2024-11-10, Ням
1 C
Ulaanbaatar

Ч.Мөнхбаяр: Мерилэн Монрод би зохиолч хүний чинадын их хайраа зориулсан

Тэмцэгч Ч.Мөнхбаярыг “Гадаадын тагнуул” хэмээн 10 жилийн ял оноож хорьсон. Мөнхбаяр андыг миний бие аль өмнөх зууны ерээд оноос сайн таньж мэднэ. Тэр яавч харийн гар хөл, нүд чих, тагнуул чагнуул байх хүн биш. Миний мэдэхийн л тэр эх орныхоо төлөө зүрх сэтгэлээ зориулсан Монголоо гэх сэтгэлтэй иргэн. Мөнхбаяртайгаа жаргал зовлонтой амьдралын харгуйд олон ч удаа зүг нэгдэж, зүс нийлж явсан удаа бий. Утга зохиолын ертөнцөд ч бие биеэ түшин, сэтгэл сэтгэлээрээ дотно нөхөрлөж ирсэн сэн. Мөнхбаяртай би хэдэнтээ ярилцлага хийж байсан бөгөөд тэрээр “Монголын мөнгөн үеийн хүүрнэл зохиолууд” ботьд миний талаар өмнөтгөл бичиж, мөн 2008 онд хэвлэгдсэн “Өр зүрхний хавар” яруу найргийн түүвэрт 25 зүйл томоохон судлал шинжлэлийн өгүүлэл бичсэн байдаг. Бид ийм л сэтгэл зүрхний анд нөхдүүд. Эрхэм андыг нарсанд орсноос хойш дэмий л сэтгэл шаналан явсаар өнгөрөгч наймдугаар сард Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас эргэх зөвшөөрөл аван яруу найрагч Төрийн Баянсан, Ядамдоржийн Мөнхжаргал, Цэвлээгийн Отгонжаргал нарын хамт очсон ч миний авч очсон номууд дунд зураач Мягмарын Амархүүгийн хавтсыг нь зурсан “Нулимстай Бурхан” номыг маань “Нүцгэн хүүхний зурагтай ном оруулах хориотой” хэмээсний дагуу номыг зохиогчийг ч “хэлмэгдүүлж” шоронгийн хүнд хаалгыг нээж оруулаагүй билээ. Номын гэрэлт анд, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч, модернист зохиолч Чулуундоржийн Мөнхбаяртайгаа нэгэнтээ ийн хөөрөлдөн хэвлэлд нийтлүүлж байсан билээ.

-Өнгөрөгч зууны ерээд оны уран бүтээлчдийг Монголын мөнгөн үеийн яруу найрагч, зохиолчид гэж тодорхойлдог. Сэтгэлгээний галт уулын дэлбэрэлтийн гол цөмд байсан хүний хувьд ярих зүйл ч их байгаа даа?

-Алтан үеийнхэн гэгддэг тэр хүмүүсээ бид сайн мэднэ. “Мөнгөн үе”-ийнхэн гэж уран бүтээлчид тэгж өөрсдийгөө нэрийдсэн юм уу, уншигчид маань тийм алдар олгосон юм уу, тэрийг би мэдэхгүй. Алтан үеийнхнээсээ давах гэж л лав тэгж нэрлээгүй ч мөнгөн үе гэдэг нэр ямар ч байсан төлөвшчихсөн юм шүү.

Социализмын үед шүлгийн ганц үгийг ч өөнтөглөдөг, шүүмжилдэг сэтгэлгээний боогдмол эрин байлаа даа. Төрийн шагналт зохиолч Пүрэвжавын Пүрэвсүрэнгийн шүлгийг гэхэд “Бул хар хад” гэж Бал даргыг хэлээд байна уу ч гэж байсан зовлонтой үе шүү дээ.

-Явуухулан найрагчийн хайрын шүлгийг хүртэл “хөнжлийн шүлэг” гэж шүүмжилж байсан гэдэг биз?

-Харин тийм зовлонтой үе байхгүй юу. Бидний үед оюун санааны эрх чөлөө харьцангуй нээгдчихсэн байсан. Өөрчлөн байгуулалтын үеэс оюун санааны задаргаа явагдаж эхэлсэн. Тэр үед оюун санааны задрал, их тэсрэлт хоёр зэрэг явагдсан бол уу.

-Өөрөө хотын унаган хүүхэд. Утга зохиолын ямар бүлгэм дугуйланд хамрагдаж байв?

-Би хотод төрж, өссөн. Хүмүүс “Төрсөн нутаг хаанах вэ” гэхэд л “Октябрийн район” гэсэн айхтар орос үг хэлнэ. (инээв) Төмөр замын 51дүгээр сургуулийн сурагч байхдаа шүлэг зохиол бичиж эхэлсэн.

