Нийслэлийн хамгийн их агаарын бохирдолтой бүсэд 850 орчим мянган иргэн амьдарч байна. Энэ нь нийслэлийн нийт хүн амын 53 хувь ажээ.
Цаг уур, орчны шинжилгээний газрын Судалгааны хүрээлэнгээс Улаанбаатар хотын хамгийн агаарын бохирдолтой хэсгийг Баянхошуу, Долоон буудал, Баянбүрд орчим гэж тооцоолсон байна.
Энд ерөнхий боловсролын 72 сургууль, 52 цэцэрлэг, 14 эмнэлэг үйл ажиллагаа явуулдаг. Судалгаанаас үзвэл дотоод орчны бохирдол гадаад орчны бохирдлоос шууд хамааралтай.
Иймээс гадаад орчны бохирдлоос хамгаалахын тулд цонхны шүүлтүүр, давхар хаалга болон агаар цэвэршүүлэгч зэргийг хэрэглэх нь эрүүл мэндэд тустай. Дээрх сургууль, цэцэрлэг, эмнэлэгт нэн тэргүүнд арга хэмжээ авах шаардлагатай тул Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-аас 64 сургууль, 107 цэцэрлэгт цонхны шүүлтүүрийг суурилуулаад байна. Цаашид 423 сургууль, цэцэрлэг, эмнэлэгт шүүлтүүр суурилуулах шаардлагатай байгаа ажээ.