-Сайхан өвөлжих гэж байна уу, та?
-Аятай сайхан өвөлжих байх аа. Чиний мэндээс уламжлаад жаахан юм ярья. Монголын нэг том дутагдал хэцүү хүйтэн өвөлтэйн “зовлон” гэх юм. Алтан дэлхийн энэхэн хэсэг газар нутагт хувь заяагаар оногдож энд л гал голомтоо бадраан, амьдраад мянга мянган жилийн буурал түүх элээсэн жинхэнэ монгол удмынхны амнаас гэнэт ийм хүнийрхүү үг унаад байдаг нь юусан билээ.
Дэлхийн тэн хагасыг эзэгнэж явахдаа богд Чингис хаан маань өвөл болдоггүй үргэлж зун, намраараа байдаг харь холын өөр нутагт тухлан амьдрахгүй яагаад тэр даруй буцаад ирдэг байсан юм бол оо. Үүнийг өвгөн би Чингис хаан маань өвлийг мөнх тэнгэрийн ариун соёрхол хэмээн биширч, өвөлтэй Монголд төрснөөрөө бахархаж явсных нь гэрч гэж боддог. Хүйтэн сэрүүн өвөлтэй учраас л монгол хүн бусдаас илүү өлчир чийрэг, ямаа нь хүртэл их ноолууртай, адуу нь хурд шандастай, ан гөрөөс, тарвага зурам нь элбэг олон, ус мөрөн нь цэвэр тунгалаг байдаг.
-Монголын өвөл хэцүү даваа гээд дулаан орон руу усны шувуу шиг нүүдэллэдэг хүмүүс олширсон шүү дээ?
-Хэцүүхэн өвөлтэй Монголд төрж тос үмхэж, тоос хөдөлгөж яваадаа гадаад найз нараасаа ичиж зовогсод, “өвөлгүй Монгол”-ын тухай хоосон мөрөөдөгсөд олширч байгаа нь сонин байна. Өвөл бол Монголд “хувьчлагдсан” онцгой өмч. Дундарч барагдана гэж байхгүй мөнхийн энэ их өмчийг аж ахуйн эргэлтэд оруулан ивэлгэж, мөнгө валют саах л үлдээд байна. Монголыг өвлийн аялал жуулчлалын олон улсын гол бүс нутаг болгох, өвлийн ан агнуур, өвлийн спорт, өлчиржүүлэх сувилал зэрэг олон салбар, дэд бүтэц бүхий “Өвөл” хөтөлбөр боловсруулбал дэмий мөрөөдөл болохгүй.
-Та “Сониндумаа” гэж сонин нэртэй ном гаргасан даа?
-Би өнгөрөгч зууны далан онд “Сониндумаа” гэж жүжиг бичсэн юм. Энэ номд тэр орсон. Ер нь энэ номд ерэн дөрвөн онд бичсэн “Ээж бидэн хоёр” дурсамж, ноднин жил бичсэн “Намсрай баян” хөрөг нийтлэл зэрэг олон он жил дамнасан хагас зуу гаруй тооны нийтлэл, уран бүтээл багтсан. Номын “Сониндумаа” гэдэг нэр нь угтаа бол бодит хүний нэр.
-Таны “Ээж бидэн хоёр” нийтлэл мөн ч сайхан шүү. Зарим уншигчид бүр “Сурах бичигт оруулъя” гэх санал хүртэл гаргаж байсан даа?
-Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд төрж өссөн өнчин ядуу миний бодит түүх юм. Хүн зонд овоо гайгүй хүрсэн бол бол оо доо гэж бодох юм.
-Та “Сониндумаа”-гаа бодит хүний нэр гэлээ. Сэнгийн Эрдэнэ гуайн Хулан шиг таны сэтгэл зүрхэнд хоногшсон бодит дүртэй нэр үү?
