2024-07-27, Бямба
23 C
Ulaanbaatar

Засгийн газар хувийн хэвшлийн төлөөлөлтэй зөвлөлдөх уулзлаа

Монгол Улсын Засгийн газар өнөөдөр бүрэн бүрэлдэхүүнээрээ хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй зөвлөлдөх уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улс зах зээлийн чөлөөт эдийн засагт шилжиж, хувийн хэвшлүүд үүсэж бий болсноос хойш 30 жил өнгөрлөө. 30 жилийн ололт амжилт, алдаа дутагдлыг хамтдаа бодитоор дүгнэх цаг болжээ. Энэ нь манай улсын эдийн засгийн цаашдын хөгжилд чухал алхам болох юм. Сүүлийн гурван жилд Та бид хамтдаа өнгөрсөн 30 жилийн хамгийн хүндрэлтэй, тодорхойгүй, дэлхийн хэмжээний эдийн засгийн сорилттой нүүр тулгарч, цар тахал, дайны ээдрээтэй цаг үеийг туулж байна. Бидний ололт амжилт, алдаа дутагдлыг бодитоор мэдрүүлж, цаг алдалгүй засаж залруулах ёстойг сануулсан” гээд ДНБ 2021 онд 43, 2022 онд 53.8, 2023 онд 62.4 их наяд төгрөг болж, нэг хүнд ногдох ДНБ анх удаа 5000 ам.долларт хүрч тэлсэн байна. Ийм үед Компанийн тухай хууль үүргээ гүйцэтгэж чадаж байна уу. Хувийн хэвшил зовлонгоо яриад өнгөрдөг, төр сонсоод мартдаг нүдэн балай, чихэн дүлий байдлыг өөрчлөх цаг болсон. Эрх зүйн цогц шинэчлэл тал дээр ажлын хэсэг гаргаж, хамтарч ажиллая. Эдийн засгийн хүртээмжийг иргэд, аж ахуйн нэгжид хэрхэн тэгш хүртээмжтэй байлгах вэ гэдгээ ч ярилцъя гэлээ.

Ирэх онд ДНБ 74 их наяд төгрөгт хүрч, нэг хүнд ногдох ДНБ 6000 ам.доллар давна гэж тооцоолжээ. УИХ, Засгийн газраас 30 жилийн хугацаанд гаргасан 560 гаруй баримт бичгийг цэгцэлж, 2019 онд Үндсэн хуульд хөгжлийн бодлого төлөвлөлтийн заалт оруулж, 2020 онд УИХ “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг баталсан. Цаашид хууль эрхзүйн, бодлогын тогтвортой байдлыг хангах боломж бүрдсэн гэж үзэж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын төгсгөлд “Төр, хувийн хэвшилд аль алинд нь шүүмжлэлтэй зүйлс бий. Алдаа, оноогоо дүгнээд урагшлах ёстой. Ирэх 30 жилийн хөгжил, шийдэл ярья. Монголын компаниуд ирэх 30 жилд олон улсын зах зээлд бизнесээ тэлж, гадагшаа чиглэсэн хөрөнгө оруулалт хийх, үндэсний томоохон мега төслүүдийг хамтран хэрэгжүүлэх цаг нь болжээ. Хууль эрх зүйн орчныг сайжруулахдаа хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн өнцгөөс өөрчилье. МҮХАҮТ хувийн хэвшилтэйгээ ярилцаад, хууль эрх зүйн орчноо тодорхойл. Энэ бол шинэ хандлага. Ажлын арга барилдаа хийж буй өөрчлөлт. Бид шаардлагатай улс төрийн дэмжлэг үзүүлнэ. Эрх зүйн цогц шинэчлэл хийхийн тулд төлөвлөгөө гаргаад явъя. МҮХАҮТ гэдэг институцээ олон улсын хэмжээнд хүргэе. Цаашид аливаа хуулийн төслийг МҮХАҮТ-аар дамжуулан хувийн хэвшлийн дуу хоолойг тусгаж, хэлэлцүүлдэг жишиг тогтоох нь чухал” гэлээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img