2024-10-08, Мягмар
5 C
Ulaanbaatar

Майк Хенри: BHP одоогийн нөхцөлд Квинсландад долларын хөрөнгө оруулалт хийхгүй, тэд өндөр татварын дэглэм тогтоочихсон

BHP компанийн гүйцэтгэх захирал Майк Хенригийн “Дэлхийн уул уурхайн конгресс 2023” хуралд тавьсан илтгэлийг бүрэн эхээр нь хүргэе.

Илтгэгчийн товч намтар: Химич мэргэжилтэй. Дэлхийн уул уурхай, газрын тосны салбарт худалдаа, аюулгүй байдал, технологи, маркетингийн чиглэлээр 30 гаруй жил ажилласан туршлагатай. 2003 оноос BHP-д ажилаж эхэлсэн тэрээр 2011 оноос хойш Гүйцэтгэх Удирдлагын Багийн гишүүнээр ажиллаж буй. 2020 оны нэгдүгээр сараас тус компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогдон ажиллаж байна. Майк BHP-д орж ажиллахаас өмнө Канад, Япон, Австралийн ашигт малтмалын салбарт ажиллаж байв.

Уул уурхайн салбарын хувьд онц чухал цаг үе ирээд байна. Өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд бодлого боловсруулагчид өнөөдрийн төдийгүй маргаашийн эдийн засагт, тэр дундаа декарбонизаци (нүүрстөрөгчгүйжүүлэх) хийхэд чиглэсэн дэлхий дахины хүчин чармайлтад металл ба ашигт малтмалын ач холбогдол ямар чухал болохыг харлаа. Хүн амын өсөлт, хотжилт, өсөн нэмэгдэж буй дэлхийн амьжиргааны түвшин, хуучирч муудсан дэд бүтцийг сэргээн засварлах, дэлхийн эрчим хүчний системд декарбонизаци хийх зэрэг нь олон төрлийн металл болон ашигт малтмалын нөөцтэй байх бодит шаардлага үүссэнийг мэдрүүлж байна.

Энэхүү эрэлт шаардлага нь улс орон, компани болон нийгмийн бүлгүүдэд томоохон боломжийг авчирч буй. Гэвч ярвигтай асуудлууд үүссээр байгаа. Хөрөнгө оруулах эх үүсвэр, гадаад хүчин зүйлсийн нөлөө гэх мэт асуудлаас гадна уул уурхайг нийгэмд хамгийн их ашиг тустай байдлаар хөгжүүлэх асуудалтай бид нүүр тулж байна.

Бүр тодруулж хэлбэл шинэ уул уурхайг хөгжүүлэх эрэлт шаардлага нэгэнт үүсчихсэн. Уур амьсгалын өөрчлөлтийг шийдвэрлэхийн тулд хийж буй тал бүрийн ажил, санаачлагууд өрнөсөөр байна. Уур амьсгалын өөрчлөлтийг шийдвэрлэх гэсэн дэлхий нийтийн хүчин чармайлт усны зүй зохистой хэрэглээ, биологийн олон төрөл зүйл, Австралийн уугуул иргэдийн соёлын өв гэх мэтэд тодорхой нөлөөлөл үзүүлэх ёстой. Дээрх асуудлыг шийдвэрлэхэд тухайн салбар, Засгийн газар, хөрөнгө оруулагчид, нийгмийн бүлгүүд зэрэг системийн бүх оролцогч талын хүчин зүтгэл шаардлагатай.

Парисын хэлэлцээрийг биелүүлье гэвэл баялгийн салбарт жил бүр 100 тэрбум ам.долларын нэмэлт хөрөнгө оруулалт шаардлагатай

Бидэнд маш их хэмжээний хөрөнгө оруулалт хэрэгтэй. Парисын хэлэлцээрээр тохирсон температурын өсөлтийг 1.5 хэмд хязгаарлах зорилтыг биелүүлье гэж бодож байвал бидэнд баялгийн салбарт жил бүр 100 тэрбум ам.долларын нэмэлт хөрөнгө оруулалт шаардлагатай.

