2024-10-08, Мягмар
5 C
Ulaanbaatar

Бүдрагчаагийн Даш-Ёндон: Хүний ёс суртахуун л хөгжлийн үзүүлэлт болохоос олон машин яавч биш

Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат ажилтан, философийн ухааны доктор, профессор Бүдрагчаагийн Даш-Ёндонтой уулзаж хөөрөлдлөө. Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Согоот багийн уугуул эл эрхэм 1968 онд МУИС-ийг түүхийн багшийн мэргэжил эзэмшин төгсөж, сургуульдаа багшилж байгаад МАХН-ын Төв хороонд зааварлагч, Намын дээд сургуульд орлогч захирал, МАХН-ын Төв хорооны хэлтсийн орлогч эрхлэгч, хэлтсийн эрхлэгч, Улаанбаатар хотын намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, 1991 оноос МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, дарга, 1997 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн улс төрийн бодлогын зөвлөх, 2001 оноос Болгар улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, 2007 оноос МАХН-ын даргын зөвлөхөөр ажилласан. Нэг сэдэвт зохиол хоёрыг туурвиж, олон арван үгүүлэл бичиж, философи, Монголын түүхийн сэдвээр хэд хэдэн боть ном орчуулсан байна. Эртний Грекийн их сэтгэгч Платон, Аристотель болон бусад философичдын зохиолоос орчуулан, тэмдэглэгээ хийж “Эртний Грекийн философи сэтгэлгээний эх сурвалж” гурван боть, “Гегелийн философийн үндсэн агуулга” зэрэг ном хэвлүүлсэн нь түүний дорвитой бүтээлүүдийн нэг болжээ. Тэрээр 1990-ээд оноос хойш бичиж нийтлүүлсэн философи, улс төр, түүхийн ухааны үгүүллүүдээ “Цаг үе: сэтгэл бодрол, философи” гэсэн нэрээр эмхэтгэн хэвлүүлжээ.

-Та “Монголын хөгжлийн философи” сэдвээр шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан. Монголын хөгжлийн философи нь юу бол?

-Хөгжлийн асуудал гэдгийг би хоёр чиглэлээр бодож явдаг. Нэгдүгээрх нь, улс орны хөгжил. Хоёрт нь, нийгмийн хөгжил гэж юу вэ гэж энэ хоёрыг бодоод явдаг юм. Улс орон гэчихээд тусад нь нийгмийг салгаад энэ нөхөр юу яриад байна гэж бодож байгаа байх. Энэ хоёр бол хоёр өөр зүйл.

Улс орон, төртэй газар нийгэм байна. Төргүй газар тийм юм байхгүй. Улс орны хөгжил гэдэг бол жижиг орны хувьд гаднаасаа юм гуйхгүй, өөрийгөө аваад явах чадалтай болсон байхыг хэлнэ. Бид улс орныхоо тусгаар тогтнолын тухай “Тусгаар тогтнолоо хамгаална, авч явна” гэж их ярьдаг шүү дээ. Бид тусгаар тогтнолоо цэрэг дайнаар хамгаалж чадахгүй нь тодорхой. Тусгаар тогтнолоо хамгаалж, авч явах ганцхан зам нь манай хөгжил байгаа юм.

-Сингапур зэрэг жижиг орнуудын өндөр хөгжил үүний жишээ байх шүү?

-Хэнээс ч юм гуйхгүй амьдрах чадвартай болох хэрэгтэй. Дахиад хэлье. Манай улс жижиг улсын категориор энэ ертөнцийн улс орнуудтай харилцдаг. Ийм учраас хөгжингүй байж байж тэр улс орнуудын хүндэтгэлийг хүлээж авах ёстой. Хоёр дахь чиглэл нь нийгмийн хөгжил. Улс гэж байна. Улс дотор нийгэм байна. Нийгмийн хөгжил нь нийгмийн амьдралын олон салбаруудад хуваагдана. Эдийн засаг, улс төр гээд олон салбарууд байна шүү дээ.

Эдийн засаг нь дотроо мал аж ахуй, газар тариалан, хүнд, хөнгөн хүнсний үйлдвэр гээд цаашаагаа салаад явчихдаг. Нийгмийн хөгжилд эдгээр салбаруудын хоорондын авцалдаа, зохицуулалт, уялдаа чухал. Энэ салбарууд дотроо баахан салаа мөчир болж хуваагддаг. Эдийн засаг гэхэд л тийм тийм салаа мөчиртэй гээд түм буман юм ярина шүү дээ. Энэ салаа мөчрүүдийг хооронд нь зохицуулах нэгдсэн зохицуулалт одоогоор манайд байхгүй болчихоод байгаа юм.

