2024-07-27, Бямба
15.9 C
Ulaanbaatar

Тони Блэр

Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэрийг 1994 оноос Лейборист намын даргаар ажиллахдаа “шинэ лейборизм” үзэл санааг үндэслэсэн гэдэг. Төрийн засаглалыг үл төвлөрүүлэх бодлогыг явуулсан боловч Их Британи улсыг Афгани болон Иракийн дайнд татагдан орсны дараа нэр хүндээ багагүй алдсан юм. Тиймээс тэр 2007 оны зун Ерөнхий сайд болон намын даргын албан тушаалаасаа огцорно хэмээн зарласан билээ.

Энтони Чарльз Линтон Блэр /Anthony Charles Lynton Blair/ 1953 оны тавдугаар сарын зургаанд Шотландын Эдинбург хотод төржээ. Түүний бага насны дийлэнх хэсэг нь Английн Дарем гүнгийн харьяат нутагт өнгөрчээ. Гэхдээ Австралийн Аделиад хэмэх газарт гурван жил орчим амьдарсан гэдэг. Дараа нь Эдинбургийн элитүүдийн Феттес коллежид суралцаад 1972 онд Оксфордын Их сургуулийн хууль зүйн ангид элсэн оржээ.

Блэрийн нэгэн найзын дурссанаар бол ирээдүйн Ерөнхий сайд оюутан байхдаа өөртөө маш итгэлтэй ч гэлээ биеэ тоосон байдалгүй, сагсуу онгироо зангүй нэгэн байжээ. Оюутан Блэр нэлээд хөдөлгөөнтэй, рок-н-роллд амиа өгөхөөс ч буцахгүй шунан дурладаг байж. Үе тэнгийн рок залуустай их нөхөрлөнө. Энэ нь магадгүй “Ugly Rumors” рок хамтлагт дуучин болоход нөлөөлсөн биз ээ.

2006 оны эхээр Их Британийн нэгэн телевизээр “Тони Блэр-рок од” /Tony Blair Rock Star/ гэсэн нэртэй кино гарч байсныг санаж байна уу. Залуухан Блэрийн тухай өгүүлдэг дээ. Блэрийн хамгийн хайртай дуучин нь “Роллинг Стоунз” хамтлагийн гоцлол дуучин Мик Жаггер. Зарим нэг эх сурвалжаар бол Блэр залуудаа Парижад шөнийн цэнгээний газрын барменаар ажиллаж байсан бололтой. 1975 онд сургуулиа дүүргээд тэр Оксфордод багшлах эрхтэй болжээ.

1976 онд өмгөөлөгчдийн коллегид орж, хөдөлмөрийн харилцаа болон худалдааны асуудлаар тусгай мэргэжил эзэмшжээ. Энэ үеэс л Лейборист намын үйл ажиллагаанд оролцох болсон байна. Чухамдаа тэр үед Блэр намын хамтран зүтгэгч, коллегийн өмгөөлөгч бүсгүй, ирээдүйн эхнэр Черитэй танилцсан түүхтэй. Блэрийн эцэг Лео Блэр нь нэгэн их сургуулийн хуулийн багшаар ажилладаг байлаа. 1963 онд консервативчуудаас парламентад өрсөлдсөн ч сонгуулийн кампанит ажиллагааны үеэр цохилт амсаж, дахиж улс төрийн амьдралд оролцож чадалгүй удаан явжээ. Чухамдаа энэ үйл явдал нь Тони Блэрийг улс төрийн өөрийн гэсэн карьераа бий болгох урьдач нөхцөл болсон гэдэг.

1994 онд тэрбээр нэгэн ярилцлагадаа “Миний эцэг хүнд өвчин туссаныхаа дараа өөрийнхөө эрх мэдлийг хүүхдүүддээ шилжүүлж өгсөн” хэмээн ярьж байв. Түүнээс гадна Блэрийн үгээр бол улс төрийн үйл ажиллагааныхаа эхэн үед Льев Троцкийн амьдралын тухай өгүүлсэн ном түүний сэтгэлийг ихэд хөдөлгөсөн гэнэ. Блэрийн парламентад шургалах гэсэн эхний оролдлого бүтэлгүйтэж байв.

Тухайн үед, 1982 онд тэр Биконсфилдэд өрнөсөн давтан сонгуульд Лейборист намаас дахин нэр дэвшлээ. 1983 онд болсон бүх нийтийн сонгуулиар тэр Дарем гүнгийн Седжфиль тойргийн нийтийн Танхимд сонгогдож чадав. Тэр үед Блэр зүүний үзлээр өөрийгөө цэнэглэж, цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэхийн төлөө тэмцэж, сонгуулийн үеэр Их Британийг нэгдсэн Европыбн зах зээлээс гаргахыг уриалж явлаа.

BlairTonyЗарим ажиглагчид олонхи лейбористуудаас ялгаатай нь Блэр залуудаа хэзээ ч зүүний радикалуудын хөдөлгөөний гишүүн байгаагүй юм гэж үздэг. Парламентад оруутаа Блэр Эв хамтын бүлэгт нэгдэв. Энэ бүлэг нь барууны лейбористуудыг нэгтгэдэг юм. Намын доторх шинэчлэгч хэсгийг Нил Киннок тэргүүлж байлаа. Блэр, Их Британийн ирээдүйн Санхүүгийн сайд Гордон Браунтай энэ үед ажил хэргийн болоод анд нөхөрлөлийн нягт харилцаа тогтоосон байв. Блэр намын шатлан захирах ёсны шатаар маш хурдтай өгсөж эхэллээ. Ерөөс тэр Блэрийн “алтан дундаж” байдал сонгогчдын дэмжлэгийг намдаа буцааж авчирна хэмээн найдаж байсан намын лидерүүдийн байр суурийг булаан авах хувьтай байжээ.

1984-1987 оны хооронд Блэр Их Британийн Эдийн засаг болон Санхүүгийн асуудал эрхэлсэн сөрөг хүчнийн төлөөлөгчийн туслах болов. 1987-1988 онуудад “Таймс” сонинд улс төрийн холбогдолтой олон өгүүлэл нийтлүүэв.