Наймдугаар ангид байхад яруу найрагч Тоомойн Очирхүү, судлаач, шүүмжлэгч Данзанноровын Хүү хоёр Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн Төв хорооны дэргэдэх утга зохиолын дугуйланг байгуулж сургууль сургуулиас авьяастай хүүхдүүдийг авч байлаа. Энэ чинь наян гурав, дөрвөн он юм уу даа. Би ч эхэндээ их эмээлээ. Тэр үед Эвлэлд элссэн хүүхдээс “Чи хаана зогсож байна” гэхэд “Ангидаа” гэсэн чинь “Чи буруу ярьж байна.

Үзэл суртлын фронтын тэргүүн эгнээнд зогсож байна гэж бодох хэрэгтэй” гэсэн тухай сонсож байсан болохоор “Яадаг билээ дээ, бурхан минь” гээд очиж байсан юм. Очих ч юу байхав, уран зохиолын багш маань дагуулаад очихгүй юу.

Очирхүү гуай дипломат маягийн Засгийн газарт реферэнтээр ажилладаг, Хүү багш маань гэхэд Багшийн сургуулийн профессор мундаг хоёр хүн л сууж байсан. Ямар ч байсан яруу найрагч хүнээс өөр дарга хэмээх хэв шинжит дүрүүд байсан. Нэг хүү босоод “Нам засаг, найрамдал минь агуу билээ” гээд уншсан чинь Очирхүү багш “Боль, чи сонин хэвлэлээр гардаг юмыг толгой холбоод биччихсэн байна шүү дээ” гэж байсан.

Бас нэг хөвүүн хайрын шүлэг хэлсэн чинь “Чи дунд сургуулийн сурагч хайр майр гэж мэдэхгүй байж худлаа юм бичээд. Та нар амьдралыг чагна, ажигла. Модны сэрчигнээн, болжморын жиргээ, салхины илбээний тухай бич. Одоо иргэний яруу найраг бичих цаг болсон” гэж байлаа.

Дугуйлангийн нэрээ өгье гэхэд би “Ирээдүй” гэвэл “Ямар аймаар том юм боддог хүү вэ” гэж инээлдээд эцэст “Нахиа” дээр тогтож билээ. Очирхүү багш “Манайд чинь яруу найраг жинхэнэ утгаараа хөгжөөгүй. Зөвлөлтийн яруу найраг их унш. Евгений Евтушенко юу гэж бичиж байгааг хар” гэж байсан нь санаанд тодхон байна.

-Дунд сургуулиа төгсөөд шууд сонин хэвлэлд ажилласан гэл үү?

-МУИС-ийн сэтгүүлийн анги ирээгүй болохоор цэргийн “Улаан-Од” сонинд ачигчаар ажилд ороод сүүлд хянагч болж дэвшсэн. Эрхлэгч нь Баярмагнай гээд монгол ёс заншлаа сайн мэддэг мундаг хүн байсан. Ачигч мөртлөө шүлгээ хэвлүүлчих санаатай. Уран бүтээлч сайхан хүмүүстэй энд танилцсан. Эндээсээ Уралын Улсын их сургуулийн сэтгүүлчийн ангид очлоо.

Манай сургуульд чөлөөт суулт гэж хичээлийн хуваарьт захирагдахгүй нэг юм байлаа. Удирдлагууд санаачилсан ч багш нар үүнд нь дургүй. Шалгалтаа л амжилттай өгвөл болчихно. Свердловск тэр үед манай нийслэлээс хөгжил маш муутай. Миний амьдардаг “Чапаевын 16” гэдэг байр бол дөч тавиад оны байдалтай, жорлон нь гэхэд хоорондын панер хаалт нь уначихсан.

Эхэндээ хэнтэй ч хамаагүй зэрэгцээд суухаар ичих гэж жигтэйхэн. Олзуурхууштай нь жорлонд нь ном сонин овоолгоостой. Сүүлдээ тэндээ ном сонин уншаад ичгүүр ч арилсан. Оросын хамаг эсэргүү зохиолчдын бүтээл тэр үед хэвлэгдэн гарна. И.Бунин, Э.Лимонов, Витов, Саша Соколов нарын диседент зохиолчдыг их уншиж “Уран зохиол гэдэг ийм юм байсан юм уу” гэх бодол төрж юм бичихэд “хөл маань өөрөө бүжиглээд гэдэг” шиг үзэг маань аяндаа бүжиглэж өгдөг байсан даа.

Тэр үед бичсэн юмнуудаа одоо ч би гайхдаг. Ороолдуулж, зангируулж, зодолдуулж, дэлбэрүүлж их хачин л юмнууд бичсэн их ноорог одоо ч надад бий. Эмх замбараагүй их гар бичмэлүүдээсээ цэгцлээд Мэрилин Монрогийн тухай 33 хэсгээс бүтсэн юм бичснээс дөрвийг нь гаргасан.