-Төрийн нэгдсэн бодлого зохицуулалт байхгүй болсноос улс орны хөгжил чөдөртэй морь шиг дэгэнцэж догонцоод байна гэж үү?

-Манайд одоо эдийн засаг, мал аж ахуй, газар тариалан, хөнгөн үйлдвэр, уул уурхай гэсэн салбарууд харамсалтай нь дөрвөн өөр гэрт амьдарч байна.

Дөрвөн өөр гэрт амьдраад бие биеэ авч хэлэлцэхгүй, харин одоо бүр ад үзэх маягтай болсон. Тариалан хөгжүүлж байна гэсэн чинь мал орж ирээд байх юм гэнэ. Уул уурхайгаа хөгжүүллээ гэсэн чинь бэлчээрээ, малаа сүйтгэлээ гэх юм. Энэ бүхнийг хооронд нь зохицуулсан төрийн бодлого манайд хэрэгтэй.

Эндээс л манай нийгмийн хөгжил гарах ёстой. Миний энэ ярьж байгаа юм бол Монголд огт байгаагүй, тийм шинэ зүйлийг санаанаасаа зохиож байгаа юм огт биш. 1921 оны ардын хувьсгалын дараагаас 1990-ээд оныг хүртэл манайх хөгжлийн бодлоготой, хөгжлийн философитой байсан бол ерээд оноос энэ бүхэн алдагдчихсан юм.

-Сүүлийн гучаад жил буруу замаар будаа тээчихлээ гэгсэд олширсон?

-Нэгдсэн бодлого байхгүй болсон. 1921-1990 он хүртэл төрийн эрх барьж байсан МАХН-ын дөрвөн удаагийн программ гарсан шүү дээ. Тэр программаар улс орныхоо хөгжлийг цааш нь яаж авч явах вэ, эрх барьж байгаа төр засаг энийг яаж чиглүүлэх вэ гэдгийг бүгдийг нь сайхан тооцоолоод, хийгээд явж байсан.

Тийм учраас би байхгүй юм яриагүй, байж байсан юмаа одоо сэргээж нэгдсэн үзэл баримтлал бодлоготойгоор улс орноо цааш нь авч явбал дээр гэсэн юм л яриад байгаа хүн шүү дээ, би.

-“Алтан дээр суусан гуйлгачин боллоо. Баян, ядуугийн харьцаа тэнгэр газар шиг боллоо. Улс орны тусгаар тогтнолд аюул тулгарахад муусайн олигархиуд гадагшаа нисээд явчихна. Төр ээлжилж барьсан хоёр намын аль нь ч Монголын төлөө гэхгүй. Болж бүтэж байгаа юм Монголд алга” гэж бухимдсан улс л их байх юм. Гэтэл гурван сая хүний бараг сая шахуу нь унаа тэрэг унасан л улс. Манайхан амьдрал боломжийн ч хязгааргүй шуналд автсан улс болчих вуу?

-Хүмүүс гэдэг амьтдад чинь “Хаашаа хөдлөх юм, яах ёстой юм” гэсэн нэгдсэн бодлого хэрэгтэй. Түүнээс биш тус тусдаа хувиа борлуулж, довоо шарлуулна гэдгээр чиг чигээрээ явбал бүтэхгүй болчихоод байна шүү дээ. Үүгээр хол явахгүй. Бид бол Монгол гэдэг нэг улс.

Монгол Улс удирдлагатай, нэгдсэн бодлоготой, хэрэгтэй салбаруудыг төлөвлөдөг хөгжлийн замаар л явах ёстой ч тэр нь алдагдчихаад, болохгүй болчихоод байдаг. Хөгжүүлэх үзэл баримтлал, хорин жилийн хөтөлбөр энэ тэр гээд зөндөө л юм гарсан. Тэрийгээ хэрэгжүүлж байгаа юм байхгүй. Тэгж байтал олон нам байж байдаг. Нам бүхэн мөрийн хөтөлбөр гэж нэг нэг юм гаргана.

Тэр нь хоорондоо зөрчилтэй. “Чиний хөтөлбөрийг би давах ёстой. Миний хөтөлбөрийг чи давж чадахгүй” гээд яваад байгаа чинь улс орны хөгжилд жинхэнэ саад болж байгаа. Миний бодож байгаагаар “Монголын хөгжлийн философи” гэсэн нэгдсэн үзэл баримтлал гаргаад, тэр нэгдсэн үзэл баримтлалыг нам бүхэн, Ерөнхийлөгч хүртэл дагаж хөтөлбөрөө дэвшүүлэх ёстой. “Би Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд нэр дэвшиж байна” гээд тэнд тийм ч, ийм ч юм барина гэдэг. Тэр нь эцсийн эцэст худлаа болчихдог.

