2024-06-20, Пүрэв
10 C
Ulaanbaatar

Б.НЯМТАЙШИР: Ган төмөрлөгийн үйлдвэрлэл хөгжиж байж л үндэсний аж үйлдвэр сэргэнэ

Аж үйлдвэржилтийн үндэсний хорооны дэд дарга, “Монголын Алт” (МАК) ХХК-ийн Бодлогын зөвлөлийн дарга Б.Нямтайшир “Аж үйлдвэржилтийн сэргэлтэд нөлөөлөх хүчин зүйлс” сэдвээр илтгэл танилцуулсан юм. Товчлон хүргэж байна.

Миний илтгэлд дурдагдах асуудлууд бол сүүлийн 30 гаруй жил уул уурхайн олборлолт, боловсруулалт болон импортыг орлосон барилгын материалын хэд хэдэн үйлдвэрийг байгуулсан туршлагаас үүдэлтэй саналууд юм. Энэ бол ганц миний биш, аж үйлдвэрийн салбарынхны дуу хоолой гэдгийг тодотгон хэлье.

Аж үйлдвэржилтийн сэргэлтэд нөлөөлөх хүчин зүйлст “Эрчим хүчний эх үүсвэр, дамжуулах шугам сүлжээ”, “Ус хангамжийн шийдэл”, “Ган төмөрлөгийн үйлдвэрлэл, хангалт”, “Барилгын материалын үйлдвэрүүдийн хөгжил”, “Хууль эрх зүйн орчин”, “Ажиллах хүчин, хүний нөөцийн хангалт”, “Олон улсын өндөр стандартад нийцсэн бүтээгдэхүүн”, “Санхүүжилтийн эх үүсвэр”-ийг онцлон дурдаж байна.

“ЭРЧИМ ХҮЧНИЙ ЭХ ҮҮСВЭР, ДАМЖУУЛАХ ШУГАМ СҮЛЖЭЭ:

Эрчим хүч асар их эрэлт, хэрэгцээтэй байна. Эрчим хүчгүйгээр аж үйлдвэр болон жижиг, том, мега төслүүдийг ярих аргагүй. Эрчим хүчний хүчин чадал тулсан хэмжээндээ очсон гэдгийг бид мэднэ.

2020 оноос Дорнодын 50 МВт-ын цахилгаан станцын өргөтгөлийн ажил эхэлсэн ч санхүүжилт нь бүрэн дүүрэн шийдэгдээгүй гэж би сонссон. Тиймээс өнөө цаг үед төр, хувийн хэвшлийн хүрээнд, магадгүй сонирхогч компаниуд санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэж 2023 ондоо багтаан ашиглалтад авъя гэсэн саналыг тусгаж авна уу.

Нарийнсухайтын ордыг түшиглэн “Нарийнсухайт Повер” компани энэ жил 30 МВт-ын Цахилгаан станцыг байгуулах ажлыг эхлүүлнэ. Энэ цахилгаан станцыг хэрэглээндээ тулгуурлан хөгжүүлж, төвийн эрчим хүчинд холбох боломжтой.

2008 онд Хятадаас 35 кВт-ын өндөр хүчдэлийн шугам татаж, тухайн бүс нутгийн эрчим хүчийг хангаж ирсэн. Мөн Өмнөговийн баруун 3 сумын эрчим хүчний хэрэглээг хангадаг. Цаашид уул уурхайн үйлдвэрлэл явуулахад эрчим хүч ихээхэн дутагдахаар байна. Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх, валютын эх үүсвэрийг бүрдүүлье гэхээр эрчим хүчний хязгаарлалтад орчихдог.

Нарийнсухайтад нарийн царигийн төмөр зам тавигдлаа гэхэд эрчим хүчний эх үүсвэр огт байхгүй. Тиймээс бид Эрчим хүчний зохицуулах газар, холбогдох яамтай ярилцаж байгаад 110 кВт-ийн өндөр хүчдэлийн шугамыг байгуулж, Хятадаас эрчим хүч импортлох зөвшөөрөл авсан. Ковидын гурван жилийн хугацаанд энэ шугамыг байгуулах тал дээр ямар нэгэн үйл ажиллагаа явуулж чадаагүй.