Дараагийн хэдэн арван жилд дээрх зорилтыг биелүүлэхэд бидэнд өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад хэд дахин их металл, ашигт малтмалын хэрэгцээ шаардлага үүснэ. Тодруулбал зэс хоёр дахин их, никель дөрөв дахин их, ган хоёр дахин, поташ буюу карбонат кали хоёр дахин их хэрэг болно. Бусад чухал ач холбогдолтой металл, ашигт малтмалуудыг ч энд дурдах нь зүйтэй. Хүн амын өсөлт, хотжилт, өсөн нэмэгдэж буй дэлхийн амьжиргааны түвшин, декарбонизаци зэрэг нь өдгөө онц чухал асуудал болоод байна. Эдгээр хүчин зүйлс бидний амьдарч буй дэлхий ертөнцийн эдийн засаг, нийгмийн хэм хэмжээг өөрчилж байна.

Энэхүү инновацийн дараагийн үе бидэнд олон зүйлээ эргэж харахыг сануулж байгаа. Хэрэглэж буй эрчим хүчээ эргэн харах шаардлага үүсчихлээ. Өсөн нэмэгдэж буй хүн амын хоол хүнсний хэрэгцээг хангахын тулд яах ёстой вэ гэсэн асуултыг хурцаар, чангаар тавихаас аар аргагүй болчихлоо. Хүн ам болон байгаль орчинд өмнөхөөсөө илүү анхаарал хандуулах замаар амьжиргааны түвшингээ хэрхэн дээшлүүлэх вэ гэсэн асуултыг хүн төрөлхтөн өөрсдөөсөө асууж байна, яг одоо.

Дэлхийн хүн ам 2050 он гэхэд 9.7 тэрбумд хүрнэ гэсэн тооцоо таамаг бий. Цэнхэр гарагийн нийт хүн амын гуравны хоёроос илүү нь хот суурин газар амьдрч байна. Ийм нөхцөод илүү сайжирсан амьжиргааны түвшин, илүү сайн ажил, илүү эрүүл хооллолт, илүү хүртээмжтэй эрүүл мэнд, боловсролын асуудлыг ярихаас аргагүй юм. Энэ бол хариуцлагатай уул уурхайн ирээдүйн асуудал.

Уул уурхай бол улс үндэстнүүдийн хувьд ажлын байр, эдийн засгийн хөгжил, хөрөнгө оруулалт, олон мянган хүний амь, амьжиргааны чухал шийдэл болдог эрчим хүч, хоол хүнсний хангамжийн асуудлыг шийдвэрлэх том боломж юм. Өнөөдөр энд хүрэлцэн ирсэн хүн бүхэн Австрали улсын хөгжилд үзүүлсэн уул уурхайн нөлөөг ойлгож мэдэрч суугаа нь гарцаагүй. Австрали уул уурхайгаа хөгжүүлэхгүйгээр өнөөдрийнх шиг өндөр хөгжилтэй, амьжиргааны өндөр түвшинтэй улс болохгүй байсныг ч сайн мэдэж байгаа. 2021 оны санхүүгийн жилд ашигт малтмалын салбар дангаараа Австрали улсын ДНБ-ий бараг 10 орчим хувийг, холбооны түвшинд аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 30 орчим хувийг бүрдүүлсэн байна.

Өнгөрсөн жилд хуримтлагдсан ашигт малтмалын роялти төлбөр Баруун Австрали болон Күйнслэндийн бараа, үйлчилгээний татварын бус орлогын 40 орчим болон 20 гаруй хувийг тус тус эзэлж байна. Уул уурхай бол Австралийн амин чухал салбар юм.

Ашигт малтмалын баялаг нөөцтэй улс орнуудын төр хөрөнгө оруулалт татахад анхаарахгүй бол маргаашийн тогтвортой дэлхийг төсөөлөхөд хэцүү

Дэлхий ертөнц шилжилтийн үедээ явж байна. 20-30 жилийн дараа бүх зүйл өөрчлөгдөнө. Илүү ээлтэй дэлхий ертөнц болно гэдэгт миний бие итгэдэг. Хөгжингүй болон өндөр хөгжилтэй улс орнуудын аль алинд нь амьжиргааны дундаж түвшин илүү сайжирсан тогтвортой дэлхий ертөнц байгаасай. Бид бүгдээрээ тэрхүү өөрчлөлтийг авчрахад хамтын үүрэгтэй. Уул уурхайн салбар, засгийн газрууд аль аль нь чухал үүрэг гүйцэтгэнэ.

