2024-10-08, Мягмар
-6 C
Ulaanbaatar

Г.Аюурзана: Залуу байснаа, бүтэлгүй, ядуу, тэнэг алхмуудаа хүн хэзээ ч мартдаггүй юм шиг

“Цаг хугацаа амсхийх зуур”, “Философийн шүлгүүд”, “Non Plus Ultra”, “сэтгэл рүү шагайгч Түүнд”, “Бясалгал” зэрэг яруу найргийн түүврүүд, “Дурлалгүй ертөнцийн блюз”, “Амь тавьж буй шувууны далавч” хүүрнэл зохиолын эмхэтгэл, “Гурамсан цадиг”, “Бөөгийн домог”, "Шүгдэн", “Цагаан хар улаан” зэрэг романууд хэвлүүлж, дэлхийн сонгодог зохиолчид, гүн ухаантнуудын бүтээлийг дуун хөрвүүлсэн өнөө цагийн соён гэгээрүүлэгч нэгэн эрхэмтэй уулзаж хөөрөлдлөө. Тэр бол Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч, дуун хөрвүүлэгч Г.Аюурзана бүлгээ.

-Солонгосын найруулагч Чой Чангүн “Цасны роман”-аар чинь хүүхэлдэйн шоу хийснийг харлаа. Таны бүтээлүүдээр дэлгэцийн болон тайзны бүтээл хийе гэсэн санал гадаад, дотоодоос их ирнэ биз?

-Өө, тэгж нэг их сонирхоод байсан юм байхгүй дээ. “Бөөгийн домог”-оор кино хийе гэсэн хоёр санал ирсэн. Нэг нь буриадууд, орос орчуулгаа өгчих гэсэн. Орос хувилбарынх нь эрх орчуулагчид нь байгаа болохоор энэ учраа хэлээд л орхисон. Харин талийгаач Жанчивдорж гуайн хүү кино болгоё гэж хүсэхээр нь зөвшөөрсөн байгаа.

-Та фейсбүүк хуудсан дээрээ Москвагийн оюутны байраа харсан чинь уйлмаар байна гэсэн байсан. Ер нь сайхан дурсамжууд тэнд их үлджээ дээ?

-Өө, тэгэлгүй яахав. Би чинь юугаа ч мэдэхгүй нусгай жаал тэнд очоод залуу насныхаа зургаан жилийг үрсэн юм чинь. Ер нь хүүхэд мөрөөдлөөрөө, насанд хүрсэн хүн дурсамжаараа амьдардаг ч байж магадгүй. Тэр тусмаа залуу байснаа, бүтэлгүй, ядуу, тэнэг алхмуудаа хүн хэзээ ч мартдаггүй юм шиг.

-Яруу найргийн “Бясалгал” түүврээ гаргасныхаа дараахан “Яруу найраг баяртай” гэх маягийн яриа өгч билээ. Шүлгээ аль хэр бичиж байна. Уншигчид бол энэ мэдэгдэлд чинь сэтгэл их гонсгор явдаг юм байна лээ?

-Би шүлэг бичихээ үнэхээр больсон. “Бясалгал”-аас хойш нэг ч шүлэг бичээгүй.

-Өө ямар харамсалтай юм бэ. Бишрэн шүтэгчид чинь “Аюур баруун гарын булчин дээрээ өлзий хээ шивүүлсэн юм билээ. Эхнэрийнх нь нэрийн билэгдэл” гэлцэх юм. Та тийм шивээс хийлгэсэн юм уу?

-За, бишрэн шүтэгч ч гэх шиг, бас ахыгаа хөөргөх нь үү. Шивээсний хувьд бол удаж байгаа зүйл шүү дээ.

-Тэжээдэг монгол банхрууд чинь олон болж байна уу?

