Энэ оны зургадугаар сард Италийн Милан хотноо өөд болсон Селвио Берлускони хэмээн тод улстөрчийн тухай өгүүлэхийн өмнө ямар характертайг нь онцлохгүй байх аргагүй. “Энэ “залуу”-гийн дүрсгүйтэл хэтэрлээ” гэж Италийн хашир консервативууд хэлж байлаа, тээр жилүүдэд. Ахмад улстөрчдийн нэгд багтах хэрнээ Сильвио үе үе гэнэн цочмог, чих дэлдийлгэм мэдэгдэл хийж, шүүхийн хаалга ч хэдэнтээ татаад авсан удаатай. Европ тивд зөвхөн түүний нэр л илүү тод цуурайтдаг байв. Захын хүүхэд ч Сильвиог анддаггүй байв, цагтаа.
Тэрээр олон жилийн өмнө Германы нэгэн нөлөө бүхий улстөрчийг “Концлагерын харгалзагч шиг” гэж хэлээд бөөн хэл ам дагуулж байсан түүхтэй. Сүүлдээ үүнийхээ төлөө Германы Засгийн газраас уучлал гуйсан билээ. Европын холбоог толгойлж байсан Италийн Ерөнхий сайдын хувьд тэгэхээс ч арга байгаагүй биз. “Хүчингийн хэрэг дийлдэхгүй байна. Тэглээ гээд бид ямар, сайхан хүүхэн бүрт цагдаа гаргаж өгөлтэй биш дээ” гэсэн хатуурхал нь итали бүсгүйчийг гомдоосон удаатай.
150 компанийг нэгтгэсэн “Файнинвест” холдингийн эзэн, манай гаригийн 25 дахь тэрбумтан, Ерөнхий сайд асан Сильвио Берлусконийн амьдралыг сөхөж үзэхүйд адал явдлаар дүүрэн кино мэт хөвөрдөг. Орчин үеийн улстөрчдийн дотроос Берлускони хэвлэл мэдээллийг өөрийн сурталчилгаандаа чадамгай ашигласан нь ийм амжилтад хүргэсэн гэдэг. Ирээдүйн бизнесмэн-улстөрч 1936 оны есдүгээр сарын 29-нд Италийн хамгийн баян хот Миланд банкны ажилтны гэр бүлд төржээ.
Берлускони төрөлхийн гүйлгээ ухаантай. Сургуульд байхдаа ангийнхаа хамгийн залхуу, муу сурдаг хүүхдүүдийн гэрийн даалгаврыг хийж өгөн, хариуд нь шан харамж авдаг байж. Тэрээр Миланы их сургуулийн хууль зүйн факультетэд элсэн ороод хажуугаар нь оюутнуудын эрдмийн ажилд туслаж, гэр ахуйн барааны дэлгүүрт худалдагч хийж, оршуулгын болон хуримын ёслолын гэр зурагчнаар ажиллаж, тэр бүү хэл шөнийн цэнгээний газруудад хөлсөөр дуулдаг байв.
Эрч хүчтэй, өөртөө итгэлтэйн хувьд хүмүүсийн эв дүйг амархан олно.Тэднээс хамгийн дотно нь жирийн нэгэн нарийн боовчны хүү Феделе Конфалоньер. Феделе төгөлдөр хуур тоглож, Сильвио контарас хөгжимдөн дуулж охидын хайрыг татаж явжээ. Тэдний хамтлаг Газрын дундад тэнгисийн орнуудад аялан тоглолт хийдэг байсан бөгөөд энэ нь залуу дуучныг алдар гавъяатай олон хүнтэй танилцуулсан байна. Ингээд сургуулиа дүүргэсний дараа эцгийнх нь ажиллаж байсан банкны захирал Карло Разинийн дэмжлэгээр Миланы барилгын бизнест хүч сорих болов. 1960-аад он бол Италид их барилга бүтээн байгуулалтын давалгаа эхэлсэн үе.
Сильвио өөрийн гэсэн “Эдилнорд” компанийг байгууллаа. Тансаг орд харш, төрөх болон оршуулгын газар бүхий “Милан-2”, “Милан-3” гэдэг дүүрэг сүндэрлэн босов. Сильвиогийн нэг арга бол барилга барих зориулалтын газруудыг маш хямд үнээр худалдан авах. Нисэх онгоцууд байнга дээгүүр нь нүргэлээд өнгөрдөг тул хэн ч ийм амгалан тайван бус газарт амьдрахыг хүсэхгүй шүү дээ. Берлускони зоригтой хөдөлжээ. Олон тооны барилга сүндэрлээд эхэлмэгч яагаад ч юм өнөөх нисэх онгоцууд уг газрыг тойрч нисдэг болов. Берлусконийн өрсөлдөгчдийн хор шар буцалж, хууль цагдаагийнхан ч түүний энэ гэнэтийн амжилтын нууцыг мөрддөг болов.