Ашигт малтмалын баялаг нөөцтэй улс орнуудын төр засаг сайн засаглалыг хөгжүүлэхгүйгээр, хөрөнгө оруулалт татах арга хэмжээ авахгүйгээр бидний энэ зорилго хэрэгжих боломжгүй. Болзошгүй эрсдэлээс улбаатай хөрөнгө мөнгөний дутагдал, зөвшөөрөл олгох удаан үйл явцаас үүдэлтэй хөрөнгө оруулалтын удаашрал гэх мэт асуудал маргаашийн ирээдүйн төлөөх зөв санаачлага, зөв төлөвлөгөөг зогсонги байдалд оруулах эрсдэлтэйг энэ дашрамд тодотгоё. Уул уурхайн салбарынхны үүрэг хариуцлага бол маш тодорхой.

Нэгдүгээрт дэлхий ертөнцөд хэрэгцээтэй ашиг малтмалуудыг нээн илрүүлэх шаардлагатай. Ашигт малтмалыг аюулгүй, нийгэм-эдийн засгийн хувьд эерэг нөлөөтэйгөөр олборлох ёстой. Байгаль орчинд үүсэх нөлөөллийг боломжит дээд хэмжээгээр бууруулах учиртай. Олборлосон баялгийг шаардлагатай газарт нь аюулгүй, тогтвортой аргаар хүргэх хэрэгтэй. Эцэст нь засгийн газар, хөрөнгө оруулагч, нийгмийн бүлгүүд болон уугуул иргэд зэрэг бүх талын харилцан ашигтай байдлын төлөө нягт хамтран ажиллах замаар дээрх зорилгыг гүйцэлдүүлэх нь хамгаас чухал.

Өнгөрсөн хугацаанд бидний ашигласан ашигт малтмал хайх, олборлох, боловсруулах арга зам хүн төрөлхтний өнөөгийн ярьж буй ажлуудын хэрэгжилтийг хангах, ирээдүйн шаардлагыг биелүүлэхэд хангалтгүй юм. Байгалийн баялгийг хайх, олборлох асуудал улам бүр төвөгтэй болж байна. Орчин цагийн улс уурхайн салбар үйл ажиллагаа явуулахдаа тухайн газар болон соёлыг хамгаалах учиртай. Төрөл бүрийн түнш болон талуудыг тогтвортой байдлаар хангаж ажиллах шаардлагатай.

Майк ХенриӨнгөрсөн хугацаанд дэлхий дахинд хэрэгжүүлсээр ирсэн металл, ашигт малтмалыг нээн илрүүлэх, олборлох, боловсруулах, тээвэрлэх, худалдах үйл ажиллагаа ирээдүйд бүхэлдээ өөрчлөгдөх болно. Үүнд мэдээж өндөр түвшний амбиц, нягт хамтын ажиллагаа шаардлагатай. Энэ сорилтыг дутуу үнэлж хэрхэвч болохгүй. Компаниуд, улс орнууд уг сорилтыг хүлээн зөвшөөрч, аж үйлдвэрийн хувьсгалаас хойш дэлхий нийтээр үзэж хараагүй аргаар ашигт малтмалын гинжин хэлхээг бий болгохын төлөө өөр хоорондоо өрсөлдсөөр байна.

Инноваци бол гол түлхүүр. Илүү үр ашигтай хайгуул, олборлолт, боловсруулалт, тээвэр, үйлдвэрлэл чухал болж байна. Илүү үр өгөөжтэй, илүү тогтвортой, илүү аюулгүй, илүү хурдан байхыг цаг хугацаа шаардаж буй.

Технологи бол бүтээмжийг дээшлүүлэх, гаралтыг нэмэгдүүлэх хамгийн чухал боломжуудын нэг. Мөн нас, хүйс, амьдарч буй бүс нутаг, хэл ярианы төрлөөс үл хамааран бүгдэд тохирох үүрэг, боломжийг бий болгодог зүйл. Ашигт малтмалын хайгуул хийх, эрж хайх шинэ арга технологи, автоматаар зөөвөрлөх; шийдвэр гаргалтыг автоматжуулахад хиймэл оюун ухаан, машин сургалтыг (machine learning) ашиглах; үнэ цэнийн сүлжээний (value chain) гүйцэтгэлийг загварчлах асуудлууд. Өнөөдөр боломжтой санаанд инноваци хийж, компаниуддаа хэрэгжүүлэх; технологи хөгжүүлэх, хэрэгжүүлэх явцад урьдчилан тооцсон эрсдэл үүрэхэд бэлэн байх боломж асар их байна. Бидний зорилгодоо хүрэх гэсэн ахиц дэвшил бид өнөөгийн хийж буй зүйлсээ хэр зэрэг сайжруулж чадахаас хамаарна.

