2024-07-22, Даваа
19 C
Ulaanbaatar

Хүн ам нь буурч буй Хятадыг “Moonlight Clan” залуус нь “айлгаж” байна

Хятадын хүн амын өсөлт жаран жилд, анх удаа буурч 1,000 хүнд оногдох төрөлт 6,77 болж унасан доогуур үзүүлэлт гарлаа. Ердөө 2021-2022 онд, ганцхан жилийн дотор Хятадын хүн ам 850 мянгаар буурчихаж. Цаашдаа эргэлт буцалтгүйгээр уруудах магадлал өндөр байгаа аж. Үүнээс үүдэн тус улс томоохон асуудлуудтай нүүр тулах нь гэсэн агуулгатай мэдээлэл цацагдсаар байна. Хамгийн түрүүнд ажиллах хүчний дутагдалд орох эрсдэлтэй нүүр тулах нь.

Залгуулаад хүн амын хөгширөлтөнд нэрвэгдэх асуудал ч босч ирж байна. Жил жилээр нэмэгдэх өндөр настнуудыг асран сувилах, эмнэлэг нийгмийн үйлчилгээнээс эхлээд асар том эрэлт, санхүүгийн хэрэгцээ шаардлага үүсэх нь тодорхой болжээ. Энэ нь Хятадын эдийн засагт муугаар нөлөөлөх нь дамжиггүй юм. Зөвхөн 2019 оны байдлаар гэхэд л Хятадад 60-аас дээш насны 254 сая хүн байгаа бол арван хэдхэн жилийн дараа буюу 2040 он гарахад 402 сая болтооо нэмэгдэж, нийт хүн амын нь 28 хувьд хүрэх таамаг тооцоо дуулдаж байна.

Хятадын удирдагч Мао Зэдун хүн амаа өсгөх бодлогыг дэмжиж байсны улмаас 1949 онд 540 сая хүн амтай байсан энэ улс 1979 онд 969 сая хүн болтлоо өссөн түүхтэй. Хүн амын энэхүү хурдтай өсөлт төлөвлөгөөт эдийн засаг бүхий улс оронд нь хүнд тусч. Наад зах нь гэхэд л ядуурлын түвшний өсөлт өндрөө авчээ.

Хятад залуусӨдөр тутмын хоол хүнсний нүсэр их эрэлтийг тогтмол, тогтвортой хангах, өргөн хэрэглээний бусад бараа бүтээгдэхүүнийг байнга нийлүүлэхэд эдийн засгийн хүчин чадал мөхөсдөж байсан төдийгүй байгаль, эрчим хүчний нөөц нь багасаж доройтож эхэлсэн байдаг.

Одоогоос 36 жилийн тэртээ, 1979 оноос эхлэн Дэн Сяопиний үед Хятад улсад “ Ганц хүүхэд” хэмээх хатуу бодлогыг эрчимтэй явуулж эхэлсний цаана ийм шалтгаан бий. Энэ бодлогыг эсэргүүцсэн этгээдэд ихээхэн мөнгөн торгуул оноож, хүчлэн эмнэлэгт хүргэж үр хөндүүлэх, шүүхийн тушаал гаргаж эд хөрөнгийг нь хураах хүртэл шийтгэл оноож байж.

Гуч гаруй жил үргэлжилсэн “Нэг айлд- нэг хүүхэд” гэдэг хатуу бодлогоо Хятадын Засгийн газар 2016 оноос зогсоож, хосуудад хоёр хүүхэдтэй болохыг зөвшөөрсөн бол 2021 оноос эхлэн ”гурван хүүхэд”-тэй байхыг уриалж эхлэсэн юм. Гэтэл үүний нөгөө талд, орчин цагийн хятад охид залуус гэрлэж гэр болохоос илүүтэйгээр хайртай хүнтэй хамтдаа цагийг сайхан өнгөрөөх, өөрсдийнхөө хүслээр байхыг илүүд тавьж эхлэх хандлага хүчтэй байна. Тэд гэр бүл зохиоход огт яарахгүй, зарим нь ганц бие амьдралыг илүүд үзэх болжээ.

“Ганц хүүхэд” бодлогын улмаас нөхөн үржихүйн насны охидын тоо цөөрсөн гэх шалтгаан бас бий. Мөн хятад эмэгтэйчүүд боловсролыг илүүд үзэх болсон хандлага анзаарагдаж буй. Бүсгүйчүүдийн боловсролыг илүүд үзэх хандлага 1999 онтой харьцуулахад 20 хувиар өсчээ, 2021 онд. Их, дээд сургуульд сурах эмэгтэйчүүд эрчүүдээ аль хэдийнэ давчихсан.