Дараа нь Сүүдрийн Засгийн газрын Аж үйлдвэр, худалдаа, эрчим хүчний салбаруудад янз бүрийн ажил эрхэлжээ. Тухайлбал, 1988 онд Эрчим хүчний яамыг толгойлжээ. Харин 1989 оноос Лейборист намын Үндэсний гүйцэтгэх хорооны гишүүнээр сонгогдон ажилласнаар намын гишүүдийн дунд багагүй нөлөө тогтоох нь тэр.

1992 онд лейбористуудын шинэ удирдагч Жон Смит Блэрийг сүүдрийн танхимын Дотоод хэргийн сайдаар томилжээ. Энэ суудлыг аваад Блэр “Лейбористууд бол гэмт хэргийн сүлжээтэй өршөөлгүй тэмцэл явуулна” хэмээн амлаж байлаа. 1994 онд Жон Смитийн гэнэтийн үхлийн дараа Блэр олонхийн саналаар түүний залгамжлагчаар сонгогдов. Эхэн үедээ түүний хоёр дахь хүчтэй өрсөлдөгч нь Гордон Браун байсан ч тэрбээр найздаа найр тавихаар шийджээ.

BlairTonyХэвлэлүүдийн мэдээлснээр, 1994 онд Браун, Блэрийг залгамжлагчаа болгох талаар ярилцаж тохиролцсон юм билээ. 41 настай Блэр Их Британийн түүхнээ лейбористуудын хамгийн залуу удирдагч болсон юм. Удалгүй тэрбээр намын дотор үүссэн янз бүрийн фракц, тэдний хоорондын хагарал зөрчилдөөний эсрэг хатуу зогсдог, харгис чанга, шийдмэг шинэчлэгч гэдгээрээ алдаршиж эхэллээ.

Үнэн хэрэгтээ Блэр намаа сонгогчддоо хандсан илүү уян хатан бодлого явуулдаг, байр суурь нь төвийг сахисан, лейбористуудын үйлдвэрчний эвлэлтэй тогтоосон уламжлалт харилцааг багасгаж, намдаа илүү олон гишүүн элсүүлэх зэрэгт хамаг анхаарлаа хандуулах болсон юм.

Тэрбээр намыг ажлын байранд төвлөрсөн ”Төвлөн захирах ёс”-ыг халж, хатуу шатлан захирах хэлбэр бүхий улс төрийн үр ашигтай тогтолцоо руу шилжүүлж чаджээ. Блэрийн 1995 онд намын шинэчлэлдээ хийсэн хамгийн том алхам нь үйлдвэрлэлийн хэрэгсэл болон хуваарлилтад хамтын өмчийн зарчмыг баримтлахыг тунхагласан лейборист намын зүүний чиглэлийн дөрвөн зүйлийг хурцаар авч хэлэлцсэн явдал. Хамтын өмчийн тухай ойлголт ийнхүү арчигдан баларч, Блэр “шинэ лейборизм” /new labour/ -ын “Загалмайлсан эцэг” болох нь тэр.

Үйлдвэрчний эвлэлийнхэнтэй харилцахыг чухалчилдаг улс төрийн бодлогоос татгалзахаас гадна Блэрийн цаашдын төлөвлөгөөнд орсон зүйл нь боловсролын системийг илүү төгс эрчимтэй болгож, хот нийтийн аж ахуйг шинэчилж, бүтэн зууны туршид “шинэ лейбористууд“-ийн ноёрхлыг тогтооход оршиж байлаа. Блэр Их Британи улсыг еврогийн тусламжтайгаар Европын орнуудын нийгэмлэгт элсүүлэхийг хүсч байлаа. Түүнчлэн тус улс дахь намын бодлогын тогтолцоог өөрчлөхийг оролдож байсан хэсэг консерватив болон либераль ардчилагчдын нөхөрлөлд итгэж байсан тал бий.

Блэрийн хамгийн ойрын хамтран зүтгэгч нар нь Гордон Браун, Питер Манделсон байлаа. Браун “Шинэ лейбористууд”-ийн эдийн засгийн хөтөлбөрийг голлож зохисон хүн. 1997 оны бүх нийтийн сонгуулиар лейбористууд олонхийн суудал авч, ялалт байгуулав. Лейбористууд парламентад 659 суудал эзэгнэсэн бол өрсөлдөгч нарт нь 419 суудал ногджээ. 1997 оны тавдугаар сарын хоёронд 43 настай Блэр Их Британийн сүүлийн 200 жилийн түүхэн дэх хамгийн залуу Ерөнхий сайд болох нь тэр. Үүрэгт ажилдаа орсон даруйдаа Блэр урьдын консарватив засаглалын мөрийн хөтөлбөр, тэр дундаа үндэсний зарлагыг багасгах хөтөлбөраас татгалзахгүй гэсэн амлалтаа баримтлаж ажиллана хэмээн мэдэгдэж байв.

Шинэ Засгийн газар удсан ч үгүй нийгмийн хүрээний шинэчлэлийг хэрэгжүүлж, засаглалын төвлөн захирах ёсыг халж, Европын холбоотой харилцаагаа сайжруулах шинэ хөтөлбөр боловсруулан ажиллаж эхлэллээ. Эхний жилээ Блэр Шотланд болон Уэльст парламентын төвлөрөн засаглах үүргийг шилжүүлэх амлалтаа биелүүлжээ. Түүгээр ч зогсохгүй Умард Ирландтай энхийн хэлэлцээрийг эрчимтэй явуулах талаар хэд хэдэн ажлыг зохион байгууллаа.

BlairTony1997 оны аравдугаар сард Блэр Ирландын Бүгд найрамдах армийн Улс төрийн “Sinn Fein” жигүүрийн удирдагч Жерри Адамстай уулзжээ. Ингээд 1998 оны дөрөвдүгээр сард “Сайн баасан гарагийн хэлэлцээр” /The Good Friday Agreement/ хэмээн нэрлэгдсэн хэлэлцээр хийгдэж, үүний дүнд төвлөрсөн засаглалын үүргийн тодорхой хэсгийг хүлээн авсан Умард Ирландын ассамблей байгуулагдав.