Барилгын бизнесийн нөр их ажилд Берлускони 10 гаруй жил нухлагдсан юм. Миланд баячуудын гэх тодотголтой хоёр том хороолол сүндэрлэх нь тэр. Сильвио хорооллуудаа өөрийн гэсэн телевизийн нэвтрүүлгээр хангахыг ухаарч эхлэв. Нэг үгээр хэлбэл, тухайн үед Италид цоо шинэ зах зээл болж нэвтэрсэн мэдээлэл харилцаа холбооны салбарт хүчээ сорьжээ. Архи, тамхинаас холхон, хоногт 18-20 цаг ажиллаж, Миланы иргэд шинэ хороололд шилжин суурьших үеэр “Телемилано” телевизийн сувгийг нээжээ. Ерөөс Италид үндэсний хэмжээнд арилжааны телевизийг хөгжүүлэх цаг болсон гэдгийг Сильвио сайтар мэдэрч байжээ.
Хувийн телевизтэй болохын тулд тэрээр улстөрчдийн дэмжлэгийг авахаар шийджээ. Тухайн үед Социалист намын дарга байсан Беттино Краксиг энд дурьдах нь зүйтэй байх. Краски Силвиод ашигтай хуулийн төслийг батлуулахын тулд Сенатынхныг лоббидож, нэг бус удаа өөрийн Засгийн газрыг золиосонд гаргаж байв. Ингэсний хүчинд 1980 онд Сильвио Италийн үндэсний хэмжээний анхны арилжааны телевсувгийг нээж, хэвлэл мэдээллийн магнат болон хувирлаа. Араас нь хоёр телевизийн сувгийг нээлээ. 1981 онд Берлусконитой холбоотой бас нэгэн шуугиан дэгдэв.
Түүнийг хуулийн байгууллагынхан гэмт хэрэгтнүүд, тэр дундаа неофашистуудтай холбоотой байдаг хэмээн буруутгав. Өмнө нь өч төчнөөн улстөр үүнээс болж шоронгийн хаалга татаж байсан удаатай. Харин Сильвио тэгсэнгүй. Учир нь түүний ард Краски гэж том лидер бий. Краски дуулиант хэргээс хойш хоёр жилийн дараа Ерөнхий сайд болсон бөгөөд түүний Засгийн газрын анхны алхам телевизийн зах зээлийг либералчлахад чиглэв. Энэ нь Сильвиог төрийн болон төрийн бус телевизийн магнат болох замыг шулуутгаж өгчээ.
Берлускони хоёр удаа гэрлэсэн. Анхны эхнэр нь 1965 онд гэрлэсэн Карле Эльвире Делль Ольо. Тэрээр ирээдүйн Ерөнхий сайдад хоёр хүүхэд төрүүлж өгсөн. Гэвч Сильвио 1980-аад онд ид хөлжиж, алдар нэр түгэхийн цагт 24 настай жүжигчин Вероника Лариотой /Жинхэнэ нэр нь Мириам Бартолини/ янаг амрагийн холбоо тогтоож, гэр бүл ч болов.
Нэртэй жүжигчин бүсгүйтэй гэрлэсэн нь Сильвиогийн нэр хүндийг улам ч өргөсөн биз. Сильвио сонин хэвлэлийн ертөнцөд хөл тавив. Нэрт сэтгүүлч Индро Монтанеллигийн эрхлэн гаргадаг үндэсний өдөр тутмын “Иль Жернале” сонины хувьцааг эзэмшиж, өөрөө бизнес телевизийн тойм сэтгүүл “Сорриси”-г ч орхисонгүй. 1980-аад оны сүүл гэхэд Сильвио Италид хамгийн их ашиг орлоготой хэвлэлийн газар болох “Мондадори”-ийг байгуулжээ. Түүнээс гадна “Станда” хэмээх сүлжээний дэлгүүр, компьютер үйлдвэрлэлийн “Оливетти” компани, “Медиоланум” банктай ч болжээ. 1986 онд хөлбөмбөгийн “Милан”клуб түүний эзэмшилд очив.