Яагаад гэвэл нэр дэвшигчийн л хэлээд байгаа санаа болохоос улсын төсөв мөсөв, төлөвлөгөөнд хамаагүй болчихдог. Намуудын хөтөлбөр ч адилхан ийм л үл гүйцэлдэх зүйл. Дараа нь тэгээд “Эднийх амлалтаа хэрэгжүүлж чадахгүй байна. Худлаа амлажээ” гээд шуугьдаг.

-Тийм бэлэн ам, шалдан гуя болдог тохиол олон шүү?

-Амлаж байгаа юм нь хийчихье гэж бодож амлаж байгаа юм. Амласан хойноо хийх гэхээр үндэсгүй юм амлачихсан байдаг. Нэгдсэн бодлогод ороогүй юм амлаад хаячихсан байдаг. Тийм учраас хөгжлийн нэгдсэн философийн зарчмыг цөмөөрөө гаргаж ирж байгаад тэрэн дээрээ бүх нэр дэвшигч, Ерөнхийлөгч хүртэл тэндээс бодлогоо авдаг болмоор байгаа юм. Манайд ингэж будилаад байгаа нь цаанаа онолын углуургатай юм.

-Ямар онолын углуурга билээ?

-Манайхан болохоор “Тэр онол монол хэрэг байхгүй. Ямар юм яриад байгаа юм. Хийсвэр юмаар яах юм. Хүн бүхэн л өөрийнхөө ажлыг хийвэл болох нь тэр” гээд байдаг. Хүн бүхэн өөрийнхөө ажлыг хийх хэрэгтэй нь зөв. Гэхдээ нэг бодлогын үндсэн дээр хийх ёстой. Төрийн бодлого барьдаггүй, өөрийнхөө дураар явдаг тийм төрийн албан хаагч гэж байж болохгүй.

Улс төрийн эдийн засгийн ухаан гэж нэг эрдэм бий. Энэ чухал зүйлийг бүр огт хаясан. Оронд нь өрнөдөд дэлгэрсэн экономикс гэж эдийн засгийн ойлголтыг оруулчихсан. Энэ нь ерээд оны үед нэг хэсэгтээ “Мундаг юм байна” гэж бужигнаж бужигнаж, одоо сүүлдээ “Наадахь чинь биш байна аа, болохгүй болчихлоо” гэж капаталист орны том төлөөлөгчид ч, Орос, Хятадын эрдэмтэд ч яриад эхэлсэн. Экономикс гэдэг нь юу гэсэн үг вэ гэвэл маш товчоор хэлбэл “Чи яаж баяжих вэ” гэдгийг ярьдаг ухаан.

-Солийн Данзан сайд анх дэвшүүлж байсан санаа байх аа?

-Тиймэрхүү л маягтай юм. Данзантай ч хамаагүй дээ. Данзан тэрийг мэдэх ч үгүй л байсан байх. Политэконом нь бол нийгмийн бүхий л анги давхарга, хүн ард, амьдрал ахуйг нийтээр нь авч үзсэн Марксын онол. Марксаас өмнө “Сонгодог политэконом” гэж гарсан. Маркс тэрэн дээр суурилсан.

Тэр нь хөрөнгөтний, бидний ярьдгаар XVII-XVIII зууны үед үүсчихсэн эд. Маркс түүнийг боловсруулж явсаар “Ажилчин ангийн политэконом” гэж нэрлэсэн. Бид түүнийг юу гэж ойлгох вэ гэхээр нийтийн ашиг сонирхлыг хамгаалсан политэконом байх ёстой. Тэр политэконом чинь энэ олон хөрш болчихсон, хоорондоо авцалддаггүй юмнуудыг төрөөс зангидаж, нийлүүлж байх ёстой. Энэ чинь цаанаа юу гэсэн үг вэ гэвэл нийгмийн салбаруудыг болон бусад асуудлыг төр төлөвлөх хэрэгтэй гэсэн үг.

Б.Даш-ЁндонБүсчилсэн хөгжлийн төлөвлөгөө энэ тэр гэж ярьдаг даа. Бүсчлэхдээ дахиад задардаг. Энийгээ нийлүүлж, эргүүлж авчирч Монгол гэдэг юман дээр зангидаад төр нь “Тэр байна аа” гэсэн үзэл баримтлалыг гаргах ёстой гэсэн юм л би яриад яваа юм л даа. Тэр маань одоо хэр ойлгогдох нь вэ, мэдэхгүй. Үндэсний хөгжлийн газар “Монгол Улсын хөгжлийн философи” гэсэн сэдвээр зөвлөлдөх уулзалт хийж байна. Би тэнд очиж товч илтгэл тавьсан. Тэнд ч гэсэн хөгжлийн философи гэдгээ мэдэхгүй нөхөд их байна.

