2024-07-27, Бямба
23 C
Ulaanbaatar

РОБЕРТ ФРИЙДЛАНД: Улаанбаатарын агаарыг цэвэршүүлэх нь зөвхөн Монголын биш дэлхийн асуудал

"Айвэнхоу Майнз” компанийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Роберт Фрийдланд энэ намар болсон "Mining week”-ийн гол илтгэлийг тавьсан юм. Дэлхийн хөрөнгө оруулагчдын анхааран чагнадаг энэ эрхэм Монголд болж буй уул уурхайн арга хэмжээнд үг хэлсэн нь онцлох үйл явдал байв. Түүний илтгэлээс тоймлон хүргэе.

МОНГОЛ ШИГ АГУУ УЛС ШИЙДЧИХ БОЛОМЖТОЙ АГААРЫН БОХИРДОЛ ДУНД БАЙГАА НЬ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ БОЛОМГҮЙ ЯВДАЛ

Хэрвээ та сансрын зургийг үзвэл хязгааргүй уудам орон зайн дундах өчүүхэн жижиг цэгийг олж харна. Таны хайртай хүн бүхэн, таны таньдаг хүн бүхэн, таны үл таних хүмүүс ч энэхүү нандин цэнхэр цэг дээр амьдардаг билээ. Одон орон судлаач, шинжлэх ухааны суут эрдэмтэн Карл Саганы 1994 онд бичсэн “Бүдэг цэнхэр цэг” хэмээх гайхамшигт номоос эшилж байна. Биднийг сургуульд байхад хүн бүрийн сайн мэдэх, нар төвтэй нарны аймгийн зургийг үзүүлдэг байсан.

Гэвч тэр зураг буруу төдийгүй, бодит байдлаас хол зөрүүтэй аж. Үнэндээ манай нарны аймаг цагт 514 мянган бээрийн хурдтайгаар сүүн замыг тойрдог агаад сансрын аялал бидэнд зааснаас тэс өөрөөр харагддаг байх нь. Сүүн замыг тойрон эргэж буй нар маань сүүлт од шиг харагддаг бөгөөд цагт 514 мянган бээр хурдалж буй тул татах хүч нь гарагуудыг өөр лүүгээ татснаар ДНХ шиг эрчлээст ороомог маягийн хэлбэр үүсгэдэг байна.

Гарагууд нарыг тойрон эргэлдэх бидний мэдэх зургаас өөр байгаа биз. Үнэн хэрэгтээ бидний дэлхий гарагуудыг ардаа чирж яваа сүүлт од юм. Бид ийм аюултай бас хэврэг ертөнцөд амьдарч буй учраас энэхүү сансрын аялалд бүгдээрээ хамт яваа гэдгээ ойлгох нь хамгаас чухал. 100 жилийн өмнө манай дэлхийн дулаан, тэг хэмийн дотор нэлээд тогтвортой байсан. Бүх зүйл тун дажгүй байж. 1920-иод онд Америк орон цэцэглэн дэвшиж, эдийн засаг эрчимжлээ. Дараа нь дайн…

Агуу их эх орны дайнд Монгол Улс Германы эсрэг нэгдсэн. Дэлхийн II дайны дараа АНУ-ын эдийн засгийн хөгжил улам идэвхжсэн.Яг энэ үед Хятад улс “унтаж“ байв. “Унтаж” байсан Хятад улс 1980-аад онд гүн нойрноосоо сэрж, эдийн засгийн үлэмж өсөлтөө эхлүүлсэн яг тэр үеэс л дэлхий“дулаарч” эхэлсэн байдаг. Хятадуудын шатааж буй тэр их нүүрс дэлхийг аажим аажмаар халуун болгосон нь өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байна. Дэлхийн дулааралд нөлөөлсөн хүчин зүйлийн нэг нь Хятадын хэт их хэрэглээ яах аргагүй мөн. Дэлхий улам бүр дулаарсаар байна. Дэлхийн дулаарлыг 1.5 хэмд хязгаарлах нь бараг л боломжгүйг эрдэмтэд сануулсаар байгаа.

Харамсалтай хэдий ч бид яаж ч хичээж, юу хийхээс үл хамааран дэлхийн дулаарал 1.5 хэмээс давах төлөвтэй байна. Өдгөө Европ тивийнхэн хортой агаар залгиж буйгийн улмаас олон нийтийн эрүүл мэндийн ноцтой хямралтай учирсан бөгөөд тус тивийн бараг бүх хүн агаарын бохирдлын аюултай түвшинд хүрсэн нутгуудад амьдардаг. Бид Улаанбаатарыг энэ аюулаас сэрэмжлэхийн тулд бохирдол үүсгэж буй цахилгаан станцуудыг хааж, агуу үндэстний нийслэл хотын агаарыг цэвэршүүлэх ёстой. Монгол шиг агуу улс шийдвэрлэх боломжтой агаарын бохирдол дунд байгаа нь хүлээн зөвшөөрч боломгүй явдал. Өвлийн цагт агаарын бохирдолтой тулгарч буйнь зөвхөн Монгол Улсын асуудал биш.

Европ даяар яг ийм асуудалтай нүүр тулдаг. Яагаад ийм зүйл тохиолдов. Дэлхий дээр чухам юу болоод байна вэ? Монголчууд хөдөө орон нутгаас Улаанбаатар хот руу шилжин суурьшдагтай адилаар сүүлийн 35 жилийн хугацаанд дэлхий даяар 2.3 тэрбум хүн хот суурин руу нүүдэллэжээ. Улаанбаатар улам бүр өргөжин тэлсээр буйтай адил их нүүдэл дэлхий даяар эрчимтэй өрнөж байна.

