2024-07-24, Лхагва
18 C
Ulaanbaatar

Маркус Дубах: Малгүй бол гэр байхгүй, гэргүй бол нүүдэлчин систем устаж Монгол улс үгүй болно

Манай сайт #ТэдБиднийТухайИнгэжХэлэв Хэлэв булан ажиллуулж эхэллээ. Гадны эрхмүүд бидний тухай сэтгэгдэл, мэдрэмжээ хэрхэн хуваалцсаныг энэхүү буландаа хүргэх болно. Заримтай нь бид зорьж уулзана, заримынх нь сэтгэгдлийг шүүж, түүвэрлэж хуваалцах юм. Манай редакцийн онцлох эхний хүн бол Швейцарь дахь Монгол Улсын өргөмжит консул асан Маркус Дубах. Маркус Дубах өдгөө эх нутагтаа аж төрж буй. Түүний нүүр хуудсанд зочлоход профайл дээрээ монгол морьдын зураг тавьсан харагдана. Тэр зурагнаас л манай улсад хэр элэгтэйг нь харчихаж болохоор.

МАРКУС ДУБАХ: 1970-аад онд миний нэг таньдаг хүн “Монголд яваандаа яг чам шиг хүн хэрэгтэй. Тэнд хөдөө аж ахуй хөгжих боломж байна. Өөрийгөө бэлдээрэй” гэсэн л дээ. Тэр үг надад яг л бурханы үг шиг хүрсэн. “Монгол хонь ихтэй, тэгэхээр малыг нь судлах ёстой. Хөдөө аж ахуйн чиглэлээр суралцах хэрэгтэй юм байна” гэсэн бодол шууд л төрсөн. Хөдөө аж ахуйн их сургууль төгсч докторын зэрэг хамгаалсныхаа дараа Америкийн Миннесотад хоёр жил болсон. Тэнд өвөл нь хүйтэн, цас ихтэй. Зун нь халуун. Цаг уурын хувьд Монголтой их төстэй. Тэгээд л ер нь Монгол руу явъя гэж шийдвэрийг ядах юмгүй гаргачихсан.

Ирэнгүүтээ л монгол хэл сурсан. Зах зээлд зориулсан систем гэж юу болох, бэлчээрийн менежмэнтийг хэрхэн зөв хийх, услалтын системийг яаж ашиглахаас эхлээд тариа ногоо тарих боломжийг хүртэл судалж эхэлсэн дээ. Анх ажилласан аймаг маань Говь-Алтай. 1993 оны их зуднаар очиж байлаа. Тэгээд л төсөл бичиж санхүүжилтээ аваад ажиллаж эхэлсэн дээ.

Бид ерээд онд малчдаас “Хамгийн чухал зүйл юу вэ” хэмээн асуухад мал гэж хариулж байсан. 1999 онд бэлчээрийн байдал нэлээд хэцүүдсэн үед өнөө асуултаа ахиад тавьсан. Тэр үед малчид мал биш бэлчээр гэж хариулж байлаа. Бүх юмны суурь бэлчээрийг зөв ашиглах гэдгийг малчид ойлгосон хэрэг л дээ. Бэлчээрийг яаж зөв ашиглах вэ, малчид хэрхэн хоорондоо холбогдож вэ гэсэн асуулт тавигдаж байх үед төслөө эхэлж байлаа.

Эхлээд жижиг төсөл байсан ч сүүлдээ “Говь ногоон алт” төсөл болж нэлээд өргөжсөн шүү. Хэрвээ бид бэлчээрт анхаарахгүй бол мал байхгүй болно. Мал үгүй бол гэр байхгүй. Гэр байхгүй бол Монголын нүүдэлчин систем устана. Тэгвэл Монгол гэж байхгүй болно. Улаанбаатар л үлдэх байх.

Нүүдэл бол нэлээд хөгжсөн систем. Тэр хөгжлийг хүндлэх хэрэгтэй. Байгаль хүн хоорондын харилцааны төгс төгөлдөр систем бол ерөөсөө л нүүдэл. Хотын хөгжлөөс хамаагүй дээр систем л дээ. Гэтэл бид эсрэгээр нь хараад байдаг нь тоогүй. Мал аж ахуйг нэг их мөнгө өгдөггүй, хөгжил биш гэж боддог хандлага давамгайлж байна. Мөнгө хурдан гардаггүй гэж дүгнээд л системээ өөрчилж байгаа нь энэ системийг алдах гол шалтгаан болж байна шүү дээ.

MarkusМэдээж нүдээ аниад, чихээ таглаад цаашаа явж болохгүй учраас системээ байнга өөрчлөх хэрэгтэй. Шинэ нөхцөлд дасгах замыг үргэлж хайх учиртай. Нүүдлийн системд байгаль орчин, цаг уурын шахалт ирж байгаа. Тэр өөрчлөлтөд хүн, мал дасан зохицож чаддаг. Гэнэт өөрчлөлт хийдэг тал бас байна. Ерээд онд малыг гэнэт хувьчилсан. Тэгсэн хэрнээ бэлчээрийг нь хувьчлаагүй.

Нэг дор хоёр систем үүсчихээр хоорондын интеференс нь байхгүй болчихсон. Хамгийн гол нь энэ асуудлыг хууль зохицуулах ёстой. Ерээд оны эхээр гарсан мал хувьчлах шийдвэрийг зөв хэрэгжүүлэхийн тулд Бэлчээрийн тухай хууль хэрэгтэй. Ингэхийн тулд сайн хөгжсөн систем чухал. Байгаль орчны шинэ нөхцөлд дассан систем байх ёстой. Хувь, улсын аль системийг нь бий болгох гээд байгаагаа ч нэг мөр болгох учиртай.

Швейцарьт бол бэлчээр нийтийн өмч. Гэхдээ ашиглах эрхийг нь хоршоонд өгсөн байдаг. Хоршооныхон энэ жилийн ногоо хэр ургав, цаг агаар ямаршуу байна гэдгийг яриад айл айлаас хэдэн мал оруулахыг шийддэг байвал их зөв шийдэл болно. Төрөөс хамгаалалт байгаа учир өөр хүний илүү мал тэр бэлчээрт орох ямар ч боломжгүй. Хоршоод газраа ашигладаг, бас сайхан байлгах үүрэг хүлээдэг.

Бэлчээрийн хууль гарлаа гэхэд нүүдэлчин мал аж ахуйг хүлээн зөвшөөрсөн байх ёстой. Улсаас нөөц бэлчээрийг тогтоож, хамгаалалтад авч, зохицуулалт хийж өгөх хэрэгтэй. Нөөц бэлчээр үгүй бол нүүдэлчин мал аж ахуй байхгүй болно.

Эх сурвалж: “Монголика” сэтгүүлд сэтгүүлч Ц.Баасансүрэнд өгсөн ярилцлагын хэсгээс онцлов.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img