Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулах бүхий л арга хэмжээг үе, үеийн Засгийн газар авч хэрэгжүүлсээр ирсэн билээ. Хамгийн үр дүнтэй шийдэл нь гэр хорооллын 200 гаруй мянган өрхийг орон сууцжуулах асуудал юм. Гэвч богино хугацаанд массаар нь шийдэх боломжгүй. Иймд дунд хугацаанд гэр хорооллыг хөгжүүлэх замаар агаарын бохирдлыг шийдвэрлэх хүрээнд шинэ дэд төв болон олон нийтийн бичил төвүүдийг байгуулж, гэр хорооллын дахин төлөвлөлтийг эрчимжүүлэх бодлогыг төрөөс баримталж буй.
Энэ дагуу зургаан байршилд шинэ дэд төв, 52 байршилд олон нийтийн бичил төв байгуулан, 88 байршилд дахин төлөвлөлт хийж, нийт 219.290 орон сууцыг ашиглалтад оруулах хэрэгтэйг судалсан байна.
Эхний ээлжид Баянхошуу, Сэлбэ дэд төвийн сэргэлтийг эрчимжүүлэн орон сууцжуулахад 19,110 нэгж талбарыг чөлөөлөх шаардлагатай гэнэ. Ингэснээр 12.983 орон сууцанд 52.963 хүн амьдрах боломж бүрдэх юм байна. Түүнчлэн их, дээд сургуулиудыг дэд төвүүд рүү нүүлгэн, тэдгээрийг дагасан 28 лицей сургуулийг байгуулснаар ерөнхий боловсролын сургуулийн чанар, хүртээмжийг сайжруулах боломжтойг судалгаанд дурджээ.
Нийслэлийн хэмжээнд хүчин чадал нь хэтэрсэн ерөнхий боловсролын 169 сургуульд 313473 сурагч суралцаж байгаа аж. Эдгээр нь хотын төвд төвлөрсөн болохоор түгжрэлд нөлөөлөх нэг том хүчин зүйл болоод байгаа юм. Тус сургуулиудад ойролцоогоор 91 мянга гаруй хүүхэд сургуулийн хүртээмжтэй бүсээс ирж суралцдаг байна. Тиймээс гэр хорооллын бүсэд буюу олон нийтийн бичил дэд төвүүддээ ерөнхий боловсролын 52 сургууль нэмж байгуулах хэрэгтэй гэнэ. Үүний тулд 2253 нэгж талбарыг чөлөөлөх шаардлага үүсчээ. Гэр хорооллын бүсэд ийнхүү нэмж 52 сургууль байгуулснаар боловсролын хүртээмж нэмэгдэж, түгжрэлд тодорхой хэмжээгээр эерэг нөлөө гарах юм байна.