-Уг нь өдийд сүрэг нохойтой байх байлаа. Даанч өнгөрсөн намар нэг монгол, нэг түвд эр эм хоёр банхраа хулгайд алдсан. Манай нутагт нэг өвгөн “Одоо чинь хүнтэй ч хүн байж болохгүй, малтай ч хүн байж болохгүй цаг” гэж хэлж байсан юм гэнэ лээ. Яг л түүн шиг аятайхан нохойг ч тааваар нь байлгадаггүй бас сонин цаг үед бид амьдарч байна шүү. Миний нохдын энэ хаврын гөлөгнүүдээс хамгийн сайн гарсныг нь багын найз минь аваад явсан юм. Гэтэл бас л хулгайд алдчихаж. Нохойд хүн дасаад бүр үр хүүхэд шигээ хайртай болчихдог юм. Тийм амьтныг нь хулгайлчихна гэхээр, ёстой, ярихаас ч дургүй хүрч байна.

-Өлзийтөгс найрагч сүүлийн үед ямар уран бүтээл туурвиж байна даа?

-Өлзий үргэлж онгодтой байдаг хүн. Манай гэрт одоо Өлзий л шүлэг бичиж байна даа (инээв)

Г.Аюурзана-Танай Баянхонгороос төрсөн төрийн шагналт П.Пүрэвсүрэн гэж ланжгар зохиолч бурхан зүг одсон. Та түүнтэй хэр ойр байсан бол?

-Миний нутгаас уул шиг сайхан хоёр найрагч төрж өвгөн болтлоо харагдсанд нь би маш их баярлаж явдаг. Тэнгэр үзэж Тангадын Галсан ах маань урт удаан наслаасай билээ. Пүүжээ ах бол анх намайг Горькийн сургуульд явах боллоо гэдэг баярт мэдээг Баянхонгорт очин дуулгаж байсан ерөөлтэй ах минь. Намайг нэгдүгээр курс төгсөхөд Пүүжээ ах төрийн шагнал авсан.

Би Москвагийн Елисеевский гастрономоос морин шилтэй “Havana Club” зориуд аваад, өлзий утастай тэмдэгтэй нь тулган ууж баясч байлаа. Бага залуугаас ойр дотно явсан цөөхөн зохиолчдын минь нэг л дээ. Хөөрхий, байсхийгээд л паргиатсан хоолойгоор утасддаг тэр ах минь “Ай, би Аргалантаа мөн ч их санадаг шүү. Бодохоор л нулимс гардаг юм. Нутаг гэж их л өөр зүйл дээ” гэж хэлж байсан сан. Алтан саванд нь баруун зүгт малтай айлд төрнө гэж гарсан гэнэ лээ. Муу ах минь нутагтаа очоо байлгүй дээ, бодоход.

-“Шүгдэн” романаа Ажаа гэгээнд зориулж бичсэн гэсэн. Тэр буянтантай та тийм их ойр хүн үү?

-Би жинхэнэ ламыг анх удаа ойроос харсан минь л тэр хүн. Жинхэнэ гэдгийг би өргөн, дээд утгаар нь хэлж байгааг ойлгосон биз. 2006 онд Блүүминтон дахь өргөөнд нь анх нүүр учирч, үг яриаг нь чагнаж байлаа. Гайхамшигт хувь заяатай, гайхалтай амьдралыг туулж яваа гэгээнтэн дээ. Ажаа гэгээнтэн кирилл монгол үсгээр уншдаггүй учраас миний романыг уншаагүй байх.

Далай ламд ойр шадар хүний хувьд өөрт нь ийм сахиусны нэртэй ном зориулахад жаахан хэцүү туссан байж магадгүй. Гэхдээ юм бүхэнд мөн чанар нь л гол шүү дээ. “Шүгдэн” гэсэн нэр нь илүү бэлгэдлийн утгатай гэдгийг л би гэгээнтэнд цухас тайлбарласан. Миний энэ роман бол колоничлол болоод Бурханы шашны утга учрын л тухай болохоос, гадуур хүмүүсийн яриад байгаа шүтлэг хоорондын зөрчилд огт хамаагүй бүтээл. Уншаагүй мөртлөө элдвийг ярьж яваа хүмүүст би “Уншаад үз” л гэж хэлдэг. Уншаад ойлгохгүй хүмүүстэй бол юугаа ярих вэ.

