2024-07-23, Мягмар
26 C
Ulaanbaatar

Гуравдагч хөршийн бодлогыг Монголдоо үрслүүлсэн цэцэрлэгч

– ГАДААД БОДЛОГЫН ТУЛГЫН ЧУЛУУГ ТАВИГЧ ЦЭРЭНПИЛИЙН ГОМБОСҮРЭН –

Хоёр аймгийн нэвтэрхий тольд бичигдэх болсны учир

Дэлхийн их дайны гал дүрэлзэж, дарийн гашуун утаанд хүмүүн амьтны хөмсөг сормуус хуйхлагдаж асан тэртээх нэгэн мянга есөн зуун дөчин гурван оны өвлийн идэр есөөр Европын тооллын нэгдүгээр сарын тавны өдөр малчин ард Цэрэнпилийн гэрт нэгэн улаан цурав хүү дуугаа хадаан мэндэлсэн нь ирээдүйн их гүүш, хожмоо өсөж том болоод төрийн сайдын тамга атгах хувь тавилантай Гомбосүрэн хүү байлаа.

Хөвүүнийг хүн болж ухаан орсноос хойш тэднийх Архангай аймгийн Өндөрсант сумын айл байж. Эл хүү Өндөрсант сумын бага сургуульд 1951-1955 онд суралцаад, 1956 онд Хотонт сумын бүрэн бус дунд сургуулийн тавдугаар ангийг төгсөөд гэртээ иртэл, тэднийх Өвөрхангайн Хужиртын айл болсон байжээ.

Өвөлжөө, хаваржаа, зуслангийн буурь хэвээр ч Архангай, Өвөрхангай хоёр аймгийн хилийг шинэчлэн тогтоосноор тийн харьяалах аймаг нь өөрчлөгджээ. Угтаа Орхоны хөвөөгөөр явж байгаа хилийг хойт нурууных нь хяраар болгочихсоноос Хужиртын айл болсон түүх ингэж бичигдэж эхэлжээ. Хоёр нутагтан гэдэг шиг Гомбосүрэн гуайг Архангай, Өвөрхангай аймгийнхан булаалдаж тус тусын аймгийн нэвтэрхий тольдоо оруулсан байдаг. Монголчууд “Сайн явахад садан мундахгүй” гэж ярьдгийн бэлээхэн жишээ энэ.

Орхунт хэмээх зохиомол овог

Тэрээр өөрийн ургийн овгоо Орхунт хэмээн авчээ. Энэ тухайгаа “Овог гэдэг зүйл бидний үед тасарчихсан болохоор нэг их уламжилсан юм байхгүй л дээ. Маний үеэс хойш дуудагдаад явж байг гэх үүднээс нэг ийм үг зохиож тавьсан юм. Би Орхон голын хүү. Орхон мөрөн чинь Монголын хамгийн урт мөрөн шүү дээ. Орхон мөрнийг тойроод өчнөөн уул хангай байгаа.

Би Орхоны Бага Уньт гэдэг газар төрсөн юм. Орхунт гэж зөөлний тэмдэггүй байгаа нь бас учиртай. Бага Уньт гэдэг урт хоолойн баруун дээд цээжинд нутгийн зон олон үе дамжин тахиж ирсэн Өндөр Сант гэж сайхан хайрхан байдаг. Орхон гол, Уньтын хөндий, Сант хайрханы минь л үсгүүдийн нийлбэр байгаа юм” гэж сэтгүүлчтэй хөөрөлдөхдөө өгүүлсэн нь бий.

Аав, ээж нь бурхан шашиндаа сүсэгтэй улс байжээ

Гомбосүрэн гуайн аав мянга есөн зуун таван онд төрсөн, ардын цэргийн албыг таван жил хаасан, сүсэгтэй хүн байжээ. Бурхан шашин хориотой бэрх цаг байсан болохоор аав нь үргэлж цээжээр ном дүнгэр дүнгэр унших ч хүн амьтны дэргэд уруулаа ч хөдөлгөдөггүй байсан гэдэг.

