2024-10-05, Бямба
-0 C
Ulaanbaatar

Ерөнхийлөгчөөс хоньчин болсон жилүүд: МАХМУД АХМАДИНЕЖАД

Гутлаараа индэр цохиж танхайрсан Хрущевийн алдарт илтгэлээс хойш ийм явдал НҮБ-д огт болж байсангүй. НҮБ-ын Ерөнхий ассамблейн 60 дугаар чуулганд Ираны шинэ Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад ирэхээр болсон нь Ист-риверийн цамхагт буй олныг цус харвуулах дөхөвж байв, тээр жил. Он удаан жил нойрссон хаант улс сэрлээ хэмээн тухайн үеийн хэвлэлүүд ам уралдуулж байлаа. Сонгуулийн кампанит ажиллагааны үеэр АНУ, Израильд юу чаддагаа харуулна гэж ам өчиг өгсөн хүнээс чухам ямар сюрприз ирж болохыг тэд дор дорноо таамаглаж байсан юм.

Ахмадинежад хэдийгээр Америкийн визийг зүгээр л авчихаж болохгүй тул энэхүү дуулиант явдлаас зайлсхийх боломжтой гэж тэд эхэндээ найдаж байв. Гэтэл Буш, АНУ-д ирэхийг Ахмадинежадад зөвшөөрснөө зарламагц түгшүүрт байдал туйлдаа хүртэл ширүүссэнийг тэртээх жилүүдийн хэвлэлийн шарласан хуудаснаас харж болно.

Одоо тээр жилийн тэр нэг өдөр рүү эргэж очъё. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга К. Райс Ираны цөмийн асуудлыг бид шийднэ, шийдсээр ч байх болно хэмээн эрс шийдэмгий мэдэгдээд “цай уух” зуур ч болоогүй байтал Ираны Ерөнхийлөгч НҮБ-ын индэр дээр гарч ирэв. К.Райсын дараа иран эрийн хэлсэн үгэнд ямар нэгэн гүн утга байж таарна. Танхимд байсан хүмүүс Махмудын амнаас ямар үг унах бол гэж чимээ даран хүлээж байлаа.

Үнэндээ Махмуд Хрущев шиг гутлаараа индэр цохиогүй юм. Тэрээр, Ираны цөмийн хөтөлбөрийг зогсоох гэсэн өрнөдийнхний оролдлого бол “Атомын апартейд” (атомын хөтөлбөрийг нь ялгаварлан гадуурхах гэсэн үг)юм. Атомын төхөөрөмжийг бүрэн сэргээлгүйгээр цөмийн түлшийг энхийн зорилгоор ашиглана гэдэг бол үнэндээ хий хоосон мөрөөдөл” гэж хэлсэн нь өрнөдийн дипломатчдыг суудлаасаа огло үсрэхэд хүргэсэн гэдэг.

“Энэ бол дэлхийн нийгэмлэгт тохиолдсон хамгийн хүнд үе” хэмээн Их Британийн Гадаад хэргийн сайд Жек Стро уулга алдаж байв, тухайн үед. Европын холбооны төлөөлөгч “Ираны асуудлыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд шилжүүлэх цаг иржээ” хэмээн мэдэгдэж байлаа. Харин дэлхийн удирдагчдаас ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин л Махмуд Ахмадинежадтай нүүр тулан дотночлон ярилцаж байв. “Хүчирхэг Иран бол Оросын ашиг сонирхол, хүчирхэг Орос бол Ираны ашиг сонирхол” гэсэн тал зассан үг тэгэхэд Ираны Ерөнхийлөгчийн амнаас унаж байлаа.

Улс гүрэн бүрт үндэсний удирдагчийн төрсөн түүх нууцлаг байдаг. Зарим нь ард түмнийхээ хайр хүндэтгэлээр тодорч чаддаг байхад зарим нь улс төрийн тэргүүний технологийн хүчээр гэнэт л гараад ирдэг. Үнэндээ Махмуд Ахмадинежад ч гэсэн яг ийм технологийн бүтээгдэхүүн болсон улстөрч юм. 1997 оны зургаадугаар сард болж өнгөрсөн Ираны Ерөнхийлөгчийн сонгуульд Тегераны амбан захирагч Махмуд Ахмадинежад гэнэт ялалт байгуулаад гарч ирсэн нь дэлхий нийтийг шуугиулсан билээ. Энэ үеэс л Ойрхи Дорнодод түүний нэр цуурайтах болов.

Махмуд Ахмадинежадыг бага залуудаа зартай гэмт этгээд байсан мэтээр зарим хэвлэлүүд мэдээлдэг. Ялангуяа оюутан байхдаа Ираны хааны эсрэг бослогод биечлэн оролцож, гартаа буу зэвсэг барьчихсан харайж явсныг түүхэн гэрэл зургууд нотлодог юм билээ. 1979 онд өрнөсөн Исламын хувьсгалын дүнд суудлаасаа унасан Ираны сүүлчийн хаан Мохаммед Реза Пехлевийг анх Их Британи болон Зөвлөлтийн дайчид эв санаагаа нэгтгэн байж хаан ширээнд залсан түүхтэй. Тэд 1941 оны есдүгээр сард Иранд нэвтэрсэн бөгөөд түүний эцэг Реза Шахыг улстөрийн тавцангаас зайлуулжээ.

