2024-07-22, Даваа
22 C
Ulaanbaatar

Б.Батчимэг:Өвчтөнийг эдгээхийн тулд сэтгэлзүйтэй нь ажиллана

“DR.BATCHIMEG WELLNESS CENTER”-ийн нээлтээ хийсэн уламжлалт анагаах ухааны эмч, сэтгэл судлаач Б.Батчимэгтэй ярилцсан юм. 

-Дара дасгал гэж ярьсан. Ямар учиртай дасгал вэ?

-Хүний бие махбодийн галын илч гэж байдаг. Галын илчээр нь өөрийг нь анагаан тэтгэх бясалгалтай  дасгал гэсэн үг. Хүний биед  тодорхой энергийн долоон хүрдний цэг байдаг. Түүнд чухал хийн судлын зангилаанууд  байдаг. Хүний биед амин чухал бэлчрүүд байдаг. Бэлчир бүрт нь өөрийнх нь галын илчээр, өөрөөр нь анагаах бясалгал дасгалыг Дара дасгал  гээд байгаа юм. Дээр нь зүрхний түгээгч хийг дэмжих, том үенүүдийг хөдөлгөх, эрүүл мэндийн  ач холбогдолтой дасгалыг би үзсэн ном, эмчээр ажилласан туршлагадаа үндэслэн боловсруулсан юм. 

Дара гэдэг  нь Ногоон дарь эх гэсэн утгатай түвд үг л дээ. Ерөнхийдөө хүн өөрийн энергиэр эд эсээ шинэчлэх, таван мэдрэхүйгээрээ хийж байгаа үйлдлүүдээрээ бие махбодио анагаах процесс гэсэн үг.  Дара дасгал нэг ёсондоо сэтгэл зүйтэй хамтарсан бясалгал хөдөлгөөн. 

-Та  уламжлалтын эмч, бас сэтгэл зүйч. Энэ хоёрын хослол дундаас Дара  дасгал гарсан гэсэн үг үү?

-Яг үнэн.  Бясалгал тархины долгионы давтамжийг сайжруулдаг дасгал. Хүн энэ бясалгалыг хийж, оюун ухаанаа төвлөрүүлэхэд эмч нь удирдаад, хөдөлгөөнтэй хавсруулж байгаа юм. Хүний биеийн илч дулаан сайн байвал дархлаа сайн байна. Цусны эргэлт, хийн гүйдлийг тэгшитгэх эрүүл мэндийн ач холбогдолтой дасгал. 

-Өөрөө уламжлалтын эмч, энэ чиглэлээрээ ажиллаж ирсэн. Нэмээд Эрүүл мэндийн төв байгуулах орон зай бий гэж үзсэн үү?

-Үйлчлүүлэгчийн эрэлт хэрэгцээг харгалзсан. Хоёрдугаарт  уламжлалт  анагаах ухааны идээ ундаа, явдал мөр гэсэн өвчнөөс урьдчилан сэргийлэх  хоёр чухал үндсэн сэдэв бий. Яг энэ ард иргэд мэдэх ёстой чухал хэсэг нь хүмүүст хүрэхгүй үлдчихээд байсан юм.  Уламжлалтын эмч нар маш сайн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа. Гэсэн хэдий  ч эмчилгээнээсээ илүү гарахгүй байгаа юм. Би яг энэ орхигдсон хэсгийг нь барьж аваад, олон нийтэд өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх тухай мэдээллийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор Эрүүл мэндийн төвөө нээж байгаа юм.

Сэтгэлээ яаж удирдах вэ. Өөрийгөө хайрлана, халамжилна гэж юу юм бэ. Энэ бүгдийг ойлгуулах процесс явна. Мэргэжлийн сэтгэл зүйчидтэй хамтарч ажиллаж байгаа. Өвчтөнийг эдгээхийн тулд сэтгэлзүйтэй нь ажиллана. 

-Идээ ундаа гэхээр хүн эрүүл амьдрахын тулд юу идэж уух ёстой вэ?

-Хоол нойр бол  хүн энерги авдаг гол зүйл.

Хоолоо зөв сонгож байж бидний бодисын солилцоо зөв, энерги сайн байж зүрхийг тэжээж, улмаар нүдний цог, нүүрний гал, хийморь лундаа хүртэл тэтгэгддэг.

Хоол тэжээл эрүүл бус, түргэн хоол гэж нэрлэгддэг зүйлсийг байнга  идээд байхаар  монголчуудад хоол боловсруулах, нойр булчирхайтай холбоотой өвчлөлүүд түлхүү тохиолдож байна.  Түргэн хоол, чанар муутай хүнс хэрэглээд байхаар бодисын солилцоо удаашралд орж нөхөн үржихүйн хувьд ч асуудалтай болдог. 