1999 онд Блэр Ольстер хотод хямралыг зохицуулах хэлэлцээрт оролцсныхоо төлөө Их Карлын нэрэмжит Олон улсын шагналыг хүртжээ. Шинэлчлэлийнхээ эхэн үед Блэр Английн банкинд бие даасан даасан эрхийг олгосноор 1997 онд хараат бус , Засгийн газартай зөвлөлдөлгүйгээр үйл ажиллагаа явуулах боломжийг бий болгожээ. Үнэн хэрэгтээ банкны салбарт хийсэн энэхүү шинэлэг алхмыг “зохиогч” нь Гордон Браун.

Блэйрийг шүүмжлэгчид түүний Засгийн газрын шинэлэг хирнээ жинтэй алхмууд, ялангуяа эдийн засгийн салбарт хийсэн шинэтгэлүүдийн ард Гордон Браун байдаг хэмээн мэдэгдэж байлаа. Засгийн газар эрүүлийг хамгаалах болон боловсролын эмзэг салбарт 42 тэрбум фунт стерлингийн хөрөнгө оруулалт бүхий хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ. 1997 онд “Файнэншиэл Таймс” сонин Блэрийг “Оны хүн”-ээр нэрлэсэн юм. 1998 оны тавдугаар сард Лондоны ассамлей болон хотын амбан захирагчийн сонгууль амжилттай явагдсан билээ Лордуудын Танхимын шинэтгэлийн явцад өв залгамжлагч пэрүүдийн тоо 92 хүртлээ буурчээ.

Блэрийн үед Их Британийн гадаад бодлогод гарсан нэгэн том үйл явдал нь Косовогийн мөргөлдөөн.Хэдэн мянган Британи цэрэг энхийг сахиулагчдын бүрэлдэхүүнд орж, тус бүс нутгийг зорьсон юм.Блэрийн хувьд тухайн үед Умард Ирландын мөргөлдөөнийг намжаах үйл ажиллагаанд оролцож байсан АНУ-ын Ерөнхийлөгч Билл Клинтонтой дотно харилцаа тогтоосон байв.

Ерөнхий сайд өөрөө Америкийн засаг захиргаанд түшиглэн “Хүмүүнлэгийн интервенци”-ийн концепцийн нэг тал нь болж өгч байлаа. 2000 онд Блэр ОХУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод байсан Владимир Путинтай уулзахаар Баруун Европоос Москвад ирсэн анхны лидер болж байв. Нөгөөтэйгээр энэ нь Блэрийн гадаадад хийсэн анхны айлчлал. Блэрийн үгээр бол Путин түүнд онцгой сэтгэгдэл төрүүлсэн гэх. 2001 оны зургадугаар сард бүх нийтийн сонгууль болж өнгөрлөө. Лейбористууд дахин олонхийн санал авч, парламентад 659 суудал эзэлсэн бол сөрөг хүчнийхэн 413 суудалтай үлджээ. Блэр ч Ерөнхий сайдынхаа суудлыг хадгалсан юм.

Сонгуулийн үеэр Блэр болон лейбористуудын нэр хүндийг унагахуйц олон сөрөг ухуулга сурталчилгаа хийгдэж байлаа. Юуны өмнө, хууль зөрсөн хэргээр буруутгаж, түүний ойрын туслах Питер Мандельсон /1998 онд Худалдаа аж үйлдвэр, 2001 онд Умард Ирландын хэрэг хариуцсан сайдын албан тушаалаас огцорч байсан/ огцруулахыг шаардав.

Түүнээс гадна “Формула-1” автоуралдааныг зохион байгуулагч Берни Эклстоун 1997 онд Лейборист намд хандив өгсөн нь гурван жилийн дараа илэрч бөөн дуулиан дэгдээв. 2001 оны есдүгээр сарын 11-ний террорист халдлагын үеэр Их Британийн 100 иргэн амь насаа алдсан бөгөөд энэ үед Тони Блэйр “Их Британи улс терроризмын эсрэг тэмцэлд АНУ-тай мөр зэрэгцэн тулалдана” хэмээн амласан юм. Мөн оны аравдугаар сард АНУ-ын эрх баригчид Афганы “Талибан” хөдөлгөөний дэглэмийн эсрэг дайн эхлүүлж, эл ажиллагаанд Их Британичууд тэнгисийн болон хуурай замын цэргээ оруулжээ.

Блэр Ерөнхий сайдаар хоёр дахь удаагаа сонгогдоход түүний өмнө гадаад бодлогын асуудал урьд өмнөхөөсөө илүү босч ирэв. Ажиглагчдын үзэж байснаар, Блэр 2001 оноос өмнө улс орныхоо дотоод асуудалд анхаарлаа хандуулж ирсэн бол сүүлдээ “Цэрэг дайны удирдагч” болон хувирчээ. Тэрбээр “террорын эсрэг дайн”-д АНУ-ыг эргэлзэж тээнэглэзэлгүй дэмжих болсон юм. Гэхдээ Ерөнхий сайдын гадаад бодлогын байр суурь Британийн нийгмийг төдийгүй Лейборист намыг хагаралд оруулсан юм.

2001 оноос хойш Блэрийн нэр хүнд унаж эхэллээ. Олон улсын түвшинд Блэр томоохон байр суурь эзлэж, харин Их Британийн эдийн засгийн бодлого Санхүүгийн сайд Гордон Брауны мэдэлд тэр чигээрээ гулсан оров. АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Бушийн “Муу ёр”-ын гэж тодорхойлсон орнуудын нэг Иракт Блэрийн анхаарал хүчтэй орж, энэ нь бүр 2002 онд илүү тодорхой боллоо. Есдүгээр сард Ерөнхий сайд Ирак улс 45 минутын хугацаанд үй олноор хөнөөх зэвсгээ хэрэглэх нь гэсэн тагнуулын мэдээллийг хүлээн авчээ.

