Нийслэл хотын автозамд өчигдөр тэг зогсолт болов. Автомашинууд ингэж олон цагаар асаалттай удаан зогсох нь агаарын бохирдолд асар хортой болохыг мэргэжилтнүүд онцолж байна.
Тодруулбал, 0-5 км/цаг хурдтай явж байгаа машинаас ялгарах хорт бодисын хэмжээ энгийн үеэс 2-3 дахин их байдаг гэнэ. Иймд автозамын ачаалал ихсэх үеэр агаарын орчны бохирдол эрс нэмэгддэг гэсэн судалгаа бий. Учир нь Улаанбаатар хотод байгаа автомашинуудын 74.2 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай.
Агаарын чанарын үзүүлэлтээр сүүлийн жилүүдэд автомашинаас ялгарч буй хорт бодисын хэмжээ байнга өсөх хандлагатай байгаа нь үүнтэй холбоотой юм байна.
Нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулбал агаарын бохирдол багасахад том хөшүүрэг болох нь ээ. Өөрөөр хэлбэл, автомашины дундаж хурдыг 26 хувиар нэмэгдүүлэхэд тээврийн хэрэгслээс ялгарч буй агаарын бохирдол 17.8 хувь буурах боломжтой гэсэн тооцоо гарчээ.
Мөн авто замаас үүдэлтэй дуу чимээний бохирдол их байгааг мэргэжилтнүүд онцолж байна. ДЭМБ-аас хүлцэх хэмжээ нь 60 дб хэмээн тогтоосон бол Улаанбаатар хотын дундаж дуу чимээ 75.1 дб байгаа аж.