-Монголоос олуул байв уу?

-Намайг хоёрдугаар курст байхад яруу найрагч Рагваагийн Гэрэл ирсэн. “Тань руу нүүж явна” киноны Цэрэнгийн гэргий нөгөө сайхан жүжигчин бүсгүй шүү дээ. Надтай нэг өрөөнд Х.Сампилдэндэв шүүмжлэгчийн хүү Надмид байлаа. Бид богино хоромд өгүүллэг бичиж хүртэл хоорондоо өрсөлдөнө.

Тэр үед би “Юу ч биш” гэж өгүүллэг бичсэн. Ардчилсан холбооны гадаад дэмжигч гэж явлаа тэр үе дээ. Миний үеэл дүү Шараагийн Одонтөр гэж сайхан орчуулагч ардчиллын үйл явдалд эхнээс нь оролцож надад их халуун үгтэй хувьсгалч захианууд бичнэ. Би ч санаа оноогоо илгээж, гишүүнээр нь эчнээгээр элсэж байлаа. Монголд Төв хороо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцроход би “Манайх ЗХУ-аас өмнө ардчилалд хөл тавилаа. Тиймээс бид диалектик материализм, орчин цагийн орос хэл үзэхгүй” гэж сургуульдаа өргөх бичиг барилаа.

Үүнээс болж декадант “Төлбөрөө доллараар төлөөд торгуулийн батольонд явах уу, эсвэл сэтгэцийн өөрчлөлттэй гэсэн бичигтэйгээр нутаг буцах уу” гэж хөөсөн. Ирээд Чой.Лувсанжав багшийн ятгаснаар МУИС-ийн монгол хэлний ангид орлоо. Нямаагийн Төмөрхуяг багш маань их сайхан хүлээж авсан. “Юу ч биш” өгүүллэгийг маань уншчихаад “Гайхамшигтай” гэж надад урам өгч зохиолч Готовын Нямаа ахтай уулзуулж өгсөн хүн дээ.

-Ерэн онд ямаршуухан байдалтай яваад орчихов?

-Ш.Одонтөр дүүтэйгээ “Шинэ үе” гэдэг сонин гаргалаа. “Насаагийн сүүлчийн рокн ролл” гэдэг кино зохиолыг хамтран бичиж байлаа. Тэр үед хэн ч ойлгоогүй. Бид хоёрыг “Монголын залуучууд” сонинд Сүхбаатарын Батмөнх эрхлэгч авах үед “алмас” хэмээн алдаршсан сэтгүүлч Ц.Батбаяр, Тогмидын Даваадорж, зохиолч Д.Чинзориг ах нар маань ажилласан даа. Тэр үед Залуучуудын холбооны дарга Ч.Сайханбилэг байсан. Бид өмнө нь сайхан найзууд байхгүй юу.

-Ямар учиртай найзууд билээ?

-“Найрамдал” зусланд нэг өрөөнд хорин нэг хоног хамт амарч явсан хоёр. “Нахиа” дугуйлангийн хаалтын ажиллагаанд биднийг шүлэг уншихад бас Сайханбилэг, Зоригтбаатар хоёр “Арван жилээ үдэхүй” гэдэг дуу дуулж ард нь охид эргэлдэн бүждэг номер үзүүлж байсан юм.

Тэгсэн дарга болчихоод намайг танихгүй царайлахаар би ч омог бардам хүн юм чинь мэндэлсэнгүй. Монгол хэлний ангидаа онц сурсан учраас ардын багш С.Дулам “Чамайг Энэтхэг явуулна. Чи миний гарын шавь бол” гэхэд би халуунаас нь бэрхшээгээд яваагүй юм. Тэгэхэд явсан Ширэндэв одоо “Шри Випашанагийн төв” байгуулчихаад мундаг явж байна.

-Оюутан байхдаа Мерилэн Монрод дурласнаасаа хойш эхнэр авдаггүй гэсэн яриа байдаг даа. Та хоёр чинь он цагийн хувьд ч ондоо үеийн хүмүүс биз дээ?

-Ер нь би тийм юм байж болдог байх гэж боддог. Би тэр үед зохиол бүтээл бичих гэж донтох, сонсож байгаа хөгжим зэргээсээ болоод хүмүүсээс нэлээд хөндийрчихсөн байсан юм. Нийгмийг ойлгох үзэл бодлоороо ч өөр болчихсон үедээ “Зарим нь халуухан дурладаг” гэдэг киног үзээд дурлачихсан юм.