Дубай хот гэхэд л анх 325 мянган хүнтэй үүсэн байгуулагдсан бол ахархан хугацаанд 3.3 сая хүнтэй болсон. Хятадын Сувдан мөрний бүс 1984 онд 9.5 сая хүнтэй байсан бол өдгөө тус бүс нутагт 81 сая хүн ам аж төрж байна. АНУ-ын Невада мужийн Лас Вегасын хүн ам асар богино хугацаанд 10 дахин өсөж, 2.7 саяулаа болж. Тэр хэрээр цэвэр усны нөөцийн асар том дарамт, агаарын асар их бохирдолтой тулгарч байгаа нь тодорхой.

Их нүүдэл үргэлжилж, дэлхий даяар долоо хоногт гурван сая хүн хот руу нүүж байна. Энэ их нүүдэл яг энэ хурдаараа үргэлжилсээр байвал 2050 онд дэлхийннийт хүн амын 68 хувь нь хотод амьдардаг болно гэх тооцоолол бий. Энэ их нүүдэл, өөрчлөлт хүн төрөлхтөнд ямар нөлөө үзүүлж байгаа бол…

Өдгөө дэлхий эрчим хүчний хямралтай тулгарчихлаа. Дэлхийн өнцөг булан бүрд эрчим хүчний хямрал нүүрлэж, үнэ нь нэмэгдэж байна. Дээр нь геополитикийн хямрал нэмэгдэнэ. Гэтэл Монголд дөрөвдүгээр цахилгаан станцын нүүрстөрөгчийн ялгарал өндөртэй эх үүсвэрээс холдох эрчим хүчний шилжилт хараахан биеллээ олоогүй л байна.Улаанбаатарын агаарыг цэвэршүүлэхийн тулд бидэнд өөр зүйл хэрэгтэй. Энэ бол зөвхөн Монголын асуудал биш, дэлхийн хэмжээний асуудал.

Бодит үнэнээс бултах газаргүй. Дэлхий дахинд эрчим хүчний сүлжээ өдөр ирэх тусам найдваргүй болж байна. АНУ-ын ихэнх хэсэгт цаг агаарын эрс тэс үзэгдлээс үүдэн цахилгаан тасрах эрсдэл нэмэгдэж, 400 сая хүнийг цахилгаанаар хангаж буй эрчим хүчний сүлжээ улам бүр эмзэгшиж байна. Шуудхан хэлэхэд, Америкийн эрчим хүчний сүлжээг хоногоо хүлээн хэвтэж буй өтөл бууралтай адилтгаж болно. Тус улс бүхэлдээ цахилгаан машины хэрэглээнд шилжихэд манай гараг үл даах их зэс шаардагдах нь лавтай.

Техаст хэд хэдэн удаа хэт халж, хүмүүс агааржуулагчаа өдөр шөнөгүй ажиллуулснаар рекорд эвдсэн цахилгааны эрэлтийг бий болгожээ. Түүнчлэн энэ зун Техас болон Америкийн бусад бүс нутагт цельсийн 43 хэм давсан хэт халалт үүссэнээр эрдэнэт хүний амь эрсэдсэн харамсалтай тохиолдол ч гарсан. Түүнчлэн Аризона мужийн Феникст 37 өдрийн турш агаарын хэм өдөр ирэх бүр нэмэгдсээр цельсийн 40-45 хүрсэн нь урьд хожид үзэгдээгүй явдал байв. Дэлхийн дулаарал айдас хүйдэс, зөгнөл биш, бодит сорилт, улаан нүүрээрээ халз тулж буй аюул юм.

Өнгөрсөн жил Грекийн Родос арал дээр том хэмжээний гал гарч, Алжир, Хорват, Грек, Итали, Португал, Испани, АНУ-ын газар нутгийг дамнасан түймэр дэгдэн, АНУ-ын Ерөнхийлөгч Байден үндэсний хэмжээнд цаг уурын онц байдал зарласан. Мөн Хавайн Мауи арал дээр асар хүчтэй түймэр дэгдсэн нь урьд хожид үзэгдээгүй гамшигт үзэгдэл байлаа. Бид бүгд шонгийн модон дээрх яст мэлхийтэй адилхан болчихсон мэт…Хэрвээ та шон дээр яст мэлхий аваачиж тавибал сайхь мэлхий тэнд яаж хүрснээ ойлгохгүй төдийгүй юу хийж суугаагаа ч мэдэхгүй нь лавтай.

Шон дээрх яст мэлхий байгалийн зөн совин, төрөлх чадвараа ашиглах боломжгүй болно. Ямар гээчийн тэнэг нь хөөрхий яст мэлхийг шон дээр аваачиж тавьсан юм бол гэж та гайхах биз. Яст мэлхий шонгийн орой дээрээс унаад яаж гэмтэж бэртэхийг бодохоос ч өрөвдөлтэй. Яг ийм байдал хүн төрөлхтөн орчихоод байна. Бид шонгийн модон дээрх яст мэлхий болчихжээ.

Бид энд яаж гарч ирснээ мэдэхгүйгээс гадна нүсэр их ажил нугалж баймааж, хамтдаа нааштай өөрчлөлт хийх учиртай болчихоод байна. Энэ үйл явцад Монгол Улс яагаад дэлхий дахины хэмжээний чухал ач холбогдолтой, үүрэг оролцоотой вэ гэдгийг тайлбарлая.