Ээж нь ааваас нь бараг илүү шүтлэгтэй. Арга ч үгүй биз, хэдэн сайхан лам ахаа 37 оны хэлмэгдүүлэлтэд алдсан болохоор ихэд харуусдаг байсан буй заа. Бурхан тахилынхаа ихэнхийг агуйд залаад үлдсэн хэдэн бурхан дээрээ залдаг ганц “Жадамба” судраа орой болохоор тэврэн гэрээ тойрч гороолон хангай дэлхийдээ сацлаа өргөнө. Цэрэнпил гуай их сайхан шүдтэй хүн байсан болохоор Цэргийн үлээвэр хөгжимд таван жил хөгжмийн зэмсэг үлээсэн хүн байж. Го сайд эцэг эхээс долуулаа. Дээрээ хоёр эгчтэй, харин хүүгийн хувьд айлын ууган нь гэж байгаа.

Их эрдэмтэн Чой.Лувсанжав багштаны итгэлт нөхөр байжээ

Ц.Гомбосүрэн 1966 онд Москва хотын Хэвлэлийн дээд сургууль, 1976 онд ЗХУ-ын Коммунист Намын Төв Хорооны дэргэдэх Намын дээд сургуууль, 1978 онд ЗХУ-ын Гадаад явдлын яамны дэргэдэх Дипломат Академийн дамжааг тус тус төгссөн хүн. 1967-1974 онд Улсын хэвлэлийн комбинатад технологич, үйлдвэрийн хэлтсийн даргаар ажиллаж эхэлжээ.

Энэ үедээ тэрээр Монголын тэргүүний сэхээтнүүдтэй ойр дөт нөхөрлөж, бас их эрдэмтэн зохиолч Цэндийн Дамдинсүрэнгийн орос-монгол хэлний толийн зүүлт Мянган жилийн литийг шатаалгаж явсан адал сонин намтартай. Энэ тухайгаа мань эр “Би 1967-1974 онд Улсын хэвлэлийн комбинатад ерөнхий технологич, үйлдвэрийн хэлтсийн даргаар найман жил ажилласан хүн.

Чой багш “Монгол дээл, хэт хутгатай ирж оюутнууддаа хичээл заадаг” гэж тэр үеийн сэхээтнүүдийн дунд яригддаг байлаа. Бид хоёр, нэг намар айлд айрган дээр танилцсан юм. Мань хүн надтай танилцсанаа маш их олзуурхаж байна. “Англи хэлний өөрөө сурах бичиг” буюу алдарт хар номоо хэвлүүлэх гэтэл манай улсад хэвлэж чаддаггүй.

Англи хэлний галиг тэмдэглэдэг зургаан тэмдэгт огт байхгүй учраас тэр. Мань хүн надтай танилцаад энэ учраа хэллээ. Тэр үеийн технологиор үсгийн тэмдэгт хийнэ л дээ. Эхлээд маш хатуу гангаар сийлдэг юм. Түүгээрээ бас ган хэв хийж, хэвэндээ тугалгаар цутгаж үсгийн тэмдэгт хийдэг. Ингэж ном-соёлын хамаатан садан шахуу юм болохгүй юу. Нарийн эдлэлийн сийлбэрчинтэйгээ Лу багшаа танилцуулж, галигийн зургаан тэмдэгтийг нь хийж, алдарт хар номыг нь хэвлэсэн байгаа юм. Хожим манай дүү тэдний хүргэн болчихдог гэж байгаа. Гэх мэтээр л ойр дотно явсан хэрэг” гэж хуучилсан.

Билгүүн номч Бямбын Ринчений гарын шавь, “хоногт хорин таван цаг ажилладаг монгол эрдэмтэн” гэх алдрыг дэлхийн томоохон эрдэмтдээс хүртсэн, их хэл зүйч, соён гэгээрүүлэгч Чой.Лувсанжав багштаныг зуны эхэн сард бурхан болоход алтан шарилыг нь Сангийн далайгаас баруун урагшдуу газар, өөрийнх нь захьсан Ханхын цагаан овоонд нь нисдэг тэргээр аваачиж нутаглуулсан байдаг. Энэ бол нөхрийн эрхэм чанар, монгол хүн чанарын дээд нэгэн илрэл юм. Ц.Гомбосүрэн хувь хүнийхээ хувьд ч ийм л шижир сэтгэлт нэгэн буюу.