-Таны хамгийн дотнын анд нөхөд ямар хүмүүс байна?

-Аагий, Чибо, Сансар, Идэр гээд Москвагийн найзууд, Бобоо, Онгой, Дэлгэр, Жаамаа, Дэмбээ гээд ангийн андууд, Зоригоо, Оок, Бодио, Баганаа, Болдоо гээд манай сумынхан, Зандаа, Жаак, Баяраа, Мөөгий, Болд ах, Бямбаа ах, Ариунаа эгч гээд санаа нийлдэг нөхөд, Зико, Дэрэм, Со гээд хуурай ах нар. Үгүй, нэрлээд барахгүй юм байна аа. Нөгөө юу гэдэг билээ. Олон найзтай хүнд ганц ч найз байдаггүй гэдэг шиг л олон найзтай юм байна шүү дээ, би. (инээв)

-Та нэг жилийн наадмын түрүү бөх тодроход жигтэйхэн их баярласан сэтгэгдэл бичиж байсан даа…

-Наадам сайхан болсон шүү. 2002 онд эхнэр бид хоёр Батсуурь хэмээх жаахан хүүгээр газарчлуулан, одоогийнхоо зуслангийн газрыг анх үзэж байсан юм. Яриа хөөрөөтэй, хэвлүүхэн цовоо мөнөөх жаал “Энэ хашааг зарчих юм бол аав надад унадаг дугуй авч өгнө гэсэн” хэмээн, их л идэвхтэй нааш цааш гүйж, газрынхаа харууцыг магтан, “Тэнд их гоё булаг бий” гэхчлэн зааж байсан сан.

Намсрайжав начнаас (харцага цол тэр үед байгаагүй) мөнөөх хашааг худалдан авч төвхнөснөөс хойш олон ч жил улирч. Домогт аваргын нэртэй, зургаа долдугаар ангийн мөнөөх жаал маань өнөө жил төрийн наадамд түрүүлчихдэг юм. Цаг хугацаа гэж ийм л гайхамшигт ид шидтэн юм даа.

-Зохиолчдын хороогоор ч нэг их очдоггүй гэж сонссон. Уран бүтээлийн халуун яриа өрнүүлдэг зохиолч, яруу найрагч найз нөхөд байгаа байлгүй дээ. Сүүлийн үед гэхэд хэнтэй уулзаж ярилцав?

-Ёстой хэнтэй ч уулзаагүй. Архи уухаа больсноос хойш хүмүүстэй уран зохиол ярихаа больсон. (инээв)

Г.Аюурзана-Та Монголын топ таван яруу найрагч, зохиолчийг нэрлэж зарим амбийцтануудыг цус харвуулах шахсан. Тэр хэдээсээ “урваагүй” биз дээ?

-Хүний үзэл бодол гэдэг юм ойлгож танихын хэрээр байнга л өөрчлөгдөж байдаг зүйл. Гэхдээ би нэлээд юм уншиж харьцуулсаны үндсэн дээр гаргасан нэрс болохоор эргэлзэж буцаад байх юм үгүй л дээ.

-Та бол олон сайхан антологиудыг хэвлүүлж уншигчдадаа өргөн барьсан. Цэвэр зохиолчийн аж төрлөөр амьдарч байгаа хүнд номоо хэвлүүлэхэд хэцүү байдаг уу, эсвэл таны бүтээлүүдийг олноо хүргэгч сайхан сэтгэлтнүүдийн ач буян их байх уу?