2035 ОН ГЭХЭД ЗЭСИЙН ЭРЭЛТ 82 ХУВИАР НЭМЭГДЭХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА

АНУ-ын Засгийн газар Инфляци бууруулах хууль буюу минийхээр, “Инфляци бий болгох хууль” баталж, сэргээгдэх эрчим хүчийг дэмжих, бохирдлыг бууруулах, хүрээлэн буй орчны шударга ёсыг тогтоох зорилгоор 1:4 хөшүүрэгтэй 400 тэрбум ам.доллар төсөвлөсөн. Өөрөөр хэлбэл, нийгэм журмыг эмхлэн зохион байгуулах 1.6 их наяд ам.доллар бэлэн байгаа гэсэн үг. АНУ үйлдвэрлэлийн өргөн цар хүрээтэй бодлого явуулж буй анхны тохиолдол энэ бөгөөд хуучны ЗХУ, Европ, түгшиж зовнисон Хятад шиг төвлөрсөн төлөвлөгөө гаргаж байна.

Шулуухан хэлэхэд, Байдены цахилгаан машин борлуулах төлөвлөгөө эрдэс баялгийн нэн чухал хангамжид дарамт учруулж байна. Тэр ч утгаараа “Стеллантис”, “Тоёота” зэрэг томоохон үйлдвэрлэгчид Байдены засаг захиргааг шүүмжилж, түүхий эдийн хангалттай нөөцгүй үед хэтэрхий олон цахилгаан тээврийн хэрэгсэл худалдах нь металлын нэн чухал хангамжийг сааруулах эрсдэлтэйг сануулдаг. Бид яаж хэдэн зуун сая цахилгаан машин үйлдвэрлэнгээ нүүрс устөрөгчийг шатаахаа зогсоох юм бэ. Энэ бүхэн ямар ноцтой асуудал үүсгэх талаар 80 настай тэр хөгшин ямар ч ойлголтгүй байгаа нь тодорхой. Дээр нь Украинд болж буй “үзэгдэл” үнэхээр дарамт болж байна. Үгүй гэж үү?

Дэлхийн II дайнаас хойш энгийн иргэдийг бөмбөгдөж байхыг бид хараагүй. Би л хувьдаа Украин, Оросын ард түмнийг угсаа гарал нэг гэж боддог. Цэрэг армийн үйл ажиллагаа их хэмжээний зэс шаарддаг. Хүн төрөлхтөн үүсэн бий болсон цагаасаа эхлээд өнөөг хүртэл 700 сая тонн зэс олборлосон. Америкийн цахилгаан эрчим хүчний сүлжээнд 150 сая тонн зэс хэрэглэгддэг.

Хүн төрөлхтний олборлосон нийт зэсийн 80 хувийг дахин боловсруулан ашигласаар байгаа гэх тооцоо бий. Дэлхий нийтийн эдийн засгийн өсөлтийг ердөө гурван хувьд хангахын тулд МЭӨ 4000 оноос хойш сүүлийн 10 мянган жилд олборлосонтой тэнцэхүйц буюу 700 сая тонн зэс дараагийн 22 жилд шаардлагатай болох нь. Дэлхийн эдийн засгийг цахилгаанжуулахгүйгээр, хуучны явж ирсэн аргаар нь тооцож гаргасан тоо шүү энэ. Цахилгаан эрчим хүч гаргаж авахын тулд нүүрс түлдэг, нүүрс устөрөгч шатаах үед шаардагдах дүн гэж ойлгож болно.

Энэ бол уурхайчдын нуруун дээр ирж буй асар хүнд ачаа бөгөөд гагцхүү тэд л зэс олборлох цэвэрхэн, шинэ, тогтвортой арга хайж олж чадна хэмээн ертөнц даяараа найдлага тавин хүлээж байна. Монгол бол дэлхийн хамгийн том зэсийн нөөцийг агуулсан орнынэг.

Монголын говийн хөрсөн дор зэсийн агуу том ордууд нойрсож буй. Уудам дэлгэр газар нутагтайгаа харьцуулахад хүн ам сийрэг суурьшсан Монгол шиг ганц улсад асар их баялгийн өв ийнхүү хадгалагдаж байгаа нь магад Чингис хааны агуу их сүр хүчтэй холбоотой биз. Ямартай ч зэсийн хомсдол нь эрчим хүчний шилжилтийг сааруулж болзошгүй хэмээн “S&P 500”-аас анхааруулж буйг энд дурдая. 2050 он гэхэд нүүрстөрөгчийн ялгарал, шингээлтийг тэглэхийн тулд бидэнд асар их зэс хэрэгтэй. 2035 онд зэсийн эрэлт одоогийнхоос хамгийн багадаа 82 хувиар нэмэгдэх төлөвтэй байгаа тооцоо ч бас гарчихсан байна.

Би Монгол оронд 1994 онд буюу даруй 29 жилийн өмнөанх хөл тавьсан. Цаг хугацаа ямар хурдан гээч.Магадгүй та миний адил 73 нас хүрэхээрээ “Юу болоод өнгөрөв?” гэхээс өөрийг хэлж чадахгүй биз. 73 настай хүний биед царцсан 18 настан байх шиг санагдах үе ч бий. Өнөөдөр намайг сонсон суугаа хэн бүхэнд цаг хэрхэн хурдалдгийг хэлж өгье. Боинг 747 загварын онгоц өдгөө 58 жилийг ардаа үджээ. Хорвоогийн хамгийн орчин үеийн галт тэрэг болох Японы суман галт тэрэг зохион бүтээгдсэнээсээ хойш мөн л 58 жилийг элээж. Цаг хугацаа харвасан сум шиг л өнгөрчээ. Хэрвээ үр хүүхэд, ач гучдаа илүү сайхан дэлхийг үлдээхийг хүсэж байгаа бол хийх ажил дэндүү их байна.