Мянган жилийн литийг шатаалгасан нь

Үнэндээ тэр Хэвлэлийн комбинатад хариуцлагатай алба хашиж байсан ч нөгөө талаараа хувь заяагаа хаашаа ч алдаж мэдэх осолтой суудал байв. Манай зарим зохиолч, сэтгүүлчид нам төрийн удирдагч Ю.Цэдэнбалын нэрийн “б” үсгийг хасаж гаргаснаас болж баларсан гашуун түүх байдаг.

Ц.Гомбосүрэнгийн хувьд үйлдвэрлэлийн инженер гэдэг утгаараа тодорхой асуудал дээр л ёс суртахууны ч юм уу, аливаа хариуцлага хүлээх болохоос үг, үсгийн алдаа зэргийг хариуцсан хүмүүс нь л хүлээдэг байж. Нэгэнтээ эрдэмтэн, зохиолч Цэндийн Дамдинсүрэнгийн “Орос-Монгол толь”-ийн “1000 жилийн хүснэгт”-ийн хэрэгт л ороолдож байсан нэг явдал байна. Тэр чухам юу болов хэмээвээс, тухайн үед Хэвлэл хянах газрыг главлит гэдэг байж. Хэвлэл хянах газар номын эх болгоны хуудас бүхэн дээр тэмдэг дарна.

Хэвлэхийг зөвшөөрлөө гэсэн агуулгатай. Ц.Гомбосүрэн инженер тийм тэмдэгтэй зүйлийг хүлээж аваад номыг хэвлээд, түрүүчийг нь дэвтэрлэж гаргаад явж байтал бөөн яриа үүсчээ. Бөөн юм болж, главлитаас хэвлэхийг зөвшөөрсөн тэмдэгтэй эхээ хайтал олдож өгсөнгүй. Хэвлэхийнхэн алдсан хэрэгт холбогдож загнуулаад байдаг. Энэ талаар Гомбосүрэн гуай “Дамдинсүрэн гуайг дээш матсан Хэвлэл хянахын хорон санаатай улс л тэр эхийг хулгайлсан байх гэж би дотроо боддог юм.

Би бол тэр Мянган жилийн литийг шатаалгагч, эрхэлсэн ажлынхаа дагуу хариуцаж байгаа хэрэг. Тэр толийг гучин таван мянган хувь хэвлэсэн санагдаад байх юм. Зүгээр, цээжээр ярихад, тав зургаан мянга нь номын худалдаанд гарчихсан байсан. Тийм бүтэн хүснэгт бүхий номтой хүн өчнөөн бий. Толийн хоёрдугаар боть шүү дээ.

Миний бодоход тав зургаан мянга нь хэрэглэгчдийн гар дээр тарсан. Наана нь үлдсэн хавтасласан арван мянгаас урж хаяж буцааж нааж байлаа. Тэр арван мянган толь бол дээл нь томдсон хүүхэд шиг юм байгаа. Дэвтэрлэгээнд оруулаагүй хэсэг нь харин таарсан хавтастай толиуд болсон. Урж тасдсан хэсгээ Хэвлэлийн комбинатын хашаанд шатаасан. Дамдинсүрэн гуайн үг хүртэл байдаг биз дээ. “Берлин, Бээжин хоёрт ном шатааж байсан. Одоо Улаанбаатарт шатаадаг боллоо” гэсэн гашуун мөртлөө үнэн үг тэр үед л гарсан” гэж гунигтайхан хүүрнэсэн удаатай.

Өнөржиж яваа Гомбосүрэнгийнхэн

Түүний гэргий Дэмбэрэлийн Сүрэнхорлоо нь Төв аймгийн Эрдэнэсант суманд 1946 онд төрсөн хүн. Хуучнаар ЗХУ-ын Одессын Хүнсний хөргөлтийн инженерийн дээд сургуулийг сүүний чиглэлээр дүүргэж ирээд Улаанбаатар хотын Сүүний үйлдвэрт ажиллаж байгаад Хөнгөн, хүнс үйлдвэрийн яаманд, хожим шинэчлэлийн үед Хөдөө аж ахуйн яаманд мэргэжилтнээр ажиллаж байгаад тэтгэвэртээ гарчээ.