Тэд “Улс орон төлөвлөгөөтэй хөгжих ёстой” гэдгийг зоригтойгоор хэлж чадахгүй наагуур нь “Тийм суманд сургууль байгуулахад төчнөөн хүүхэд байгаа, ийм болчихно, манайхаас гараад тэгээд явах ёстой” гэсэн юм яриад байна. Жишээ нь, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сум миний төрсөн сум. Энд хэдэн хүүхдийн сургуулийн байрыг барих ёстой вэ гэдэг нь амьдралаасаа гарч ирнэ. Шуудхан л “250 хүүхдийн байр барина” гэчихээр эсвэл дутаад, эсвэл олон өрөө хоосон болчихно.

-Ямар ч судалгаагүй зүйл амьдралын хөрсөн дээр буухгүйн л жишээ юм даа?

-Төлөвлөлт гэдэг чинь энэн дээрээ шүүмжлүүлээд байдаг золиг. Төлөвлөлт хийнэ гэдэг тийм ч амархан юм биш. Маш нарийн судалгаа, бодлого хэрэгтэй. Хуучин бол зохицуулалт байсан л даа. Намайг бага байхад манай Булнайн нуруунд бага сургууль байгуулсан. Би тавин дөрвөн онд энэ сургуульд орсон. Тэгэхэд дөрвөн багштай, дөрвөн анги, наян нэгэн хүүхэд суралцаж байсан. Сургууль өргөжөөд ирэхээр сурагчдаа сумын төвийн сургуульд шилжүүлсэн. Шилжүүлэхдээ Булнайн нурууны Могойн голын уурхай дээр эхний шатны сургуулийг үлдээгээд, хуучин сургуулийнхаа байрыг бригадын төвд ашиглах жишээний.

Ийм уян хатан бодлоготой байсан. Одоо болохоор “Тэнд төд хэрэгтэй. Тэг” гээд ингэчих юм шиг яриад байгаа. Үүнийг би яв цав ясан өргөө болчихоод байна гэхгүй. Үндэсний хөгжлийн газар гэдэг маань миний бодлоор хуучны Төлөвлөгөөний комисс шиг болох хэрэгтэй байна. Гэхдээ эдэнд нэг том эрх өгөх хэрэгтэй байгаа юм. Эхлээд нам нь нэр дэвшлээ. Хөтөлбөрөө гаргалаа. Тэр хөтөлбөрийг энэ Үндэсний хөгжлийн газар оруулж хориг авах ёстой.

“Олон дэмий бүтэх бүтэхгүй юм ярьж болохгүй. Манай нэгдсэн чиг ийм байгаа” гэх ёстой. За, Ерөнхийлөгчид нэр дэвшлээ. “Та бас тэг. Нэгдсэн чиглэл дотроо л ярья. Энэ бодлогоороо явах ёстой” гэсэн бодлогыг нэгдүгээрт хийх хэрэгтэй. Хоёрдугаарт, яамд бас нэг юм хийгээд байна шүү дээ.

-Мэдээж, төрийн яам болсон хойно ямар нэг юм хийж байгаа нь тодорхой л доо?

-Баахан юм төлөвлөөд л. Хөөрхий минь, бас төлөвлөгөөгүй ч биш л дээ. Нэг төлөвлөгөөтэй л үзээд байгаа шүү дээ. (инээв. Л.Б)

Энэ олон яамдын тэр төлөвлөгөөнүүд хоорондоо авалцаж байна уу, үгүй юу гэдгийг нягтлаад тэрийгээ Засгийн газарт өргөн мэдүүлэх эрх мэдэлтэй инстититуци гарч ирэхгүй бол бид чинь нэг л олон тархитай, тархай бутархай бодлоготой улс болж хувирлаа.

-Манайхан нэг зам тавилаа гэхэд шат шатандаа төсвөөс нь хумсалсаар хүүхдийн зулай шиг нимгэн юм болгочих юм л гэсэн шүүмж тасардаггүй. Төрийн албыг түрийвч болгох улс ихэссэний л шинж үү?