Тэрбээр парламентын хуралдааны өмнө тагнуулчдын илтгэлийг иш татан өгүүлэхдээ “Иракчууд хими, биологийн зэвсэг нэмэгдүүлэх төхөөрөмж эзэмшиж байгаа төдийгүй одоо тэднийгээ хэрэглэх гэж байна. Тэр ч байтугай цөмийн зэвсэгтэй” хэмээн мэдэгдсэн юм. Блэрийн хамгийн гол зорилго нь Иракт үй олноор хөнөөх зэвсгийн шинжээчдийг оруулах байсан төдийгүй нэг талаар Саддам Хусейний дэглэмийг унагах АНУ-ын төлөвлөгөөг нэг бус удаа дэмжиж байлаа. 2003 оны нэгдүгээр сард Блэр, Ирак улс хими, биологийн зэвсэг бүтээхээ үргэлжлүүлж тэднийг хэрэглэх төлөвлөгөө боловсруулж байлаа.

2003 оны эхээр Блэр Саддам Хусейнийг түлхэн унагаахын төлөө ухуулахаар Европын орнуудад тойрон айлчлал хийлээ. Айлчлалынхаа үеэр Ирак улс үй олноор хөнөөх зэвсэг эзэмших байгаа гэсэн ганцхан “баримт”-ыг гол тулгуураа болгон ашиглаж байв. Гуравдугаар сард Блэр АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Буш, Испанийн Ерөнхий сайд Хосе Мария Азнар нар дэлхийн нийгэмлэгүүдийг Иракийн эсрэг цэргийн ажиллагаа эхлүүлэхийг дэмжихийг уриаллаа.

Ихэнх бринтаничууд Блэрийг АНУ-ын Иракийн эсрэг цэргийн компанит ажиллагаа дэмжих болсонд дургүйцээ эхлэв. 2003 оны гуравдугаар сард Иракийн эсрэг компанит ажиллагааг эсэргүүцэж Нийтийн танхимын дарга Робин Кук, кабинетийн хоёр сайд, Засгийн газрын хэд хэдэн сайдын хамт албан тушаалаасаа огцров. 2003 оны гуравдугаар сарын 19-нд Их Британи улс Ирак руу 45 мянган цэргээ оруулахаар үндсэн бэлтгэлээ хангачихаад байсан АНУ-ыг дэмжигч “Сайн дурын эвсэл”-д оролцохоор болжээ.

Блэр гадаад бодлогоороо АНУ хийгээд Америкийн Засаг захиргааг байлдан дагуулав. 2003 оны дөрөвдүгээр сард тэрбээр Эллис арлын Хүндэт медаль хүртсэн анхны Америк биш иргэнээр тодорчээ. Энэ шагналыг Их Британийн Ерөнхий сайд 2001 оны есдүгээр сарын 11-ний халдлагын дараа АНУ-ын үнэнч түнш гэдгээрээ хүртсэн юм. Зарим ажиглагчийн үзэж буйгаар, Британийн Ерөнхий сайд Ж.Бушийг “Террорын эсрэг дайн”-д чанд хатуу дэмжих болсон олон шалтгааны нэг нь АНУ-ыг Араб-Израилийн мөргөлдөөнийг энхийн замаар тогтворжуулах процесст татан оролцуулах хүсэл эрмэлзэл нь болж өгч байсан гэдэг.

Гэвч ийм аргаар олсон амжилт нь нэг их хол яваагүй юм. Учир нь Их Британид түүнд дургүйцэх хандлага хүчээ авчээ. Ирак руу Эвслийн цэргүүд халдсаны дараа Блэрийн Засгийн газар үндсэндээ хүнд байдалд орсон билээ. Британийн Засгийн газар АНУ-ын засаг захиргаатай нэгэн адил дэлхийн аюулгүй байдлыг алдагдуулсан хэрэгт унаж, өөрсдийнхөө зорилгод олны санааг урвуулах зорилго агуулж байна хэмээн буруутгагдаж байлаа.

2003 оны тавдугаар сарын 29-нд ВВС news агентлагийн шууд нэвтрүүлгийн мэдээлэлд Британийн Засгийн газар дайн эхлэхээс өмнө тагнуулчдаас авсан мэдээллийг зориудаар мушгин гуйвуулсан хэмээн буруутгажээ. Уг мэдээллээ нэрээ хэлэхийг хүсээгүй нэгэн шинжээчаас авсан гэв.

Төдөлгүй Даунинг-стрит , ВВС агентлагийн дунд Британийн Засгийн газрыг үндэслэлгүйгээр гүжирдлээ гэсэн маргаан дэгдэх нь тэр. Агентлагийн Ерөнхий захирал Грег Дайк энэ гэм бурууг хариуцахгүй хэмээн мэдэгдээд, шууд нэвтрүүлгийг зохиогч Эндрю Гиллиганыг өмгөөлөхөөр шийджээ. Долдугаар сарын эхээр Батлан хамгаалахын сайд Жеф Хун “Гиллиган эл мэдээллийг олж авахын тулд тодорхой эх сурвалжтай хуйвалдан зөвлөлдсөн” хэмээн сэтгүүлчдэд палхийтэл хэлж орхив. Тэдэнд Британийн хамгаалах яамны биологийн зэвсэг хариуцсан шинжээч Дэвид Келли хэлж өгсөн болж таарав. Гэтэл 2003 оны долдугаар сарын 18-нд Дэвид Келлигийн цогцос олдож бөөн шуугиан тарих нь тэр.Сүүлдээ бүр Ерөнхий сайд болоод түүний кабинетийнхнийг Келлигийн нэрийг олонд дэлгэсэн, түүнд дарамт шахалт үзүүлдэг байсан гэхээс гадна шинжээчийг нас барахад нөлөөлсөн мэтээр буруутгаж байлаа.

Ингээд наймдугаар сард Келлигийн үхэл болоод ВВС агентлагийн нэвтрүүлгээр цацагдсан “хачирхалтай” мэдээллийг судлах тусгай комисс байгуулагдаж, тэргүүнээр нь чөлөөнд гарсан шүүгч лорд Хаттон ажиллах болов. 2003 оны есдүгээр сард Блэр Лейборист намын жил бүрийн чуулганд оролцож үг хэлэх үеэрээ түүний Засгийн газар эдийн засаг, нийгмийн салбар тэр дундаа боловсрол эрүүлийг хамгаалах салбарт ихээхэн амжилт олсныг тэмдэглээд гадаад бодлогынхоо үндсэн асуудалд баттай зогсож буйгаа онцлов. Ерөнхий сайдын үгээр бол Саддам Хусейн НҮБ-ын тогтоол шийдвэрийг биелүүлдэггүй, харгис дэглэмээ толгойлсон хэвээр байгаа, дэлхийн аюул заналхийлэл учруулж, олон улсын нийгэмлэгүүдийн уур хилэнг өөр лүүгээ хандуулсан гэнэ.