Эдний ууган хүү Г.Эрдэнэбаяр 1971 онд төрсөн, философич мэргэжилтэй. МУИС-д 1993 оноос хойш тасралтгүй ажиллаж байгаа, докторын зэрэгтэй. Тэрээр гурван хүүхэдтэй, нэг зээтэй аж. Гомбосүрэн гуайн удаахь хүү Г.Билигсайхан АНУ-д бизнесийн чиглэлээр коллеж төгсчээ. МУИС-д магистр хамгаалсан байна. Мөн гурван хүүхэдтэй. Эдүгээ “Монгол ус” нэртэй ТӨҮГ-ын даргаар ажилладаг аж. Отгон хүү Г.Амартүвшин Монгол улсын их сургуулийн Гадаад хэл, соёлын сургуулийг АНУ-аар дагнан мэргэшиж дүүргэжээ. Австралид Хүний эрхийн асуудлаар мастерын зэрэг хамгаалсан байна. Нэг охинтой. Монгол Улсын дипломат албанд зүтгэж буй.

Дипломат алба хашиж, улсынхаа гадаад бодлогын тулгыг чулууг тавигч болсон нь

Ажилдаа хичээнгүй, шаггүй уншчихсан, шударга зарчимч Гомбосүрэнг БНМАУ-ын ГЯЯ-ны Нэгдүгээр хэлтсийн даргаар 1976 онд томилсоноос хойш 1984 он хүртэл Орлогч сайд болтлоо дэвшин ажилласан байдаг. Үүнээс хойш 1984-1987 онд БНМАУ-аас ЗХУ-д суух ЭСЯ-ны Элчин зөвлөх, 1987-1988 онд МАХН-ын Төв хороны Гадаад харилцааны хэлтсийн орлогч эрхлэгч, 1988-1996 онд БНМАУ-ын ГЯЯ-ны сайд, 1990 онд МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга, Улс төрийн товчооны гишүүн, 1992-1996 онд УИХ-ын гишүүн зэрэг албан үүрэг гүйцэтгэж байв.

Ц.ГомбосүрэнТэрээр 1997-2002 онд Монголын Үндэсний Үнэт цаасны үйлдвэрийн Захирлуудын зөвлөлийн дарга, зөвлөх зэрэг алба хашиж байв. Тэрээр нэгэнтээ “Албан тушаалыг бараа та¬ваар болгочихлоо” гэж нэг ярилц¬лага өгсөн нь хувь хүнийх нь туйлын зэвүүцэн үздэг үзэл нь гэлтэй. Ц.Гомбосүрэн Монгол Улсыг социалист дэглэмээс ардчилсан дэглэм рүү шилжих шилжилтийн он жилүүдэд Монгол Улсын гадаад харилцааны бодлого, чиг хандлагыг удирдан залж байсан учир шинэ үеийн ардчилсан Монгол Улсын “Гадаад бодлогын тулгын чулууг тавигч” хэмээн үнэлэгддэг.

Тэр бол гуравдагч хөршийн бодлогыг Монголдоо үрслүүлсэн цэцэрлэгч бүлгээ

Ц.Гомбосүрэнг чухам яагаад ийн нэрийдэв ээ гэвэл Гадаад харилцааны сайдын алба хашиж байхдаа Дипломат албаны 70 жилийн ой, дипломат албаны өдрийг өвөрмөц хэлбэрээр тэмдэглэхээр шийдвэрлэн Чин ван М.Ханддоржийн нэрэмжит шатрын анхны тэмцээнийг зохион байгуулж, ГХЯ-ны дээд шагнал “Хүндэт дипломатч” тэмдэг, үнэмлэхийн загвар, тэмдгийн дүрмийг баталсан төдийгүй Монгол Улсын гадаад бодлогыг шинэчлэх хариуцлагатай бөгөөд нэр төртэй үүргийг амжилттай гүйцэтгэж, гадаад бодлогыг үзэл сурталжсан өрөөсгөл хандлагаас ангижруулан, тэргүүлэх чиглэлүүдийг тогтоох, үндэсний эрх ашгаа дээдэлсэн, бие даасан, эвсэлд үл нэгдэх, олон тулгуурт гадаад бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх ажлыг гардан удирдаж, Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалыг боловсруулалцаж, батлуулсан түүхэн хариуцлагыг нуруундаа үүрсэн төрийн зүтгэлтэн билээ.

Монгол Улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай, үндсэндээ ЗХУ гэх ганц хөрштэй найрсаг харилцаатай, социалист улсаас олон талт харилцаатай, ардчилсан улс болох зам харгуйг тэрээр тэгшилэлцсэн ахмадуудын нэг.