-Ер нь олны дунд ийм яриа явж байгаа. Бүүр онигоо болчихсон явж байгаа шүү. Яг тийм байна уу, үгүй юу гэдгийг тогтоогоод, шүүгээд, хууль хяналтын байгууллагаар шийдэгдсэн зүйл байгаа эсэхийг би мэдэхгүй байна. Ер нь хээл хахууль гээч юмтай сайн тэмцэж байх ёстой. Шалгаж байх ёстой.

Манайд чинь олон шалгах байгууллага бий. Хүн амынхаа тоотой харьцуулахад дэлхийн жишгээс илүү юу гэхээс дутуугүй. (Гашуунаар инээвхийлэв. Л.Б) Тэд нар маань чухам юу хийж байдаг юм, хөөрхий, мэдэхгүй. “Тэнд нэг байшин барилаа, тэр нь болохоо байчихлаа” л гэнэ. Энд нэг юм барьсан чинь буруудсан байна л гэнэ. Яригдсан төлөвлөгөө, нэгдсэн захиргаа байхгүй. Нам засгийн маань удирдагчид дэмий бачимдаад л “Хариуцлагыг дээшлүүлнэ” л гээд яриад байгаа шүү дээ.

Хариуцлагыг дээшлүүлнэ гэдэг ч ерөнхийдөө үнэн үг. Яаж, ямар аргаар, технологи нь ямар байж байж тэр хариуцлагыг дээшлүүлэх юм гэдэг нь бидэнд сайн мэдэгдэхгүй ийм л юм болоод байна л даа. (Асуулт бүрийг нухацтайгаар давтаж, хуруугаараа ширээ тогшин өгүүлэв. Л.Б) Тийм учраас дахиад хэлье, дахиад нэгдсэн бодлого, түүний дагуу хяналт шалгалт хийгдэх ёстой.

-Та эрх баригч том намын дарга байсан хүн. Ирээдүйн хэчнээн хаад-Ерөнхийлөгч, Ерөнхий сайдуудын дарга байв. Хувь хүний хувьд бас л нэг бахархал мөн биз?

-Наадахь чинь ч сонин яриа биш ээ. Хэрэггүй шахуу л юм байгаа юм. Яахав, Гомбожавын Очирбат гуай нэг жил МАХН-ын дарга байсан шүү дээ. Тэгээд дараа нь би гурав дөрвөн ч жил болчихсон бил үү. Тэр хооронд, мэдээж шүү дээ, эд нар бүгдээрээ өсч өндийсөн. Тэрэнд нэг их асуудал байхгүй.

-Та Монголын хөгжлийн философио эрх баригч, дарга нарт танилцуулав уу?

-Би докторын зэрэг хамгаалахдаа шийдвэр гаргадаг нөхдөд хураангуйгаа явуулсан. Сонирхоно уу, байна уу өөрсдийнх нь мэдэх хэрэг. Ер нь нэг хүний хэлснээр юм чинь “Хөөх, тэгэх юм байна” гэсэн юм бас байхгүй шүү дээ. Юм чинь их нарийн. Нөхдүүд яахыг би мэдэхгүй. Явсаар явсаар нэгдсэн бодлого зүйтэй юм байна гэдэг рүү л хүрэх байх. Өөрөөр хэлбэл жаахан эргэнэ.

Одоо нийгмийн шинэ байгууламж хэрэгтэй болчихоод байгаа юм. Чөлөөт зах зээлийн эдийн засаг гэдэг чинь ингээд будилуулчихаад байхгүй юу. Тэрнээсээ татгалзана гэхээр нийгмийн баримжаатай зах зээлийн эдийн засгийг сонгох учиртай.

-Нийгмийн баримжаатай эдийн засгийн тогтолцоо руу л орох гээд байгаа гэсэн үг үү?

-Ертөнц бол тэр рүү хөтлөх гээд байна. Яаж хөтлөх гээд байна гэхээр тогтчихсон, барьчихсан юм чинь хэцүү. Нэг хоёр дарга, нэг хоёр нам тэрийг бас хөдөлгөж чадахгүй байна. Одоохондоо яриад байгаа. Тэр яриа нь чухал юм. Хятад, Орос хоёр дэлхийн толгойд гараад ирэхийн цагт юм өөрчлөгдөнө.

Монгол бол хоёр их гүрний дунд байгаадаа маш сайхан. Манайхан “Олон хөрш олон ханьтай” гээд зарим нь яриад байдаг юм байна лээ. Олон хөрштэй байвал олон асуудал үүсдэг юм. Хоёр хөрштэй бол хоёрхон л асуудал байна. Тэр хоёрынхоо дунд учрыг нь олоод байж байхад энэ хоёрыг давж бидэнд дээрэлхэх тийм амьтан байхгүй.