-Би иймэрхүү утгатай нэр олох гэж хайж байсан. Олдохгүй л байлаа. Тэгтэл Баянхонгор аймгийн нэгэн суманд жаран найман оны намар аймгийн төлөөлөгчөөр томилогдож, хөдөөгүүр айл хунараар орж ажил байдалтай танилцаж явсан чинь айлын эзэгтэй “Сониндумаа, миний охин аргал оруулаад ир” гэхэд арав орчим насны жаал охин “За” гэж часхийсэн чанга дуугаар хэлээд гүйн гарч аргал хормойлж ирэхийг харсан юм. Энэ нэр нэг л танил мэт сонсогдсон. Эрж хайж явсан жүжгийн зохиолд маань таарах нэр байсан учраас хэзээ язааны сайн танил нэр шиг дотно сонсогдсон юм билээ. “Сониндумаа” гэх нэр тухайн үед жүжгийн нэр болсон бол энэ удаад номоо нэрлэсэн хэрэг.
-Хагас мянга гаруй хуудас энэ том номоо сэтгүүлчийн тайлан болгож хэвлүүлэв үү?
-Би 1948 оны арваннэгдүгээр сарын 18-ныг мартдаггүй.
-Таны хувьд ямар түүхэн өдөр байв?
-Тэр өдөр би Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумынхаа бага сургуулийн хоёрдугаар ангид монгол хэл-бичгийн хичээл зааж, улс нийгэмдээ албан ажил хийж амьдрах анхныхаа гарааг эхэлсэн юм.
Тэгэхдээ Бөмбөгөр сумын сургуулиас төрсөн Хомоолын Мишгээ, Сандагийн Самдан, Нүржавын Баатар, Бумбасын Сосорбарам, Тагалдарын Лувсан хэмээх анхны таван багшийн дараагаар багшилсан зургаадахь багш болсон байдаг. Надаар ном заалгасан анхны шавь нар эдүгээ наян насны даваа давсан бөгөөд ихэнх нь тэнгэрийн оронд заларсан бололтой байна. Яалтай ч билээ. Монголын төрд ардын багш болон зүтгэж эхэлсний далаад жилийн ойд зориулж өөрийн тайлан болгож энэ номыг эмхэтгэсэн юм л даа.
-Бөмбөгөр сумын сургууль таны нэрэмжит бил үү?
-Төрийн зарлиг, түмний ээлээр тийм болсон байдаг.
-Та “Монголын нууц товчоо”-г сэтгүүлзүйн анхдагч бүтээл гэж бараг эрдмийн зэрэг хамгаалах хэмжээнд өргөн судалж, баталж нотолжээ?
-Сэтгүүлчийн хувьд Монголын үндэсний сэтгүүлзүйн бичлэг туурвилын анхны сонгомол эх бичвэр нь “Монголын нууц товчоо” мөн болох тухай санааг анх дэвшүүлж, энэ талаар бичсэн нийтлэлүүдээ номдоо тэргүүн бүлэг болгон хэвлүүллээ. Хорьдугаар зууны Монголын их эрдэмтэн Цэндийн Дамдинсүрэн гуай “Нууц товчоо” ба “Жангар”, “Гэсэр” гурвыг Монголын уран зохиолын гурван оргил гэвэл зохино. Эдгээрт монголчуудын аж амьдрал ба сэтгэл хүсэл бүрэн илрэн гарчээ” гэж дүгнэсэн.
Тэр их эрдэмтэн “Монголын нууц товчоо”-г үнэлэхдээ “Тэр цагийн олны байдлыг нүдний өмнө ил харах мэт тодорхойгоор бичсэн” гэж дүгнэсэн байдаг нь “Монголын нууц товчоо” бол түүхэн үйл явдлын үнэнийг уран тансаг найруулан бичдэг уламжлалт монгол эх бичвэрийн нандин өв мөн болохыг нотолсон нотолгоо хэмээн үзэж болох юм.
