2024-07-22, Даваа
17 C
Ulaanbaatar

Б.Энхболд: Нийт баривчилгааны 73 хувь нь шүүхийн хяналтад орохгүй өнгөрч байна гэж ХЭҮК дүгнэсэн

УИХ  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар  хэлэлцэж буй. ХЭҮК-ын гишүүн Б.Энхболдоос уг хуульд хөндөгдөж буй дур зоргын гэгдэх баривчилгаа тойрсон асуудлаар тодрууллаа.

 -Шүүхийн шийдвэргүйгээр баривчилгаа хийгдэж, хүний эрх зөрчигдөж байгаа талаар яриа сануулгууд явдаг. Бодит байдал дээр ямархуу байгаа вэ?

-Гэмт үйлдлийг таслан зогсоож баривчлах ажиллагаа хийхдээ шүүхээс зөвшөөрөл авахгүйгээр тэр дор нь таслан зогсоох практик дэлхийн улс орнуудад байдаг. Энэ хэрэгцээ шаардлагыг үндэслээд, Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилж болно. Баривчлах тохиолдол нь дараах дөрвөн үндэслэлтэй байна гээд үндэслэл заасан байдаг.

-Ямар үндэслэл заадаг вэ?

-Гэмт хэрэг үйлдсэн дор нь, эсвэл үйлдээд зугтсан бол баривчлах, гэмт хэрэг үйлдсэн гэж гэрч, хохирогч шууд нэрлэн заасан, тухайн этгээдийн биеэс гэмт хэргийн ул мөр, эд зүйлс илэрсэн, гэмт хэрэг дахин үйлдэж болзошгүй үндэслэл байгаа тохиолдолд шүүхээс зөвшөөрөл авахгүй  нэн даруй баривчлаад, баривчилсан даруйдаа прокурорт мэдэгдэн, прокурор шүүхэд мэдэгдээд, энэ ажиллагаа хууль ёсных байсан уу үгүй юу гэдгийг хянана гэдэг хуулийн зохицуулалт 2017 онд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд орсон. Энэ ажиллагааг шүүхээс зөвшөөрөл авах боломж байсаар байтал шүүхээс зөвшөөрөл авахгүй тодорхой эрх зүйн зохицуулалт хийдлийг далимдуулаад, баривчлах ажиллагаа Монгол Улсад явагдсан байна. Энэ нь нийт баривчлах ажиллагааны 98 хувь байна гэж өнгөрсөн жил НҮБ-ын Дур зоргоор баривчлан саатуулахаас урьдчилан сэргийлэх ажлын хэсэг дүгнэсэн. Үүний дараа ХЭҮК дур зоргын шинжтэй,  шүүхээс зөвшөөрөл авахгүй бариад байна уу гэдгийг судалж, Монгол Улс дахь хүний эрхэрх чөлөөний байдлын талаарх  22 дахь илтгэлдээ тусгасан. Яаж тусгасан гэхээр Улаанбаатар хотын хэмжээнд сүүлийн гурван жилийн байдлаар шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан кэйсүүд, холбогдох хүмүүсийн хувийн хэрэгт дүн шинжилгээ хийж үзсэн. Нийт баривчилгаа шүүхийн хяналтад бүрэн ороогүй. Хуулиар шүүх энэ байдлыг 100 хувь хянаж байх ёстой. Гэтэл шүүхийн хяналтад бүрэн ороогүй байна. Нийт баривчилгааны 73  хувь нь шүүхийн хяналтад орохгүй өнгөрч байна гэж ХЭҮК дүгнэсэн.

Шүүхийн хяналтад орохгүй байх явдал нь хүний эрхийг зөрчих маш их эрсдэл үүсгэж байна.