BlairTonyМөн Палестин-Израилийн мөргөлдөөний талаар Блэр хоёр талыг энхийн замаар ойлголцож, эвлэрэлд хүрэхийг уриалж байлаа. Ерөнхий сайд Их Британи улс Европын интеграцилалын процесст оролцох хэтийн төлөвийг тайлбарлан, нэгдсэн валютыг хүлээн авахаас татгалзахгүй гэдгээ илэрхийлж байв. Чуулган хуралдаж байгаа, дээр нь Блэрийн нэр хүнд улс орондоо навс унасан энэ үед тэр Иракийн асуудлаар санал зөрөлддөг намын нөхдийнхөө ширүүн шүүмжлэлтэй тулгарсан юм.

2004 оны нэгдүгээр сард Блэрт боловсролын хуулийн төслийн багцыг парламентаар хэлэлцүүлэх боломж гарав. Ерөнхий сайдын хувьд нь чамгүй амжилт бөгөөд цөөнгүй улс төрч түүнийг нэг бол парламентчдын ая талыг олно, эс бүтвэл түүнд илтгэл үзүүлэх санал хураалт явуулах болох байв. Энэ зуур Хаттоны комиссийнхон өөрийн ажлаа үргэлжлүүлж байлаа.

Шинжээчид нийтдээ 70 гаруй гэрчийг байцаасан байна. Байцаалт 2003 оны есдүгээр сарын сүүлээр дуусч, хүлээн авсан мэдээлэлд анализ хийхэд дөрвөн сар шаардагджээ. 2004 оны нэгдүгээр сарын сүүлээр Хаттоны комисс Келлиг амиа хорлосон, Засгийн газрын ямар нэгэн дарамт шахалт байхгүй, ерөнхийдөө хэвлэлээр тарсан янз бүрийн мэдээллүүдээс болж, амио хорлосон гэж үзэв. ВВС агентлагийн цацсан “тагнуулчдын гуйвуулсан мэдээлэл” гээч нь ямар ч бодит үндэслэлгүй, Эндрю Гиллиган Келлигээс авсан мэдээллийг өөрийн сурвалжлагадаа зориудаар гуйвуулсан болох нь тогтоогдов.

Комиссынхон энэ дүгнэлтийг хийсний дараа ВВС агентлагийн дарга Гэвин Дейвис, Ерөнхий захирал Грег Дайк, сэтгүүлч Эндрю Гиллиган нар албан тушаалаасаа халагдсан юм. Гэсэн ч Блэрийг эсэргүүцэгчид түүнийг яаралтай огцрох хэрэгтэй гэж үзсэн бөгөөд Ерөнхий сайд ч өөрөө дайн эхлэхээс өмнө олж авсан тагнуулчдын мэдээллийг илүү нарийн тодорхой судлах Комиссыг байгуулжээ. Шинэ комиссыг чөлөөнд гарсан төрийн зүтгэлтэн лорд Батлер толгойлохоор болов. 2004 оны зургаадугаар сард Комиссынхон Блэр болоод түүний Засгийн газрыг тагнуулчдын олж авсан зарим нэг алдаатай мэдээлэлд огтхон ч холбоогүй гэсэн дүгнэлтэд хүрчээ. Гэвч тагнуулчдын мэдээлэлд хэд хэдэн ноцтой алдаа байсан юм. Блэр энэ үед гарсан бүх алдааг өөрийн биеэр хариуцахад бэлэн байна гэж мэдэгдсэн билээ.

Блэр 2004 оны намын их хуралд оролцох үеэрээ АНУ-ын толгойлсон “Террорын эсрэг дайн”-д Их Британи улс оролцох тухайд “Гиндукуш уулын салбар нуруудад сургуулилт хийж байгаа, одоо Британийн гудамжинд үүрэлчихээд буй алан хядагчидтай хэрхэн тэмцэх талаар би гүн гүнзгий эргэцүүлэн бодож байсангүй. Харин одоо хувь тавилангийн эрхээр ч гэх үү, би дэвшилтэт улс төрч болж чадсан. Тийм дээ ч терроризмтой тэмцэх цорын ганц арга бол дэвшилттэй бодлогоор явуулах” хэмээн мэдэгджээ. 2004 оны арван нэгдүгээр сард Блэр Лондон хотноо Францын Ерөнхийлөгч Жак Ширактай уулзжээ. Урьдын адил Иракийн асуудлаар зөвшилцөлд хүрч чадаагүй ч /Франц улс Ирөакт халдсаныг эхэндээ хүчтэй эсэргүүцэж байсан юм/ талууд дайны дараа үүссэн хагарал зөрчилдөөнийг даван туулах хэрэгтэй гэдэг дээр нэг байрь суурьтай байв.

Блэр “Мөргөлдөөний үеэр хагарал зөрчилдөөн нэлээд гарсан…Гэхдээ бид хоёр тогтвортой, ардчилсан Ирак улс байхыг харахыг хүсч байна. Энэ зорилгодоо хүрэхийн тулд боломжтой бүхнийг хийнэ” хэмээн хэлжээ. Ерөнхий сайд Иран, Афганистан, Балкан, Африк болон дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар Ширактай хамтран ажиллах тухайгаа илэрхийлж байлаа. Ажиглагчид, Блэрийг Европ болон АНУ-ын “гүүр” болгохыг хүсч байсан бол Ширак Европын холбоог АНУ-ын эсрэг хүчтэй байр суур баримтлахыг эрмэлзэж байна гэсэн хоёр лидерийн байр сууринд том ялгаа байгааг тэмдэглэж байв. 2005 оны бүх нийтийн сонгуулийн босгон дээр Их Британийн нийгэмд Иракийн асуудлыг шуугиан хэлэлцэх боллоо. 2005 оны гуравдугаар сард Блэр Иракийн кампанит ажиллагаанд оролцох болсон шийдвэрээ сэтгүүлчдийн өмнө хамгаалахаар шийджээ.