Учир нь, Сталин, Черчилль нар түүнийг Германы дэмжлэгийг авсан гэж үздэг байж. Хаан ширээнд заларсан даруйдаа Мохаммед Реза Пехлеви Сталин, Черчилль хоёрын итгэлийг хүлээсэн гэдгээ харуулах зорилгоор Германд дайн зарлаж, тэр ч байтугай 1943 онд Тегеранд холбоотнуудын томоохон хурлыг зохион байгуулжээ. Гэхдээ дайны дараа дэлхийн эдийн засагт газрын тосны “бум” болж, хаан ч Ираны нефтийн ордуудыг өрнөдийн компаниудад баруу солгойгүй өгч эхэлсэн байна. Хааны энэ увайгүй үйлдлийг ард түмэн нь зүгээр хараад сууж чадсангүй. Түүний эсрэг ард түмний хөдөлгөөн өрнөх шинжтэй ч болов.

МАХМУД АХМАДИНЕЖАДИраны оюун санааны удирдагч гэгддэг байсан Аятолла Хомейни тэр үед хаан Мохаммед Резаг исламаа ухарч, өрнөдийнхөнд толгой гудайлгасан хэмээн буруутгаж байлаа. Эзэн хаан ч өөрийнх нь эсрэг янз бүрийн тэмцэл өрнөж эхэлснийг ойлгомогц Аятолла Хомейнийг хөрш Иракт цөлж орхижээ. Аятолла Хомейни 1979 оны хоёрдугаар сарын 1-нд Иранд буцаж ирэх хүртлээ Иракийн Нежеф хотын шийтийн ариун сүмд амьдарч байв. Буцаж ирсэн даруйдаа тэрээр эзэн хаанд хүнд хүнд цохилтуудыг өгч эхэлсэн байна. Иранд исламын үнэт зүйлсийг сэргээхийг уриалсан бөгөөд иранууд ч гудамж талбайдаа жагсан ойр хавийн архи дарсны дэлгүүр, казино болон өрнөдийн сургалтын төвүүдийг галдан шатааж, улс орныг хамарсан үймээн болж хувирлаа. Хаан Пехлевийн орд өргөө ч үймээний хөлд үрэгджээ.

Хаан хувийн цуглуулгадаа гурван мянга орчим тансаг автомашинтай байсан гэдэг. Бүгд устжээ. Аятолла Хоменей засгийн эрхэнд гарангуутаа исламын зарчмуудыг тунхагласан байна. Түүний үзэж буйгаар төрийн дээд засаглал зөвхөн шашны удирдагчийн гарт төвлөрч байх учиртай. Төдөлгүй Ираны төр засаг нэг хүний мэдэлд шилжсэн юм. Иран өрнөдтэй холбоо тасарч америкууд тус улсын эсрэг эдийн засгийн хориг авч эхэлжээ.Аятолла Хомейни өөрийгөө бурханы шинэ элч гэж зарласан төдийгүй дэлхий даяар исламын “түймэр” тавихыг байнга уриалж байв.

Яг энэ үед ирээдүйн Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад оюутан байсан бөгөөд өөрийгөө исламын шинэ ертөнцийг бүтээгч гэж үзэж байжээ. Хожим Махмуд Ахмадинежадыг тангараг өргөх үеэр нэгэн жигтэй шуугиан гарч билээ. 1970-аад онд Иранд амьдарч байсан америк иргэд 49 настай, ер бусын дайчин ширүүн дүр төрхтэй шинэ Ерөнхийлөгчийг исламын хувьсгалын үеэр Америкийн дипломат төлөөлөгчдийг барьцаалж явсан хүн мөн болохыг анзаарчихаж. Нэг ёсондоо хүний амь бүрэлгэж танхайрсан оюутан Ираны удирдагч болсонд тэд мэл гайхжээ. 1979 оны Ираны исламын хувьсгал бол Америкийн эсрэг кампани байсан юм.

Тэрээр ерөнхийлөгч байх үедээ энгийн, жирийн гэдгээрээ алдартай нэгэн байв. Америкийн “Fox news” телевизийн сэтгүүлч Махмуд Ахмадинежадаас “Та өглөө босоод толинд харж байхдаа өөртөө юу гэж хэлдэг вэ” гэж сонирхоход мань эр “Би толинд туссан дүрсэндээ, сайн санаж ав чи бол жирийн нэг зарцаас дээрдэх юмгүй шүү гэж хэлдэг” хэмээн хариулсан удаатай.

Тэрээр ерөнхийлөгч болонгуутаа ерөнхийлөгчийн өрөөн дэх эртний Тегераний сүмийн үнэт перс хивснүүдийг энгийн хямдхан хивсээр солиулсан гэдэг. Ерөнхийлөгч болонгуутаа хөрөнгө орлогын мэдүүлэгтээ өөрийн хөрөнгөө “Пежо 504 фирмийн 1977 үйлдвэрлэгдсэн автомашин нэг ширхэг. Тегараны ядуусын хороолол дахь 40 жилийн өмнө эцгээсээ өвлөн авсан жижиг хуучны орон сууц нэг ширхэг” гэж бичсэн байдаг.

Ерөнхийлөгч байхдаа цүнхэндээ эхнэрийнхээ бэлдэж өгсөн маслотой талх гэх мэт даруухан өглөөний цайг авчирдаг байсан Махмуд Ахмадинежад гэрийнхээ ойролцоох гудамжны цэвэрлэгчдийн ажилд туслалцдаг байсан талаар хэвлэлүүд онцлон шагшин бичдэг байв. Буудалд буудаллахдаа газар нимгэн гудас дэвсээд унтдаг, сайд нарыг томилохдоо албанаасаа буухдаа албаа авсан үеийнх шигээ орлоготой байхыг шаарддаг, цалин авдаггүй, бичсэн зүйлс, өөрийн хөдөлмөрөөрөө олсон зүйлсээсээ л орлого олдог байсан Ираны экс ерөнхийлөгчийн талаарх сүүлд өрнөсөн шуугиантай мэдээлэл гэвэл “нутагтаа хонь хариулан амьдрах” болсон нь байлаа.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img