2024-05-02, Пүрэв
16 C
Ulaanbaatar

Б.Баатарцогт: Ураны 13 ордод 193 мянган тн-ын нөөц байна

Цөмийн Энергийн Комиссын Тамгын газрын дарга Б.Баатарцогттой ярилцлаа.

-Цөмийн Энергийн Комиссын Ажлын алба Монгол Улсад цацраг идэвхт ашигт малтмалыг ашиглах, олборлох, хөрөнгө оруулалт татах чиглэлээр хуулиар хүлээсэн чиг үүргийн дагуу ажилладаг. Монгол Улсын ураны салбарт өрнөж байгаа төслүүдийн талаар товч мэдээлэл өгнө үү?

-Ураны 13 ордод 193,000 орчим тонн нөөц байна. Энэхүү нөөцдөө тулгуурлан стратегийн хөрөнгө оруулагчийг татаж, Хөрөнгө оруулалтын гэрээ, Орд ашиглах гэрээ байгуулан, байгаль орчинд ээлтэй технологи нэвтрүүлэхээр ажиллаж байна. Хамгийн гол нь хүн ам, байгаль орчинд сөрөг нөлөөгүй, эрсдэлгүй байх тал дээр анхаарч байгаа. Одоогоор ураны салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа хоёр компани бол “Бадрах Энержи”, “Гурвансайхан” ХХК. “Бадрах Энержи” ХХК-ийн тухайд Зөөвч-Овоо, Дулаан-Уул, Өмнөд гэсэн гурван ордод нөөцөө тогтоож, технологийн туршилтын ажлыг жил гаруй хугацаанд явууллаа.

-Технологийн туршилтын үр дүн хэр гарсан бэ?

-Маш сайн гарсан. Туршилтын аргаар олборлолт явуулахад метал авалт төсөөлснөөс сайн байлаа. Уусган олборлолт явуулах учраас хэрэглэгдэх химийн уусмал, хүхрийн хүчлийн зарцуулалт харьцангуй бага байх тооцоолол гарсан. Үүнтэй холбоотойгоор “Бадрах Энержи” компани Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах хүсэлтээ удаа дараа илэрхийлж байна.

Баатарцогт-Ашигт малтмал, газрын тосны газар (АМГТГ) “Бадрах Энержи” ХХК-тай 2016 онд Орд ашиглах гэрээ байгуулсан. Орд ашиглах гэрээгээр Зөөвч-Овоо, Дулаан- Уул, Өмнөд гэсэн гурван ордод газар доор уусган олборлох технологиор олборлолт явуулах ТЭЗҮ боловсруулсан. Одоо ТЭЗҮ-д тодотгол хийх гэж байгаа бил үү?

-Өнгөрсөн онд хийсэн технологийн туршилтын үр дүнг үндэслэн өмнө боловсруулсан ТЭЗҮ-дээ тодотгол хийхээр ажиллаж байна. Нэмэлт тодотгол хийсний дараа Орд ашиглах гэрээг Засгийн газрын түвшинд ярих учиртай. Дараагийнх нь “Гурван сайхан”-ы төсөл. “Гурвансайхан” ХХК Дундговь аймагт Хайрхан, Хараат нэртэй ордын тусгай зөвшөөрлүүд эзэмшдэг. Энэ төслийн тухайд өмнө нь Канадын хөрөнгө оруулалттай байсан бол одоо Чехийн хөрөнгө оруулалттай. Чехийн хөрөнгө оруулагчид ордуудын өмнө тогтоогдсон нөөцийг баталгаажуулаад өнгөрсөн онд нарийвчилсан ажлыг хийж гүйцэтгэсэн.

-Энэ онд үргэлжлүүлж хийх ажлууд байгаа юу?

-Бий. Ураны энэ хоёр төслөөс гадна Ховд аймагт байгаа “Халзан Бүрэгтэй” төсөл. Энэ ордын нөөцийг 2014, 2015 онд тогтоогоод ТЭЗҮ боловсруулсан. Тухайн ордод нарийвчилсан хайгуул явуулж, нөөц баталгаажуулах ажлыг хийж гүйцэтгэсэн. Өнгөрсөн онд хайгуулын ажил нь эрчимтэй явагдаж байсан ч харамсалтай нь орон нутгийн иргэдийн эсэргүүцлийн улмаас түр зогсоод байна. Гол асуудал нь цацраг тойрсон асуудал. Газрын ховор элементийн ордод цацраг харьцангуй бага нөлөөлөлтэй. Энэ нь хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөө үүсгэхээр байна уу, үгүй юу гэдгийг тогтоохоор Цөмийн Энергийн Комиссоос цацрагийн үед мөрдөж ажиллах аюулгүй ажиллагааны зөвлөх зөвлөмжүүдийг өгч ажиллаж байгаа.

-Дэлхийд газрын ховор элемент болон ураны эрэлт хэрэгцээ ихээхэн өсч байна. Саяхан Олон улсын атомын энергийн агентлаг ураны группын уулзалтыг зохион байгуулсан. Энэ талаар товч мэдээлэл өгнө үү?

