2024-05-17, Баасан
10 C
Ulaanbaatar

Я.Нямдулам: Уурхайд тэсэлгээчнээр ороход “Ийм жижигхэн охин чадах уу” гэж гайхах хүн олон байсан шүү

Хорин зургаахан насандаа гүний уурхайн тэсэлгээний “Гал” өгөх эрхтэй Монголын анхны эмэгтэй инженер болсон бүсгүй бол тэсэлгээний инженер Я.Нямдулам. Алс баруун хязгаараас нийслэлийг зорин уул уурхайн ашиглалтын мэргэжлийг дүүргэж “Оюу толгой” компанид ажиллаж байгаа монгол бүсгүйдийн нэг. Түүнтэй ярилцлаа.

-Гүний уурхайн тэсэлгээний гал өгөх эрхтэй анхны эмэгтэй инженер болсонд тань онцгойлон баяр хүргэе?

-Маш их баярлалаа. Сургуулиа төгсөөд мэргэжлээ сонгохдоо л “Эмэгтэй хүн чадах болов уу” гэдэг айдас төрж байсан. Анх уул уурхайн ашиглалтын инженер мэргэжлийг сонгоход, ШУТИС-даа ирээд танхим дүүрэн хөвгүүдийн дунд суухад, ажлын талбарт гарахад “Би эмэгтэй болохоор яах бол” гэдэг айдас байсан. Гэхдээ тэр айдсаа үргэлж дарж, “Би заавал чадах ёстой, үр дүнг нь заавал үзнэ дээ” гэдэг зоригоор хурцлагдаж байсан шүү.Анх тэсэлгээчин инженерээр ажиллаж эхлэхдээ өөртөө тавьсан мөрөөдөл маань гал өгөх эрхтэй эмэгтэй инженер болох байсан. Түүнийгээ биелүүлж чадлаа.

-Уул уурхайн ашиглалтын инженер мэргэжлийг зорьж сонгоогүй бололтой?

-Би Говь-Алтай аймагт ерөнхий боловсролын сургуулиа дүүргэсэн. Дунд сургуульдаа математик, физикийн хичээлдээ сонирхолтой. Яг тийм, ийм мэргэжил эзэмшинэ гэж нарийн төлөвлөгөөгүй. Энэ хоёр хичээлээ сайн давтаж байгаад тохирсон мэргэжлийг нь авна даа гэж бодож байсан.

Ингээд элсэлтийн ерөнхий шалгалтаа өгч, аймагтаа гуравт жагслаа. Нэгдүгээр байранд орсон хүүхэд барилгын инженер авлаа. Хоёрт жагссан хүүхэд нисэхийн инженерийг сонгочихсон. Харин надад санхүүгээр явах уу, инженер болох уу сонголт үлдсэн. Тэгээд уул уурхайн инженер мэргэжлийг сонгосон доо.

-Сурагчийн ширээнээс салаагүй хүүхдэд уул уурхайн талаар ойлголт байв уу?

-Яаж байх вэ. Математикийн багш маань нэлээд ширүүн “Уул уурхайн ашиглалтыг ав” гэдэг юм. Аав маань “Хүрз барьж газар малтах биш миний охин ав ав” гээд бас дэмжсэн. Өөр бусад хүмүүс аав руу уурлаал “Охин хүүхдэд уул уурхайн мэргэжил сонголоо” гээд л. Одоо бодоход аав, багш хоёр маань зөв чиглүүлж өгчээ гэж баярладаг. Ингээд 2017 онд ШУТИС-д уул уурхайн ашиглалтын ангид орлоо.

Танхим дүүрэн хөвгүүд, дунд нь 10 гаруй охид байсан шүү. Анги удирдсан багшийг маань Л.Жаргалсайхан гэдэг. Биднийг энэ мэргэжилд маш сайн чиглүүлж, дурлуулж өгсөн хүн. Тийм ч учраас манай ангиас хүүхдүүд шилжих, дундаас нь хаях биш нэмэгдэж орж ирдэг байлаа. Оюутан байх үед Япон улс руу оюутан солилцоогоор явах, ОХУ руу нүүрсний уурхайтай танилцах маш сайхан боломжууд нээгдсэн. Түүнээс л уурхай гэж юу байдгийг мэдэж, мэргэжилдээ улам дурласан.

-“Оюу толгой” компанид хэрхэн ажилд орж байв?

-Сургуулиа төгсөөд ажлын талбар дээр гарахдаа бас л эмээсэн. Эмэгтэй хүн юм чинь ажилд авах компани олдох болов уу гэж. Тиймээс маш олон компани, уурхай руу анкет явуулсан. /инээв/. Тэр дундаас зураг төслийн “Евро Азиа Майнз” компанид мэргэжлээрээ ажилд орсон. Ингээд жил орчмын хугацаанд ажиллаж байхдаа “Оюу толгой”-н туслан гүйцэтгэгч “Рэдпаф Монгол” компанид анкет илгээсэн. Дэлхийн хэмжээний ийм том компани ажлын туршлагагүй, эмэгтэй хүнийг авахгүй болов уу даа жийрхэж байсан. Тэгээд ярилцлагад ороод тэнцсэн.

Нямдулам-Залуу хүн дэлхийн хэмжээний компанид ажиллахаар тэнцэх үеийн мэдрэмж ямар байсан бол?