Хүнийг нийгмээс тусгаарлаж тодорхой хэмжээгээр саатуулж байгаа энэ бүх ажиллагаанд шүүх хяналт тавих ёстой гэдэг олон улсын зарчмыг  УИХ-д танилцуулсан. Энэ хүрээнд УИХ-аас 35 дугаар тогтоол гарч, Хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, баривчлах, цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээний үндэслэл, эрх зүйн зохицуулалтыг нарийвчлан боловсруулж, УИХ-д танилцуулахыг Засгийн газарт  үүрэг өгсөн байдаг.  Энэ хүрээнд  Хууль зүй дотоод хэргийн яамнаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулаад, УИХ-д өргөн бариад байна.

Энэ төсөл дээр сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлах ажиллагаа цагдан хорих арга хэмжээний эрх зүйн зохицуулалтыг өмнө нь гарч байсан хүндрэл бэрхшээлүүдийг шийдвэрлэсэн байдлаар хуулийн төсөлд тусгасан. Энд ХЭҮК-оос 2023 оны дөрөвдүгээр сард  өгсөн зөвлөмжийг нэлээд сайн тусгаж оруулсан.

Энэ хуулийн төслийг хэлэлцэн, батлаад хэрэгжүүлэх албан тушаалтнууд мөрдөгч, прокурор, шүүгч нарын хууль хэрэглээний мэдлэг хандлагад өөрчлөлт гаргаж чадвал бид халдашгүй чөлөөтэй байх тэр дундаа шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах ажиллагаан дээр хүний эрхийг хангах боломж бүрдэнэ гэж  найдаж байна.

-Гэмт үйлдлийг  тэр дор нь таслан зогсоох практик дэлхийн бусад оронд ч байдаг гэлээ. Нийт баривчилгааны хэдэн хувьд нь ийм тохиолдол байхыг зөвшөөрдөг вэ?

-Олон улсад энэ зохицуулалт байна.  Үүнийг тусгасан эрх зүйн зохицуулалт маш нарийн, хэт ерөнхий биш, хэрэгжүүлэх  дарааллуудыг  тодорхой тусгасан байдаг. Энэ зарчимд нийцүүл гэдэг зөвлөмж ХЭҮК өгсөн. Урьд нь манайд үйлчилж байсан хуулийг өөр өөрөөр ойлгож хэрэглэх, хэт өргөн хүрээтэй зохицуулалт байсан. Ямар ч үндэслэлээр хүнийг шүүхийн шийдвэргүйгээр баривчилж болохоор  юм шиг зохицуулалт байсантай холбоотойгоор ийм асуудал үүссэн.  Нөгөө талаас Монгол  Улсад шүүхийн байгууллагын үйл ажиллагаа ачаалал, ажил  амралтын өдөр ажиллах боломж гэх мэт нөхцөл байдалтай холбоотойгоор шүүхээс зөвшөөрөл авахгүйгээр баривчлах ажиллагаа явуулах тохиолдлууд бий.

Тухайлбал шөнө гурван цагт алуурчинг барилаа гэхэд барихынхаа өмнө шүүхээс зөвшөөрөл авна гэж байхгүй шүү дээ. Бариад зөвшөөрлөө шүүхээс нөхөж авах асуудал яригдана.  Гэтэл маргааш нь хагас сайн өдөр байвал шүүх ажиллахгүй. Бүтэн сайн өдөр бас ажиллахгүй. Даваа гарагийн өглөө  шүүхэд мэдэгддэг.  Иймэрхүү хийдэл байсныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг дагаж Шүүхийн хуульд өөрчлөлт орж байгаа. Энэ хуулиудаар шүүхийн үйл ажиллагааны тасралтгүй байх зарчим тусгаж байгаа нь цаашид шүүх баривчлах ажиллагааг бүрэн хяналтад авах бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн асуудалдаа анхаарч бүрдүүлэх хуулийн төсөл давхар  өргөн  баригдсан.

