УИХ-ын намрын ээлжит чуулганы Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны өнөөдөр хуралдлаа. Хуралдаанд агаарын чанарын асуудлаар Эрчим хүчний сайд, Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Чойжилсүрэн, Тавантолгой түлш сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэл, чанарын асуудлаар “Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Даваацэрэн нар мэдээлэл хийв.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “Улаанбаатар хотын агаарын чанар 2023 оны 10 дугаар сарын 9-нөөс 15-ны байдлаар Нисэх, Зурагт Зайсан, Налайх, Ургах наран хороолол орчим цэвэр болон хэвийн. Харин Толгойт, Шархад, Хайлааст, таван буудал, Мишээл экспо, 13 дугаар хороолол, Цахилгаан станц, Амгалан, Баянхошуу, I хороолол, 100 айл, Баруун 4 зам орчим бага бохирдолтой түвшинд байна. Агаарын бохирдлыг бууруулах зарим арга хэмжээний талаар та бүхэнд мэдээлэл өгье. Нэгдүгээрт, хагас коксжсон нүүрсний туршилтын талаар дуулгая.
Туршилтын үйлдвэрлэлийг “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрийн технологиор түүхий эдийг өөрчлөх туршилтын үйлдвэрлэл явуулсан. 100 хувь хагас коксоор үйлдвэрлэсэн, сайжруулсан түлш хамгийн сайн үр дүн гарсан. Туршилтын түлшний техникийн үзүүлэлтүүд нь БНХАУ, БНСУ, ХБНГУ, ОХУ зэрэг улсуудын стандарттай ижил түвшинд хүрсэн байна. Олон улсад шахмал түлшний үндсэн түүхий эд нь хагас кокс байдаг юм байна. Мөн шахмал түлшийг зөвхөн зориулалтын асаагчаар асаадаг байна.
3 мидлинг болон хагас коксоор үйлдвэрлэсэн сайжруулсан түлшний техникийн үзүүлэлтүүдийг харьцуулахад дэгдэмхий 41,4 хувиас 51,7 хувь, хүхэр 54,6 хувиас 60,8 хувь, үнслэг 37-гоос 37,3 хувиар бага байгаа нь хагас коксожсон сайжруулсан түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр агаарын чанарыг сайжруулахад чухал нөлөө үзүүлэх нь туршилтаар тодорхойлогдлоо. Туршилтын судалгааны ажил цаашид зогсолтгүй үргэлжилж байгаа гэдгийг хэлье. Гэр хорооллын айл өрхийг цахилгаанаар халаах техникийн нөхцөлийг бүрдүүлэх талаар та бүхэнд мэдээлэл өгье.
Нийслэлийн гэр хорооллын айл өрхөд 4 киловаттын хүчин чадалтай 5012 айл өрхийг цахилгаан халаагуур ашиглах техникийн боломж бүрдүүлэх төсөл 2023 онд хийгдэж байгаа. Энэ ажил хэрэгжсэнээр СХД-ийн 5012 өрх 4кв хүртэл хүчин чадалтай цахилгаанаар халаах нөхцөл бүрдэнэ. Ингэснээр 13532 тонн сайжруулсан шахмал түлшний шаталтаас үүсэх бохирдлын хэмжээг бууруулах боломж бүрдэхвм. Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос 2023 онд эдгээр ажлуудыг авч хэрэгжүүлээд байна” гэв.
“Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Даваацэрэнгийн мэдээлснээр өнгөрсөн зуны хугацаанд өвлийн бэлтгэл ажлаа хангаад 120 мянган тонн шахмал түлш нөөцлөөд байгаа гэнэ. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа бол одоогийн байдлаар бол хэвийн явж буй аж. Хоногтоо 1500-1800 тонн шахмал түлш үйлдвэрлэж хэрэглэгчдэд хүргэж байгаа тухай тэрбээр нэмж хэллээ.