Засгийн газрууд ирээдүйн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд улстөрийн тогтвортой, аюулгүй орчныг бүрдүүлэх хэрэгтэй

Засгийн газрууд ирээдүй хойч үеийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхэд гурван үндсэн ажил гүйцэлдүүлэх хэрэтэй байна. Үүнд: Нэгдүгээрт, бүх улс, үндэстний засгийн газрууд институцийн хувьд болон зохицуулалтын бат бөх байдлыг хангах үүрэгтэй. Бизнес эрхлэгчид институцийн засаглал, эрх баригчдад итгэдэг, худалдаа, хөдөлмөр эрхлэлт, оюуны өмчийн эрх зэрэг бүхий л салбарт төрийн бодлого нь урьдчилан таамаглахуйц, тогтвортой байдаг нийгэм-улс төрийн тогтвортой, аюулгүй орчин бүрдүүлэх хэрэгтэй.

Хоёрдугаарт, хөгжингүй улс орнууд зах зээлийн өрсөлдөөн, ажлын бүтээмжийг дэмжих орчин бүхий динамик, арилжааны, нээлттэй зах зээлийг цогцлоох хүчин чармайлтыг удирдан чиглүүлэх үүрэгтэй. Аливаа боломжид нэвтрэх саадыг багасгаж, өрсөлдөөнийг нэмэгдүүлснээр, үр өгөөжтэй бизнесийг цэцэглэн хөгжүүлэх болно. Гуравдугаарт, бүх улс орнууд эдийн засгаа бүхэлд нь net zero (нүүрстөрөгчийн ялгарлыг тэг түвшинд байлгах) болгоход аажмаар шилжих ёстой. Үүнд сэргээгдэх эрчим хүч, батерей, цахилгаан машин, цахилгаан хэрэгсэлд шаардлагатай чухал ашигт малтмалын аж үйлдвэрлэлийг дэмжих бодлогыг идэвхтэй дэмжих багтана.

Энэхүү сорилтыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах, эсвэл зүгээр л ирцээ өгөх боломжоос урьдан байгаль орчны өөрчлөлтийн эсрэг хувь нэмрээ оруулах гэсэн улс орнуудын өрсөлдөөн үргэлжилж буй тул энэ байдал нь засгийн газрын ашиг сонирхол төдийгүй засгийн газрын өндөр оролцоотой илэрхийлж байна.

Үндэстэн-улсууд чухал ашигт малтмалын хангамжийг найдвартай байлгахыг эрмэлзэж эхэллээ. Энэ хандлагаас анзаарахад эдгээр ашигт малтмалын нөөцийг зайлшгүй байлгах ашиг тусыг бултаараа мэдрээд эхэлчихэж. Шинэ нийлүүлэлтийн суваг бий болгох нь ямар хүнд асуудал болсныг ч энэ бүгдээс харж болохоор байна. Засгийн газрууд өөрсдийн чухал ач холбогдолтой эрдэс баялгийн нөөцөө баталгаатай байлгахыг хичээж байна.

Өөрчлөлтийн хурд аль хэдийн нэмэгдээд эхэлчихлээ. Өрсөлдөгч, түншлэгч улс орнууд эдгээр боломжуудыг олж авахын тулд зөв бодлого зохицуулалт, салбарын арга хэмжээ авч байгаа бөгөөд дэлхийн өрсөлдөөн эрчимтэй, өсөн нэмэгдэж байна. Үүнд сайн ч шалтгаан бий. Яг одоо хамгийн сайн байр суурьтай байгаа улс орнууд, засгийн газрууд хамгийн их үр өгөөж хүртэнэ. Харин бусад улсууд нь хоцрох болно. Ирээдүйн хөрөнгө өмчлөл, хөрөнгө оруулалтыг одооноос төлөвлөж байна. Нэгэнт капитал эрч хүч нэг чиглэлд бий болж эхэлбэл түүнийг буцааж эргүүлэхэд маш хэцүү.