2001 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 11-НД ОЮУ ТОЛГОЙД АНХААРАЛ ХАНДУУЛАХ НЭГ Ч ХҮН БАЙГААГҮЙ

Оюу толгойг анх нээсэн тухай нэгэн түүхийг өгүүлье.Баруун өмнөд Оюуг нээхээс өмнө бидний халаас бараг л хоосорсон байв. Бид Оюу толгойг нээн илрүүлснээ 2001 оны есдүгээр сарын 11-нд анх зарласан юм. Нью-Йорк дахь Дэлхийн худалдааны төвийг террористуудын гурван онгоц мөргөсөн өдөртэй давхцаж таарсан хэрэг.Манай нээлт энэхүү эмгэнэлт явдалд дарагдаж, Оюу толгойн нээлтийг хэн ч анзааралгүй өнгөрсөн. 2001 оны есдүгээр сарын 11-нд Оюу толгойд анхаарал хандуулах нэг ч хүн байгаагүй. Дараа нь бид энэ ордыг өрөмдөхийн тулд асар их хүчин чармайлт гаргасан.Манайх 32 өрмийн машинтай, машинаа Антонов тээврийн онгоцоор оруулж ирсэн агаад 2004 онд л Хюго Даммет ордыг илрүүлсэн. Бидний өрөмдсөн 231 дэх цооног л доо. Саяхан би тэнд дахин очлоо. Оюу толгойд шингээсэн хичээл зүтгэл, шинжлэх ухааны ололт амжилт, техник технологи, автоматжуулсан системүүд, компьютерын загварчлал, хүмүүсийн нөр их хөдөлмөрийг харахад итгэмээргүй санагдсан. Энэ бол Монголын ард түмний баялаг. Үр хүүхэд, ач зээд тань үнэт өв болж үлдэх зүйл.

Нөгөөтэйгүүр Оюу толгой бол дэлхийн гурав, эсвэл дөрөв дэх том зэсийн уурхай. Зэсийн хэрэгцээг хангахын тулд энэ дэлхийд дахиад ийм 20 уурхай шаардлагатай ч тийм олон уурхай алга. Тэр утгаараа энэ уурхай бол Монголын ард түмэнд үе дамжин өвлөгдөх агуу том хөрөнгө. Надад падгүй шүү дээ. Би одоо 73 настай. Миний насан дээр хүн ирээдүй хойчдоо их үйлс бүтээж үлдээх тухай л боддог юм байна. Харин Монголын хувьд, Чингис хаан үр хойчдоо төсөөлшгүй агуу, үлэмж их баялгийн өв үлдээснийг ойлгох ёстой. Магадгүй асар их баялгийн нэг хувийн мянганы нэгтэй тэнцэх хэсэг нь л нээгдсэн байж магадгүй.

Эдүгээ говийн хөрсөн доор чухам юу нуугдаж байгааг олж илрүүлэх шинэ технологиуд аль хэдийн бий болжээ. Их Хюгогийн хойд хүдрийн биет гэхэд л 1200 метрийн гүнд оршдог. Францын нийслэл Парис дахь Эйфелийн цамхаг 323 метр өндөр. Уг цамхгаас дөрөв, тавыг залгаж угсарвал энэ ордын орой хүртэлх газрын гүнд очно гэсэн үг. Үүн дээр ажилласан хүмүүсийн эрэмгий зориг, хичээл зүтгэлийг зөв үнэлэхээс өөр аргагүй байгаа биз. Энэ бол уг уурхайн бүтээн байгуулалтын төлөө сэтгэл зүрхээ зориулсан мянга мянган хүмүүсийн хамтын хичээл зүтгэл.

Олон улсын тавцан дахь Монголын нэр хүндэд нэн чухал, дэлхийн эрчим хүчний шилжилт дэх Америкийн үүрэг оролцоонд маш их нөлөөтэй энэхүү агуу уурхайг бүтээн босгохын төлөө Рио Тинто, Монголын ард түмэн, Монголын Засгийн газар өдгөө хамтран ажиллаж байна. Та бүхэн дэлхий дээрх хамгийн гайхамшигтай эрдэс баялгийн өв сангуудын нэгийг эзэмшиж буй агаад энд хуран цугласан эрхэм хүмүүсбахархах бүрэн эрхтэй.

ЕРӨНХИЙЛӨГЧ БАЙДЕН Ч ЗЭСИЙН ТУХАЙД СЭТГЭЛЭЭ ИХЭД ЧИЛЭЭЖ БУЙГ БИ БАТАЛЖ ЧАДНА

Африк тив дэлхийн эрдэс баялгийн нөөцийн 30 орчим хувийг эзэлдэг бөгөөд энэ нь дэлхийн ашигт малтмалын хангамжид чухал үүрэг гүйцэтгэдгийг мэдэх байх. Тиймээс би та бүхэнд Айвенхоу групп Монголоос гарсны дараа ямар ажлууд хийж буйгаа мэдээллэх нь зөв байх. Энэ хугацаанд Оюу Толгойн төсөл 10 жилээр саатсан нь үнэхээр харамсалтай хэрэг шүү. Гаднын хөрөнгө оруулалттай холбоотой дүрэм журмын тухай маргаж мэтгэлцсээр 10 жилийг хий үрсэн дээ.