-Өнөөг хүртэл дур зоргын гэгдэх баривчилгаа өндөр хувьтай явж иржээ. Нэг хуулийн заалт өөрчлөгдөхөд хүмүүсийн хандлага өөрчлөгдөх үү. Хуулийн өөрчлөлтийг дагаж холбогдох хүмүүсийн хандлага өөрчлөгдөх сургалт бусад ажлууд явах уу?

-Мэдээж үүнийг хийх зайлшгүй шаардлагатай. Яагаад ийм алдаа гарсан юм бэ гэхээр   2017 онд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг тавдугаар сарын 11-нд батлаад, долдугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдсөн. Энэ хооронд хуулийн үзэл баримтлал агуулга, юу нь болох, юу нь болохгүй юм.  Өмнөх хуультай харьцуулахад ямар дэвшилтэт зохицуулалтууд орсон гэдгийг бүрэн танилгүйгээр хууль хэрэгжүүлэгч нар  үйл ажиллагаандаа ашиглаж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор хуулийг өөр өөрсдийнхөөрөө ойлгох хандлага гарсан. Хуульд дэвшилттэй, хүний эрхийг хангасан зохицуулалт оруулахын зэрэгцээ энэ чинь  ийм шүү  гэдгийг маш сайн ойлгуулах сургалт сурталчилгааны ажил дотооддоо болон бусад байгууллагатай харилцан мэдээлэл солилцож, хэрэгжүүлэх шаардлагатай. Жишээлбэл, прокурор нэг ойлгож байна, шүүх нэг өөрөөр ойлгож байна. Мөрдөгч бас өөрөөр ойлгож байна. Эд өөр өөрөөр ойлгоод байвал хүний эрх хангагдахгүй.

Энэ гурав ойлголтоо нэгтгэх ёстой. Хандлагаа өөрчлөх ёстой. Дээр нь хууль нь ямар ч хүн яаж ч уншсан нэг л утгаар ойлгогдох агуулгатай байх учиртай.

-Хуулийг гуйвуулж тайлбарлах хэрэглэх муу жишиг байдаг. Иргэдийн дунд баасан гаригийн баривчилгаа гэсэн ойлголт байдаг. Зориуд амралтын өдрүүдийг дайруулан баривчилгаа хийдэг тухай яриа явдаг. Энэ байдлыг арилгах асуудал хуульд тусгаж байгаа юу?

-Өнгөрсөн онд ХЭҮК-оос УИХ-д танилцуулсан тайланд яг энэ асуудал туссан.

Иргэдийн дунд “Хар баасан гараг” гэсэн яриа явдаг. Өөрөөр хэлбэл тав дахь өдөр хүнийг баривчлаад даваа гараг хүртэл ямар ч хяналтгүйгээр саатуулчихдаг юм байна гэсэн ойлголт байдаг. Үүнд хариулт өгье гэж ХЭҮК зорьсон.

Бидний  судалсан 863 кэйс дээрээс үзэхэд баасан гарагт хамгийн бага баривчилгааны статистик  гарч ирсэн. Хамгийн өндөр хувьтай баривчилдаг өдрүүд нь мягмар, лхагва гарагт байна. Мөрдөх байгууллага хэн нэг хүнийг баривчлахдаа дараагийн өдөр, тэрний дараагийн өдөр  ажлын өдөр байхаар тооцож, баривчлах ажиллагаа  хийдэг. Ажлын өдөр шүүх нээлттэй байдаг. Тийм учраас саатуулсан хүнээ 24 юм уу 48 цагийн хугацаа дууссаны дараа  шүүхээр хэлэлцүүлэхийг эрмэлздэг гэдэг судалгааны дүн гарч байгаа юм.  Пүрэв гарагт баривчилчихдаг.  Бямбад 48 цагийн хугацаа дуусдаг. Шүүх ажиллахгүй байна гээд шууд сулладаг. Арай гэж баривчилсан  хүнээ суллаад явуулахгүйн тулд 48 цагийн хугацаа дуусах өдөр нь ажлын өдөр байхаар тооцдог юм билээ.