Уул уурхай бол хатуу зохицуулалттай салбар. Үүнд худалдааны бодлого, татвар, зөвшөөрөл, үйлдвэрлэлийн харилцаа, хөдөлмөрийн бодлого ихээхэн нөлөөлдөг. Засгийн газрууд хөрөнгө оруулалтыг дэмжих бодлогоо баталж, ухаалаг чөлөөт худалдааг зөвшөөрч, хариуцлагатай ажилладаг компаниудад илүүг хийх замыг илүү хялбар, хурдан болгох хэрэгтэй. Ингэж чадсан улс үндэстнүүд ирээдүйгээ баталгаажуулж чадна. Тэр хэрээрээ дэлхийн дэвшилд хувь нэмэр оруулаад явна.

Улс орнууд чухал ашигт малтмалын төслүүдэд онцгой анхаараад эхэлчихлээ

Олон улс орнууд олон арга хэмжээ авч байна. Бид АНУ-ын Инфляцийг бууруулах тухай хуулийг харлаа. Утаа бага ялгаруулдаг үйлдвэрлэл, нийлүүлэлтийн сүлжээг дэмжихэд зориулж 370 тэрбум ам.долларын зардал, татварын хөнгөлөлт үзүүлсэн. Юуны түрүүнд сэргээгдэх эрчим хүчний болон бусад утаагүй эрчим хүчний хөрөнгө оруулалтад 150 тэрбум ам.доллар эхний найман сард зарцуулна гэлээ. Үүний цаана Засгийн газар болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэх зорилготой Эрдэс баялгийн аюулгүй байдлын түншлэлийг удирдан зохион байгуулсан гэх том шалтгаан бий.

Канад улс өөрсдийн чухал ашигт малтмалын тухай стратегитай. Чухал ашигт малтмалын төслүүдийг дэмжихэд зориулж 1.5 тэрбум канад доллар төсөвлөж, чухал ач холбогдолтой ашигт малтмалын хамтын ажиллагааны хэд хэдэн гэрээнд гарын үсэг зурлаа. Европын холбооны Комисс Ногоон үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөрөө зарлаж, худалдааны хэлэлцээрийг дэмжих зорилгоор чухал ач холбогдол бүхий ашигт малтмалын олон улсын холбоо байгуулахаар төлөвлөж байна.

Австралийн Засгийн газар чухал ач холбогдол бүхий ашигт малтмалын стратегиа зарласан бөгөөд манай улсын хувьд үндэсний эрх ашгийг тусгасан чухал ашигт малтмалын жагсаалтын дагуу тэдэнтэй цаашид үргэлжлүүлэн хамтран ажиллахыг тэсэн ядан хүлээж байна. Шинэ Стратегид татварын тухай дорвитой зүйл, заалт тусаагүй байсан гэсэн шүүмжлэлийг харсан. Ямартай ч энэ бол туйлын зөв хандлага гэж би бодож байна. АНУ-ын инфляцийг бууруулах тухай хуультай энэ асуудлыг уялдуулах гэж оролдох нь буруу. Австрали хэтэрхий жижиг.

Холбооны болон муж улсын засгийн газрууд хөрөнгө оруулалтыг үндсээр нь илүү сонирхол татахуйц болгохын тулд тэдний хяналтанд байдаг үйл ажиллагаа, нэгжүүдэд онцгой анхаарал хандуулах ёстой. Зүгээр нэг татвар аваад өнгөрөх биш. Тохиромжтой нөхцөлд сайн төслүүдэд хөрөнгө оруулалт хийх хүсэл эрмэлзэл, эрэлт хангалттай бий.

Австралийн ашигт малтмалын нөөцийн салбарт илүү сайн бүтээмж, төсвийн зохицуулалт хэрэгтэй байна. Зөвшөөрөл олгох үе шатыг хурдасгах шаардлагатай. Ажлын байр бий болгох, цалингийн өсөлтийг хангах бүтээмж, уян хатан байдал, өрсөлдөх чадварыг бий болгодог үйлдвэрлэлийн харилцааны систем. урьдчилан таамаглах, эрсдэлийг бууруулах учиртай.

Ийм нөхцөлд хөрөнгө урсаж орж ирэх болно. Австралийн чухал ашигт малтмалын стратеги нь бидний өмнө байгаа боломжийн ач холбогдлыг хүлээн зөвшөөрөхөд чиглэж чадсан гэж би хувьдаа харж байна. Декарбонизаци хурдацтай явагдаж буй дэлхийн экспортыг орлуулах өрсөлдөөн ид өрнөж байгаа тул Австралийн хувьд бусад улс орнуудаас илүү чухал үүрэг оролцоотой болсон. Бүх нөхцөл байдал зөв тийшээ явж байна гэж хэлмээр байгаа ч харамсалтай нь үндэстний хувьд тийм биш байна.