Тэр энэ тухай “Улс орноо эдийн засгийн хямралаас зовлон багатай гаргахад гадаад харилцааны салбарыг бүрэн дайчлах явдал тэр үед чухал байлаа. Бидний хүчин чармайлт, улс орнуудын сонирхол нэгдсэний үндсэн дээр Монголд хандивлагчдын бүлгийг байгуулж чадсан юм. Тус бүлгийн үйл ажиллагаа 1992-1993 онд улам жигдэрч, хурлаа жил бүр хийдэг болсон. Сүүлдээ 20 гаруй улс, олон улсын 5-6 байгууллага, түүний дотор Дэлхийн банк, Олон улсын валютын сан, Азийн хөгжлийн банк нийлсэн бүлэг бүрдсэн л дээ.

Гадаад орнууд, олон улсын байгууллагууд жил бүр хуралдахдаа “Монголд төчнөөн хэмжээний зээл өгнө” гэж дор бүртээ амладаг байлаа. Энэхүү бүлгийг байгуулснаар Америктай маш ойр дотно харилцаатай болсон. “Монголд ийм хэмжээний тусламж үзүүлье” гэхэд америкчууд, япончуудыг уриалан тэд тэргүүлэх үүрэг гүйцэтгэдэг байсан юм. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Жеймс Бэйкер Монголын түүхийг ихэд сонирхдог, манайд талтай хүн байлаа.

Манай улс “Азид анх удаа улс төр, эдийн засгийн өөрчлөлтийг зэрэг хийнэ” гэж шийдсэн орон. Өрнөдийнхөн ч социалист нийгмээс өөр нийгэмд шилжиж буй орнуудыг хурдхан шиг хөл дээр нь босгоход анхаарч байсан. Энэ бол дэлхий дахинд коммунизмын хана нуран унахад маш том нөлөө үзүүлсэн шийдвэртэй алхам байлаа” гэсэн байдаг.

Төр засгаас түүний хөдөлмөр зүтгэлийг үнэлж хоёр удаа Сүхбаатарын одон, “Алтан гадас” одонгоор шагнаснаас гадна 1991 онд “Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд” дипломат цол хүртээсэн. Тэрээр 2005 онд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртсэн. 2010 онд ОХУ-ын Буриад улсын Соёлын гавьяат зүтгэлтэн болсон. Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд хэмээх эрхэм хүндэт алдар Гомбосүрэн гуайд л жинхэнэ утгаараа зохицож байх шиг санагддаг юм.

Дэлхийн сонгодгуудыг эх хэлнээ хөрвүүлсэн билигт гүүш

Ц.Гомбосүрэн гуай бол манай нэртэй орчуулагч, түүчээ дуун хөрвүүлэгчдийн нэг. Тийм ч учраас эл их соён гэгээрүүлэгчид ШУА Олон улсын судлалын хүрээлэнгийн хүндэт доктор цол олгож, Монгол Улсын төр Соёлын гавьяат зүтгэлтэн хэмээх эрхэм хүндэт алдраа хүртээсэн юм.

Тэрээр Оросын нэрт зохиолч В.Астафьевийн “Хаан загас”, А.Рыбаковын “Арбатын хүүхдүүд”, “Айдас”, “Үнс чандруу”, И.Ильф, Е.Петров нарын “12 сандал”, “Алтан тугал”, Э. Войничийн “Соно”, А.Буйловын “Их нүүдэл”, М.Булгаковын “Мастер, Маргарита хоёр”, Нобелийн шагналт зохиолч И.А.Бунины “Арсеньевын амьдрал”, Б.Панкины “К. Симоновын дөрвөн би”, К.Симоновын “Зэвсэг нэгтэй нөхөд”, Оросын их зохиолч Ф.М.Достоевскийн “Гэм зэм”, “Карамазовын хүүхдүүд”, “Солиот”, “Хөвүүн заяа”, “Албингууд” зэрэг дөч гаруй бүтээлийг эх хэлнээ хөрвүүлжээ. Тэрээр орчуулагчийн хувьд Достоевскийн “Аугаа таван ном” гэгддэг энд дурдсан адармаат таван романыг бүрэн эхээр нь эх хэлнээ хөрвүүлсэн авьяас билигт их гүүш юм.