-Үнэн л юм даа…

-Яаж энэ хоёрыг давж бид нарыг харвах юм.

-Та “Хөөрсөн түмэн” гэж нэг ном орчуулсан даа?

-Сая чамайг орж ирэхээс өмнө нэг хүн утасдаж байна. Их оюунлаг хүн л дээ. “Хөөрсөн түмэн” номыг чинь хэвлэж өгье гэж байна. Тэр бол бас юм бодож яваа хүн байхгүй юу. Хөөрсөн түмэн гэдэг чинь хэцүү.

-Баахан л өнгөт хувьсгалууд дэгдээд, аливаа улс орныг ч баллаад хаячих юм аа?

-Тийм. Тэгээд байгаа юм. Манайх хоёр их хөрштэй учраас арай гайгүй шүү.

-Бид тогоон дотроо ходоод хагалаад бужигнаад унавал хэцүүдэх байх шүү?

-Хэцүү болно.

-Та нийгмийн хөгжил гэж их ярих юм. Нийгэм хөгжинө гэж таныхаар чухам юуг хэлээд байна?

-Нийгмийн салбаруудын хөгжлийг уялдуулах ёстой. Нэгийг нь ч чухал гэж онцолж болохгүй. Одоо чинь болохоор “Уул уурхайгаар л Монгол Улс хөгжинө” гэсэн яриа гарчихсан. Гэтэл уул уурхай чинь хөгжил биш, сүйтгэл яваад байгаа юм. Ерэн оноос хойш манай улс хөгжсөн юм тэгвэл хаа байна. “Алт” хөтөлбөр гээд нэг юм гаргаад пижигнэчихсэн. Тэгээд Монгол хөгжчихсөн нь хаана байгаа юм. Ямар учиртайг би мэдэхгүй.

-Гурван хүн тутмын тэн хагас нь л машинтай болчихлоо. Энэ хөгжил биш үү?

-Хөгжил биш, биш, биш. Хүний ёс суртахуун л хөгжлийн хамгийн том үзүүлэлт байх ёстой. Мэдээжийн хэрэг, хүн бол хөгжлийг авч яваа, хөгжлийг бий болгох этгээд учраас өөрөө хөгжих ёстой. Манайд одоо яах вэ дээ, ёс суртахууны тухай үргэлж ярьдаг боллоо шүү дээ. Энэ санамсаргүй хэрэг биш.

Ёс суртахуун мянга яриад чиг хөгжилтэй очиж нийлэхгүй, хүн дээрээ тусахгүй байна. Яагаад гэвэл ёс суртахууны тухай яриа чинь ерөнхий философийн тухай яриа юм. Гудамжинд нус цэрээ хаяад явж байгаа хүн дээр очиж буухгүй, энэ яриа. Энэ замаар явж байгаа нөхдийг харж байхад машин дотроосоо асаалттай тамхиа шидчихэж байна шүү дээ. Манай эхнэр унаа бариад явж байтал жолооч нь тамхиа шидчихэж байна гэнэ. “Чи яаж байгаа юм. Болохгүй шүү дээ” гэсэн чинь “Үгүй юун сүртэй юм.

Цэвэрлэгч байгаа биз дээ. Ажлаа хийг” гэж байна гэсэн. Нэгнийгээ ингэж болохгүй ш дээ. Харин тэр цэвэрлэгчийн ажлыг бүр хөнгөлөх сөн гэж л бид бие биеэ бодож явахгүй бол хэцүү еэ. Бид хүний хөгжил гэж зөндөө ярьж байгаа шүү дээ. “Хөгжлийн төвд хүн байна” юу юу ч гэнэв, сэтгүүл сонин, дарга нар, бүх намууд бүгд л энэ тухай ярьж байгаа. Тэрнийхээ төлөө хийж байгаа юм байхгүй. Тиймээс одоогийн сургалтын тогтолцоогоо их тодорхой болгож өөрчлөх хэрэгтэй.

-За яаж өөрчлөх вэ?

-Ёс зүйн хичээлийг философийн зузаан сурах бичгээр биш бага, дунд сургуульд байхад хэлж байх учиртай. Чиний үед байсан юм уу, үгүй юу, бидний үед “Сурагчийн дүрэм” гэж байлаа.

-Байсан шүү…

-Сурагчийн дүрэм “Хичээл дээр ширээ тохойлдон лаглайн сууж болохгүй” гээд эхлэхээр чинь л цаашаа бол бүх юм цээртэй, хориотой, зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй болоод явчихаж байна аа даа. (инээв. сур) Хүний тухай ярихад хамгийн түрүүнд сургалтын талаар ярих хэрэгтэй. Хоёр дахь нь эрүүл мэндийн салбар байгаа. Хүн эрүүл байж ихийг бүтээж хөгжинө.

