-Та социализм хийгээд капитализм хоёрт тэнцүүхэн амьдарлаа гэж байна. Таны анзаарснаар гол ялгаа нь юундаа байна?
-Капиталист нийгмийн гол үнэт зүйл нь мөнгө. “Улс төр, эдийн засгийн ухаан” сурах бичигт “Бүх зүйл мөнгөний дарлалд ордог” гэж бичсэн байдаг. Өнөөдөр бид ашгийн төлөөх чөлөөт өрсөлдөөнд суурилсан хувийн өмчтэй нийгэмд л амьдарч байна. Үүнд нэг дутагдалтай зүйл нь нийтийн эрх ашиг гэж байдаггүй.
Хувь хүний эрх, эрх чөлөөг хуулиар хүндэлнэ гэж нэгдүгээрт тавьдаг. Тэрийг бид либераль, либерализм гэж ярьдаг. Хувь хүний эрх, эрх чөлөөнөөс гадна нийтийн эрх ашиг гэж том зүйл байх ёстой. Социализм нийтийн эрх ашгийг их чухалчилдаг. Нийтийн өмч, хамтын хөдөлмөр дээр суурилсан нийгэм шүү дээ. Тэр бүхнийг өнөөдөр зөвхөн социализм гэдэг утгаар нь хараагаад байх утгагүй. Социализмын замналаар явж буй улс Европт Финлянд, Швед, Швейцарь, Францаас өгсүүлээд байна.
Финляндад гэхэд боловсрол сургалт, эмнэлэг үнэгүй байдаг. Хүмүүсийн хамгийн гол хүсээд байдаг зүйл бол эрүүл, боловсролтой байх, аюулгүй орчинд амьдрах эрх хангагдсан байхад хүний үндсэн эрх хангагддаг. Хүн төрөлхтөн алт, мөнгө хэрэггүй нийгмийг бий болгоно гэж утопи социализмын үзэл санааг хүртэл гаргаж байж.
Маркс, Энгельсийн социализм яагаад буруудсан гэхээр онолын зөв буруу ойлголт томьёолол, удирдлагын ухаалаг биш байдлаас шалтгаалж алдсан болов уу. ЗХУ ид хүчирхэг, эргэн тойрны улсаа ганц няслаад л эрхшээлдээ оруулж байхад ганц Финлянд л 1940 онд байлдаад хил дээрээсээ хөөгөөд явуулчихсан байдаг. Би Финляндын түүхийг сонирхдог хүний хувьд удирдагчид нь ямар их ухаантай хүмүүс байгаа вэ гэж боддог.
-Улс хүчирхэг байхын үндэс нь юу вэ?
-Финчүүд улс орон, ард түмнийхээ онцлогийг харж чадсан. Тийм учраас ард түмэн боловсролтой болчихвол, эрүүл байвал нийгэм сайн сайхан байх юм байна, улс хүчирхэг байх юм байна гэдэг хялбар зарчмыг л зөв явуулсан. Ард нийтээр чинээлиг болчихоор улс сайхан хөгжиж байна.
Ядуу орны баян удирдагч байх уу, чинээлиг улсын хүчирхэг удирдагч байх уу гэдэг хоёрт том ялгаа байна. Бид энэ бүхнийг түүхээс олж харж байх ёстой. Түүх л бидэнд бүхнийг хэлж өгнө. Бид юун дээр алдсан байна, хэн, хаана алдаа гаргачихаж вэ гэдгийг түүхээс харах учиртай. Манайх хөрөнгийн хуримтлал үүсгэх гэж чадан ядан оролдож яваа капитализмын дөнгөж эхэн шатанд яваа улс шүү дээ. Одоогийн өндөр хөгжилтэй улсууд чинь ийм байдлыг олон зуун жилийн өмнө даваад туулчихсан. Бид хөгжлийнх нь араас нь л яваад байгаа болохоос өмнөөс нь угтсангүй.
Тэгэхээр 1990-ээд оны үед юун дээр алдав гэдгээ харах хэрэгтэй. Алдсан учраас л боловсрол, эрүүл мэндийн тогтолцоо алдагдчихлаа, ард түмний бухимдал нэмэгдлээ, нийт хүн амын дунд ядуурал ихэслээ. Энэ бүхэн зүй бус үзэгдэл шүү дээ. Монголчууд бид ерэн онд юуны төлөө зорьж тэмцэн, социализмаас татгалзсан билээ. Улам илүү сайхан нийгэмд оръё, социализм гэдэг бол дөрвөн хөллөөд мөлхөж байгаа ядарсан яндан цагаан морь юм байна гээд бидний залуус шүүмжилж байсан.