Айлын цорын ганц хүүхэд ямар байх нь ойлгомжтой. Үргэлж эцэг эх, өвөө эмээгийн хайран дунд бөмбөрнө. Бэлэн зүйл дээр ингэж өссөн хүүхдэд ах эгч дүүсийн өмнө хүлээх үүрэг хариуцлага гэж үгүй. Зөвхөн өөрийгөө л гэх хандлага нь давамгайлсан иргэдтэй болж буй нь Хятадын төрийн “нэг хүүхэд” бодлоос улбаатай гэсэн асуудлыг сөхөж ярих хүн олон болжээ. Гэрлэсэн залуус, хоёр гурван хүүхэд болох нь бүү хэл, дөнгөж дөрвөн хүний нэг нь ганц хүүхэдтэй байна. “Насан биенд хүрсэн ганц эрх хүүхдийнхээ төлөө” эцэг эх нь сэтгэл түгших болсны цаад бодитой шалтгаан гэвэл энэ.

Хятад залуусБээжин дэх Зонгшан төв парк, Павилион Макисми цэцэгт хүрээлэн,Тиантан паркийг энгийн нүдээр харахад олон хүн бужигнасан газар. Үнэндээ бол долоо хоногийн пүрэв, ням гаригуудад аав ээж, өвөө эмээ нар л энд нэг зорилгоор цугладаг. Тэд үр хүүхэд, ач хүүхдийнхээ зураг хөргийг бусдад үзүүлж “зах” дээрээс гэрлэхэд тохирч таарах хүнийг эрж хайж байгаа юм.

Хятад залуусЭдгээр эцэг эхчүүд, Сингапурын Үндэсний Их Сургуулийн Хүн Ам Зүйн судалгааны багийнханд одооны хүүхдүүд голомтгой өөлмтгөй болж байгааг шүүмжлэн ярьжээ. Нэг эмэгтэйн охин нь гэхэд л “Миний танилцах залуу заавал 175 см дээш өндөр, Бээжинд орон сууцтай байх ёстой. Тийм биш бол танилцах шаардлагагүй” гэжээ.

Судалгааны баг “Moonlight Clan – муунлайт клан”- “Цалингаас цалингийн хооронд амьдрах бүлэг” гэж өөрсдийгөө нэрлэдэг залуустай ярилцсан байна. Дээд боловсролтой “23 настай багш залуу Жин тэдэнд “Миний сарын цалин 1000 ам доллар. Бээжинд байрны үнэ, унаа машинаас эхлээд амьдралын өртөг үнэтэй. Жишээ нь нэг орой найз нартайгаа гарч баярлахад дор хаяж 140 ам доллар болох тул надад мөнгө хадгалах ямар ч боломж алга. Би өдөрт 10 цаг ажилладаг. Хичээлээ заана, багш нарын удирдах ажлын бичиг цаасны ажил, маргаашийн хичээлдээ бэлдэж сууна. Ингэж суусаар орой ядарсан хүн л гэртээ орж ирдэг. Ганцхан ням гаригт ажилгүй байдаг болохоор гэртээ унтаж амарч, зурагт харж, тоглоом тоглож эсвэл найз нартайгаа гарч явах сайхан байдаг. Миний хувьд одоо цагтаа аз жаргалтай амьдарч байвал болоо. Гэрлэх үү, гэрлэхгүй байх уу гэдэг надад бол тийм их чухал зүйл биш” гэж ярьжээ.

Хятадын шинэ үе болох “Муунлайт клан”-ны залуус сардаа олсон мөнгөө үрж дуусгасан ч онлайнаар мөнгө зээлж авах боломжтой тул хүссэн зүйлээ худалдаж авч маш үнэтэй брэндийн хувцасаар гоёж, хоббигоо хөөх, цагийг өөрийнхөөрөө жаргалтай сайхан өнгөрүүлэхийг хүсч, гэрлэх тухай бодох ч үгүй яваа аж.

Хятад залуусХятадын залуу үе, юун учир ийм амьдралыг сонгож байгаа нь бас өөрийн гэсэн маш олон учир шалтгаантай юм. Их хотуудын тэнгэрт хадсан үнэтэй үл хөдлөх хөрөнгө, орон сууц, хэрийн хүн дийлэх аргагүй хүүхдийн сургууль боловсролын өртөг, их мөнгөтэй байж л биелэх тавлаг амьдрал, олон цагийн хүнд хүчир ачаалалтай хэрнээ цалин нь нэмэгддэггүй тогтмол ажлын байрууд, жирийн үзэгдэл болчихсон ажлын байрны хомсдол, эцэг эх, эмээ өвөө, хадам талаа асарч тэтгэх хэцүүхэн ачаа…

Хятад залуусГэх мэт олон шалтгаан залуусыг гэр бүлийн амьдралаас зугатахад хүргэж байгаа гэнэ. НҮБ-ын хүн ам зүйн судалгааны урьдчилан харуулж буй загвараар Хятадын хүн амын тоо 2050 он гэхэд 1. 313 тэрбум хүртэл бууж 76 жилийн дараа 2100 он гэхэд 800 саяд хүрэх тооцоог гарчээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img