2024-10-05, Бямба
-0 C
Ulaanbaatar

БАЛЖИРЫН ДОГМИД: АМЬД ХҮНД САЙН ХҮН ЦӨӨН, ҮХСЭН ХҮНД МУУ ХҮН ХОВОР

Монгол Улсын Төрийн шагналт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Балжирын Догмидтойнэгэнтээ ийн хөөрөлдсөн билээ.

-УИХ-д нэр дэвшихэд сонгуулийн менежер найз Жагдалын Лхагва тань “Энэ Догмидыг битгий сонгоорой” гэж олон түмнийг уриалсан гэдэг яг болсон явдал уу?

-Яг болсон явдал. Дорноговь аймгийн Намын хорооны архивт хуурцаг бүхий бичлэг нь хүртэл байдаг юм. Тэр үед магнитфоноор бичиж авдаг байлаа. Анхан дов жалгын депутатыг сонгож эхэлсэн ерэн оны үе шүү дээ. Улаан бурхан гэдэг аюулт өвчин Монголд ор байхгүй болсон байсан. Тэгэхэд одоо ганцхан аймагт гэхэд л дөрөв таван зуун хүн өвчиллөө гэлцэж байна.

Улсад биеийн хүчин үнэлж ажиллаж үзээгүй нам дагасан бацаанууд улаан бурхан өвчний дэгдэлт шиг олширлоо. Өдрийн гурван хоолтой, төрд биеийн хүчээ өгч ажиллаагүй, гуч хүрээгүй атлаа давхар эрүү суучихсан бацаанууд л сандал ширээ зүүдлээд явж байгаа нь өвчин биш гэх үү. Монгол хэчнээн доошоо орлоо ч ийм юмнуудыг УИХ-д сонгож болохгүй ш дээ. Эдний оронд Монголын төрд таван удаа сонгогдсон Ц.Нямдорж шиг нөхрийг сонгочиход хэр баргийн юмыг гараасаа тавиад туучихгүй шүү дээ. Сандал зүүдэлсэн ийм аюултай өвчин дэгдээд, эх орон ангалын ирмэг дээр ирчихсэн байгаа энэ үед уран бүтээлч хүн зүгээр нэг зохиолоо бичээд сууж байна гэдэг ёстой бүтэхгүй.

-Зохиолч, яруу найрагчидтай уран бүтээлийн яриа өрнүүлэх л их зүгээр байдаг юм. Та зөрж улс төрөөр салхилаад байх юм?

-Сүүлийн үеийн залуучуудыг харж байна аа. Ц.Бавуудорж, О.Цэнд-Аюуш эд нарыг харахаар тугаллах шиг удаж удаж ганц хоёр гайгүй шүлэг бичих юм. Шүлгээ их зовж байж бичдэг бололтой. Жилдээ нэг хоёр шүлэг л гарах юм. Бавуудорж бол жилдээ уртаашаа гурван шүлэг, Цэнд-Аюуш мэтийн залуус ганц нэг шүлэг бичиж байна. Цэнд-Аюушаар би залуучуудыг төлөөлүүлж ярьж байгаа юм. “Болор цом” ч уйтгартай л болсон байна даа. (уртаар санаа алдав. Л.Б) Би өөрөө гайхуулаад байхаар мундаг бичдэгтээ ч ингэж хэлж байгаа юм биш. Ер нь л бодууштай байна шүү.

-Та шүлэг бичдэг юм чинь уншигч түмнээ баясгаад “Болор цом”-д шүлгээ өгч болдоггүй юм уу?

-Би өөрийгөө их голдог байхгүй юу. Хүн хэмжээгээ мэддэг байх хэрэгтэй. “Болор цом” надаар дутна гэж байхгүй шүү дээ. “Болор цом” наадам чинь тасалбар нь олддоггүй цагаан сараас дутуугүй том баяр байлаа шүү дээ. Одоо тэгээд бүдгэрээд бүдгэрээд яваандаа алга болох нь уу, яах нь вэ. Арваараа барьж, алагаараа харж байж л шүлгийг ойлгоно уу гэхээс сонсголоороо шүүнэ гэдэг адууны уургаар загас дэгээдэхтэй ижил зүйл шүү дээ. “Болор цом” гэдэг чинь шилдэг шүлэг шалгаруулах наадам биш шүү дээ. “Болор цом”-той, цомгүй л сайн шүлэг бол ард түмний сэтгэл зүрхэнд үлддэг юм.

“Цэл залуу насныхаа гал дөлөөр бадарч
Сэтгэл, зүрх хоёртоо шатаж явах үедээ
Чин сайхан амрагтаа хэлж үзээгүй мөртлөө
Чиний төлөө үхье гэж эх орондоо би хэлдэг…” гэсэн Ц.Цэдэнжав гуайн дөрвөн мөртийг давсан найраг огт төрөхгүй л байна шүү дээ.