-Барууны зохиолчидтой харьцуулахад бид ч өөрийн дураар номоо гаргаад, өөрийгөө хамгийн мундаг нь гэж хээвнэг зарлаад болоод л байна. Ном барлах мөнгө нь байх юм бол шүү дээ. Яахав, олон жил номын мөрөө тууштай хөөснийх миний нэртэй ном гарвал авчихдаг тодорхой уншигчдын хүрээ бий болж л дээ. Гэхдээ ном хэвлүүлэх, түгээх, борлуулах гэдэг зохиолч хүнд бол ахадсан ажил.

Паблишин хийгээд бүх илүү дутуу ажлыг хариуцчихаар, тэгэхдээ тэр ажлынхаа төлөө зохиогчийг монжчихгүй байх чадамжтай хэвлэлийн газар бий болоход манайд арай л эрт байх шиг байна. Яахав, тэгээд бусдынхаа жишгээр л явж байна даа. Зарим номын минь хэвлэлийн зардалд гар сунгаж нэмэр хандив болсон найз нөхөд олон бий шүү. Тэдний туслалцаагүйгээр амжихгүй байсаан.

“САХИУСТ ХАНГАЙН НУУЦ” РОМАНДАА ХОШУУ НОЁНЫХОО ХУВЬ ТАВИЛАНГ БИЧСЭН

-Зохиолч хүнтэй уулзсаных шинэ бүтээлийнх нь талаар асуухгүй өнгөрвөл алдас болох байх. Саяхан хэвлэгдсэн “Сахиуст хангайн нууц” романд юун тухай өгүүлдэг бол?

-Яг ийм үйл явдал гардаг, тийм зүйлийн тухай ном гэж хэлэхэд хэцүү л дээ. Өвөг дээдсийнхээ олон үе аж төрсөн Хангай нутгийн тухай, тэр нутгийн онцлог, хүн зоны ер бусын өвөрмөц хувь заяаны тухай хошууныхаа сүүлчийн ноёноор гол дүр болгож бичсэн, ерөнхийдөө сэтгэлзүйн ч гэх юм уу, хүний дурсамж, дотоод ертөнц рүү өнгийсөн зохиол.

-Та хошууныхаа сүүлийн ноёны тухай бичлээ гэлээ. Би бас эрдэнэ засаг Жамьян вангийн хошууны хүн л дээ. Танай хошууны сүүлчийн ноён Пүрэв гүн хожим Бөмбөгөр ногоон театрт нэрээ нууцлаад хөгжмийн багш хийж байсныг нутгийнхан хараад таньсан гэдэг. Бүр алдарт Түдэв хуурчийг Пүрэв гүн гэх хүн ч байдаг юм билээ. энэ яг бодит түүх үү?

-Пүрэвжав ноён Бөмбөгөр ногоон театрт хөгжмийн багш явсан нь үнэн түүх. Нэрээ нуугаагүй ээ, Пүрэв гүнээрээ л явсан. Пүрэв, Түдэв хоёр нэр ойролцоо, хоёулаа гүн хэргэм зэрэгтэй, бас манай ноён морин хуурыг ч сайн тоглодог байсан тул анх пянз гарч “Дорждагва дуулж Түдэв хуурдана” хэмээн зарлахыг сонсоод хүмүүс “Манай хөгжимч ноён нэрээ сольчихож” гэлцсэн юм шиг билээ. Түдэв гүн чинь одоогийн Дашинчилэн хавийн ноён шүү дээ.

-Ятгаар уртын дуу дарж, уйлуулж дуулуулдаг байсан сүүлчийн хүн гэж та ярьсан байна лээ. Одооны алдарт ятгачид маань гомдчихгүй байгаа?

-“Ятгаар уртын дуу тоглох боломжгүй, ганцхан Пүрэв гүн л чаддаг байсан” гэж алдарт уртын дууч Дорждагва агсан яруу найрагч Жамцын Бадраа гуайд ярьсан байдаг юм. Тэр хоёр мундаг хүний хөөрөлдөөнд тэгж онцгойлсныг бодоход хосгүй ятгачин байсан нь ямар ч эргэлзээнгүй.