Ер нь хүний настрийн гэдэг чинь эрүүл мэндээсээ л хамаардаг. Бие нь муу байгаа хүн бүр нурмайчихдаг. Ажлын чадваргүй болно. Эрүүл мэнд муудаад ирэхээр тухайн хүн “Энэ муу нийгэм юу юм, чёрт” гэж бодож байгаа ш дээ. Эрүүл мэндэд мөнгө хүрэхээ байна. Гадаадад явах мөнгө нь өндөр. Ийм учраас эрүүл мэндийн салбарыг дээд зэргээр хөгжүүлэх ёстой.

-“Өргүй бол баян, өвчингүй бол жаргал” гэдэг чинь л хөгжлийн гол философи юм биш үү?

-Наадахь чинь хөгжлийн том философи. Фидель Кастро өөрийнхөө тогтолцоог яаж удаан тогтоож чадсан бэ гэвэл “Куба улсыг эрүүл мэндийн гүрэн болгоно” гэж уриа дэвшүүлж, тэрийгээ биелүүлсэн. Кубын иргэн хэзээ ч гадаадад очиж эрүүл мэндийн шинжилгээ өгч, эмчилгээ хийлгэдэггүй. Одоо ч тийм л байгаа. Эрүүл мэндийн салбар дотроо эхэлж барьж авсан юм нь шүд. Шүд эсэн мэндийн бат хаалга, эрүүл мэндийн нэг том шалтгаан юм байна шүү дээ.

Шүдний эмчилгээгээр Кубыг давах улс байдаг юм уу, мэдэхгүй. Тэр хүн үүнийг л олоод харчихсан байгаа юм. Бидэнд энэ бүхнийг зангидах төрийн нэгдсэн бодлого чухал. Ингэхийн тулд нэг л хүнээр удирдуулах ёстой гэж зарим хүн ярьдаг юм байна лээ. Тэгэх ч бас хэрэггүй л дээ. Ер нь нийтээрээ санаа нийлэх шиг сайхан юм хаа байх вэ. Энэ бүхнийг яриад байвал их юм бий дээ.

-Та Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумандаа ойрхон очив уу?

-Ах дүү, хамаатан саднууд нутагт байгаа байгаа. Аав, ээж хоёр байхгүй болчихсон болохоор тийшээ тэгтлээ ч их очоод байхгүй юм. Нутаг явна гэхээр ач зээ нар гэсэн золигнуудыг чирч явах хэрэгтэй болно. (“Золигнуудыг” гэхдээ их л хайрласан шинжтэй цаанаа жаргалтай инээв. сур)

-Танайх олон хүүхэдтэй айл уу?

-Ач, зээ нараа оруулаад гэр бүлээ тоолбол арван гурван айл болчихоод байгаа. Амьдрал тэгээд сонин доо. Нэгийг нь дагуулаад явчихаар нөгөөх нь урвайчихдаг. Тэгэхээр тэр адилхан юмнуудыг чинь алийг нь гэх вэ, бараг зуслан дээрээ хэвтэж байсан нь дээр болчихоод байдаг юм.

-Та философийн ухааны доктор хүн. Яруу найрагч, гүн ухаантан Д.Урианхайн ганц хүний хөдөлгөөнийг юу гэж боддог бол?

-Би Урианхайн найз доктор Лувсандамбын Дашнямд “Та нар нэг юм хэлэх гээд байдаг. Хэлээд байгаа юм чинь амьдралтай яаж авцалдах вэ” гэж хэлдэг юм. Тэд Монголын ч юм уу, бас нэг тийм ардын философи юм уу, нэг тийм нэгдсэн юм гаргах гэж бодоод байх шиг байгаа юм. Цаад санаа нь нэг тийм юм байх шиг байгаа юм. Гэхдээ хэцүү. Явсаар байгаад тэгээд юу болох нь вэ. Бас дахиад л “Төр нэгдсэн нэг уураг тархитай болох хэрэгтэй” гэсэн рүү л орж ирнэ шүү дээ.

-Манай их хааныг судалсан эрдэмтэд олон. Зарим нь алуурчин талуурчин байсан гэх юм. Дэлхийн олонх хүн Чингис хааныг маань газар дэлхийд бууж ирсэн тэнгэрийн бошготой эгэлгүй хүн байж гэх нь байх юм. Та түүхч хүнийхээ хувьд чухам аль талд нь байр суурьтай байдаг бол?

