Английн баруун Сасикс мужийн шүүхээс нэг айлын хэт таргалалттай өсвөр насны хоёр хүүхдийг гэр бүлээс нь салгаж асрамжийн газар өгөх шийдвэрийг хэдэн жилийн өмнө гаргаж байсан юм. Нийгмийн ажилтнууд эцэг эхэд нь зөвлөгөө өгөөд хүчрээгүй учраас ийм шийдэлд хүрсэн хэмээн тайлбарлаж байв. Таван жилийн хугацаанд Их Британид 74 хүүхэд ийм шалтгаанаар асрах газрын хаалга татсан гэсэн статистикийг хэвлэлүүд тухайн үед эш татан мэдээллэж байлаа.
Англи гэх мэт хөгжингүй орнууд хүүхдийн таргалалттай тэмцэхийн тулд супермаркетуудад жаалуудын хараанаас дээш амттан өрөх шаардлага тавьж, сургууль, цэцэрлэгийн хоол хүнсэн дэх сахарын агууламжид онцгой анхаарч, сүүлдээ бүр асрамжийн газарт өгөхөөс аргагүй шийдлийг хүртэл сонгож байна. Манай улсын хувьд ч хүүхдийн таргалалт санаа зовоохоор хэмжээнд хүрчихсэн.
Үндэсний статистикийн хорооны мэдээллээс харахад 2010-2018 оны хооронд өсөлтийн хоцрогдолтой хүүхдийн хувь буурсан ч илүүдэл жинтэй хүүхдийн хувь өөрчлөгдөөгүй, арван хүүхэд тутмын нэг нь илүүдэл жинтэй гэсэн түгшмээр тоо дурайж байна. Хичээлийн шинэ жил эхлээд дундаа ороод явж буй яг өдийд Боловсролын сайдын анхаарал хандуулах учиртай гол өнцөг бол энэ.
Наад захын том асуудал гэхэд л супермаркетуудын лангуун дээрх амттанууд байна. Элдэв өнгийн амттануудыг хүүхдийн хараанаас дээш өрүүлэх санал гаргаад Засгийн газрын хуралдаандаа танилцуулчихвал тун хэрэгтэй шийдэл болно доо.