“Монголын нууц товчоо” нь нийтэд зориулсан сонин, сэтгүүл биш боловч түүнийг туурвин бүтээсэн бичлэгийн төрөл зүйлийн нэлээд нь сэтгүүлзүйн төрөл зүйл яах аргагүй мөн байдаг. Монголын үндэсний сэтгүүлзүйн бичлэгийн өнөөгийн төрөл зүйл “Монголын нууц товчоо”-ны найруулан бичих эрдэм ухааны үлгэр загварын үргэлжлэл мөнөөс мөн юм шүү.
-За, жишээлбэл сэтгүүлзүйн ямар төрөл зүйл байна?
-Шүлэг, яруу найраг, уран сайхны дүр дүрслэл, уянгын халил, үлгэр домог, бараг хуудас бүрт тааралдахаас гадна сэтгүүлзүйн шинжтэй дурсамж тэмдэглэл, хөрөг зураглал, адилтгал, зүйрлэл, ярилцлага, мэдээ сурвалжлага, гүн ухааны эргэцүүлэл, дотоод хүүрнэлийн өчил дүүрэн байдаг юм. Монгол хүмүүс ийм л олон талтай цогц бүтээл таалан болгоодог байсан учраас “Монголын нууц товчоо”-г ингэж утга, бичгийн, яруу сайхны болон үнэн баримтлаг байхын хосолмол шинжтэй туурвисан биз ээ. Чи жишээ нэхэж байна. Нийтлэл бичих дөрвөн гол аргын шилдэг үлгэр жишээг “Нууц товчоо”-ноос олж үзэж болно.
-Ямар дөрвөн арга билээ?
-Хүүрнэн өгүүлэхүйн сонгодог жишээ хаана бий билээ. “Нууц товчоо”-нд байна. Дүрслэн тодорхойлж бичихийн сайхан жишээ бас л Нууц товчоонд бий. Егөөдөх, ярилцах аргуудыг хэрэглэсэн жишээ элбэг. Энэ талаас нь ухаж хэлбэл Монголын нууц товчоо бол нийтлэлийн урлал зүйн хураангуй толь бичиг мөн гэсэн төрөгдөл өөрийн эрхгүй үүсэж байгаа юм.
Таны нэхээд байгаа жишээ “Нууц товчоо”-нд маш олон. Ганцыг дурдъя л даа. “Төдий эсгий туургат улсыг шулуутгаж, барс жил Ононы тэргүүнээ хурж, есөн хөлт цагаан туг байгуулаад, Чингис хаанд хан цол тэнд өгөв”. Мөнөөхөн бидний дэлхийн чихийг дэлдийлгэсэн үйл явдал хэмээн нэрлэдэг Монголын нэгдсэн төр байгуулагдсан талаар ердөө л хуруун чинээ мэдээнд багтааж. Тоолоод үзэхэд ердөө хориодхон үгтэй байгаа юм. Энд дутуу зүйл алга.
Харин ч хэвшмэл хэллэгээс зайлсхийж ижил утгатай сайхан монгол үг сонгож найруулан бичиж. Монголчууд гэхийг “Эсгий туургатан”, улсаа нэгтгэж гэхийг “улсаа шулуутгаж”, төр улсаа байгуулсан гэхийг “есөн хөлт цагаан тугаа байгуулсан” гэжээ. Энэ бол их чухал мэдээ. Ийм жишээнүүд олон бий дээ. Чингис хаан бол хүний хүн чанарыг таньдаг гайхамшигтай хүн. Чингисээс өөр ийм гайхамшигтай хаан энэ дэлхийд үзэгдээгүй. Юлий Цезарийг юм бол уу гээд байсан чинь Цезарь ч бас тийм биш юм шиг байна.
-Цезарь ямар хүн таньдаг байтлаа л найздаа алуулав гэж дээ?
-Найз нь алсан.
-Молор-Эрдэнэ гэдэг философич “Чингис энэ дэлхийд юу ч хийж бүтээгээгүй, Монголын эзэнт гүрэн ч үлгэр” гэх юм…
-Молор-Эрдэнэ гэж ямар юм байдаг юм?