-Пүрэв гүний хошууны ихэс дээдсийн бунхант шарилууд одоо ч Гурванбулаг сумын Шарилын Нарийн хамар гэх газар бий. Тэнд очиж үзэв үү?

-Очилгүй яахав дээ. Би чинь гурван настайгаасаа л зун болмогц Гурванбулаг явдаг байсан хүн. Эмээ сэрүүн уулын хүн тул аймгийн төвийн халуун зуныг тэвчдэггүй байж. Тэгээд л намайг аваад замын машинд суугаад л Хангай руугаа явна. Намайг анх ухаан ороход л, би ачааны машины бүхээгт эмээгийн өвөр дээр суучихсан, халамцуу жолооч ардын дуу дуулчихсан, хажуугийн цонхоор том том гол байсхийгээд л харагдаж, гол бүрт машин суучихсан байсан санагддаг. Зургаа, долоон нас хүрэхдээ тээврийн жолооч нарын дуулдаг том хүний дуунуудыг андахгүй мэддэг болчихсон байлаа шүү дээ. (инээв) Гурванбулаг руу тэр үед зуур хонож хүрдэг, ямар ч байсан хэдэн дуу сурчихаар, тийм л урт зам байсан юм даа.

-Та хошууныхаа сүүлчийн ноён Пүрэв гүний тухай бүтэн роман бичлээ. Түүнээс ч дутахгүй нэг алдартай ноён бол халх даяар “Мэргэн Жа гүн” хэмээн алдаршсан хүний тухай зохиол бичих бодол байгаа юу?

-Мэргэн Жа гүний бунхан одоо Шарилын бэлд байгаа шүү дээ. Ач хүү нь Сэцэн гүн, Сэцэн гүний хүү нь Дархан ноён. Пүрэв гүн бол Дархан ноёны хүү юм. Энэ ноёдын тухай миний романд байгаа, байгаа.

Г.Аюурзана-“Сахиуст хангайн нууц” романы зургуудыг охин тань зурлаа гэсэн. Мэргэжлийн зураач юм уу?

-Юуных нь мэргэжлийн зураач байх вэ. Дунд сургуулиа л төгсөж яваа нялх амьтан. Гарын дор юм болохоор, аав нь охиноо л зарж байхгүй юу.

-Та “Яруу найргаас зодог тайлж байна аа хө” гэж надад ярьж байсан. Одоо шүлэг найраг туурвиж байна уу?

-Тийм яриа өгснөөс хойш ганц хоёр шүлэг бичсээн, бичсэн. Гэхдээ л хамаг сэтгэлээ хүүрнэл зохиол руу тавьж сууна даа.

-Ардын дуунд гардаг “Хөглөг хангай” нутаг тань одоо таны бүтээлээр “сахиуст хангай” боллоо. Нутагтаа ойрд очихоор товлож байгаа юу?

-Сахиуст хошуу гэдэг нэр бол бүр эртний юм аа. Одоо хэр тэр гурван суманд л сахиус гэж байна. Нууц нь тайлагдаагүй, зөвхөн тэр халзан Хангайн уулстай холбоотой, нарийн учиртай эд шүү. Романыг минь уншсан хүмүүс гайхах л байх. Тэр түвдүүдийн ярьдаг, лам нарын түгээмэл ойлголтын сахиусаас тэс ондоо. Гэхдээ үнэн нь л тэр. Манай Хангайн оюун сүнс гэж үнэхээр бий шүү. Нутагтаа очихын хувьд бол байнга л явдаг. Зун болмогц л Баянхонгор минь, Номгон уул минь, Түйн гол минь бодогдоно, аймагт очмогц л Хөх нуур санагдана. Манай тэр нуур ч газарт тунасан гайхамшиг даа. Усных нь амтыг яана.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img