Тэгвэл одоо 110 кВт-ын өндөр хүчдэлийн шугамын тулгуур багана, дэд өртөөний тоног төхөөрөмжүүдийг Монголд оруулж ирэн Хятад улсаас эрчим хүч импортолж, бүс нутгийн аж үйлдвэрлэлийг хөгжүүлэхээр зорьж байна.

Цаашид эрчим хүчний хэрэглээ өсөн нэмэгдэхийн хэрээр Нарийнсухайтын ДЦС-ын хүчин чадлыг шаардлагатай хэм- жээгээр өргөтгөх боломжтой гэж үзэж байгаа. Цаашилбал, концессын гэрээ, улсын төсвийн санхүүжилтээр Даланзадгад хүртэл 264 км урт эрчим хүчний алдагдал багатай зэс голтой өндөр хүчдэлийн ЦДАШ барьж, Тавантолгой, Оюу Толгой, Цагаан Суварга зэрэг аж үйлдвэрүүдийг, Баянтээг хүртэл 300 км урт ЦДАШ барьж Баянхонгор, Говь-Алтай зэрэг баруун аймгуудыг найдвартай эрчим хүчээр хангах боломжтой.

УС ХАНГАМЖИЙН ШИЙДЭЛ:

Аж үйлдвэрийн үндэсний хорооны төлөвлөгөөний төсөлтэй танилцлаа. Монголын Өмнөд хэсэгт аж үйлдвэрийн гол бүтээн байгуулалтууд яваг- дана. Энэ бүсэд урсац гол байхгүй. АНУ-д Техас мужид зэсийн үйлдвэр байгуулахдаа 2000 километрийн зайнаас усан хоолой татаж байхыг харсан юм.

Аж үйлдвэрт газрын гүний усыг ашиглуулдаггүй хуультай орон. Өөрсдийн хөрөнгөөр шугам татах замаар усны хангамжаа шийдэх нь зөв гэж үздэг юм байна. “Хэрлэн-Тоонот”, “Орхон-Онги” зэрэг эх үүсвэрүүдээс усны шугам татна гэж аж үйлдвэрийн үндэсний хорооны төлөвлөгөөнд тусгасан.

Говь нутагт газрын гүний нөөц бий ч түүнийг ашиглах хайран. Монголын бүх гол мөрөн Сэлэнгэ мөрөнд цутгаад, гадагшаа урсчихдаг. Тиймээс ирээдүйд Сэлэнгэ мөрний тохойрсон хэсэгт усан сан байгуулж, төмөр замын трассын дагуу өндөржилт, хэлбэлзэлт багатай гэдэг үүднээс хөрөнгө оруулалт аль болох бага байх талаас нь бодолцон, Дархан хотын хүн амын суурьшил, аж үйлдвэрүүдийг цэвэр усаар хангаж, Хараа голын төвшинд байгаа усан хангалтыг зогсоож нөөцлөх шаардлагатай.

200 гаруй километр бүхий төмөр замын трассын дагуу усан хоолой татаж, Улаанбаатар хотын цэвэр усны хэрэгцээг хангавал Туул голын түвшин нэмэгдэх болно. Түүнчлэн Чойр, Цагаан суварга, Оюу Толгой, Тавантолгойн томоохон аж үйлдвэрүүдийн усны хэрэгцээг хангах тал дээр мэргэжилтнүүд ТЭЗҮ, судалгаа хийх нь зүйтэй болов уу.

Сайншандад баригдаж байгаа Газрын тос боловсруулах үйлдвэр, Гангийн үйлдвэрүүдийн усны хэрэгцээг Хэнтийн Бор-Өндөр орчмоос 100 гаруй километр шугам хоолой татах байдлаар хангах боломж харагдаж байна.

ГАН ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ, ХАНГАЛТ:

Ган төмөрлөгийн үйлдвэрлэл үндэсний аж үйлдвэрийг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой. Монгол Улс Гангийн хоёр үйлдвэр байгуулах төлөвлөгөөтэй. Нэг нь УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы Алтанширээ суманд хэрэгжүүлж байгаа Гангийн үйлдвэрийн төсөл.

Нөгөө нь Дарханы хаягдал төмөрлөгийн үйлдвэрийг түшиглэж орчин үеийн технологи буюу ангижруулсан төмөр бэлтгэхэд метан болон устөрөгчийг ашиглаж байна.

