2024-10-05, Бямба
-0 C
Ulaanbaatar

Шөнийн тарифын хөнгөлөлт ирэх 7 хоногт эхэлнэ

Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор жил бүр гэр хорооллын өрхийн шөнө, оройн цагаар хэрэглэсэн цахилгааны тарифыг тэглэдэг билээ. Энэ хөнгөлөлт жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс эхэлдэг бөгөөд Улаанбаатар хот болон аймгийн төв, арван мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын айл өрхүүд хамрагдаж буй. Ингэхдээ стандартын шаардлага хангасан баталгаажсан тарифт тоолууртай, цахилгаан эрчим хүчний өр төлбөргүй гэр хорооллын хэрэглэгчид хөнгөлөлтөд хамрагдах шаардлага тавьдаг билээ.

Цахилгаан, дулааны төлбөрийг тодорхой метр квадрат заан хөнгөлөх журамтай. Ирэх оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл үргэлжлэх энэ хөнгөлөлт нь агаарын бохирдлыг бууруулахын тулд гэр хорооллын айл өрхүүдийг цахилгаанаар халаалт, дулаанаа шийдэхийг дэмжих зорилготой юм. Цахилгааны шөнийн хөнгөлөлтөд гэр хорооллын 220 мянга гаруй өрх хамрагдах аж. Хөнгөлөлт оройн 21.00 цагаас өглөөний 06.00 цагийн хооронд үйлчилж байгаа юм.

Гэр хорооллын хоёр тарифт тоолууртай өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифт 100 хувиар хөнгөлөлт үзүүлэх нэг сарын хэрэглээний дээд хязгаарыг 220В-ын хүчдэлийн түвшинд холбогдсон хэрэглэгчдэд 700 кВт.цагаар тогтоосон байна.

Харин 380 В-ын хүчдэлийн түвшинд холбогдсон хэрэглэгчдэд 1500 кВт.цаг байхаар тогтоож хэрэглэгчдэд борлуулах цахилгааны тариф болон сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тарифыг 100 хувиар тооцон хөнгөлөлт үзүүлж байгаа. 100 хувиар тооцон хөнгөлөлт үзүүлэх нэг сарын дээд хязгаараас илүү хэрэглэсэн цахилгааны тарифыг 50 хувиар тооцох аж.

Засгийн газрын дээрх тогтоолыг хэрэгжүүлж агаарын бохирдлыг бууруулах зорилгоор нийслэл хот болон аймгийн төв, арван мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифт 2017 онд 6.2 тэрбум төгрөг, 2018 онд 9.8 тэрбум төгрөг, 2019 онд 13 тэрбум төгрөг, 2020 онд 18.1 тэрбум төгрөг, 2021 онд 23.6 тэрбум төгрөг, 2022 онд 29.5 тэрбум төгрөг, 2023 онд 33 тэрбум төгрөгийг төсөвлөжээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img