-Та бүхний өөрчлөхөөр тэмүүлж хүсэж байсан тэр сайхан нийгэм хаашаа одчихов оо?
-Социализм бол дарга анги нь сайхан амьдардаг гэж шүүмжилж байлаа. Гэтэл одоо энэ байдлаас гарч чадсан уу гээд харахаар харин ч социализмын үеийн унаа маань дүүхэлзсэн сайхан борлог морь байсан юм биш үү гэсэн бодол төрөхөөр болж. Монгол хүний нүд тэр үед цаанаа л нэг гэрэлтэй байсан санагдах юм. Одоо бол “Хэдэн төгрөг өгнө, тэрэнд нь тааруулж хөдөлнө” гэсэн үзэл санаа хүнд бий болчихож. Тэр үед бид социалист нийгмийг нураах үйл явдалдаа хэт автаад өөрсдийнхөө олон үнэт зүйлсээ хамаа намаагүй устгачихжээ. Гэрээ цэвэрлэхдээ хэрэггүй зүйл гээд олон хэрэгтэй зүйлээ гаргаад хаячихаж. Одоогийн бидний энэ капиталист нийгэм ёс суртахуун, ёс зүйгүй нийгэм болсон.
Бидний ёс зүйг мөнгөний их бага, түрийвчний нимгэн зузаан орлодог болчихсон. Шударга ёс гэдэг зүйл зүгээр л мөнгөний эрхшээлд орчихсон. Социализмын үед хуримтлуулж бий болгосон нийтийн баялгийг ард түмэнд хувьчлахдаа алдаа гаргасан. Хувьцаа, үнэт цаас гэдэг зүйл мэдэхгүй олон түмэнд уг нь сургалт явуулсан бол их тустай байх байсан. Сэтгэлийн хөөрлөөр өмч хувьчлалыг явуулсан учраас баялгийн хуваарилалт буруу явагдсан. Баялаг буруу хуваарилагдсан болохоор хүмүүсийн баян, хоосны ялгаа огцом өссөн. Бурангуй капиталист систем тогтсон.
-Одоо тэгвэл яах вэ?
-Гучаас дөчин насныхны өмнө Монгол Улс цаашид энэ хэвээрээ байх уу, энэ байдлаас даруй ухаалгаар гарах уу гэдэг асуулт тавигдаж байгаа. Эдний үеийнхэн энэ цаг үеийнхээ байдлыг ухаалаг зөв олж харах хэрэгтэй. Түүхэн сургамжуудаас харж байхад тухайн цаг үеийн эгзэгтэй мөчүүдийг ард түмэн анзаарч хараагүй байдаг.
Түүх гэдэг тавь, зуун жилээр хэмжигддэг эд биш, хэдэн зуун жил дамнаж үр дүн нь харагддаг зүйл. Бид тэр том түүхэн үйл явдлын жижигхэн үед нь амьдарч байгаа. Цаг үеэ үнэн зөв үнэлэх чухал. Р.Чойном гэж агуу яруу найрагч байлаа. Тэр хүн Монголд байсан нийгмийг, дарга нарын давхаргыг хурц шүүмжилсэн. Монголчуудыгаа огт шүүмжлээгүй, шинээр бий болсон дарга ангийг л шүүмжилсэн шүү дээ. Ерээд оны эхээр дарга ангийн давхаргыг нураана гэж ярьцгаасан хүмүүс өмнөх нийгмийн дарга нараас ч эрх мэдэлтэй болцгоосон.
Капаталист нийгэмд хэнд баялаг их хуримтлагдана тэр улам баяждаг. Хэн баялгаас холдоно тэр улам ядуурдаг систем. Монопольт капитализм нь яваандаа олигархи болдог. Энийг чинь дэлхий туулаад өнгөрсөн шүү дээ. Бид яг үүн рүү л явж байна. Манай бизнесменүүд хоорондоо л өрсөлдөөд байх юм. Хамтарч өрсөлдөхгүй байна. Нэгнийхээ бизнесийг унагахын тулд янз бүрээр нэгнийгээ муулж байна. Үүнийгээ чөлөөт өрсөлдөөн гээд нэрлэчихсэн. Төрийн зохицуулалт огт хэрэггүй гээд үзчихсэн.
