2024-05-26, Ням
15 C
Ulaanbaatar

БСШУСБХ: Ажлын хэсэг хуралдлаа

Монгол Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны 2023 оны 04 дүгээр тогтоолоор байгуулагдсан Монгол хэл, бичгийн үнэлэмж, хэрэглээ, эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлаар зөвлөмж, санал, дүгнэлт гаргаж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг хуралдлаа. Ажлын хэсгийн хурлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэн зэрэг байгууллагуудаас монгол хэл, бичгийн чиглэлээр хийгдсэн суурь судалгаа, мэдээлэл, холбогдох үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй зорилтот арга хэмжээнүүдийг танилцуулж, харилцан санал солилцов.

Тухайлбал, “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилт, энэ хүрээнд төрийн албан хэргийг 2025 оноос хос бичгээр хөтлөхөөр хуульчилсантай холбогдуулан бэлтгэл ажлын явц, боловсон хүчний хангамж, суурь хэрэглээний түвшин зэрэг холбогдох ажлын хүрээнд мэдээлэл танилцуулсан юм. УИХ-ын гишүүн, БСШУСБХ-ны дарга, ажлын хэсгийн ахлагч Г.Мөнхцэцэг, дээрх агуулгын хүрээнд хийгдсэн суурь судалгаа мэдээллийг нэгтгэн боловсруулж, салбар хоорондын уялдааг сайжруулж, бүтээлч хамтын ажиллагааг нэмэгдүүлснээр бодит үр дүнд хүрэх учиртайг тэмдэглэв. Түүнчлэн үндэсний хэл, бичгийн хэрэглээ, ач холбогдлыг тодотгосон нийгэм, соёлын нөлөөллийн ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлэх нь чухал гэдэгт ажлын хэсгийн гишүүд санал нэгдлээ.

Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан сургалтын хөтөлбөр, сурах бичгийн агуулгаас гадна заах арга зүйн шинэчлэл, бүтээлч хэлбэрүүдийг судалж, хэлэлцэхийг санал болголоо. Ажлын хэсгийн дараагийн ээлжит хурлаар үндэсний хэл, бичгийн үнэлэмж, хэрэглээ, эрх зүйн орчныг боловсронгуй болгохын тулд хэрэгжүүлэх зорилтот шийдэл, нэгдсэн санаачилгыг боловсруулж, хүрэх үр дүнгийн төлөвлөгөөг хэлэлцэхээр тогтсон юм. Өнөөдрийн хуралд УИХ-ын гишүүн, БСШУСБХ-ны дарга Г.Мөнхцэцэг, УИХ-ын гишүүн П.Анужин, Ц.Мөнхцэцэг, Б.Жаргалмаа нар болон ажлын дэд хэсгийн гишүүд оролцов.

Эх сурвалжУИХ-ын ХМОНХХ
- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img