-Хүнийг баахан хорьж саатуулсныхаа дараа хэрэг хийсэн  нь батлагдахгүй байна гээд  суллаж тавьж байгаа тохиолдлууд байх юм. Энэ асуудалд анхаарсан  уу?

-Шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлагдсан этгээд өөрийг нь хууль бусаар баривчилсан гэж үзвэл суллагдсан даруйдаа шүүхэд  гомдол гаргах эрхийг нь нээж өгч байгаа.

  Хоёрдугаарт баривчлагдсан тухайд холбогдох үндэслэл  материалтай танилцах эрх олгож байгаа юм.  Ингэснээр хэн нэг хүнийг дур зоргоор баривчлах байдал таслан зогсоогдоно. Дараа нь хариуцлагын механизм үйлчлэх хөшүүрэг бий болгож байгаа юм.

Ямар ч байсан намайг баривчилж 48 цаг саатуулсан нь хууль бус  байсан гэж гомдол гаргасан тохиолдол одоогоор байхгүй байна. Баривчлаад суллаж байна гэдэг гэмт хэрэгт холбоогүй байна гэсэн ойлголт биш. Үргэлжлүүлээд эрүүгийн хэрэгт холбогдуулж шалгана. Гэхдээ та гадуур байж болно дуудсан цагт хүрэлцэн ирэх гэх мэт өөр баталгаа авах механизмууд байдаг.

 –Гурван шатны шүүхээс гэм буруутайд тооцогдож байсан С.Баярцогтын  хэргийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсан. Өөр ийм тохиолдлууд хэр байдаг вэ?

-Ийм тохиолдлууд байна. Удаан хугацаагаар шалгагддаг. Энэ хугацаандаа хоригддог. Тэгээд сүүлд нь хэрэг нь хэрэгсэхгүй болдог. Энэ тохиолдолд  тухайн хүний эрхийг сэргээх ажил юунаас эхлэх ёстой вэ. Тухайн хүн өөрөө  хэлмэгдсэн гэж гомдол гаргахаас эхэлнэ. Ер нь хууль бусаар удаан хугацаагаар  хоригдсон, үүний дараа  гэмт хэрэгт холбогдолгүй нь шүүхийн шийдвэрээр тогтоогдож цагаадсан  шийдвэрүүд гардаг. Ийм шийдвэр гарсан тохиолдолд ХЭҮК төлөөлөн нэхэмжлэл гаргаж, тэр хүнд учирсан хохирлыг  гаргуулдаг практик бий. Хамгийн сүүлд 2022 онд бид ийм байдлаар шалгагдаж, гэм буруугүй нь тогтоогдсон хүний нөхөн төлбөрийг нэхэмжилж Засгийн газраас гаргуулж байсан. Харин тухайн  хүн гомдол гаргаагүй бол ХЭҮК хэн нэг хүний өмнөөс гомдол гаргах боломжгүй.

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр “Хүнийг үндэслэлгүйгээр цагдан хорьсон, гэм буруутай нь нотлогдоогүй хүмүүсийн хохирлыг мөнгөн дүнгээр тооцоход 2.4 тэрбум төгрөг байна” гэж ярьсан. Шүүхийн шийдвэр гарсан ч төр энэ хохирлыг хараахан барагдуулаагүй байдаг гэнэ.  ХЭҮК энэ тохиолдолд оролцох боломж байдаг уу?

– 100 сая төгрөг олго гэх мэтээр шүүхийн шийдвэр гардаг. Үүнийг ХЭҮК  барагдуулах ёстой гэсэн байр суурьтай байдаг. Үүнийг барагдуул, дараа нь төр гэм буруутай этгээдээс хохирлоо гаргуулж авах механизмаа бүрдүүл гэж удаа дараа санал зөвлөмж хүргүүлдэг.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img