-Төрийн ямар зохицуулалт хэрэгтэй гэж?
-Хэн нэг нь ундаа хийгээд эхлэхээр улс даяараа ундаа савлаад эхэлдэг. Хэн нэг нь арьсан гутал хийхээр бүгд гутлын наймаа руу шуурдаг. Жижигхэн зах зээлтэй болохоор тэр ажил унаад байгаа юм. “Монголчуудад би хайртай” гэдэг нэвтрүүлэгт оролцсон Кумар гэдэг энэтхэг хүн “Хуушуурын гуанзных нь хажууд яг адилхан үйлчилгээний байгууллага барихад монголчууд хэрэлдэж зодолддоггүй. Манай Энэтхэгт хуушуурын гуанзны хажууд хүн хуушуурын газар нээвэл жинхэнэ алаан болно” гэж байгаа юм.
Хятад, Лаос, Вьетнам бүгд л социалист системд багтаж байсан ч шууд ардчилалд орсонгүй. Хятадууд дөнгөж саяхан “Марксизмыг ахин сайтар судла” гэж залуучууддаа үүрэг өглөө. Марксын “Капитал”-ыг гараад удаагүй байхад хэдхэн жилийн дараа хятадууд орчуулсан байдаг. “Капитал”-ыг ер нь Марксаар Рокфеллер бичүүлсэн гэдэг. Хятадууд одоо зөв судлаад мөн чанарыг нь олчихоод байгаа байхгүй юу.
Рокфеллер уншаад социализмыг дэмжиж болохгүй юм байна гээд люмпенгүүдээ цалинжуулаад, ажилчин анги дотор аристократ гэдэг ажилчны язгууртан давхаргыг бий болгосон байдаг. Машинтай, байртай, хүүхдүүд нь тусгай сургуульд сурдаг нэг ёсны ажилчин ангийн элит давхаргыг бий болгочихгүй юу.
-Манайхан Чингис хааны үеийн түүхээрээ их бахархаж омогорхох юм. Монголын эзэнт гүрэн дэлхий дээр байсан гүрнүүдтэй харьцуулахад хаахна нь бичигддэг юм бэ?
-Дэлхийн түүхэнд Ромын эзэнт гүрэн, Монгол, Англи гурвыг дэлхийн хэмжээний эзэнт гүрэн байгуулж чадсан гэж үздэг. Хорьдугаар зуунд ЗХУ эзэнт гүрэн цогцлоох гэж оролдсон ч Монголын эзэнт гүрний газар нутгаас хэтэрсэнгүй. Одоо Америкчууд оролдоод ийм гүрэн байгуулж чадахгүй байна. Хүн төрөлхтөн үүссэн цагаас ийм гуравхан улс л агуу их эзэнт гүрнийг байгуулж, тогтоон барьж чадсан гэж үздэг. Тухайн үед монголчууд өөрсдийн мэдэж байсан бүх газар оронд ноёрхлоо тогтоосон. Тэр үед хойд, урд Америк тив тэр чигээрээ нээгдээгүй байлаа. Африк бол сонирхлын бүсийн гадна. Тэгэхдээ Хубилай хааны үед монголчууд Африк тивийг мэддэг байсан талаар зураг байдаг.
Европ, Ази хоёр тивд тэр чигээр нь ноёрхлоо тогтоосон. Монголчуудын тогтоосон улс төрийн шинэ соёл, цэргийн шинэ урлагийн тогтоц дээр өнөөгийн бидний дэлхий ертөнцийн дүр зураг шинээр зурагдсан. Дипломат ёс, байлдах, тагнах урлаг өв уламжлагдаж дэлхий нийтэд тогтсон. Бас нэг гол зүйл бол Ази, Европ хоёр холбогдсоноор дэлхийд эдийн засгийн шинэ систем, соёлын том холилдоон бий болсон. Ази-Европ хоёрын холбоос бий болсон учраас газарзүйн их нээлтүүд 1400-гаад онд хийгдсэн. Нэрт аялагч Колумб чинь Энэтхэг орох гэж яваад Америкийг нээсэн хүн.
-Колумб яагаад Энэтхэг орох болсон юм бол?