-Маш их баярласан. Анх гүний уурхай руу орж байхад нэг тийм үгээр илэрхийлэхээргүй мэдрэмж төрдөг юм билээ. Гүний уурхайг хараад л “За энд хүрээд ирлээ шүү дээ. Одоо сайн л ажиллах хэрэгтэй” гэж өөртөө амлаад орж байсан. Гоё дурсамж шүү.

Эрчүүдийн тоо давамгайлсан энэ салбарт эмэгтэйчүүдийн өсөн дэвших хүсэл эрмэлзэл, бидний чадварыг дэмждэг ажил олгогч, хамт олонтой байна гэдэг сайхан. Эмэгтэй мэргэжилтнүүдийг ажиллах таатай нөхцлөөр хангаж, хувь оролцоог нэмэгдүүлэхэд шаардлагатай сургалт болон бүхий л зүйлээр хангаж ажилладаг Оюутолгой (Даян) компанийн нэг хэсэг нь болж ажиллаж байгаадаа баяртай байдаг.

-Ер нь тэсэлгээчин хүний ажлын горим, арга барил ямар байдаг юм бэ?

-Гүний уурхайн тэсэлгээний ажил бол уурхайн ээлж солигдох бүрт хийгддэг онцлогтой бөгөөд маш өндөр хариуцлагатай ажил. Манай тэсэлгээний баг гэхэд дөрвөн ээлжтэй. Хоёр ээлж нь уурхай дээр өдөр шөнөөр ажиллаж, нөгөө хоёр ээлж нь амарч байдаг. Нэг ээлж 10аад хүний бүрэлдэхүүнтэй. Гүний уурхайд тэсэлгээг шөнийн ээлжний төгсгөл, өдрийн ээлжний эхэнд нэг удаа хийдэг.

Мэдээж тэсэлгээ хийхийн өмнө гүний уурхайд ажиллаж байгаа бүх ажилчдыг газрын гадарга дээр гаргаж, уурхайг хяналтандаа авсны дараа тэсэлгээ хийгддэг. Газрын гадаргаас 1300 метрийн гүнд үйл ажиллагаагаа явуулж байгаа дэлхийн хэмжээний том уурхайд олон залуустайгаа нэг баг болон адилхан техник жолоодож, мөр зэрэгцэн ажиллаж байгаадаа л их баяртай явдаг.

-Маш хариуцлагатай үйл ажиллагаа байх нь ээ?

-Тэгэлгүй яах вэ. Тэсэлгээний багийнхан маш хянамгай ажиллахгүй бол болохгүй. Тэсэлгээ гэдэг бол олон мянган хүний амь настай холбоотой өндөр эрсдэл дагуулсан ажил байдаг. Бид алхам бүртээ хянамгай ажиллах ёстой.

-Ийм ажилд эмэгтэй хүмүүс ажиллахад хэр байдаг вэ?

-Мэдээж зоривол хүн бүр хийж чадна. Манай улсад 2016 оноос гүний уурхайд эмэгтэй хүн ажиллаж болно гэсэн хууль батлагдсан. Түүнээс хойш гүний уурхайд ажиллах эмэгтэйчүүдийн тоос нэмэгдсээр байгаад баяртай байдаг.

Намайг анх тэсэлгээчнээр гүний уурхайд ороход бараг хүн бүр “Хүүе ийм жижигхэн охин ажиллаж чадах юм уу”, “Ийм жижигхэн байж машин барьж чадах юм уу” гэх зэргээр ханддаг байлаа. Мэдээж тэр үгэнд нь эмзэглээд бууж өгч болохгүй. Би хийж чадна, чадахгүй байсан ч сурна гээд зүтгэсэн.

-“Оюу толгой” компани аюулгүй ажиллагааг нэгд тавьдгаараа онцлог. Олон улсын стандарт ч үүнийг шаарддаг. Аюулгүй ажиллагаа, ажилчдын тав тух гээд онцолж ярих зүйлс таныхаар юу бол?

-Маш сайхан асуулт байна. Бидний ажлын хувцасны ханцуйны захан дээр “Тэг осол зөрчил” гэсэн уриа хадаастай байдаг. Ажлаа хийхдээ алхам тутамд бид тэр уриаг харж, анхаарал сэрэмжтэй ажилладаг гэсэн үг.

Түүнээс гадна ажлаасаа би маш их эмх цэгц, сахилга батыг сурч авсан. Уурхай руу явахаар автобусанд суухаас эхлээд л сахилга бат, аюулгүй байдал мэдрэгддэг. Автобусанд суухдаа нэг эгнээгээр явах, суугаад бүсээ бүслэх, буухдаа урд эгнээнээсээ бууж эхлэх гээд эмх замбараатай, аюулгүй.

Түүнийг ямар ч хүн бидэнд заагаагүй, шинэ ажилчид хуучин ажилчдаасаа суралцаад явдаг сахилга бат. Тэгж сурсан хүн чинь хотод ирээд АТМ-ээс мөнгө авахдаа дугаар дайраад байхгүй, машин барихдаа алхам тутамд бүсээ бүслэх гээд өөрөө ч мэдэлгүй тийм чадвар суучихдаг юм билээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img