Ерөнхий сайдын үгээр бол терроризмтой тэмцэхийн тулд дайны “үнэт зүйл”, “үзэл санаа” гэж байх ёстой бөгөөд, Афганистан болон Иракт ардчилалыг хөгжүүлэх нь алан хядагчдын сурталчилж ухуулаад байгаа Америкийн болоод Барууны эсрэг хандсан хамгийн чухал баримт нотолгоо болж өгөх байв. Дайн эхлэхийн өмнө Гадаад хэргийн яамны олон хуульчид Иракийн эсрэг дайн эхлүүлснийг хууль бус үйлдэл гэдэгт итгэж байлаа. Харин 2005 оны дөрөвдүгээр сард Блэр ВВС агентлагт өгсөн ярилцлагадаа энэхүү эргэлзээ тээнэглэзлээ илэрхийлсэн Гадаад бодлогын байгууллагын ямар нэгэн тайлан илтгэлийг олж үзээгүй, тэгээд ч ер нь энэ үл итгэх үзлийг Ерөнхий прокуророос хатгалгаар тэд ийм байдал гаргаж байна хэмээн ярьжээ.

2003 оны гуравдугаар сарын долоонд боловсруулсан нууц баримт дөрөвдүгээр сарын сүүлээр илчлэгдэв. Уг нууц баримтад Ерөнхий прокурор лорд Голдсмит Блэрийг НҮБ-ын хориг тогтоолыг үл хэрэгсэн дайн битгий эхлүүлээрэй гэсэн болгоомжлолыг өгч байжээ. Ерөнхий прокурорын энэ байр суурь “The Sunday times” сонины тавдугаар сарын дугаарт нийтлэгдсэн юм. “The Sunday times” Их Британийг Ирактай хийх дайнд бэлтгэж эхэлсэн тэрхүү халуун үйл явдлыг илчилэхүйц 2002 оны нууц зөвлөгөөний талаар мэдээлэл цацжээ. Тус сонинд өгүүлснээр бол 2002 оны долдугаар сарын 23-д Блэр сайд нар болон өндөр албаны зөвлөхүүдтэйгээ хаалттай хурал хийсэн аж. “The Sunday times” сонины ишэлсэн тэрхүү нууц баримтаар бол Блэр Иракийн дэглэмийг түлхэн унагаах АНУ-ын төлөвлөгөөг эхнээс нь дэмжсэн бололтой.

Дайн зайлшгүй болно гэдгийг ч сайн мэдэж байж. Тэр үед Ерөнхий прокурор лорд Голдсмит цэргийн ажиллагаа эхлүүлэх нь хууль ёсны гэдэгт эргэлзэж байгаагаа хэлсэн байна. Мөн Гадаад хэргийн сайд Жек Строу дайн хийх үндэслэл хангалтгүй байна гэдгээ илэрхийлсэн аж. Гэхдээ цэргийн кампанит ажиллагааны урьдчилсан төлөвлөгөө ерөнхийдөө яригдаж, Батлан хамгаалахын штабын тэргүүн Майкл Бойс хэрхэн довтлох болон Их Британид хэрэгцээтэй зүйлийн талаар Ерөнхий сайдыг мэдээлэх зааварчилгаа авчээ. Зөвлөлдөх уулзалтын үр дүн нь олон нийтийн хувьд ч, Засгийн газрын бусад гишүүний хувьд ч нууц хэвээр үлдсэн юм. Гэхдээ Блэр Ирак руу довтлох шийдвэрийг гаргаагүй хэмээн олон нийтэд хэлж байсан билээ.

Харин 2002 оны дөрөвдүгээр сард Блэр Иракийн дэглэмийг түлхэн унагаахад дэмжлэг үзүүлэхэд бэлэн хэмээн Америкийн Ерөнхийлөгч Ж.Бушид амласан тухай хэвлэлүүд мэдээлэх болсон түүхтэй. Британийн сэтгүүлчдийн мэдээлж буйгаар, Их Британи Иракийн дайнд татагдан орох болсныг илчилсэн мэдээллүүд сонгогчдын оюун санаанд үлэмж байх суурь эзэлж, энэ нь цаашлаад лейбористуудын сонгуулийн баазанд ноцтой хагарал авчирсан юм.

Лейбористуудын сонгуулийн өмнөх хөтөлбөр нь боловсрол, эрүүл мэнд, гэмт хэрэгтэй тэмцэх гэсэн уламжлалт хэсгүүдтэй байв. Лейбористууд еврог ашиглалаа ч үндэсний валютаасаа татгалзахгүй хэмээн амлаж байлаа. Сонгуулийн өмнө Блэр намынхаа даргаар дөрөв дэх удаагаа ажиллахгүй гэж мэдэгдэж байсан бөгөөд Ерөнхий сайдаар гуравдахь удаагаа ажилласны дараа албан тушаалаа бүрмөсөн орхино хэмээн ярьжээ.

Сэтгүүлчдийн үзэж буйгаар, Блэрийн залгамжлагчийн тухай асуудал нээлттэй байсан ба Гордон Браун, Алан Милберн /Эрүүл мэндийн сайд асан/ нарын нэр сонсогдож байв. Тавдугаар сард болсон бүх нийтийн сонгуулиар лейбористууд ялалт байгуулсан ч өмнөх хоёр удаагийн сонгуулийнхийг бодвол нэлээд доогуур санал авчээ. Блэр Засгийн газрын тэргүүнээр гуравдахь удаагаа сонгогдов. Лейбористуудын нам парламентын суудлын 36 хувийг нь авсан бөгөөд энэ нь ялсан намын хувьд хамгийн доод үзүүлэлт юм.