-Их Монгол Улсад жуулчилсан Марко Пологийн замаар явах болсон. Марко Поло европчуудад анх нүүрсийг таниулсан. Европынхон итгэж өгөөгүй. Европчууд чулуун нүүрсийг мэдэж авсан явдал уурын хөдөлгүүр, дотоод шаталтын хөдөлгүүрийг зохион бүтээх гол хөшүүрэг болсон.
Ингэснээр хүн төрөлхтөн өнөөгийн хөгжлийн шатанд гарч ирсэн. Аж үйлдвэрийн хувьсгал явагдсанаар нэхмэлийн машин, ном хэвлэх машин болсон. Энэ бол дэлхийн түүхэнд оруулсан Монголын эзэнт гүрний хамгийн том ялалт.
Дэлхийн цэргийн урлаг Чингис хааны цэргээ засах, байлдах урлагийн зохион байгуулалтаар явагдах болсон. Толгойн сэргийлэх ангитай, урьдчилан тандах цэргийн тагнуул, баруун зүүн жигүүрийн хамгаалалт, ар талын нөөц гээд одоо хүртэл яг л тэр жаягаар явж байна ш дээ. Энэ бол монголчуудын дэлхийн нийтэд үлдээсэн их өв.
-Элчийг хүндэтгэх талаар мундаг соёлтой байсан санагддаг?
-Олон улсын харилцаанд монголчуудын оруулсан том соёл бол элчийг хүндэтгэх ёс буюу дипломатын халдашгүй дархан байдал. Алт, мөнгө, төмөр, модон гэрэгэ Хүннүгийн үеэс дамжин явсаар Монголын их эзэнт гүрний үед дээд цэгтээ хөгжиж, дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн. Одоо болтол элчид халдашгүй гэсэн хууль хүчин төгөлдөр явж байна. Аль ч улсын Элчин сайдын яам тухайн улсын газар нутагт тооцогддог. Энэ ёс Монголоос уламжилж тогтсон.
Энэ бүх үйл явц өнөөгийн бидний үеийн болоод дараагийн үеийн монголчуудыг дэлхий нийтээр хүндэтгэх гол эх сурвалж юм. Ийм агуу түүхээ монголчууд ойлгож мэдэж байх хэрэгтэй. Тийм учраас Чингис хааныг маань Дэлхийн мянганы суут хүн гэж тодорхойлсон байж таарна.
-Өнөөгийн монголчууд маань хэтэрхий жижгэрсэн сэтгэлгээтэй болчихсон юм шиг эмзэглэл төрөх юм. Бага хаадын хагарал шиг л юм болоод аймаг хошуугаараа талцаад байгаа нь танд ямар санагддаг вэ?
-Хорьдугаар зуун дотроо хамгийн сүүлд өрнөсөн явдлыг ярья л даа. 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын үр дүнд монголчууд Манжаас салаад тусгаар улсаа зарласан. Богд хаан олон газарт улсаа тунхагласан. Гэтэл энэ тусгаар тогтнол маань 1919 онд байхгүй болж Дундад иргэн улсын харьяанд орсон. Яагаад энэ богинохон хугацаанд юу ч үгүй байхдаа тэмцэж, ялалт авчирчихаад энэ богинохон хугацаанд алдчихсан юм бэ гэхээр өчүүхэн эрх ашгийн төлөөх зөрчлөөс үүдэлтэй алдаа гаргасан байдаг.
Энэ үеийн хамгийн том хагарал шарын ноёд, харын ноёдын дунд үүсчихсэн. Шашин, төр хоёр хосолсон хаант улс байсан. Шанзудбын яам гэж шашны хэрэг эрхлэх яам байгуулсан. Шашныхан төрийн эрх мэдэлд гарч ирснээр Шанзудбын яамнаас төрийн хэргэм зэрэгтэн хөөгдөөд гардаг болсон гэж түүхэнд өгүүлсэн байдаг. Энэ зөрчлөө засаж залруулж чадаагүйгээс харын талынхан “Эдэнд ингэж дарлуулж байхаар хуучин янзаараа Дундад иргэн улстай нэг тогоон дотор байж байсан дээр” гэж үзсэнээс тусгаар тогтнолоо алдах аюул нүүрлэсэн.
Ар, Өмнөд Монгол нэгдэж чадаагүй нь Хятадын Засгийн газар, Хаант Оросын талын явуулга байсан нь мэдээж боловч монгол ноёдын дотоод зөрчлөөс үүдсэн. Энэ бол зуухан жилийн өмнө болсон явдал. Өнөө өглөө л болсон явдал гэсэн үг.
