүн төрөлхтөнд Нострдам, Ванга шиг юм хэлж үлдээдэг.

Тэгэхээр үхэл гэдэг бол ямар ч цаг үед хүний найз, сүүдэр нь юм. Угаасаа сүүдрээ дарж унахаар энэ амьдрал дуусна. Үхлээс айна гэдэг бол хүн, хүн төрхөө харуулж байгаа хэрэг. Нүцгэн ирээд нүцгэн буцахын хооронд цагаан энергитэй л байх хэрэгтэй. Үхэл бол таны мөнхийн дагуул,таны бурхан мөн. Таны дотоод мөн чанар чинь гэгээн байвал амьдрал чинь гэгээн байна. Үхэл бол амьд зүйл. Нэгэн амьд бодгалийн нөгөө ертөнцөд үргэлжилж байгаа амьдрал. Үхэлбол амьд гараг. Бид одоо нэг амьтай гараг дээр амьдарч байна. Нөгөө гараг руугаа очихын тулд насаараа бэлдэх хэрэгтэй.

-Үхэл гэдэг маань таны хэлснээр өөр гараг руу явах. Тэгэхээр там диваажин хаана байхав?

-Үхэлд тамын гараг, диваажингийн гараг гэсэн хоёр гараг байна. Муу сэтгэлтэн бүхэн муу амьдарч, сайхан сэтгэлтэн бүхэн сайхан амьдардаггүй шүү дээ. Өнөөдөр муу сэтгэлтэн сайхан амьдарч байгаа тохиолдол олон байна. Тэгвэл тэр гараг дээр очихоороо эсрэгээрээ болно.

Д.Одгэрэл-Үхэл тэгвэл үхсэн хүмүүсийн хувьд юу юм бэ?

-Өнгөрснөө эргэж харах нэг боломж. Өнгөрсөн цаг үеэ яг үнэн бодитоор нь дүгнэх, амьсгал авах боломж. Үхэл бол үхсэн хүмүүсийн хувьд түр зогсоол юм. Тэндээсээ там руу явах уу, диваажин руу явах уу гэдэг нь шийдэгдэнэ.

-Үхлийн сайхан нь юу вэ?

-Үнэн худал хоёрын баталгаа чинь үхэл. Гэхдээ өөр гараг ертөнцийн хувьд. Үүлэн чөлөөний наран, үхлийн чөлөөний жаргал гэдэг чинь үхлийнх нь үүд нь нээгдэж байгааг хүн билгийн мэлмийгээрээ харж чаддаг л байхгүй юу. Тэр бол хамгийн алтан агшин. Жишээ нь дур тавих гэж байгаа хүний яг дур тавихын өмнөх агшин нь гоё байдаг шиг. Хөшигний цаанаас тайзан дээр гарах гэж байгаа дуучны тэр таашаалтай агшин шиг.

-Таны бүтээлд “үхэх урлаг” гэсэн хэллэг байх юм. Үхэх урлаг гэж юу вэ?

-Үхэх урлаг гэдэг ганцаардлын сандалтай адилхан. Ганцаараа суухаар нэг аятайхан сандал байдаг даа.

-Тэгвэл үхлийн томъёо гэж?

-Үхлийн томъёо бол төгсөшгүй хас тэмдэг мэт.

-Үхлийн сэдэв сүнстэй холбогддог. Таны дээр хэлснээр өнгөрснөө эргэж хардаг гэсэн чинь мэдэрч чадна гэсэн үг үү?

-Сүнс бол ариуссан хөдөлгөөн. Сүнс мэдэрнэ, үнэрлэнэ, хайрлана, янаглана сүнсэнд бүх юм бий. Эр, эм хоёр энгэр зөрүүлэхэд сүнснүүд төрөл олох гэж тулалддаг. Сүүлийн үед жирэмслэхээс хамгаалах аргууд хэрэглэчихсэн байна гээд тулалдахаа больсон байна ш дээ. Эр эм хоёр энгэр зөрүүлэхэд сүнснүүд сэрдэг байсан бол сүүлийн үед унтдаг болсон. /инээв/

-Сүнсний орон гэрний тухайд?

-Сүнсний гэр орон гэдэг бол орон зайн хэлбэрүүд. Сүнс хүний биед, оюун ухаанд, орчинд байна. Ер нь сүнсний төрлүүд олон. Явна, ирнэ, холдоно жирийн хүн заримдаа мэдэрдэг. Заримдаа зураг зураад сууж байхдаа өөрийгөө дээрээсээ харах тохиолдол байдаг.

-Сүнс ойр дотны хүмүүс дээрээ ирдэг үү, энгийн хүмүүсийн хувьд сүнсийг мэдрэх хэлбэр нь юу вэ?

-Ойр дотныхондоо ирнэ. Сүнсийг мэдэрдэг хэлбэрүүд гэвэл зүүд байна. Ойр дотны хэн нэгнийгээ эргээд төрсөн гэж хэлж байдаг шүү дээ. Тийм байж болно. Арц уугиулах, тахил өргөх, сүү өргөхөд гэнэт зурсхийх бодлууд орж ирэх зэргээс мэдэрнэ. Сүнс нохойгоор дамжин ойрхон ирээд буцах гээд олон янз байж болно.

-Сүнс юугаар хооллодог вэ?

-Сүнс үнэрээр хооллодог. Миний “Хонины маханд согтсон сүнс” гэдэг бүтээл байдаг. Сүнс бол амьтай, мөнхийн хөдөлгөөнтэй, гомддог. Сүнс төрдөггүй, мөхдөггүй мөртлөө үржил хөгжилтэй. Энэ өөрийн дотор орон зайндаа тодорхой хэлбэрүүдийг бий болгодог гэсэн үг.

Миний хэлээд байгаа хамгийн чадамжтай мэдрэмжтэй сүнс бол хөгшин сүнс. Тэр хөгшин сүнснүүдийн универсаль чанарыг л өнөөдөр суут хүмүүс гээд байгаа шүү дээ. Тэгэхээр сүнснүүдийг хооронд нь уян хатан, ариун байлгах юм бол хоорондоо илүү шавааралдаж өгөх нь байна шүү дээ.

-Сүнсийг гомдоохгүй яаж харьцах вэ?

-Яаж харьцах вэ гэсэн категори байхгүй. Ямар ч тохиолдолд чанга орилж хашгирч, цочоож, хамаагүй ширүүн дориун хөдөлж болохгүй ер нь зөөлөн хандах хэрэгтэй.

-Муу сүнс гэж байх уу эсвэл энэ нь хүмүүсийн айдас юм уу?

-Энэ бол хүмүүсийн айдас болохоос сүнс аймаар юм биш. Монголын нууц товчоонд Алунгуаг тооноор нь гэрэл орж ирээд хэвлийг нь илбэхэд жирэмсэн болжээ гэдэг. Би үүнийг судалсан. Ийм тохиолдол байж болшгүй зүйл мэт боловч байж болно. Тухайн эмэгтэй хүн заавал сэрүүн байхдаа энгэр зөрүүлэхгүй байж болно. Сүнсний нөлөөлөл асар их болсон вакум орон зайн нөлөөлөлд орж болно. Сүнс зарим хүмүүст харагддаг. Тэр хүн айснаасаа болж солиордог тохиолдол бий. Энэ нь гэрлэн бүрхүүлийн алдагдлаас болдог.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img