1988 онд “Милан” баг Италийн аварга, Европын аварга, Тив хоорондын цомын эзэн болж байв. Ийм олон хувийн, нэр хүндтэй байгууллагыг нэгтгэсэн “Файнинвест” холдинг нь хилийн чинадад сүлжээгээ нээжээ. “Файнинвест” нь хувийн гэдгээрээ Италид хоёр дахь, Европт хэвлэл мэдээллийн хамгийн корпораци гэгддэг. Нийт ажилчдынх нь тоо аль хэдийнэ 40 мянга давжээ.
Хилийн чинадад гэвэл, “Файнинвест” нь Францад арилжааны телевизийн “Ля Шан”, Германд “Телефунт”, “Испанид “Телесинко” зэрэг олон салбартай. Гэхдээ юм бүхэн дандаа амжилттай сайхнаар гялалзаад байдаггүй. 1990-ээд оны эхээр Италид улстөрийн томоохон өөрчлөлтүүд гарч, 40 гаруй жил ноёрхсон эрх баригч нам уналтад орсон бөгөөд Берлусконийн хэдэн найз нь баларч өгөв. Краски авлигын хэрэгт буруутгагдаж, шоронгийн хаалга татахаас айсан уу, Тунисид улс төрийн цагаачлалаар амьдрах болов.
Берлусконийн өр зээл ч гэж тоймоо алдлаа. Энэ хэвээр удаан байвал түүний бүх эзэмшлүүд гэрлийн хурдаар дампуурна. Тиймээс Берлусконид ганцхан боломж үлдэв. Тэр нь улстөрд орох. Тэрээр карьерынхаа шинэ дүр төрхийг чадмаг сонгожээ. Хэвлэлийн магнатын хэрэг тэгэхэд л гарсан гэдэг. Улстөрийн шинэчлэгч гэсэн имижийг өөртөө бий болгож, Америкийн Ерөнхийлөгч Рональд Рейган, Их Британийн Ерөнхий сайд Маргарет Тэтчер нарын бодлогыг Италид туршиж эхлэв.
Ийнхүү 1994 оноос Берлускони “Файнинвест” холдингийн Ерөнхийлөгчийн суудлаа орхиж, “Урагшаа, Итал орон” нам байгуулжээ. Намын гишүүд нь тэр чигээрээ “Милан”-ы хөгжөөн дэмжигчид. Нам нь төдөлгүй эрх баригч болсон ч Италид Эвслийн Засгийн газар байгуулахаас аргагүйд хүрч байлаа. Гэхдээ Засгийн газар нь жил хүрэхгүй хугацаатай л ажилласан. Эвсэл задарч, парламентын ээлжит бус сонгуульд зүүнийхэн ялжээ. Сөрөг хүчин Берлускониг авлига болон орлогоо нуун дарагдуулсан, татварын байцаагч нарт мөнгө атгуулсан, Краскигийн сонгуулийн кампанийг хууль бусаар санхүүжүүлсэн зэрэг хэрэгт буруутгасан төдийгүй ядахнаа л түүний Краскинд дансанд хийсэн 10 сая ам.долларын хэргийг сөхөх ньтэр. Берлускони шүүхээс гурван удаа шоронд хоригдох ял сонссон ч яаж ийгээд л мултарчихна.
Ингэж тэгч байтал 2001 оны сонгуулиар аз дайрч, “Урагшаа, Итал орон” нам нь ялалт байгуулжээ. Нэгэнт эрх мэдлийг олж, Ерөнхий сайд болсон учир түүнийг буруутгах хангалттай үндэслэлийг сөрөг хүчин олж чадахаа больсон юм. Хэдийгээр Берлусконитой холбоотой таагүй мэдээлэл хааяахан сонсогддог ч италиуд түүний үндсэрхэг үзлийг дэмждэг байв. Түүнийг “Кавалер” /Ард түмний хүн/ гэж нэрийдэх болсны цаадах том шалтгаануудынх нь нэг энэ байсан гэдэг.
Берлускони ер нь их дэгжин талдаа хүн байсан юм. Гадаад байдалдаа нэлээд анхаарна, гоо сайхны мэс засалд байсхийгээд орно, урлагт багагүй анхаарал тавина, дан өөрийн дуунаас бүрдсэн цомгийг 2003 онд худалдаанд гаргаж байсан гээд яривал сонирхох зүйл ихтэй улстөрч байв.