Тэгэхээр тусгаар тогтнол хэмээх том ашгаасаа илүү хувийн эрх мэдэл, завшаанаа хадгалах гэсэн нь эмгэнэлтэй. Тэрнээс хятадууд хүчтэйдээ монголчуудыг дор нь дараад ороод ирээгүй шүү дээ. Сюй Шүй Жан дайн байлдаан хийгээгүй шүү дээ. Зүгээр орж ирээд зэвсэг хураачихсан. Магсар Хурцын номонд зэвсэг, буу сумны тоо байдаг. Маш их зэвсэг байсан. Байлдъя гэсэн цэргүүд ч байсан. Хатанбаатар Магсаржав, Д.Сүхбаатар, Дэндэвээс авахуулаад байлдах сонирхолтой ардын баатрууд байсан. Дээд эрх ашиг нь тусгаар тогтнох байтугай автономит эрхээсээ татгалзахад хүрсэн. Энэ бол маш том сургамж.
Энэ алдаагаа харин маш хурдан зассан явдал бол 1921 оны Ардын хувьсгал болсон. Хятадын дарлалаас хурдан гарсан. Энэ л түүхэн сургамжийг өнөөгийн улс орны удирдагчид ч байнга санаж сэрж явах учиртай.
-Таны уншсан “Монголчууд” цахим түүхийн сонсдог номыг хүмүүс их талархалтай хүлээж авсан. Монголчууд маань сүүлийн үед эх түүхээ их сонирхдог болсных уу, нууц нь юунд байна?
-Хүмүүс түүхээ сонсож, сонирхож байгаад би баярлаад байгаа. Энэ цомог тийм ч хямдхан биш, нийт дөчин цагийн төгс лекцийн хэмжээний зүйл багтсан зүйл шүү дээ. Анх энэ цомгоо 1980 оноос хойш төрсөн, завсрын үеийн залууст Монголын түүхийн ерөнхий мэдлэг өгье гэж бодож санаачилсан юм. Яагаад гэвэл наяад оны хүүхэд залуусын сурч боловсрох үе нь нийгмийн ороо бусгаа үед таарчихсан. Яг л ид түүхээ сурдаг, бага, дунд, дээд боловсролтой болох үед нь хувьсгал таараад сургалтын чанар муудаж, боловсролын тогтолцоо өөрчлөгдсөн.
Энэ үед түүхийн хичээл хаягдсан. Монголчууд нийтээрээ түүхээ сонирхохоо ч байсан үе. Түүх их уйтгартай болчихсон байсан. Тиймээс түүхийг ойлгуулъя гэж хийсэн. Аль ч орны иргэн бай түүхээ мэдэхгүй бол эх оронч гэсэн бодол хэзээ ч төрөхгүй. Монгол хүн бүрийн зүрх сэтгэлд эх орноороо бахархах, эх түүхээ дээдлэн шүтэхийн их гал дүрэлзэн бадарч байдаг. Энэ галд л би нэгэн цучил нэмэхийг хүссэн. Монголчууд шиг түүх нь дэлхийн хэмжээгээр яригддаг ард түмний үр сад түүхээ маш сайн мэдэж байх ёстой.
-Их байсан Монгол минь цагийн эрхээр бутран жижгэрч талд цацсан шагай шиг болж. Гэхдээ таны түүхийн цомог монгол хүн бүрийн сэтгэлд агуу их бахархлыг төрүүлсэн шүү…
-Сэтгэлийн бах, бахархлын сэдлийг өдөөх зорилготой энэ сонсдог номыг гаргасан. Тэрнээс түүхийн ямар нэг онолын зүйлийг оруулахыг чухалчлаагүй. “Хаашаа явж буйгаа мэдэхийн тулд хаанаас эхэлсэнээ мэд” гэсэн үг байдаг. Ядрахын цагт агуу түүх маань хань болж, босохын цагт эх түүхээ тулж өндийдөг ард түмэн дээ, бид. Энэ түгээмэл түүхийн номыг минь сонсоод цаашид түүхийн мэдлэгээ өөрсдөө баяжуулаарай гэсэн санаатай хийсэн.