-Энэ уулзалтад дэлхийн ураны нөөцтэй 37 орны төлөөллүүд нэгдэж, ураны нөөц баялгийн мэдээллийг нэгтгэсэн “Улаан ном”-ын (Red book) редакцын ажлыг хийж гүйцэтгэсэн. Энэ үеэр ураны өнөөгийн байдал, цаашдын хэтийн төлөв, эрэлт хэрэгцээ, шинээр бий болох ордууд болон эдийн засгийн эргэлтэд орох уурхай зэрэг өргөн сэдэвтэй хэлэлцүүлэг өрнөлөө. Одоогоор дэлхийд ураны нөөцөөр тэргүүлэх Австрали, Канад, Казахстан, Орос зэрэг орнууд байна. Монгол Улс ураны нөөцөөрөө дэлхийд 10-т жагсдаг. Нөөцөө хайгуулаар нэмэгдүүлэх боломжтой. Ураны олборлолтоор Казахстан тэргүүлдэг.

-Хэдийгээр ураны болон газрын ховор элементийн төслүүдийг Монголын Засгийн газар дэмжиж, бодлого хөтөлбөртөө тусгадаг ч орон нутгийн дэмжлэг дутагдаад байна л даа. Энэ тал дээр анхаарч, сайжруулах ямар ажлууд харагдаж байгаа вэ?

-Үүнд хэд хэдэн нөхцөл шалтгаан байна. Нэгдүгээрт, орон нутгийн иргэдийн мэдлэг, мэдээлэл дутмаг. Нөгөө талдаа төсөл хэрэгжүүлж компаниуд орон нутгийн иргэд, засаг захиргааны байгууллагууд өөрсдийн үйл ажиллагааг үнэн зөв, тодорхой мэдээлж байх үүрэгтэй ч хангалттай биелүүлдэггүй.

Төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаа ч нөлөөлж байгаа. Асуудал хариуцсан байгууллага нь орон нутаг, аж ахуйн нэгж, иргэдийг хамруулсан уулзалт, зөвлөгөөн, мэдээлэл солилцох бололцоо нөхцлийг хангаж байх шаардлагатай. Үүнийг хэрэгжүүлэхэд мэдээж төсөв, санхүү, олон талын хэрэгцээ шаардлага бий ч нөхцөл боломж нь тааруу. Төслөө орон нутагт үнэн зөвөөр таниулж, бүх иргэдэд хүрч ажиллан мэдээ, мэдээллээ тогтмол өгч, сөрөг эрсдэлтэй талуудаа тайлбарлаж байх хэрэгтэй.

Нийгмийн зөвшөөрөл (social license) авахдаа орон нутгийн иргэдтэй харилцан ярилцлага хийдэг олон улсын туршлага бий. Нутгийн иргэдийн оролцоог хангадаг гэсэн үг. Орон нутгийн иргэдийн оролцоо хэдий чинээ нэмэгдэнэ тухайн төслийг дэмжих, сайшаах, төслөөс үр ашиг хүртэх бололцоо хангагддаг.

-Яг энэ тал дээр та ямар туршлага нэрлэх вэ?

-Жишээ дурдахад, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газарт ажиллаж байхдаа би 2012 онд Ховдын Цэцэг, Дарви сумд орших Хөшөөтийн нүүрсний уурхай дээр очиж билээ. Орон нутгийн иргэд энэ уурхайн үйл ажиллагааг 100 хувь эсэргүүцэж байсан юм. Уурхайг зогсоохыг шаардаж байлаа. Арван жилийн дараа эргээд харахад, тэнд орон нутгийн иргэдийн оролцоо маш өндөр болж, тухайн төслөөс үр ашгаа хүртдэг болсон байна. Төсөл цаашид урт удаан хугацаанд ажиллуулж, амжилттай урагшлуулах тал дээр орон нутгийн иргэд хоорондоо ярилцдаг хэмжээнд очсон байна. Уран, газрын ховор элементийн төслүүд ч ийм байдлаар явах учиртай.

Тэгэхгүй бол уул уурхайн мэргэжилтнүүдээс бусад хүмүүст эмзэглэл, эрсдэл, айдас байсаар байх талтай. Цацраг бол аюултай, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэсэн ойлголтыг орон нутгийнхан авчихсан. Тогтоосон дүрэм, стандартын дагуу үйл ажиллагаа явуулахад ямар нэгэн аюул, эрсдэлгүй гэдгийг зөвөөр ойлгуулах хэрэгтэй. Мэдээж стандарт, дүрэм журмын дагуу, орон нутгийн ард иргэд, аж ахуйн нэгжүүд, төр захиргааны байгууллагын албан хаагчид нэгдмэл ойлголт, зорилготой байвал эдгээр төслүүд амжилттай урагшилна.

-Ярилцсан Танд баярлалаа.эрдэс баялаг

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img