Засгийн газар үндэслэлгүй үйлдэл хийвэл хөрөнгө оруулалтын эрсдэл нэмэгддэг

Өмнөд Австралид Засгийн газар уул уурхай, хөдөө аж ахуй, батлан хамгаалах салбарт муж даяар олон боломжуудыг дэмжих боломжтой. Умардын усан хангамжийн төслийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр эрэлхийлж буй хувийн хэвшлийнхэнтэй хамтран ажиллаж байна.

Баруун Австралийн Засгийн газар саяхан “Тогтвортой гео шинжлэх ухааны хөрөнгө оруулалтын багц”-аар тус мужид чухал ач холбогдолтой ашигт малтмалын хайгуулыг дэмжих зорилгоор 40 сая долларын хөрөнгө оруулалт хийхээ зарлалаа. Гэвч санаа зовоосон зүйл байна. Зарим бодлого биднийг буруу тийш нь чиглүүлж, Австралийн өрсөлдөх чадварыг бууруулж байгаа. Аж үйлдвэрийн харилцааны хууль тогтоомжид сүүлийн үед болон одоо санал болгож буй өөрчлөлтүүд үүнд багтаж яваа. Бүр тодруулж онцолбол адилхан ажил хийж буй бол адилхан цалин олгох тухай хууль тогтоомж байна. Хөрөнгө бол дэлхийн шинжтэй. Эрсдэл/өгөөжийн харьцаа хамгийн сайн, сонирхол татсан газар руу л хөрөнгө оруулалт урсана.

Засгийн газар урьдчилсан тооцоогүй, үндэслэлгүй үйлдэл хийсэн тохиолдолд хөрөнгө оруулалтын эрсдэл нэмэгддэг.

BHP Чилид үргэлжлүүлэн хөрөнгө оруулах болно

Бид өнгөрсөн нэг жилийн хугацаанд дэлхийн бизнес орчинд тэс өөр хоёр хандлагыг мэдэрсэн.

Чилид зэсийн нөөц ашигласны төлбөрийг нэмэгдүүлэх хэрэгтэй гэж байсан. Хүчтэй зүүний засгийн газар байсан ч тэд аж үйлдвэрийг эрхэлж, олон нийтийн хэрэгцээ, аж үйлдвэр, улс орныг өрсөлдөх чадвартай байлгахын тулд юу шаардлагатай байгааг ойлгож, үр дүнд хүрэхийн тулд ажиллахыг эрэлхийлж чадлаа. Энэхүү оролцооны үйл явц хэдэн жилийн турш үргэлжилсэн л дээ. Харилцан ойлголцох, хамтран ажиллахад чиглэсэн хүндэтгэлтэй хандлагыг тэднээс мэдэрсэн. Үр дүн, үйл явц хоёулаа хөрөнгө оруулалтын таатай байдлыг хадгалахад сайнаар нөлөөлсөн шүү. BHP компани тэнд үргэлжлүүлэн хөрөнгө оруулах болно.

Эсрэгээрээ энэ тайзан дээр үүнийг хэлэх хэцүү байгаа ч нэг зүйлийг онцолмоор байна. Бид энэ хурлыг зохион байгуулагч муж, мөн оролцогчдод үнэнийг хэлэх хэрэгтэй. Күйнслэндэд ашигт малтмалын нөөц ашигласны татварыг нэмэгдүүлэх арга санаачлагаас өөр хувилбар өнөөхөндөө эндээс харагдахгүй байна. Салбарын оролцоо байхгүй, ойлгох гэсэн оролдлого, сонирхол огт үгүй. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр бараг гурав дахин нэмэгдсэн нь Квинслэнд мужийг дэлхийн хамгийн өндөр нүүрсний татварын дэглэмтэй газар болгож байна. Би давтан хэлье, дэлхийн уул уурхайд ийм өндөр татвартай жишээ байхгүй.