Эмэгтэйчүүдээс Г.Мөнхцэцэг, Б.Ичинхорлоо, Ц.Хулан гурав байран дээрээ аргагүй л нэг байна аа. Эднүүс бол муу юм гаргадаггүй шүү дээ. Сайн шүлэг бичиж байгаа. Ер нь Монголын яруу найргийн төвшинг дэлхийтэй харьцуулаад үзэхээр толгой дээр нь цахиур хагалах хэмжээнд л байдаг байхгүй юу.

Ганцхан учир дутагдал юу байна вэ гэхээр гадагшаа орчуулах орчуулагч манайд байдаггүй, гадна талд болохоор монгол шүлгийг ойлгох сэтгэлгээ, ахуй хоёр нь байдаггүй учраас хүлээж авдаг уншигчид байдаггүй. Монгол хэл шиг гайхамшигтай олон хувилбартай үгсийн сантай, гайхамшигтай оноосон үгтэй хэл байхгүй. Англи хэл гэхэд ямар ч үг нь дөрөв тавхан л хувилбартай байхад монгол хэлэнд “цагаан, цэгээн, бүгээн, бүртэ, цайвар” гээд явахад дөч тавин хувилбартай байх жишээний.

-Тантай ярьж байхад орчуулагч нарт жаахан харшилтай хүн шиг бодогдох юм?

-Монгол хэлээ мэдэхгүй улсууд орчуулга хийдэг болж. Гадаад хэлэнд хэчнээн гайхамшигтай байгаад монгол хэлээ мэдэхгүй бол орчуулга хийж чадахгүй. Жуулчны хэлмэрч, хөтөч хүн өөрийгөө орчуулагч гэж яриад байх юм. Хэлмэрч, орчуулагч хоёр бол тэнгэр газар шиг ялгаатай.

“Дөлгөөн Дон”-ыг орчуулсан Базарын Дашцэрэн, Чингиз Айтматовын туужуудыг дагнан орчуулсан Самбуугийн Бадраа шиг, Хасбаатарын Мэргэн шиг, Жагдалын Лхагваа шиг хүнийг орчуулагч гэдэг юм. Орчуулна гэдэг зөвхөн үгийг орчуулдаггүй. Тухайн ард түмний зан заншил, үүх түүх, соёл иргэншлийг хамт орчуулдаг. Нэг үгийн ард бүхэл бүтэн соёл, иргэншил багтаж байдаг.

-Та Г.Аюурзана, Ц.Гомбосүрэн, Батсуурийн Баясгалан, Ононгийн Чинбаяр нарын орчуулсан бүтээлүүдийг уншиж байв уу?

-Аюурзанын орчуулгуудыг хааяа харна. Сүүлийн үеийн орчуулагчдаас гадагшаа орчуулдаг хүн бол Х.Мэргэн байна. Дотогшоо орчуулдаг нь Жигжидсүрэнгийн Нэргүй байх шив дээ. Монгол хэлний жараас далан хувь мал, малчин, хөдөө нутаг, хуучин ёс заншилтай холбоотой үг байдаг юм, хэдэн үйл үгээс бусад нь.

-Сүүлийн үеийн монгол кинонууд танд ямар санагддаг вэ?

-Залуус кино их хийж байгааг буруутгаад байх юм алга. Монгол кино, Холливудын киноны техник бараг ижил хүчин чадалтай болсон. Би арван хэдэн жил кинотой холбогдсон хүн. Гэхдээ нэг зүйл ажиглагдаж байна. Тэр нь кино зохиолч гэдэг амьтан байхгүй болсон байна гэдгийг баталгаатай хэлж чадна, би. Киноны зохиолыг зүгээр л нэг захын хүн бичиж байна.

Урлаг соёл хэн дуртай нь үсэрч орж ирж байна. Урлаг соёл өөрөө хил хязгаартай нарийн эд шүү дээ. Захын нэг хүн орж ирээд бужигнуулаад байх талбар биш. Соёлын сайд байсан Ц.Оюунгэрэл гэдэг хүн нэг зохиол бичсэн. Би түүнийг буруутгахгүй. Гэхдээ тэр хүүхэн “Миний ном бол дуугаар бол хит болсон. Лодойдамба гэдэг хүн зохиолынхоо баатрын хувь заяаг урьдчилаад оноочихдог. Дотоод сэтгэлийнх нь нарийн юмыг тэр бүрий хүнд хүргэж чаддаггүй” ухааны юм ярьж байна лээ.

