“Ворота в Азию” үзэсгэлэн худалдаа, хоёр орны бизнес форумын хүрээнд ОХУ-ын Эрхүү мужийн Братск хотын дарга С.В.Серебренников тэргүүтэй тус хотын төлөөлөгчид Монгол Улсад айлчиллаа.
Айлчлалын хүрээнд тус хотын үйлдвэр, аж ахуйн нэгжүүд эрчим хүч, модон эдлэл, аялал жуулчлал, хүнс, хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүнээ монголчуудад танилцуулав.
Тодруулбал, Братск хотын модон эдлэлийн үйлдвэр шахмал түлш танилцууллаа. Уг түлш нь Монгол гэрт түлэх, утаа тортог, үнс ихтэй нүүрстэй өрсөлдөхүйц сайн чанарын шахмал түлшний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн аж. Манай бүтээгдэхүүн монголын талын сонирхолыг ихэд татаж байна хэмээн Братск хотын дарга Сергей Серебренников хэллээ. Тэрбээр, модон шахмал түлшийг Оросын бусад бүс нутгуудад эртнээс хэрэглэж ирсэн, эрэлт хэрэгцээтэй гэдгийг онцолж байв.
ОХУ-ын Эрхүү муж, Монгол Улсын хоорондох худалдааны эргэлт 170 сая ам.долларт хүрчээ.
Нэмж мэдээлэхэд, ОХУ-ын Эрхүү мужийн Братск хот нь Монгол Улсын Дархан-Уул аймгийн Дархан хоттой олон жил хамтын ажиллагааны харилцаатай явж ирсэн юм. “Ворота в Азию-2023” үзэсгэлэн худалдааны үеэр хоёр хотын удирдлагууд уулзан уламжлалт найрсаг харилцаагаа сэргээн, хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлж, экспорт, импортын гэрээ хэлэлцээр байгуулав.
“Ворота в Азию” үзэсгэлэн худалдаагаар Братск хотын 20 аж ахуйн нэгж:
- Братскийн хамгийн эртний “Падун” талх,
- “Solnechny” санаторийн өргөн хүрээний өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх үйлчилгээ,
- “Эко Братск” компани резинэн шалны бүрээсний өвөрмөц төрлүүдийг танилцууллаа.
“Ворота в Азию”-ийн хүрээнд болсон Монгол-Оросын бизнес уулзалт дээр 2022 оны байдлаар ОХУ-ын Эрхүүгийн бүс нутаг болон Монгол Улсын хоорондын худалдааны эргэлт 170 сая ам.доллароор тооцогдож буйг мэдээллээ.