Ингэснээр кокс хэрэглэхгүйгээр цахилгаан нуман зуух авч ашиглавал өндөр чанарын ган үйлдвэрлэх боломжтой. Нэг тонн ган үйлдвэрлэхэд хоёр тонн нүүрс-хүчлийн хий ялгаруулдаг технологийг (домен зуух) дэлхий нийтээр дэмжихээ больсон.

Бүх үйлдвэрүүд технологийн шинэчлэл хийж байгаа төдийгүй цахилгаан нуман зууханд шилжүүлэх үйл явц идэвхтэй явагдаж байна.

Тиймээс Монгол Улс ган төмөрлөгийн үйлдвэрлэлийг дэлхийн түвшний шинэ, дэвшилтэт техник, технологид үндэслэсэн үйлдвэр байгуулаасай гэж хүсдэг. Ган төмөрлөгийн төсөл нэг ч алга. Хэд хэдэн ТЭЗҮ боловсруулсан ч, тэдгээр нь үеэ өнгөрөөсөн.

Технологи маш хурдацтай хөгжиж байна. Аливаа үйлдвэрүүдээс ялгаран гарах нүүрс-хүчлийн хийг аль болох бага түвшинд байлгах тэргүүний дэвшилтэт технологид суурилсан аж үйлдвэрийг хөгжүүлэх чиглэл рүү явж байна. Хувийн хэвшлийнхэн нэг үеэ бодвол хөл дээрээ боссон, гадаадын хөрөнгө оруулалт татах байдлаар ажиллаж болно.

БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЙЛДВЭРҮҮДИЙН ХӨГЖИЛ:

Барилгын материалын талх гэгддэг цементийг бид дотооддоо үйлдвэрлээд эхэлсэн. МАК компани 2017 онд 1 сая тоннын хүчин чадалтай, Евро технологи бүхий цементийн үйлдвэрийг ашиглалтад оруулсан. Бүрэн автомат робот лабораторитой энэ үйлдвэр хуурай аргаар өндөр чанартай цемент үйлдвэрлэж байна. Нөгөө талаар аж үйлдвэрийн тусгай хэрэгцээнд шаардлагатай ус болон шүлтэд тэсвэртэй цементийг бид захиалгаар үйлдвэрлэх боломжтой.

Цементийн үйлдвэрийн суурилагдсан хүчин чадал бол ойрын хэдэн жилдээ Монгол Улсын аж үйлдвэрийн болон суурьшлын бүсийн цементийн хэрэгцээг хангана. МАК групп зөвхөн цемент гэлтгүй, Монголын эрдэс түүхий эдэд түшиглэсэн Евро стандартын буюу Европын хамгийн шилдэг барилгын материалын үйлдвэрүүдийг үе шаттайгаар байгуулж байна.

Өнгөрсөн гурван жилийн хугацаанд зарим төслүүд маань зогсонги байдалд орсон ч гэлээ бид эдгээр төслөө заавал хэрэгжүүлэх болно.

ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ОРЧИН:

Монгол Улс аж үйлдвэрийнхээ хөгжилд сул хандаж ирсэн. Тиймээс Аж үйлдвэрийн тухай хуулийг өндөр түвшинд боловсруулах хэрэгтэй.

Аж үйлдвэрийн төслийг хэрэгжүүлэх туршилт судалгааны ажил, инженерчлэлийн тооцоолол, зураг төсөл, ТЭЗҮ-ийг олон улсын мэргэжлийн компаниар гүйцэтгүүлэх төлбөрийн НӨАТ, гааль, ААНОАТ-ыг (15.5-30% хүртэл татвар ногдуулдаг)тэглэх шаардлагатай. Татварын энэ босгыг давж гарах хэцүү. Энэ бол аж үйлдвэрийг хөгжүүлэхэд тулгарч буй том гацаа. Монгол улс нэг ширхэг хадаас ч үйлдвэрлэдэггүй.

Аж үйлдэрлэл гэхээр барилгын шаардлагатай бараа материалыг импортоор оруулж ирж таарна. Үйлдвэрийн бүтээн байгуулалт том жижгээс хамаараад үргэлжлэх хугацаа нь янз бүр. Аж үйлдвэрийн бүтээн байгуулалтын төслүүд, барилгын ажил улирлын чанартай учир татварыг тухайн үйлдвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд борлуулалт хийж эхэлснээс хойш тогтоох шаардлагатай.