-Германд сургууль төгссөн мундаг философич хүн гэсэн шүү…
-Германд төгссөн юм бол тэр юу мэдэх вэ дээ. Чингисийг чинь дорно дахины өргөн мэдлэгтэй, хятад, араб, перс, энэтхэг хэлтэй хүн л гаргаж ирж байгаа юм шүү дээ. Тэрнээс Европоос Чингисийн тухай олигтой юм гарахгүй.
Европчууд чинь “Одоо хэзээ хүрээд ирэх бол” л гэж үнхэлцэг нь хагарчих шахаж байснаас биш Чингисийн тухай огт мэдэхгүй шахуу улс. Чингисийг судлая гэвэл байлдан эзэлсэн газар нутаг, улс зоноос илүү Чингисийн хүнийг нь судлах хэрэгтэй. Манай удирдагчид дотор Чингис шиг өр зөөлөн хүн ер харагдахгүй юм. Чингис шиг нигүүлсэнгүй, Чингис шиг шударга, Чингис шиг голч мэргэн ийм хүнийг олж төрд гаргаж ирэхийг бодох хэрэгтэй. Чингисийн яг цусны биш ч Чингис шиг мундаг хүн Монголоос гарна. Гарч ч таараа. Тэгж байж цэгцэрнэ.
-Таны Баянхонгор нутгийн хүн чинь төрийн тэргүүн болж байсан даа?
-Баттулга танигдаагүй байна. Гэхдээ гарц олоод байдаг шинж түүнд бий. Удирдлагын шинжлэх ухаанд хоёр юм байдаг. Орох хаалгаа, гарах хаалгаа мэддэг байх ёстой. Би Баттулгыг буцаж гарах хаалгаа гайгүй сайн гадарлаад байдаг хүн юм бол уу гэж боддог юм. Баттулгыг одоогоор магтах ч болоогүй, муулах ч болоогүй. Хэрвээ одоогийн муухай новширсон юмыг цэвэрлэж хаяад оронд нь шударга юм байгуулчихвал болж л байна. Тэгж чадахгүй дахиад нэг Элбэгдорж болчих юм бол тэр нь шиг хэрэггүй юм байхгүй.
-Түрүүчийн Ерөнхийлөгч нар гарах гарцгүй улс байв уу. Н.Энхбаярыг Элбэгдорж нь, Элбэгдоржийгоо дараагийнх гэх мэтээр дэндэгнүүлээ л байх юм байна шүү дээ?
-Аль аль нь өөрснөө болохгүй байсан улс. Одоо бол Н.Энхбаяр их өш хонзон санаад байлгүй больчихмоор байгаа юм шүү дээ. Ямар юмны хэрэг байна. Заавал хүнийг давж гарах гээд байдаг мөртлөө Чингис хааных шиг ухаан түүнд байхгүй.
-Нэг мэдсэн чинь хоёулаа улстөржиж байх шиг байна, жолоогоо татъя. Та сэтгүүлч бидэндээ хандаж юу хэлэх сэн бол?
-Хүн бүхэн дотроо эрдэнэс нуусан цоожтой авдартай адил. Түүнийг түлхүүрдэн онгойлгож байх учиртай. Сэтгүүлчийн мөнхийн заяа тавилан бол сэтгэлийн их эрэл хайгуул. Сэтгүүлчийн бүтээлч эрэл хайгуул хоёр сурвалжаас эхтэй юм. Тэр нь нэг нь баримтаас, нөгөө нь өөрийн таамаглал буюу сэтгүүлчийн зөн совингоос үүдэлтэй. Шинэ цагийн залуу үеийн сэтгүүлчдэд үүнийг л хэлье. Хамгийн гол нь сэтгүүлзүй, бичиж буй нийтлэл чинь уулын горхи шиг тунгалаг байх учиртай юм шүү.