Цомгийг хийгээд нэлээд хэдэн жил өнгөрлөө. Зөвхөн залуучууд гэлтгүй нас насныхан сонсож байгаа нь анзаарагдаж байна. Цахимаар надад талархлын захидал маш олон ирдэг. “Монголчууд” сонсдог номондоо Монголын эртний болоод дунд үеийн түүх, хорьдугаар зууны түүхийг өгүүлсэн. Хорьдугаар зууныг яагаад сонгов гэхээр Монголын түүхэнд XIII-XIV зуун, XX зуунууд маш их нөлөө үзүүлсэн.
-XIII-XIV зуун ч монголчуудын ид мандан бадарсан үе л дээ?
-Тэгэлгүй яахав. Бидний өвөг дээдэс Ази-Европыг холбосон их гүрэн байгуулж, дэлхийг нэг дэг журамд оруулж, хүн төрөлхтөн нэгэн дээвэр дор нэг санаа зорилготой ажиллаж, амьдарч болох юм байна гэдгийг анх удаа харуулсан.
Дэлхийн ард түмэн яагаад нэгэн дээвэр дор байж болохгүй гэж гэсэн үзэл одоо ч явж л байна шүү дээ. Хүн төрөлхтөн тэгш эрхтэй, нэг зорилготой болох уу, үгүй юу гэсэн өнөөгийн даяаршил чинь тэр үеийн монголчуудаас эхтэй. Мөнгө, эрх мэдлийг гартаа оруулсан хэсэг бүлэг хүмүүс дэлхийг атгандаа хураах гэж байна гэсэн үг яриа байдгийг үгүйсгэх аргагүй. Хүн төрөлхтөн одоо хүртэл баян, ядуугийн ялгаа арилаагүй байна. Улс орнуудын хувьд ч хүчтэй, сул гэсэн зааг байсаар л байна.
Тийм учраас тэр үе бол монголчуудын түүхийг тодотгосон, дэлхийн анхаарлыг татсан том үе. Үүнийг тодруулж бүрэн түүхийн хэмжээнд ярьсан. Хорьдугаар зуунд монголчууд сэргэн мандаж, өнөөгийн монголчууд бий болсон онцлог зуун. Харааж муушаагаад байсан социализмын үед бидний ахмад үе яаж ажиллаж, аж төрж байсныг өгүүлсэн.
-Одоогоос зуун жилийн өмнө монголчууд угсаатны хувьд бүрэн устаж мөхөхийн ирмэг дээр ирсэн байсан гэдэг байх аа?
-Хорьдугаар зууны эхэн үе гэхэд монголчууд дэлхийн түүхийн хуудас, дэлхийн газрын зургаас алга болчихсон байлаа. 1600-гаад оноос монголчууд Манж гүрний эрхшээлд ороод тусгаар улсын хувьд оршин тогтнож байсан байдлаа алдсан. Өмнө нь олсон асар их нэр хүнд мартагдчихсан байсан үе.
Түүхийн хуудаснаас арчигдсанаа, дэлхийн газрын зургаас алга болсноо эргэж бичсэн үе нь хорьдугаар зуун. Энэ зуунд монголчууд зовлон ч туулсан, жаргал ч амссан. Үндэсний эрх чөлөөний хувьсгал, 1921 оны Үндэсний ардчилсан хувьсгалын үрээр сөнөж мөхөж байгаа гэсэн үнэлгээтэй байсан ард түмэн чинь түүхээ бичээд босоод ирсэн. Өмнөхөөсөө маш их жижгэрсэн.
-Жижгэрэхдээ бид хэдий хэрийн газар нутгаа алдсан байв?
-Манжид дагаар орох үеийн Монголын үндсэн газар нутгийн хэмжээ Умар зүгт Байгаль нуураас урагш Цагаан хэрэм, зүүн зүгт Хянганы нуруунаас барууншаа Ил Тарвагатай, Балхаш нуур хүртэл өргөн уудам нутаг бол монголчуудын үндсэн газар нутаг байсан. Нийтдээ долоон сая дөрвөн зуун мянган метр квадрат талбайтай нутаг байлаа. Энэ газар нутаг дээр аж төрж байсан монголчууд мөхлийнхөө ирмэг дээр хоёр зуу гаруй жилийн дараа тусгаар тогтноод босож ирэхдээ нэг сая таван зуун мянган квадрат газар нутгийг авч үлдэж чадсан.
