2024-07-25, Пүрэв
16 C
Ulaanbaatar

БНСУ-тай хөрөнгө оруулалтын төслүүдэд хамтран ажиллах сонирхолтой гэв

“Монгол-Солонгосын хамтын ажиллагаа: Өнөө ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал болов. Энэ хурлын үеэр Монгол Улс цаашид БНСУ-тай хөрөнгө оруулалтын төслүүдэд хамтран ажиллах сонирхолтой байгааг УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан УИХ-ын даргын мэндчилгээг дэвшүүлэх үеэрээ онцлов.

Мөн хоёр улсын бизнес эрхлэгчид олон салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээс гадна бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтойг ч тэмдэглэж байлаа.

Манай улсын Засгийн газар БНСУ-тай хамтран ажиллаж, Монгол Улсаас тус улсад гэрээгээр хөдөлмөр эрхлэх иргэдийг аж үйлдвэрийн салбарт ажиллуулах эрх зүйн орчныг бүрдүүлж байгаа. Тухайлбал, манай улсын 36467 иргэн 2004-2018 онд БНСУ-д Е9 буюу хөдөлмөрийн визээр ажиллаж байсан бол одоо 4444 иргэн аж үйлдвэрийн салбарт ажиллаж байна. Хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулах иргэдийн квотыг нэмснээр өнгөрсөн онд 2400 гаруй хүн БНСУ-ыг зорьжээ.

“БНСУ-д ажиллах нь хөдөлмөр эрхэлж орлоготой болохоос гадна тус улсын аж үйлдвэрийн салбарын туршлага, арга барилыг суралцаж буйгаараа ач холбогдолтой. Монгол Улс, БНСУ-ын хооронд нийгмийн хамгааллын чиглэлээр хамтран ажиллах хэлэлцээр байгуулснаар хоёр улсад ажил хөдөлмөр эрхэлсэн иргэд нийгмийн даатгалын шимтгэлээ шилжүүлэн тооцуулах нөхцөлийг бүрдүүлсэн нь чухал алхам болсон”-г ХНХ-ын дэд сайд С.Зулпхар дурдсан юм.

Түүнчлэн, хоёр улсын хооронд эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах талаар бизнес эрхлэгчдийн саналыг авахад 98 хувь нь хэлэлцээр байгуулах нь зөв гэснээс гадна БНСУ-ын зах зээлд бүтээгдэхүүнээ экспортлох сонирхолтой гэж хариулсныг МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин онцолж байв.

БНСУ-д одоогоор манай улсын 51 мянган иргэн амьдарч байгаагаас 37.7 мянга нь хөдөлмөр эрхэлдэг. Манай улс үйлдвэрлэж буй барааныхаа 2 хувийг БНСУ-д экспортолдог бол гадаадаас импортолдог барааны 4 хувийг тус улсаас авчээ. Харин БНСУ-ын 1816 иргэн манай улсад ажиллаж байна.

ГХЯ, Монголбанк, ЗГХЭГ, ХНХЯ, Монгол Улс дахь БНСУ-ын ЭСЯ, МҮХАҮТ хамтран зохион байгуулсан эрдэм шинжилгээний хурлаар Монгол Улс, БНСУ-ын худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал, ирээдүйн хамтын ажиллагааны боломж, хоёр улсын хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах боломж, хөдөө аж ахуй, нийгмийн хамгаалал, хүмүүн капиталын хөгжлийн чиглэлээрх хамтын ажиллагааны боломжуудын талаар судлаачид илтгэл тавьж хэлэлцүүлээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img