Лейбористууд нийт 356 суудал авсан юм. Сөрөг хүчнийхнээсээ давсан суудал нь 161-ээс 67 болтлоо буурсан байна. Консервативчууд болоод либераль-ардчилагчид нэлээдгүй суудал авсан нь Засгийн газрыг парламенгын түвшинд шийдвэр гаргахад томоохон саад учруулж байлаа. Блэр ч яахав намаа гурав дахь удаагаа ялалтад хүргэсэн лидер. Лейбористуудыг ялалт Блэрийг Аугаа их Эх орны дайнд ялалт байгуулсны 60 жилийн ойн арга хэмжээнд оролцохоо Москваг зориход нь саад болсон гэдэг.

Саналын дүнг сонссоны маргааш нь Даунинг-стритийн аравдугаар байшингийн өмнө Блэр үг хэлэх үеэрээ “Хүндэтгэл их чухал. Энэ бол гурав дахь удаагаа сонгогдсоныг зарлахад томоохон үүрэг гүйцэтгэх болно. Дунд сургуульд байхдаа ч, нийгэмд байр суурь эзлэхдээ ч, хото тосгодод амьдрахдаа ч өөрийгөө хүндэтгэх мэдрэмж зайлшгүй чухал байдаг” гэж тэр ярьжээ.

Шинэ Засгийн газрын дотоод улс төрийн бодлогын үндсэн чиглэл нь эрүүлийг хамгаалах, боловсролын шинэчлэл, түүнчлэн цагаачдад тавих хяналтыг чангатгах гэж үзэж байлаа. Харин гадаад бодлогоо Ойрхи Дорнодыг тогтворжуулахад илүү далайцтай оролцох хэмээж байв. Гуравдахь удаагаа сонгогдсон Блэрийн гол зорилгуудын нэг нь 2006 онд Европын үндсэн хуулийг батлах асуудлаарх бүх нийтийн санал хураалтад ялалт байгуулах ёстой байлаа.

Британичуудын дийлэнх нь энэ сэдэвт нэг их ач холбогдол өгөхгүй байгаа нь харагдаж байсан юм. Гэхдээ бүх нийтийн санал хураалтын амжилт нь Блэр Ерөнхий сайдын албанд томилогдсоны гол амжилтуудынх нь нэг байх байлаа. Гэвч ялсан намынх нь дотор Блэрт таагүй хандах хандлага давамгайлж байсан юм. “Daily Telegraph” сонины явуулсан санал асуулгын дүнг үзвэл, сонгогч лейбористуудын 46 хувь нь Блэрийг ойрын үед огцруулахын төлөө бол 26 хувь нь түүнийг хоёр гурван жилийн жилийн хугацаанд ажиллуулаад суудлаас нь авч хаях нь зөв гэсэн бол, 52 хувь нь шинэ Ерөнхий сайдаар Гордон Брауныг тавихыг хүсч байгаагаа илэрхийлжээ.

2005 долдугаар сарын долоонд Лондон хотод болсон террорист халдлагын дараах Блэрийн үйлдэл нь түүнд иргэдийн дэмжлэгийг эргүүлэн авчирсан юм. Блэр терроризмтой хийх тэмцлээсээ нэг ч алхам ухрахгүй хэмээн амлаж, Иракийн дайн, бүх халдлагын хувьд цагаатгах аргагүй хэмээн мэдэгдэв. Яагаад Иракчууд дэлбэрэх төхөөрөмжтэй автомашинуудыг олон хүмүүс дунд оруулж, тэднийг алж хядаж байна вэ? Иракаас шалтгаалж, энэхүү эмх замбараагүй байдал нүүрлээд байгаа байх хэмээн мэдэгдсэн юм. Ерөнхий сайдын үгээр бол 2001 оны есдүгээр сарын 11-ны үйл явдал нь дэлхийн нийгэмлэгүүдийг “сэрээч” гэсэн дохио байлаа. Гэвч дараа нь зарим хүмүүс эргэж “унтсан” гэж тэрээр онцолж байв. Блэр алан хядагчидтай аргаар гэхээсээ илүү тэдэнтэй үзэл санаагаар ч тэмцэх хэрэгтэй хэмээн үзэж байлаа. Гэвч Блэрийн сүүлчийн оролдлогуудын нэг хэсэг нь антитерроризмын эсрэг харгис хууль боловсруулах алхам байсан ч хэрэгжиж чадаагүй юм.Энэхүү хуулийн эсрэг нэлээд хэдэн лейборист зогсож байв.

2005 оны арваннэгдүгээр сард парламент дахь лейбористуудын фракц Блэрийг дайны өмнөх үйлдлүүдийг нь сөхөн тавьж дахин импичментээр оруулах хөдөлгөөндөө эргэн нэгдэв. Шүүмжлэгчдийн үзэж буйгаар, тэрбээр парламентыг төөрөгдөлд оруулсан ажээ. Гордон Браун урьдын адил Блэрийг тойрсон асуудалд төвийг сахиж байлаа. Харин Брауны талынхан Блэрийг дэмжихээс татгалзаж, түүнийг дараагийн сонгууль өрсөлдөх хангалттай боломжийг залгамжлагчдаа өгөхийг шаардаж байв.

Хоёрдугаар сард Блэр парламентад нэлээд хүнд үеийг туулах болов. Учир нь юу гэвээс, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах явдлыг дэвэргэх нь эрүүгийн гэмт хэрэгт үзэх тухай хуулийн төсөл нь олонхийн саналаар унажээ. Тэгэхдээ саналт хураалт явуулахаас өмнөхөн Блэр тэртээ тэргүй энэ төсөл олонхийн санал авахгүй нь бололтой гэж үзээд хуралдааныг орхин гарчээ. 2006 онд Иракийг тойрсон асуудал урьдын адил Их Британийн улс төрийн амьдралын хамгийн хурц сэдвүүдийн нэг байлаа. Тэгэж байтал Британи цэргүүд залуухан Иракчуудыг зодож буй тухай видео бичлэг цацагдаж бөөн шуугиан тарих нь тэр. 2006 оны гуравдугаар сард дайныг эсэргүүцэгч хөдөлгөөний идэвхтэнүүд Блэрийн “Ирактай дайн хийх шийдвэр нь эцсийн эцэст Бурханы үнэлэмж” гэсэн мэдэгдлийг шүүмжилсэн юм.