Бусад газар нутгаа өмнөд, хойд хөршийн улстөрийн том бодлого, дипломат ажиллагааны үр дүнд бид алдсан. Одоо бидний Монгол Улсын эргэн тойронд дан монголчууд л байгаа. Умар этгээдэд буриад, урд зүгт Өмнөд монголчуудтайгаа л бид хиллэж байгаа шүү дээ. Өөрөө өөрсөдтэйгөө л хиллэж байна.
-Гунигтай ч гэмээр түүхэн хувь заяа юм даа?
-Гэхдээ Монгол гэдэг том ард түмний үр сад өнөөдөр дэлхийн газрын зураг дээр зурагдсан явдал хорьдугаар зууны хамгийн том ололт.
1918 онд Монголд судалгаа хийж “Орчин цагийн Монгол” ном бичсэн Орос-Зөвлөлтийн томоохон судлаач Майский тухайн үеийн Монголын нийгэм-эдийн засгийн байдал, хүн ам, малын тооллого бүхнийг судлаад “Энэ ард түмэн одоогийнхоо байдлаар үлдвэл хүн төрөлхтөний түүхээс үндэстний хувьд алга болох гунигт хувь тавилан руу гулсах байдалтай байна” гэж дүгнэж бичсэн байдаг. Тэр үед Монголын хүн ам Буриад Монгол, Өмнөд Монголыг оролцуулахгүйгээр таван зуухан мянга болсон байсан. Халхын дөрвөн аймгийг шавьтай нь хамт Ар Монгол гэж ярьдаг даа. Арван найман онд ингэж бичигдэж байсан ард түмэн тавин жилийн дараа цоо шинэ ард түмэн болоод босоод ирсэн.
Хүн ам нь өсөж байгаа, эрүүл чийрэг, дээр нь нийтээрээ бичиг үсэгт тайлагдсан шинэ Монгол бий болсон. Энэ бол манай түүхэнд тод томруун эергээр бичигдэх зуун. Ерөнхийд нь би энэ зууны түүхийг “Тусгаар тогтнолын төлөө” гэж нэрлэсэн. Хорьдугаар зууны монголчуудын хамгийн гол үнэт зүйл бол тусгаар тогтнол. ОХУ ч юм уу, БНХАУ-ын хувьд тусгаар тогтнолын асуудал биднийх шиг үнэт зүйл болж тавигдахгүй. Орос, Хятадын тухайд тусгаар тогтнол алдагдах аюул нэг хэсэгтээ л тун бага.
Манай тусгаар тогтнол байнга сэрж, харж хамгаалж явахгүй бол эмзэг хэврэг байгаа. Монголчуудын үндэсний язгуур эрх ашиг бол тусгаар тогтнол. Ийм хоёр том гүрний дунд бид тусгаар оршиж байж л монгол хэл, соёлтойгоо, монгол зан заншилтайгаа байж чадна. Монгол Улс гэдэг утгаараа дэлхий нийттэй монгол хэлээрээ харьцаж байна.
-Тусгаар тогтнол ч асар их үнэ цэнээр олдсон байх шүү?
-Монголчууд тусгаар тогтнолоо асар их үнэ цэн, гарз хохирол амсаж байж олж авсан. Өмнөх хүчирхэг байдал, газар нутгаа алдсан. Тусгаар оршихын төлөө монголчууд өөрийнхөө хүчтэй байсан олон соёл, үнэ зүйлсийг алдсан. 1930-аад оны хэлмэгдүүлэлтийн үеэр Монголын алтан ургийн хэлхээ тасарсан.
Нийгмийн томоохон соёлт давхарга болж байсан лам нараа аймаглан устгуулсан. Үндэсний соёл мартагдсан. Бичиг үсгээ солиулсан. Олон хүнд сорилтуудтай тулгарсан. Энэ сорилтуудыг даван туулж байж Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг байгуулсан. Бид нэг хэсэг социализмыг “Аймшигтай нийгэм. Монгол бол дээвэргүй шорон” гэж ерээд оны эхээр бичсэн шүү дээ. Аливаа нэг хувьсгал болоход өмнөх нийгэм, төрийн зүтгэлтнээ муулдаг, алдаг, хороодог жамтай байна л даа.
Ганцхан Монголд ч биш хувьсгал гарсан улс орон болгонд ийм зүйл тохиолддог. 1921 оны хувьсгалын дараа баахан хүнээ хөнөөсөн чинь үүнтэй л холбоотой. Энэ чинь хувьсгалын л долгио. Феодалын бурангуй ёсыг хална, шинэ засаг төрийг тогтооно гэдэг нэрийн доор үндэснийхээ үнэт зүйл рүү халдаж довтолсон нь гунигтай шүү. Яг түүнтэй адилхан зүйл ерээд онд давтагдсан. Өмнөх нийгмийн үнэт зүйлс рүүгээ бид бас довтолсон.