-Хийжүүлсэн ундаа уух нь ясны сийрэгжилтэд нөлөөлдөг тухай их ярьсан. Нэгэнт яс нь сийрэгжиж байгаа бол ямар шинж тэмдэг илрэх вэ, тэр тохиолдолд ямар хоол зөвлөх вэ?

-Яс сийрэгжилт бүх насныхныг хамарч байна. Уг нь 50 нас хүрэхэд хүний бодисын солилцоо аажмаар буурч, байгалийн жамаар тодорхой хэмжээгээр яс сийрэгжиж эхэлдэг. Гэтэл одоо яс сийрэгжилт залуужсан нь  хоолтой холбоотой. Өдөр өдрөөр бие махбод хорогддог юм бол эргээд нөхөж тойглох сувилгаа эмчилгээг авахгүй байгаатай бас холбоотой.

Яс сийрэгжиж байгаа эхний шинж тэмдэг үс, хумсанд өөрчлөлт орно. 

Үс  нь хурдан унадаг, цайрдаг, халцардаг, салаалдаг.  Шүд хага ташдаг, хумс хэврэг болдог. Энэ нь өөрөө ясны бодисын солилцооны цөв. 

 Цөвийн ялгарлаас  үүдээд ясны шим барагдаж байна гэдгийг олж ирүүлж болно. 

Аан миний үс, хумс хэврэг болоод байна. Эрдсийн шинжилгээ өгөөд үзье дээ гээд илрүүлэх боломжтой. 

-Хоол ундаараа кальци, шим тэжээл  яаж авах вэ?

-Монголчууд жилийн дөрвөн улиралдаа зөв зохистой хооллож ирсэн ард түмэн.  Одоо суурин иргэншилд ороод бидний амьдралын дэглэм улирал хамаарахгүй болсон. Хүйтэн сэрүүний улирал эхлэхэд бие бага зэрэг жиндэх учиртай. Нэг халуун байшингаас нөгөөд ороод явахаар халуун  хүйтний  мэдрэмж өөрчлөгдсөн. Зуны улиралд цагаан идээ дагнаж иддэг байсан учраас бие махбод хэрэгцээтэй шимээ нөөцөлж авдаг байжээ. 

Ясыг маш сайн буцалгадаг. Ясны шөл уудаг байж. Ясыг халуунаар нь барьж гараа жигнэдэг байжээ. Энэ нь нэг талаар биеийн илч дулааныг нэмдэг жин  маягийн эмчилгээ болдог байжээ. 

-Сүү таргаа идэж уух нь, дээр нь ясны шөл  хэрэгтэй юм байна?

-Борив тойг, далны бариултай яс, гурван шимт яс идэж, чөмөгт яс буцалгаж иддэг. Нас ахих тусмаа чөмөг сайн иддэг байж. Бие махбодыг чалхжуулах хүч өгөх үүднээс чөмөг иддэг байсан. 

-Явдал мөрдөө  анхаарна гэхээр яах вэ?

-Улиралдаа тохируулж хувцаслах учиртай. Улиралдаа тохируулж сэтгэл санаагаа тордох ёстой. Мөн байгалийн хувирал зүй тогтлыг мэдэрч зөв амьдрах учиртай. Та хөдөө  гадаа явж байгаа бол цаг нараа харах хэрэгтэй. Дээр нь шуургатай, бороотой эсэхийг ч шинжиж явах нь алтан амиа үрэгдэхээс  урьдчилан сэргийлж байгаа хэрэг. Усанд ороход хүртэл учиртай. Үсээ халуун усанд бус бүлээн усаар угаах гэдэг ч явдал мөр. 

-Уламжлалтын эмч нар байнга усанд ороод байх хэрэггүй, өдөр болгон орох шаардлагагүй гэдэг?

-Зун хүний шар үсний нүх сүв нээгдчихдэг. Хоол боловсрох эрхтэн тогтолцоонд хурсан галын илч шар үсний нүх сүвээр гадагшилчихдаг.  Ингээд ходоодны шингээх чадвар сулрангуут  цагаан идээгээ иддэг байж. 

Зун  галын илчийг гадагшаа алдсан үед хамаагүй их усанд орж болдоггүй. Өдөр бүр усанд орох хэрэггүй гэсэн үг.  Өдөр бүр усанд орох нь биеийн дулаан илчээ гадагш алдаж байгаа хэрэг. Үүгээр бодисын солилцоо буурна, хэвлий цанхайж дүүрэх, хийрхэх үндэс болно. 