Оросоор “Зөвхөн бүсгүйчүүдийн жааз” нэртэй кино л доо. Зохиолч хүн чинадын юмыг чагнадаг. Тэртээх чинадаас надтай ярилцаад, харилцаад, зовлон тоочоод байгааг би сэтгэл зүрхэндээ сонссон. Тэр киног дараалан таван удаа үзээд түүнтэйгээ ярилцсан. Хожим намтар түүхийг нь уншаад над шиг хүнийг эрэлхийлж хайж байж дээ гэдгийг ойлгосон.

Зохиолч болох хүсэлтэй, харааны шилтэй, туранхай тэр л залууг Мерилэн Монро хайж байсан. Яг над шиг хүнийг эрэн хайсаар байгаад Артур Миллер гэдэг АНУ-ын жүжгийн томоохон зохиолчтой суусан. Түүний ганцаардал, гансрал тэр бүхнийг би мэдэрсэн. Киноны явцад сэтгэлийн харилцан ярилцаа явж байсан. Сэтгэлийн дотнын харилцаа, гүн ойлголцол үүссэн дээ. Гэхдээ энэ бол жирийн амьдралын хайр дурлал биш шүү дээ.

-Платоник буюу оюун санааны хайр гэж ойлгомоор юм уу. Оросын зохиолч Иван Бунины ч бас иймэрхүү хайр байдаг юм билээ?

-Чухам юу ч гэмээр юм бэ дээ. Ямар ч байсан чинадын л юм. Найз нөхөд маань хошин шог болгоод байдаг нь гунигтай. Харин зохиолч Б.Ойдов анд маань гүнээ ойлгоод бид хоёрт зориулж найраг биччихсэн байна лээ шүү. Энэ чинадын зүйл бол зарим хүн булшинд дурлаад ухаж барьдаг шиг юм биш шүү дээ. Би түүнийг сонссон, ойлгосон, бичсэн. Тэр бүхэн маань буусан.

Зохиол бүтээл гэдэг бол сэтгэлийн ундрал, асгарал, охь. Түүнээс биш өөр юм байхад хэцүү. Ухаандаа чиний шүлгийн “Гэрэлт мөчрүүдийн дээгүүр гэгээ цацруулан бүжиглэнэ” гэсэн мөр байна. Зохиол энэ маягаар л төрнө. Энэ бол сэтгэлийн охь. Зохиолч хүн өөртөө зориулж бичдэг гээд ярьдаг. Энэ үгүй байх. Өөртөө таалагдсан хүнд зориулж бичдэг, тэрийгээ хуваалцах юм сан гэж боддог байх. Ер бусын харилцаа байсан даа.

-Үнэхээр уран бүтээлч хүний сэтгэлийн ертөнц ч агуу шүү. “Улаанбаатар” сонинд очоод модернист яруу найрагч Дэжидмаагийн Галсансүх, зохиолч С.Анударь нартайгаа танилцав уу?

-МУИС-ийн сэтгүүлчийн ангид Зулькафиль багшийнхаа урилгаар орлоо. Тэр ангид Мархаахүүгийн Буянбадрах, Б.Бат-Амгалан, Онон гэж “Улаанбаатар” сониноос ирсэн гурван мундаг залуу байна шүү. Оросоор надаас ч илүү уншсан юм шиг. Тэд л намайг Ү.Хүрэлбаатар эрхлэгчтэй танилцуулж тэр сонинд оруулсан.

Тэнд Б.Галсансүхтэйгээ танилцаж “Юу ч биш” өгүүллэгээ хэвлүүлж, модернист зохиолч гэж цоллуулж, олонхид нь хараалгаж явлаа. Н.Төмөрхуяг багш маань “В одно утро проснулся знаменитым” (“Нэгэн өглөө алдартай сэрлээ дээ”) гэж баяр хүргэж байлаа. Галсаа маань дараа нь хэвлэлд ярихдаа “Монголын хүүрнэл зохиолын ирээдүйд модернист зохиолч Ч.Мөнхбаяраас өөр хүн алга” гэж бичээд модернист гэдэг нэрийг надад өгчихсөн хүн дээ. (инээв) Дараа нь Галсансүх Анударьтай танилцуулж бид бүгдээрээ зохиолоороо хамтын сонин хэвлүүлж байлаа. Түүнээс хойш “Монгол Омен” номоо хэвлүүлсэн. Одоо хэвлүүлбэл ч олон л ном байна. Хүн ойлгоо ч уу, үгүй ч үү гээд олны хүртээл болгохгүй л явна.

Хөөрөлдөөнөө энэ хүргээд өндөрлөж байжээ. Түүний санасан олон сайхан санаа бодлыг номын гэрэлт үсгээр сийлэн үлдээх гэрэлт өдрүүд холгүй байгаасай гэж залбирья даа.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img