-“Ногоон нүдэн лам” ч бил үү ном нь ерөөсөө уншигддаггүй шүү дээ…

-Тэр хүний чинь хүмүүжил, сэтгэхүй, ертөнцийг харах үзэл нь монгол биш болчихсон л байхгүй юу. Монголоо алдсан юм чинь тэр хүнд “Тунгалаг Тамир” уншигдахгүй л байгаа. Дургүй юмандаа хүн дургүй л байдаг. Лодойдамба бол Монголын том зохиолч шүү дээ. Би зүгээр том л гэж хэлье. Оюунгэрэлээс яльгүй том байлгүй дээ. Ийм улс гараад ирчихсэн байгаа нь дэндүү гунигтай. Сая бас хэн гэнэ вэ, нэг хүн “Бавуугийн Лхагвасүрэнгийн шүлэг гэж юу байдаг юм бэ” гэж томорсон байх юм.

-Оюунгэрэл сайдын төрсөн дүү Бат инженер нэрээр цахимд нэршсэн нөхөр тэгж мэдэгдсэн шүү.

-Оюунгэрэл нь дүүдээ “Үр могой” гэж шүлэг нь байдаг шүү дээ гэж дүүдээ хариулсан байна лээ. Мөн ч эмгэнэл шүү. Хүн бүхэнд ойлгогдоод байдаггүй маш адармаатай гоо зүйтэй дууль найраглал шүү дээ. Ийм л хүмүүс Монголын урлаг соёлыг бусниулах гээд, хөндлөнгөөс дүгнэчих гээд байх юм.

-Урлагийн ариун орон зай руу гоо сайхны ямар ч ойлголтгүй нөхөд шургалах гэж дайрч байгаа энэ цаг үед уран бүтээлч хүн таныхаар, яг ямар байх ёстой бол?

-Уран бүтээлч хүн өөрийгөө хайрлаж, гамнах ёстой. Дуучин хүн гэхэд айлын найран дээр ч, хүүхдийн үс авах ёслол дээр ч дуулж л байдаг. Харамсалтай нь монголчууд чинь их амархан уйддаг улс юм шүү дээ. Хэмжээ дамжаагаа тааруулж л байх хэрэгтэй. Ямар ч гайхамшигтай дуучин хорин дөрвөн цагийн турш дуулаад байвал хүн залхана биз дээ.

Ямар ч гайхалтай сайхан амттай хоолыг хэн ч байсан өдөр шөнөгүй идээд байвал уйдна биз дээ. Үүнийг мэдэхгүйгээс манай залуучууд зурагтаар байнга гарч байхыг үхэн хатан тэмүүлж мөрөөдөх юм. Монголчууд чинь их уйдамхай, урвамтгай хүмүүс шүү дээ. Анд нөхрөөс уйдна. Үзэгчид, уншигчдыг барьж байхын тулд хааяа нэг гайгүй сайн дуугарч байх хэрэгтэй. Би үүнийг залууст хэлмээр байна. Зурагтаар байнга дуулж байдаг нэг залуу байна. Би хараад дургүй хүрдэг. Зурагтаар гарах тусмаа олноос хөндийрүүлж түлхэж байгаа гэдгийг анзаарах хэрэгтэй.

-Зурагтаар гарах тусмаа хүмүүсийг түлхэх биш өөртөө соронз шиг татдаг хүн байна шүү дээ. Жишээ нь Б.Лхагвасүрэн гуайн орсон нэвтрүүлэг бүрийг хүмүүс үзэх дуртай байдаг?

-Гэхдээ л уйдна. Тэр байтугай Чингисээсээ хүртэл уйдсан ард түмэн шүү дээ. Жамуха, Чингис хоёр бие биеэсээ уйдаад сайхан нөхөрлөж чадаагүй улс шүү дээ. Жамуха ялсан бол өдийд “Чингис урвагч” гээд явж байх байсан. Гүр хаан Жамуха Чингисээс дутаад байх юу байх вэ дээ. Ялагдсан учраас л өнөөдөр ялтны ширээнд сууж байгаа болохоос ялсан бол Чингис л нөгөө газар байх нь тодорхой.

Зурагтаар байнга гардаг мөртлөө хүнийг татаж чаддаг хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, ардын жүжигчин Жигжидсүрэн нарын цөөхөн гайхамшигтай хүмүүс байна. Эдэн шиг мэдлэг боловсрол, авьяас чадалтай улс тэр бүрий байдаггүй. Амьд хүнд сайн хүн цөөхөн, үхсэн хүнд муу хүн ховор. Хүнийг үхэхээр л муу хэлэхээ больдог. Амьд хүн ямар нэг хэмжээгээр муу үгэнд өртөж байдаг. Хүн үхэж байж ариусдаг. Нийгмийн сэтгэлзүй ч ийм л чигтэй байдаг юм. Талийгаачийг “Хөөрхий дөө, бор дарсанд жаахан дуртай байсан юм” гэж зөөлрүүлж ярихаас биш “Муу хар архичин” гэж шууд хатуурхаад байдаггүй шүү дээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img