Шар үсний нүх сүв өвөл хаагддаг. Өвлийн улиралд долоо хоногт нэг хоёр усанд ороход болно. 

-Жингийн илүүдэлд хүмүүс их анхаардаг болсон. Уламжлалтын эмч энэ талаар ямар зөвлөгөө өгөх бол?

-Хүмүүс амар хялбар аргаар хурдан турахыг хүсдэг. Энэ ямар ч боломжгүй. Энэ байдлыг хүлээн зөвшөөр гэсэн үг. Та ямар нэг дасгал хөдөлгөөн хийхгүйгээр, хоолоо зохицуулахгүйгээр бүтээгдэхүүн  уугаад турна гэвэл таны бодисын солилцоог хүчээр өөрчилж байгаа гэсэн үг. Энэ нь эргээд гурваас таван жилийн дараа таныг бодисын солилцооны дааврын өөрчлөлтөд оруулах суурь болдог. Хүн  хүчин чармайлт гаргаж байж жингээ хасна. 

Үүнийг хүлээн зөвшөөрч, сэтгэл зүйгээ бэлтгэх хэрэгтэй. 

Хөлс гарах төдий алх. Ингэж алхаж чадвал нөөц өөх шатна. 

Дээр нь цусан дахь холестрин чинь буурна. Эрүүл аргаар турна. Гоо сайхан, өөртөө итгэх итгэл араас нь ирнэ.

Цагийн хэмнэлээр зөв хооллох хэрэгтэй. Өдөр, оройн хоолоо тодорхой цагт идэх хэрэгтэй. Тэгэх юм бол тархи би өлсгөлөн байхгүй юм байна. Эзэн маань  тодорхой цагт хооллодог гээд тайван байхаар бие махбод орж  ирсэн хоолыг нөөцөлдөггүй.

Өдрийн  хоолны цаг өөр өөр байхаар хүний тархи орж ирж байгаа дээр нь нөөцлөөд авъя гээд таргалж эхэлдэг. 

Тогтол цагт хооллох хэрэгтэй юм байна. 

-Уламжлалтынхан 11.40-өөс өмнө битгий хоол ид гэдэг билүү?

-Үүрээр 7 цаг 40 минутаас өмнө өглөөний цайгаа уувал зүгээр.  Хий махбод хөдөлж байх үед өглөөний цайгаа уувал ядрахгүй. Өдрийн 11.40-15.40-ийн хооронд шим тэжээлтэй чанартай хоол сонгож ид. Орой 19.40-өөс өмнө шингэхэд хялбар хөнгөн хоол идэх хэрэгтэй. Орой бол хоёрдугаар хоол  зохимжгүй. 

-Жингийн илүүдэлтэй хүнд зориулагдсан уламжлалтын эмчилгээ, тан байдаг уу?

-Бариа хийлгэхэд хаван буурдаг.  Сувгийн болон цэгэн бариагаар жинг бууруулах боломжтой. Дотроос нь галын илч буюу бодисын солилцоог нь сайжруулаад өгөхөөр  тодорхой түвшинд жин буурдаг. 

-Таргалалтаас сэргийлэх талаар судалгаа хийж байлуу?

-Цусан дахь холестролыг бууруулах монгол эмийн клиник судалгаа хийхэд оролцож байсан. Монгол эм танг уугаад, цусан дахь холестролыг бууруулж болно гэсэн дүгнэлтэд манай багийнхан хүрч байсан.

-Холестрин бууруулах европ эм удаан уухаар бас сөрөг нөлөөтэй юм шиг байна лээ?

-Аливаа эм  хэтрүүлж хэрэглэхэд гаж нөлөө үүсгэдэг. Уламжлалт эм тан ч удаан уувал сөрөг нөлөөтэй.   Тийм учраас ямар нэг эм танг дураараа битгий хэрэглэ. Уламжлалт танг эмчийн зааврын дагуу уувал гаж нөлөө гардаггүй. 

-Шинэ эрүүл мэндийн төвдөө өөр ямар үйлчилгээ үзүүлэх вэ?

-Энд бид эрүүл мэндийн иог Дара дасгалаас гадна сэтгэл зүйн ганцаарчилсан зөвлөгөө, бүлгийн зөвлөгөө, танхимын сургалт, байгууллагын сургалт, онлайн сургалтууд хийнэ. Хамгийн чухал нь “Идээ ундаар эмчлэхүй” монгол уламжлалт хоол ундны сургалт  маань тогтмол явагдах боломжтой болж байгаа юм. Бид ажлаа өргөтгөснөөрөө эдгээр чиглэлүүдээ нэмж, илүү олон хүнд хүрч үйлчлэх боломж бүрдэж байна.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img