-Чингис бол энэ дэлхийн хамгийн аугаа хүний нэг мөн. Тэрэнд бол ямар ч эргэлзээ байхгүй. Энэ Монгол нутаг дээр чухам юу үлдээснийг яг хэрэг дээрээ өнөөгийн бид мэдэхгүй. Зарим хүн ганц сургууль соёл ч байгуулаагүй гэх маягтай юм ярьсан байна лээ. Тухайн үед ямар сургууль байгуулж байсныг бид мэдэхгүй. Манай Монголын нутаг дээр, газрын доор бүхэл бүтэн хотууд хэвтэж байгаа.

Найман зуун жилийн өмнө, бараг мянгаад жилийн өмнөх юм би ярьж байна шүү. Нэгэн мянга есөн зуун хорин нэгэн оныхоо юмыг мэдэхгүй хэвтэж байж тээр тэнд очиж “Чингис тийм байсан, ийм байсан. Алаанч хядаанч” гэж донгосох шаардлагагүй.

Чингис бол өөрийгөө, улс орноо л хамгаалж байсан хүн. Түүнээс биш сууж байснаа гэнэтхэн ухасхийж “Алив хурдал, одоо нэг байлдахгүй бол бүр уйдчихлаа” гэж амь нь тэмцэж байсан хүн биш шүү. Аюул хаана байна, хаанаас заналхийлж эхэлж байна, тэрийг л дарна. Чингисийн аян дайн бол эзлэн түрэмгийлэх биш, хамгаалах бодлогоо дэлгэрэнгүй явуулсан илбэн тохинуулалт. Тэгээд явж явж бид одоогийн энэ Монголын хавтгай дээр үлдсэн. Энэ дээр юутай үлдэв гэхээр хоёр сайхан хөршийн дунд монгол хүн монгол цусаараа байж байна шүү дээ. Энэнээс илүү яах юм.

Чингис бол дэлхийн төдийгүй Монголын хамгийн их хүн мөн. Зарим номон дээр бичиг мэддэггүй байсан гэж бичдэг юм. Би бол үүнд гайхаад л байгаа юм. Нэг хүний тэмдэглэлд Чингис “За, чи наадахаа сайхан бичээд хавтаслаадах. Би дараа эргэж харна аа” гэсэн байгаа юм. Үгүй энэ чинь, бичиг мэддэггүй хүн ингэж хэлдэг юм уу. Сонин л байгаа юм. Өөрөө нэг их ном сэлт бичээд, сургаал айлдвар гаргаж явж байсан нь хаашаа юм, мэдэхгүй. Гэхдээ хэлж байсан үг нь нарийн юм байдаг л юм шиг байна лээ.

-Хэл бичгийн ухааны доктор, ардын багш С.Дулам “Биеэ засаад гэрээ зас. Гэрээ засаад төрөө зас” гэдэг үг манай хааных биш ээ, Хятадын их сэтгэгч Күнзийн суртал байгаа юм гэж цахимаар сануулсан байсан?

-Мань хүний (Чингис хааны. сур) хэлсэн үг тодорхой биш шүү дээ. “Чингисийн арван гурван алтан сургаал” ч гэх шиг нэг юм яриад л, нөгөө “Их засаг”-ийг нь дурдацгаагаад байдаг. Чингис “Их засаг”-ийг хийх нь хийсэн гэж байгаа юм.

Бүрэн эхээрээ хаа ч байхгүй. Энд тэндээс хүний дурсамж, ном зохиолд байдгаас бөөгнүүлээд нэг юм ярьж байдаг. Ямартаа ч Хятад болон Азийн их том гүрнүүдээс эрдэмтэй чадалтай хүмүүсийг авч ашиглаж байсан нь тодорхой.

Хэрвээ над шиг нэг дурак байсан бол Хятадын их эрдэмтэн Чанчунь бумба хаа байсан Дундад Ази руу очиж манай их хаантай уулзахгүй л байсан. Тэр чинь Алтан улс, Сүн улсын хаад ордондоо урихад очоогүй хэтийдсэн их даяанч хүн байсан шүү дээ. Тэр өвгөнийг очихоор уулзаад баахан юм асуугаад харилцан ярилцаад байдаг чинь эрдэмтэй соёлтой хүний л хэрэг биз дээ.

-МАХН-ыг удирдаж явсан Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал хоёрыг шүүмжлэх улс ч мэр сэр байх юм?

-Маршал Чойбалсан, Цэдэнбалыг байтугай мар мархийж суугаа бид хоёрыг муулах болсон цаг үе шүү дээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img