Хэлэлцүүлэгт ийм их цаг зарцуулаагүй бол Оюу толгой 10 жилийн өмнө ашиглалтад орох байсан. Ний нуугүй хэлэхэд бид бухимдсан. Эрж хайж судлаад Африкт очоод өөр нэг “эрдэнэс”-ийн авдар олсон. Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Сирил Рамафоса саяхан БРИКС-ийн хурлыг даргалсан бөгөөд Хятад улсын дарга Ши Жиньпин, Оросын Ерөнхийлөгч Владимир Путин, Энэтхэгийн Ерөнхий сайд Н.Моди, Бразилын Ерөнхийлөгч Лула нар уг хуралд оролцсон юм.

Эдгээр улс эв санааны хувьд нэгдэн Америкийн талаас нийлүүлэлтийн сүлжээг төрөлжүүлэхийн тулд Африкийг сонирхож эхэлсэн хэрэг. Ташрамд дуулгахад, Сирил “Айвенхоу Майнз”-ын удирдах зөвлөлд 19 жил ажилласан туршлагатай хүн. Түүнчлэн Конго улсын Ерөнхийлөгч Феликс Цисекеди үе үе Вашингтонд зочилж байна. Энэ бүхэн Африкт ашигт малтмалын асар их нөөц байгаатай холбоотой. Ерөнхийлөгч Байден ч зэсийн тухайд сэтгэлээ ихэд чилээж буйг би баталж чадна.

Бүгд найрамдах ардчилсан Конго улс дахь Камоа-Какула зэсийн цогцолборын тэнд эндэхтэй адилгүй. Мөсгүй, цасгүй. Африкийн төв хэсэг дэх хүн ам тун сийрэг суурьшсан нутагт оршдог уурхай. Анх 1996 онд хайгуулын ажлаа эхлүүлж, 2008 онд анхны нээлт буюу өндөр агуулгатай Камоа ордыг илрүүлж байлаа. 2015 онд Хятадын “Жыжинь уурхайн групп”, манай ордод хөрөнгө оруулахаар тохиролцож, 2016 онд бид Оюутолгой шиг аварга том орд болох Какула ордыг илрүүлсэн түүхтэй. Хятадууд төслийг цааш үргэлжлүүлэхийн тулд 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн.

Бид ердөө гуравхан жилийн өмнө барилгын ажлыг эхлүүлсэн бөгөөд цас, мөсгүй учраас ажил илүү хурдан явагдсан нь мэдээж. 2021 онд баяжуулах үйлдвэр хугацаанаасаа өмнө ашиглалтад орж, үйл ажиллагаагаа эхлүүлсэн агаад уурхайд 20 мянга орчим хүн ажилладаг. Ажиллах хүчний дундаж нас 20 ба ажилчдын 97 хувь нь Конго улсын иргэдтөдийгүй бараг тал хувь нь эмэгтэйчүүд байдаг юм.Бид энэ онд зэсээ дэлхийн зах зээлд нийлүүлж, Конго гол дээр усан цахилгаан станцын далан барих ажлыг эхлүүллээ. Конго улс усны нөөц ихтэй учраас 300 МВт цэвэр эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай гэж тооцож байгаа.

Энэ усан цахилгаан станцын даланг 2021 онд сэргээн засварласан бөгөөд уурхай бүхэлдээ усан цахилгаанаар ажилладаг учраас бөгөөд хүлэмжийн хий ялгаруулдаггүй онцлогтой. Олон улсын уул уурхайн салбартай харьцуулахад Камоа-Какула бол дэлхийн дулааралд хамгийн бага нөлөөтэй орд гэж хэлж болно. Оюу Толгой ч бас ойрын ирээдүйд энэхүү ололтод хүрэх боломжтой. Манай уурхайн гурав дах үе шатны олборлолт одоо эхэлж байгаа. Бид уурхайгаа эрчимжүүлж, дахин өргөтгөж байна.

Роберт ФрийдландБИД КОНГОД ДЭЛХИЙН ХАМГИЙН НОГООН, ХАМГИЙН ОРЧИН ҮЕИЙН ЗЭС ХАЙЛУУЛАХ ҮЙЛДВЭРИЙГ БАРЬЖ БАЙНА

Өнгөрсөн дөрөвдүгээр сард баяжуулах үйлдвэрийн өргөтгөлийг ашиглалтад оруулж, үйлдвэрлэлээ эхлүүлсэн. 2022 онд 7 сая тонн хүдэр тээрэмдсэнээс зэсийн дундаж агуулга 5.5 хувь байна. Дэлхийн хамгийн өндөр агуулгатай томоохон зэсийн уурхайд тооцогддог вм шүү дээ. Товчхондоо Монгол, зэсийн агууламжийн хувьд өрсөлдөгчтэй болж хэрэг.

Энэ онд 400 мянган тонн зэс үйлдвэрлэх зорилт тавьсны зэрэгцээ үйлдвэрлэлдээ гурав, дөрөв дэх үе шатны өргөтгөл хийн үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Төслийн өнөөгийн цэвэр үнэ цэн нь 20 тэрбум ам.доллар бөгөөд уурхайн гуравдугаар шат 42 жилийн нөөцтэй. Би одоо 73 настай гэхээр уурхайн олборлолт дуустал 110, 120 хүрчихсэн ч байж мэднэ. 2023 оны гуравдугаар сард бид өргөтгөлийн ажлаа дуусгасан агаад уурхай маань эрчимтэй ажиллаж байгаг дуулгах нь зөв байх. Манай EBITDA буюу зээлийн хүү, татвар, элэгдэл хорогдол тооцохын өмнөх ашиг ойролцоогоор 1.4 тэрбум ам.долларт хүрсэн.