-Социализмыг одооны хүүхэд залуус сайн мэдэхгүй шүү?
-Социализмын үед төрд зүтгэж байсан зүтгэлтнүүдээ доромжилж буруушаасан. Жанжин Сүхбаатар, маршал Чойбалсан, Ю.Цэдэнбал нарыг дарангуйлагч нар гэж үзэж нулимсан. Цаг үе ийм бурангуй явдлыг төрүүлж өөгшүүлдэг юм байна л даа.
Гэтэл социализм гэдэг чинь Монголыг их өөрчилж шинэ үнэт зүйлтэй болгосон тогтолцоо байж. Зүүн Европын пост социалист орнууд хөгжлийн хувьд хойшоо ухарч хоцорсон байж болно. Тэдэнд бол энэ яах аргагүй алдаатай зүйл байсан байж болно. Монгол Улсын хувьд социализм боломж, давуу тал, хожил байсан гэж хэлж болохоор байгаа. Монголчууд л социализмаас хожсон ард түмэн гэж би боддог юм. Энэ үед л хүн ам өсөж, эрүүлжиж, боловсорсон. Шинэ монгол хүн төрсөн. Тиймээс би сонсдог номондоо “Социализм системийн хувьд нэлэнхүйдээ саарал өнгөөр харагдаж байсан бол зөвхөн Монголд л өнгө өнгийн цэцэгтэй социализм байсан юм” гэж ярьсан. 1930 оноос өмнө Монголд ямар ч үйлдвэр байгаагүй.
1926 онд анхны Төмрийн завод гэдэг жижигхэн үйлдвэр Германы тусламжтайгаар одоогийн Бөхийн өргөөний тэнд байгуулагдсан. Аж үйлдвэрийн комбинатын суурь 1930 онд тавигдаад анхны цахилгаан станц баригдсан. Үүнээс хойш л монгол орон бүтээн байгуулалтын замаар хөгжих суурь тавигдсан шүү дээ. Хөгжлийн энэ үеийг гучаад оны хэлмэгдүүлэлт, дөчөөд оны дэлхийн дайн тасалдуулсан. 1946-1990 он хүртэлх дөчөөд жилд ганц мал шүтэж аж төрдөг байсан Монгол хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн орон болж хувирсан. Эрүүл мэнд, боловсрол үнэ төлбөргүй байлаа. Энэ боломжийг монголчууд өнгөрөгч зуунд олж авсан учраас энэ түүхээ зөв харах хэрэгтэй юм.
-Социализмыг чинь гажуудсан нийгэм байсан гэж дэлхий нийтээрээ яриад байдаггүй бил үү?
-Систем болж тогтсон социализм хуарангийн социализм байсан нь үнэн. Гажуудсан социализм байсныг наяад оны сүүлчээр дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн. Тогтолцоо ч бүхэлдээ нурж унасан. Монголд л ганцхан социализм нурж унаад бид ардчилсан хувьсгал хийчихсэн юм биш. Нэг гол анхаарах зүйл бол Монголд тогтож байсан социалист дэглэм өнөөгийн Хойд Солонгосынхоос шал ондоо зүйл шүү дээ. Энд тэнд хүмүүсийн бичсэн зүйлсийг харж байхад социализм гэдэг чинь одоогийн Куба, Хойд Солонгост байгаа социализмтай адилхан гэсэн байх юм. Энэ бол тийм биш гэдгийг залууст үнэн зөвөөр ойлгуулах учиртай.
Хоёр систем оршиж байсан учраас хүний эрхийг хаан боогдуулах, үзэл суртлаар боомилох, капиталист системийн соёлыг хөрөнгөтнийх гэж өөртөө дэлгэрүүлэхгүй байх зэргээр хавчиж байсан нь үнэн. Би социалист тогтолцоонд гучин жил амьдарсан хүн. Одоо капиталист дэглэмд хориод жил аж төрлөө. Капитализмд амьдарч байгаа залуу үеийнхэнд тэгэхээр социализмыг үнэн бодитоор л ярьж өгөх учиртай юм.
Түүхээ хулгайлсан түүхч