2024-07-25, Пүрэв
16 C
Ulaanbaatar

Агаарын бохирдол энэ хэвээр байвал 2025 онд багтраа өвчин 2.5 дахин нэмэгдэх аюултайг эрдэмтэд сануулав

Дэлхийн хэмжээнд жилд 12.6 сая хүн нас барж байгаагийн 23 хувь нь хүрээлэн буй орчинтой холбоотой байдаг аж. Тэр дундаа агаарын бохирдол нь зөвхөн амьсгалын замын өвчлөл бус зүрх судасны, мэдрэлийн тогтолцоо, хорт хавдрын өвчлөл үүсгэх эрсдэлтэйг ДЭМБ-аас онцлоод байгаа.

Статистикаас харахад уушгины хатгалгааны 18.03, уушгины архаг бөглөрөлт өвчний 13.29, зүрхний ишемит өвчний 31.45, тархины судасны өвчний 30.98 хувьд агаарын бохирдол нөлөөлдөг байна. Агаарын бохирдол нь хүний организмд хэрхэн сөрөг нөлөө үзүүлдэг тухайд эрүүл мэндийн салбарынхан “Агаарын бохирдол нь хүүхдийн бие бялдрын өсөлт, амьсгал, зүрх судасны тогтолцооны өвчлөл, дархлалын тогтолцоо, хавдар үүсэхэд нөлөөлж буй гол хүчин зүйл болж байна” гэв.

Улаанбаатар хотын агаар дахь РМ2.5-ын хэмжээ нэг нэгжээр нэмэгдэхэд 0-5 насны хүүхдийн томуу, уушгины хатгалгаа өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх тоо 15-аар нэмэгддэг болохыг эрдэмтэд тогтоожээ. Тэгвэл агаар дахь РМ2.5-ын концентраци 100 мкг/м3 буурахад амьсгалын замын өвчний шалтгаанаар нас барах тохиолдол 11-ээр, зурх судасны тогтолцооны өвчний шалтгаанаар нас барах тохиолдол таван тохиолдлоор буурах хандлага ажиглагддаг байна.

РМ 2.5-ын агууламж 200 мкг/м3-ээр бууруулахад хүйтний улиралд амьсгал, зүрх судасны шалтгаант нас баралтыг 28 хувиар бууруулах боломжтой аж. Гадаад орчны агаарын бохирдуулагч NO2-ийн түвшинг 2017 оны дунджаас 50 хувиар бууруулж чадвал 2027 онд 0-19 насны хүүхдийн шинээр илрэх багтраа өвчин 2.7 болох юм байна. Агаарын бохирдлын эсрэг ямар нэгэн арга хэмжээ авахгүй энэ хэвээр үргэлжилсээр байх юм бол 2017 онд 100 мянган хүн амд 6.6 бүртгэгдэж байсан багтраа өвчин 2027 онд 2.5 дахин нэмэгдэх магадлалтайг судлаачид сануулж байна.

Оксфордын бодлогын судалгааны хүрээлэнгийн эрдэмтэд манай орны судлаачидтай хамтран 2017 онд агаарын бохирдол хүүхдийн эрүүл мэндэд болон эдийн засагт хэрхэн нөлөөлж байгааг судалсан байдаг. Энэ судалгаагаар агаарын бохирдлоос шалтгаалсан өвчний улмаас 0-18 насны хүүхдийг эмчлэхэд 2016 онд зарцуулж байсан 10.4 тэрбум төгрөг 2025 онд гэхэд 24.8 тэрбум болж нэмэгдэх эрсдэлтэйг танилцуулж байсан юм. Харин агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээг эрчимтэй хэрэгжүүлбэл элдэв өвчлөл болон эдийн засагт үзүүлэх сөрөг үр дагавраас сэргийлэх бүрэн боломжтойг Оксфордын эрдэмтэд зөвлөж байв.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img