Одоо ч өргөжин тэлсээр буй бөгөөд өнгөрсөн зургаадугаар сард дараагийн шатны өргөтгөлийн хөтөлбөрөө эхлүүллээ. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар 300 мянган тонн зэс үйлдвэрлэсэн. Энэ бол есөн сарын дотор гарсан үр дүн юм. Бас өнгөрсөн долоо хоногт Конгод шинэ их сургууль нээлээ. Түүнээс гадна Конго улсын Ерөнхийлөгч манай компанийн Ерөнхийлөгч Марнатай Камаогийн Төгс чанарын төлөөх төвийн нээлтэд оролцсоноос манай компанийг эмэгтэйчүүд удирддаг гэдгийг харж болно. Жилдээ 650 мянган тонн зэс олборлох гурав дахь шатны өргөтгөлөө эхлүүлж байгаа нь манай гараг дээрх гурав дахь том зэсийн уурхай болох юм.

Мөн тэнд дэлхийн хамгийн ногоон, хамгийн орчин үеийн зэс хайлуулах үйлдвэрийг барьж байна. Энэхүү Цэврүүт хайлуулах үйлдвэр нь байгаль орчинд ээлтэй төдийгүй 99.7 хувийн цэвэр зэс үйлдвэрлэж, дэлхийн зах зээлд экспортолно. Америкийн засгийн газар манай ажлыг дэмжиж, далайд хурдан гаргах үүднээс манай төмөр замын Ловитогийн коридорыг дэмжиж буй. Бид үйл ажиллагаа явуулж буй тус улсын нийгэм, сайн сайхны төлөөх хөтөлбөрүүдэд 40 сая ам.доллар хандивлалаа.

Мөн Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсад 500 сая ам.долларын татвар, нөөц ашигласны төлбөр төллөө. Энэ тоо цаашид ч нэмэгдэнэ. Ташрамд тэмдэглэхэд, дэлхийд томд тооцогдох Камоа Какула, Оюу толгой хоёрын аль алийг нь “Айвенхоу Майнз” үүсгэсэн. Дэлхийн хоёр том зэсийн шинэ уурхай манай группээс төрсөн гэхээр бахархгүй байхын аргагүй. Тэр ч утгаараа Монгол Улс энэ төрлийн төсөл, хөтөлбөрөө үргэлжлүүлэхэд онцгой анхаарах учиртайг онцлон басхүү өөриймсөн хэлье.

Тайзан дээр сууж буй Ч.Хүрэлбаатартай хамтдаа УИХ-тай тогтвортой байдлын урт хугацааны гэрээ хэлэлцэж асан бэрх жилүүдийг туулсан юм. Ахан дүүс, анд нөхөд минь, зөгийн бал цуунаас илүүтэй хар ялаа их татдаг гэдгийг санаж явахыг хичээнгүйлэн хүсье. Гадаадын хөрөнгө оруулалт сайн зүйл учраас улс эх орондоо гадаадын хөрөнгө оруулагчдыг татах хэрэгтэй шүү. Та бүхэнд цаашид нээн илрүүлж ашиглах олон олон Оюу толгой бий. Тиймээс гадаадын хөрөнгө оруулагчдыг тогтвортой байдлаар хангаж, хүндэтгэлтэй хандах аваас тэд танай орныг Кувэйт шиг баян чинээлэг улс болгож өгнө. Та бүхэнд байгаа эрдэс хүдэр дэлхий нийтэд туйлын ихээр шаардагдаж байгаа.

Камоа Какулагийн тухай яриа руу эргэн ороход, уурхай өнөөгийн ханшаар 20 тэрбум ам.доллартой тэнцэх өртэй байгаа. Хэдийгээр бид Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсын Засгийн газартай орлогынхоо талаас илүү хувийг хуваалцдаг ч жилд 500 мянган тонн зэс хайлуулах маш цэвэрхэн, маш сайн үйлдвэр барьж байна. Энэ нь Африк тив дэх хамгийн том зэс хайлуулах үйлдвэр, дэлхийн хамгийн том зэс хайлуулах үйлдвэрүүдийн нэг болох юм. Өдгөө бид их сургууль нээснээр Конго улсын залуу үеийнхэн эх орныхоо уул уурхайн салбарын удирдагч болоход шаардлагатай ур чадваруудыг эзэмших боломжтой боллоо.

Монголын залуу үеийнхэнд ч бас би үүнийг хүсдэг. Оюу толгойгоор зочлох завшаандаа монгол залуус тэр байгууллагыг залуурдаж буйг хараад сэтгэл баяссан. Энэ бол Монгол түмний хувьд тун гайхалтай үлгэр жишээ, сайхан боломж. Эдгээр залуус уул уурхайн чиглэлээр мэргэшиж, нарийн ур чадвартай болох нь Монгол Улсыг уул уурхайн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэхэд чухал нөлөөтэй. Өчигдрийн залуустай уулзсан шиг намайг баярлуулдаг зүйл цөөн.