Тэрбээр ITV1 теле сувагт өгсөн ярилцлагадаа “Та хэрэв Бурханд итгэдэг бол Бурханыг л шүүх ёстой” гэж хэлсэн аж. Блэр Иракт явуулж буй өөрийн бодлогоо хамгаалахаар шаргуу тэмцэж эхэлсэн бөгөөд АНУ-тай хамтран ажиллах нь юу юунаас чухал гэдгийг онцлов. Гуравдугаар сард тэр хэрэв 2003 онд үүссэн шиг адармаатай асуудал үүсвэл, дайн эхлүүлэх шийдвэр дахиж гаргах дээрээ тулах байсан гэж баталж байлаа. 2006 оны гуравдугаар сарын сүүлээр Австралийн парламентын өмнө үг хэлэх үеэрээ Блэр Ирак, Афганистан өрнөдийнхний дээлдэлдэг үнэт зүйлсийн төлөөх дайн шийдэмгийн тулаан өрнөж байна, тиймээс эл тэмцэлд өрнөдийнхөн зайлшгүй оролцох хэрэгтэй хэмээн ярьжээ.

Блэрийн үгээр бол лалын ертөнцөд хуримтлагдсан энэхүү хүчирхийлэл нь өрнөдийнхний ялалт тэдний үзэл санаанд хүчтэй цохилт өгнө гэдгийг мэдэж байгаа учраас өрнөдийн ардчиллын эсрэг сөрөн зогсох зорилго тавьжээ. Талибуудын террорист халдлагуудын дараа Британийн армийн төлөөлөгчид Афганистан дахь цэргийнхээ тоог нэмэгдүүлэхийг хүсэж, дайснуудынхаа эсрэг илүү шийдмэг дайралт хийх боломж олгохыг шаардсан юм. 2006 онд Блэрийг ээлжит дуулиантай холбогдуулан огцруулахыг шаардсан хүмүүс олшров. Гуравдугаар сард Лейборист намын харьяанд байдаг томоохон үйлдвэрлэгчид Лордуудын танхимд орж суусан бөгөөд тэднийг рыцарийн алдар болоод бусад хүндэтгэлийг гутаалаа хэмээн үзэж байлаа.

БлэрБас нэгэн дуулиант явдалтай Дотоод хэргийн сайд Чарльз Кларкийн нэр холбогдов. Парламентын хорооноос хийсэн тусгай шинжилгээнээс үзвэл, 1999-2006 оны гуравдугаар сар хүртлэх хугацаанд гадаадын гурван мянга хоригдол суллагдсан юм байж. Тэдний дотор хүнд гэмт хэрэгтнүүд ч байжээ. Энэ явдал нь Дотоод хэргийн яамны ноцтой алдаа бөгөөд хуулийн дагуу гэмт хэрэгтнүүдийг тус улсаас гаргах ёстой байв.

Түүнээс гадна Ерөнхий сайдын орлогч Жон Прескотт эхнэрээ араараа тавьж, яамныхаа нэгэн бүсгүйтэй сүүлэрч байсан нь илэрч, Соёлын сайд Тесса Жоуэллын нөхөр, өмгөөлөгч Дэвид Миллз нар Италийн Ерөнхий сайд Сильвио Берлусконигоос хахууль авсан хэрэгт буруутгагдав. Блэр өөрөө гэр бүлийнхээ амралт, аялал зугаалганд хатан хааны онгоцыг хууль бусаар ашиглаж байсан хэрэгт унав.

Блэрийн гэр бүлийнхний амралтын тухай дуулиант мэдээлэл бүр 2004 оноос эхтэй. Тухайн үед Ерөнхий сайд үнэтэй зочид буудалд тухалж, тансаг хөлөг онгоцоор аялахын тулд төдийлөн алдартай биш нэгэн буяны санд их хэмжээний мөнгө гуйвуулдаг гэсэн яриа гарч байлаа. 2006 оны тавдугаар сарын дөрвөнд Блэр болоод түүний толгойлсон намын байдал тун хүнд байдалд оров.

Лейбористууд 26 хувийн саналаар орон нутгийн Засаг захиргааны сонгуульд ялагдал хүлэээв. Социологийн судалгаанаас үзвэл, Британичуудын 50 хувь нь Ерөнхий сайдыг огцруулж, 36 хувь нь бүр яаралтай албан тушаалаас нь авч хаях хэрэгтэй гэж үзэж байжээ. Харин Британичуудын 26 хувь нь Ерөнхий сайдын ажилд сэтгэл хангалуун байдгаа илэрхийлжээ.

Санал асуулгын үр дүн нь Блэрийг сонгуульд сонгогчдын 30 хувь нь дэмжиж болзошгүйг харуулж байлаа. Гэхдээ консервативчуудын удирдагч Дэвид Кэмерон 38 хувийн санал авах магадлалтай байсан юм. Кэмерон, Брауны эсрэг зогссон тохиолдолд магадгүй консервативчуудын талд 41 хувийн санал ирж, эсрэг талд нь 31 санал ирэх байх. Лейбористуудын зүгээс сонгуулийн дүнг танилцуулах үед Блэрийг огцруулах шинэ шаардлагууд гарч ирэв. Парламентын бүлэг Ерөнхий сайдыг огцрох өдрөө яг таг хэлэхийг тулган шаардаж байсан юм. Лейборист намын дотоод хямралыг “Иргэний дайн” ч гэж хэлж болохоор байв. Брауны талынхан Блэрийн суудлыг Санхүүгийн сайдад өгөхийн тулд зүсэн бүрийн арга хэмжээ хэрэглэж байлаа. Хэдий тийм боловч Браун урьдын адилаар өөрийгөө Ерөнхий сайдын байр суурианд тавьж үзэхээс зайлсхийж байсан юм.

Ийнхүү Их Британийн түүхэнд Иракийн дайныг өдүүлсэн гэх муу нэртэй ч, хийсэн эхлүүлсэн олон ажил, амжилтаараа тодорч үлдсэн Тони Блэр 2007 онд Ерөнхий сайдын суудлаасаа буусан юм.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img