Тэрээр төрийн шагналт нийтлэлч Б.Баабар, Соёлын гавьяат зүтгэлтэн, их гүүш Г.Аким нарын хамт “Үл танигдах Мао” номыг орчуулсан байдаг. 2015 онд Оросын нэрт зохиолч Юрий Трифоновийн гурван туужийг монгол хэл рүү орчуулан “Үйлтэй байшин” нэрээр гаргаж байв. Мөн Исламын шашны хөлгөн судар болох “Коран”-ыг анх монголчилсон нь Монгол Улсын Ерөнхийлөгч Намбарын Энхбаярын санаачилсан “Дэлхийн уран зохиолын 100 шилдэг бүтээл”-ийг эх хэлээрээ хэвлэн түгээх ажилд багтсан байдаг.

Тэрчлэн К.Поппер гэгч ХХ зууны том философичийн “Нээлттэй нийгэм, түүний дайснууд” гэдэг хоёр боть судар, Америкийн нийгэм судлаач, нэрт эрдэмтэн Ф. Фукуямагийн “Төрийг төхнүүдлэхүй”, “Итгэлцэл” хэмээх бүтээлүүдийг уншигчдад өргөн барьжээ. Ц.Гомбосүрэн сонгодог утга зохиолын монгол орчуулгыг шинэ шатанд гаргасан хэмээн үнэлэгддэг билиг төгөлдөр бичгийн их хүмүүн билээ.

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт орчуулагч, дуун хөрвүүлэгч Жамсрангийн Гэндэндарамын “Билигт гүүш” шилдэг орчуулгын шагналын анхны эзнээр Ф.М.Достоевскийн “Солиот”, Нобелийн шагналт Туркийн их зохиолч Орхан Памукын “Хар судар” романыг орчуулсан Ц.Гомбосүрэн цолгорч байсан түүхтэй. Мөн МЗЭ-ээс олгодог “Алтан өд” утга зохиолын шилдэг бүтээлд олгодог шагналыг орчуулгын төрлөөр 2003, 2008 онд хоёр удаа хүртсэн юм. Оросын их яруу найрагч А.С.Пушкин орчуулагчдыг “Гэгээрлийн өртөөний морьд” хэмээн оновчтой нэрлэсэн байдаг. Ямартай ч ард гаралтай нэгдүгээр үеийн сэхээтэн Ц.Гомбосүрэн бол өнөө цагийн “орчуулгын өртөөний зүтгүүрийн галт тэрэг” яах аргагүй мөн юм.

Монголын нийгмийн оюун санааны түүчээ гэхээр л хүн дээ

Түүнийг “Монголын нийгмийн жинхэнэ элит давхаргын хүн”, “Монголын оюун санааны хөтөч” гэх мэтээр олон янзаар цоллодогт тэр үнэндээ дургүй нэгэн. Тэрээр “Миний хувьд, анкетдаа “Сэхээтэн” гэж бүртгүүлдэг юм. Энэ утгаар хэлбэл би удам судартаа нэгдүгээр үеийн сэхээтэн хүн. Өөрөөр хэлбэл, эцэг эх, өвөг дээдэс минь эгэл ардууд байсан. Тийм учраас өнгөрсөн зуунд ангилж байсан ангиллаар бол сэхээтний давхаргад ордог” гэж хариулсан нь бий. Ц.Гомбосүрэн билигт их гүүшээс гадна Монголын нийгэмд нөлөөтэй төр нийгмийн томоохон зүтгэлтэн, урлаг соёл, уран зохиолын тод төлөөлөгчдийн дурсамж дуртатгалын “Бидний Монголчууд” цувралыг хөтлөн 40-өөд боть гаргааад байгаа юм.

Энэ цувралаар Дилова хутагт Жамсранжав, хөдөлмөрийн баатар Дэндэвийн Пүрэвдорж, Монгол Улсын төрийн хоёр тэргүүн, хоёр Ерөнхий сайд, тав зургаан ардын уран зохиолчийн гээд маш олон хүний үнэ цэнтэй дурсамж номууд багтсан байдаг билээ. Түүний хийсэн бүтээсэн, монгол хэлнээ орчуулсан, монгол утга соёлд оруулсан тэр бүхнийг анзаарч ажаад байхад яах аргагүй Монголын ниймгмийн оюун санааны түүчээ тогоруу болох хүн дээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img