МОНГОЛ, КОНГО ХОЁР ЗЭСИЙН ҮЙЛДВЭРЛЭЛЭЭР ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЭГЧ БОЛЖ ХӨГЖИХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА

Роберт ФрийдландДэлхийн томоохон төрөлжсөн олборлогч бол “Айвенхоу Майнз” гэж ойлгож болно. Бид Оюу Толгойг нээсэн. Хэдийгээр Рио Тинто компани 51 хувийг худалдаж авсан ч бид нэрээ авч үлдээд бүхнийг дахин эхлүүлсэн. Одоогоор бид Камоа Какулагийн зэсийн уурхайг хөгжүүлж байна. Мөн Өмнөд Африкт цагаан алт, палладий, алт, никель, зэсийн томоохон уурхай, Конго улсад цахиурын чипс хийхэд шаардлагатай германи, гели агуулсан цайрын хамгийн баялаг уурхайг бүтээн байгуулж байна. Мөн тус улсын баруун өмнөд хэсэгт үлэмж том, маш өндөр агуулгатай зэсийн хэд хэдэн уурхай олохоор хайгуул явуулж байна. Товчхондоо Монгол болон Конго улс зэсийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч болж хөгжих төлөвтэй байна. Тиймээс та бүхэн хүч чадал, давуу тал дээрээ төвлөрч, энэ эрчээрээ зүтгээрэй.

Конго улсын баруун өмнөд хэсэгт явуулж буй өрөмдлөгийн хувьд, ойрын ирээдүйд орд газруудаа тодорхойлох болов уу. Ямартай ч энэ бол илүү том зэсийн орд хайж илрүүлэх дэлхийн хамгийн таатай талбай. Монголын говьд ч бас яг ийм эрэл хайгуулах өрнөх ёстой. Өргөн масштабаар нь маш нарийн судлах хэрэгтэй. Говьд хайгуул хийхгүй байгааг ойлгоход үнэхээр хэцүү хэрэг шүү. Хэрвээ эрэл хайгуулыг өнөөдрөөс эхэлбэл 5-10 жилийн дараа том нээлт хийж, үр хүүхэд, ач зээ нарт чинь зориулж үйлдвэрлэлийг эхлүүлэхэд 20 жил шаардагдана.

Хэрэв би одоо эхэлбэл 83 настайдаа та нартай нэгэн сайхан нээлтийн тухай ярилцаж, эцэст нь үйлдвэрлэлд ороход 93 нас хүрсэн байх нь. Гайхалтай ирээдүй боломжийн төлөө гадаадын хөрөнгө оруулагчдыг нээлттэй хүлээж авах нь чухал шүү. Уурхайн бүтээн байгуулалтад их хугацаа ордог. Тиймээс Рио Тинто шиг том байгууллагын нийлүүлж буй давуу тал, техникийн чадавхыг үнэлж баршгүй. 1400 метрийн гүнд орж, сансар эрхсийн хэмжээний хүдэр олборлоход маш нарийн технологи шаардагддаг. Шинжлэх ухаан, техник технологи, хичээл зүтгэл… Нэгэнт эхлүүлбэл хэдэн үеэрээ амьдралаа холбоно.

АНУ дахь зэсийн хомсдол 2020 онд 44 хувь байсан. 2035 онд 67 хувьд хүрнэ гэж бид үзэж байна. Харин “Айвенхоу Электрик” бол Нью-Йоркийн хөрөнгийн биржид бүртгэлтэй технологийн компани бөгөөд төрөл бүрийн салбарыг цахилгаанаар хангахад уул уурхайн талаас хэрхэн дэмжихтэй холбогдох шийдэл боловсруулах ажлыг хийдэг. Ташрамд дуулгахад дэлхийн хамгийн том олборлогч BHP компани томоохон санхүүгийн байгууллагуудын хамт тус компанийн голлох хувьцааг эзэмшдэг юм.

Саяхан Саудын Арабын Засгийн газар “Айвенхоу Электрик”-ийн томоохон хөрөнгө оруулагч болсныг ч дуулгах нь зөв байх. Манайх одоо Аризона муж дэх Санта Круз төсөл, мөн Юта мужид ажиллаж байна. “Айвенхоу Электрик”-ийн хайгуулын төслүүд үндсэндээ АНУ-д төвлөрдөг. Бид цахилгаан эрчим хүчний шинэ эдийн засагт шаардлагатай чухал металлын хайгуул хийх замаар АНУ-ын нийлүүлэлтийн сүлжээний бие даасан байдлыг дэмжиж буй. Манай компанийн тусгай эзэмшлийн Typhoon технологи гэхэд л Америкийн газар нутгийн гүн дэх нөөцийг илрүүлэх боломжийг олгодог геофизикийн судалгааны хүчирхэг платформ байх жишээний. “Айвенхоу Электрик”-т Оюу толгойд ажиллаж, сурч, дадлагажсан монгол геологичид хүчин зүтгэдэг.

Оюу толгойг урагшлуулж, бүтээн байгуулалтад нь оролцож буй монгол залуус ирээдүйд дэлхийн өнцөг булан бүр дэх уурхайнуудыг хөгжүүлэх чадварлаг мэргэжилтнүүд болно. АНУ дахь монгол залуус ч гайхамшигтай сайн ажиллаж буй бөгөөд Саудын Арабт ч адил ажиллах нь эргэлзээгүй. Бид монгол залуусыг Саудын Араб дахь төслүүддээ ч ажиллуулна. Нөхцөл нь Монголынхтой ижил төстэй. Мэдээж та бүхэн Саудын Арабын гэрэл зургийг харсан байх. Говь нутгаас тийм ч өөр харагддаггүй шүү дээ. Тэмээ, ямаа, хонь, гэр цөм бий агаад тэд цэлгэр уудам цөлдөө нүүдэллэн амьдардаг. Тэнд зэс ч бий, алт ч бий. Маш олон орон Монголын жишиг замаар замнах сонирхолтой байдаг. Илтгэлийнхээ төгсгөлд би элдвийг нуршихын оронд Америк дахь зайлшгүй чухал уурхайнуудын тухай товчхон танилцуулаад Монгол дахь олборлолтыг хурдасгах шинэ технологийн талаар бодлоо хуваалцъя.