Үйлдвэрт нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн НӨАТ, гаалийн татварыг тухайн үед нь тооцож, анхны бүтээгдэхүүнээ борлуулан зах зээлд

нийлүүлж эхэлсэн цаг үеэс нөхөж авдаг хууль бий. Ийм байдлаар хуулийн төсөлд саналаа тусгасан ч УИХ-аар хэлэлцэхдээ тоног төхөөрөмж орж ирсэн цаг үеэс хойш хоёр жилийн хугацаанд нөхөн төлөх байдлаар хуульчилчихсан. Үүнийг эргэж харах хэрэгтэй.

Тухайн төсөл амжилттай хэрэгжиж, бүтээгдэхүүнээ борлуулаад, эдийн засгийн хувьд орлого олж эхэлсэн цагаас улсад нөхөн төлөх механизм маш чухал байна. Мөн төвийн эрчим хүчинд худалдаалах зорилгогүй, зөвхөн өөрсдийн аж үйлдвэрийн хэрэгцээг хангах үүднээс сэргээгдэх эрчим хүчний станц байгуулах бол хүчин чадлын хязгаарлалтыг цуцлах хэрэгтэй. Үүнээс гадна, гадаадын ажиллах хүчний квот, төлбөрийн асуудалд анхаарах шаардлагатай.

Жил бүр Засгийн Газраар хэлэлцүүлдэг, квот нь заримдаа хасагддаг, төлбөрийг нь өгөхгүй он жил өнгөрч, улсын эрх ашгийг уландаа гишгэж, ялгавартай байдлаар хандаж байсан олон жишээ бий. Аливаа том аж үйлдвэрийн бүтээн байгуулалтад хичнээн ажиллах хүчин шаардлагатайг Засгийн газар хэлэлцээд нэг удаа квотыг нь баталдаг жишигтэй болох хэрэгтэй байна.

Гадны ажиллах хүчний гэмт хэрэг, зөрчил гаргахгүй байхад нь Гадаадын иргэн харьяатын газар хяналт тавих бололцоотой гэж харж байна.

АЖИЛЛАХ ХҮЧИН, ХҮНИЙ НӨӨЦИЙН ХАНГАЛТ:

Эрдэнэт үйлдвэрийн ажиллах хүчнийг системтэйгээр бэлтгэдэг байсан. Тэгэхээр Гангийн үйлдвэр, Зэс цэвэршүүлэх үйлдвэр, Цахилгаан станцууд гээд эдгээр үйлдвэрийн ажиллах хүчнийг Монгол улс бодлоготой, системтэй бэлтгэх шаардлагатай байна. Мянган инженерийн хөтөлбөртэй уялдуулах хэрэгтэй.

Мэргэжил, сургалт үйлчилгээний төвүүдийг төрөлжүүлэн хөгжүүлж, сургалтын хугацааг 3 жил болгох ёстой. Эхний жилд нь техникийн Англи хэл зааж, шалгалтдаа тэнцсэн суралцагчдыг анги дэвшүүлдэг жишгийг нэвтрүүлэх хэрэгтэй гэж харж байна. Учир нь одоо программ хангамж, техник гээд Англи хэлгүй юм байхгүй болсон.

Нөгөө талаас МСҮТ-үүдийг аль болох мэргэжлийн багт нь хувьчлан аж ахуйн нэгжүүд менежментийн үйл ажиллагаанд оролцох, тодорхой хувь оролцоотой болж, сургалтын хөтөлбөрийн агуулгад нөлөөлж, материаллаг баазыг дэмжих, ажлын байраар хангах, үйлдвэрлэлийн дадлага хийлгэх, өөрсдийн туршлагатай ИТА-ыг оролцуулан чанартай мэргэжлийн ажилчин бэлтгэгдэх нь чухлаар тавигдаж байна.

Бэлтгэгдсэн ажиллах хүчнийг Монголдоо ирж ажиллах нөхцөлийг бүрдүүлэх бодлогын арга хэмжээг авах хэрэгтэй.

Тоймлосон Г.ИДЭРХАНГАЙ

эрдэс баялаг

- Сурталчилгаа -spot_img

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img