Тэр дундаа нүүрсний хамгийн өндөр татвар авдаг муж бол Квинслэнд. Энэ тохиолдолд бид дэлхийн бусад улс орнуудад, Австралийн тухайд Баруун Австрали, Өмнөд Австрали зэрэг мужуудад хөрөнгө оруулалт хийхийг эрмэлзэнэ. Илүү сайн өгөөж хүртэж, эрсдлээ бууруулахын тулд ийм шийдэл л илүү чухал. Бид одоогийн нөхцөлд Квинсландад цаашид долларын хөрөнгө оруулалт хийхгүй.

Тооцооллын хувьсагч бүр бидний талд ажиллах хэрэгтэй, тэгж байж амжилт ирнэ

Хөрөнгийн урсгал нь уул уурхайн салбарын амин сүнс. Хөрөнгө татах, хөнгөвчлөх тохиргоо нь бид хамтдаа сорилтыг даван туулж, ирээдүйн боломжоо ашиглаж чадах эсэхийг тодорхойлох гол хүчин зүйл байх болно. Бидэнд тулгарч буй сорилт асар том бөгөөд дэлхийн хамтын нийгэмлэгийн хувьд нэлээд удаан хугацаанд үргэлжилж буй хамгийн анхаарал татсан, чухал сорилтуудын нэг юм. Сорилтын цар хүрээ том болоод зогсохгүй энэ сорилтыг даван туулах зам улам бүдгэрч байна. Амжилтанд хүрэхийн тулд тооцооллын хувьсагч бүр бидний талд ажиллах хэрэгтэй. Хэн ч ганцаар тэнд хүрч чадахгүй.

Хамтран ажиллах, харилцан хамааралтай хүчин чармайлт гаргах боломж одоо л байна.
Засгийн газрууд бодлого, төсвийн зохицуулалт, зөвшөөрлийн хүрээ, худалдааны зохицуулалтыг баталгаажуулж байж л дэлхийн эрчим хүчний шилжилтийг дэмжихэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг татдаг. Хөрөнгө оруулагчийн экосистем нь компаниуд болон төслүүдийг дэмжих тохиолдолд уул уурхай дэлхийн “цэвэр” (net zero) ирээдүйд гүйцэтгэх чухал үүрэг ролийг тодорхой нүдээр харж, тогтвортой, шударга алсын хараагаар хэрэгжүүлэх үүрэгтэй болж байна.

Баялгийн салбар нь стандартыг байнга дээшлүүлж, нөөцийг нийлүүлэх илүү сайн, үр ашигтай, тогтвортой, аюулгүй арга замыг хайж олохын зэрэгцээ олон нийт, уугуул иргэдтэй жинхэнэ утгаараа хамтран ажилладаг.

Дэлхий ертөнц бидний сайн сайхан ирээдүйг баталгаажуулах замаар явж байна. Бид энэ гараг дээр илүү өндөр түвшний амьдралын түвшинг эрэлхийлж, олборлож яваа. Бидний зорьсон, төлөвлөсөн бүхэн ажил болж чадвал илүү тогтвортой ашиглах нөөцөөр хангагдаж чадна. Илүү сайн эрчим хүч ашиглана. Илүү олуулаа аж төрөх боломж нээгдэнэ. Товчхондоо уул уурхайн салбар ирээдүйг бүтээхэд чухал ач холбогдолтой. Боломж нь өндөр, цар хүрээ нь өргөн.

Хэрэв бид энэ боломжийг ашиглах юм бол эдийн засаг, нийгэм, нийгмийн бүлгүүдийн хувьд дэлхийн энд хүрнэ. Юмс төсөөлөх аргагүй хурдтай өөрчлөгдөж байгаа энэ үед бид Засгийн газар, хөрөнгө оруулагчид, нэмүү өртөг шингээсэн гинжин хэлхээний бүх салбарыг илүү сайн гүйцэтгэлтэй болгож, бие биедээ хялбар байх орчныг бүрдүүлэх учиртай. Бидний санаачлага өөрчлөлтийн хүч болж чадна. Дэлхийн мегатрендийн чухал өөрчлөлтийн хурдасгуур болж чадна. Бидэнд ирээдүйгээ төлөвлөж, хөрөнгө оруулалт хийх боломж байгаа ч дэмий алдах цаг байхгүй. Богино хугацаанд гаргаж буй бидний шийдвэрүүд хэдэн арван жил, магадгүй олон зууны туршид бидний ертөнцийг тодорхойлохыг үгүйсгэхгүй.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img