Эдүгээ цооног өрөмдөх шаардлагагүй болсон бөгөөд зөвхөн геофизикийг ашиглаж олон нэр төрлийн ажлыг амжуулах боломжтой. Жишээлбэл, манай “Ipulse” бол Францын Засгийн газрын санхүүжилттэй америк компани юм. Түүхэндээ эрчим хүчний үйлдвэрлэл тасралтгүй явагдсаар механикжуулалтаас масс үйлдвэрлэл болон хөгжсөн. Цахилгааны шууд гүйдэл нь эрчим хүчний хувьсгалын эхний алхам болсон бөгөөд анхны цахилгаан станцууд уурын энергийг цахилгаан болгон хувиргаж, орон сууц, үйлдвэрүүдэд нийлүүлж эхэлснээс хойш хэдхэн жилийн дараа Никола Тесла, Жорж Вестингхаус нар цахилгааны хувьсах гүйдлийг хөгжүүлснээр эрчим хүчийг өргөн сүлжээгээр үр ашигтай хуваарилах боломжтой болсон билээ. Энэхүү цахилгаан гүйдэл нь Туркийн дайнаас хойш үйлдвэрлэл болон гэр ахуйн хэрэглээнд эрчим хүч хүргэх хамгийн үр дүнтэй арга хэвээр, сүлжээ нь өнөөг хүртэл өргөжин тэлсээр байна.

Эрчим хүчний хэрэгцээ улам бүр нэмэгдэж байгаатай зэрэгцэн нөөцийн хомсдол үүсэж, цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл нь байгаль орчинд сөргөөр нөлөөлж буйг хүлээн зөвшөөрөхөөс өөр яалтай. Бүтэн зууны турш энэ салбарт томоохон нээлт, шинэ дэвшил гараагүйг бас хэлэх нь зүйтэй байх. Харин “Ipulse” бол жинхэнэ нээлт. Бид эрчим хүчийг асар богино хугацаанд төвлөрүүлэн, хайгуулд өндөр нарийвчлалтайгаар аюулгүй нийлүүлдэг шинэ технологийг бүтээсэн.

Роберт Фрийдланд“IPULSE” ТЕХНОЛОГИОР МОНГОЛ УЛСЫГ УЛАМ БҮР АГУУ ҮНДЭСТЭН БОЛГОЖ ЧАДНА

Эцэст нь, ярьсан зүйлсээ дүгнэе. Чингис хаанаас өвлөж авсан эрдэс баялгийн арвин нөөцтэй дэлхийн хамгийн том газар нутгийн нэгийг ердөө дөрвөн сая хүн эрхшээн сууж байна. Энэ газарт дэлхийн хамгийн том зэсийн уурхайнуудын нэг байгаа нь батлагдсан төдийгүй алтны үлэмж их нөөц бий. Энд цорын ганц орд байж таарахгүй. Говийн хөрсөн дор илүү олон орд нойрсож байгаа нь эргэлзээгүй. Монголын говь руу дэлхий нийтийг татахын тулд хэдэн арван жилийн нөр их хөдөлмөр, тогтвортой нөхцөл байдал шаардлагатай. Хэрэв Монголын ард түмэн тогтвортой нөхцөлийг бүрдүүлж, уул уурхайн салбараа хөгжүүлж чадвал дэлхий ертөнцөд ч ашиг тустайд эргэлзэх зүйлгүй.

Оюу толгойг нээн илрүүлснээс хойших сүүлийн 20 жилийн хугацаанд цооног өрөмдөхгүйгээр дэлхийн гүнийг харах шинэ технологи бий болсон. Эмнэлэгт хүнийг MRI, томографиар үздэг шиг, геофизикийн энэхүү шинэ технологи хайгуулын үйл явцыг түргэсгэх боломжтой. Энэ бол намайг тэнгэрт одохоос ч өмнө Монгол Улсыг улам бүр агуу үндэстэн болгож чадах чухал хүчин зүйл юм.

Монголын амжилтад би чин сэтгэлийн угаас баярлаж байна. Монголын залуу үеийнхэн дэлхийн жишигт нийцсэн өндөр түвшинд техник, технологийн чиглэлээр бэлтгэгдэж, дэлхийн хэмжээнд мэдлэг, туршлагаа экспортлох боломжтой боллоо. Уул уурхайгаа урагшлуулахад томоохон ахиц дэвшил гаргаж буй Монголын Засгийн газарт, хэлцэлд хүрэхийн төлөө онцгой хичээл зүтгэл гаргасан ”Рио Тинто”-д талархаж байна.

Амьдралд төгс төгөлдөр зүйл гэж үгүй. Тиймээс өмнөх дутагдлаа залруулан, зууралдалгүй орхиж, эх дэлхийд эдгээр металлын хэрэгцээ өндөр байгаа дээр, илүү сайхан дэлхийг үр хүүхдүүддээ үлдээх найдвар байгаа гэдэгт төвлөрөх нь чухал. Уул уурхайн үйлдвэрлэл хурдацтай хөгжих цаг нэгэнт иржээ. Өнөөдөр энд та бүхэнтэй санаа бодлоо хуваалцаж буй нь миний хувьд нэр төрийн хэрэг.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img