Бидний төсөөлж буй ирээдүй маш гэгээлэг, тун тодорхой. Үйлдвэрлэл ба байгаль орчин нь бие биеэ сүйтгэх бус хоорондоо нягт уялдсан, харилцан зохирсон, түүхий эдийн нөөцийг хамгаалсан аргуудыг бүтээсэн тийм л ирээдүй байх болно. Бидэнд буй нөөц баялгууд, технологиудыг зайлшгүй цэвэр технологи руу шилжүүлэх эрин дэргэд ирчихээд хаалга тогшиж байна. Маш бага хаягдалтай технологийг ашиглахын тулд бид үйлдвэрлэлийн процессыг анхнаас нь дахин төлөвлөж шинэчлэн боловсруулах ажлаас эхлэх учиртай.
Нэгдсэн шийдэл өнөөхөндөө алга. Гэхдээ бид анагаах ухаан зүрхний нээлттэй мэс заслаас дурангийн далд мэс ажилбар луу шилжсэнийг харж байна. Уул уурхай үүний нэг адил газрын хөрсөнд эвдрэл үүсгэхгүйгээр роботыг цооногоор буулган газар доорх эрдэс бодисыг бага зардлаар гаргаж авах зэрэг шинэлэг зүйлсийг хийж эхлээд байна.
Зайнаас гео-технологиор хөрсний үнэлгээ хийдэг дронууд, астероидуудаас устөрөгч олборлодог гариг хоорондын уурхайчид гээд дурдвал цаг өөр болсныг батлах олон жишээ бий. Гэсэн хэдий ч эдгээр нь өдгөө бидний явуулж буй уул уурхайн үйлдвэрлэлээс хол санагдаж буй нь нуух юмгүй ил үнэн юм.
Хүн төрөлхтөн олборлож буй эрдсийн түүхий эдийн элсээр бий болгосон зүйлээрээ цээжний ясыг орлуулан 3D төхөөрөмжөөр хэвлэж, хүний амь аварч байна. Нью-Йоркт болсон энэ үйл явдлын мэдээллийг дэлхий даяараа талархаж, бахдаж сонссон.
Нарны зай, цахилгаан машин, батарей зэрэгт шаардагдах эрчим хүчний чухал ашигт малтмалын түгжээг тайлж, дэлхийн нүүрстөрөгчийн ялгаруулалтыг үлэмж багасгах үйл явцын хурдасгуур нь уул уурхайн салбар болоод буй. Уул уурхайн салбар тэг бохирдол бүхий технологи руу шилжих боломжийг олгож байгааг энэ дашрамд онцолъё. Бидэнд тулгардаг зарим асуудал ушийдвэрлэх боломжгүй мэт санагддаг. Гэхдээ бидний энд цугладагийн гол шалтгаан нь ийм боломжгүй асуудлуудыг шийдэх юм. Мэдээж энэ бүгдийг шинжлэх ухааны хөгжлийн хүчээр шийдэх бүрэн боломж бий.
“Тэг” рүү чиглэсэн шинэ зорилгыг дэлхийгээрээ тавиад байна. Эрдэс түүхий эдийн салбар ч энэ чиг рүү шилжилт өөрчлөлт хийсээр яваа. Бид төмрийн хүдэр үйлдвэрлэгчид болон ган үйлдвэрлэгчдэд нүүрсгүй үйлдвэрлэл рүү шилжихэд нь тусалж, гангийн үйлдвэрлэлийг цэвэр тэг рүү чиглүүлэх болно.
Ган үйлдвэрлэгчид нүүрсгүй үйлдвэрлэл рүү шилжих нь холын мөрөөдөл биш. Устөрөгчийн аж үйлдвэрийн эрхэм зорилго нь хий, нүүрсний экспортоос өөр бүтээгдэхүүн гаргаж, хүнд аж үйлдвэр, ялангуяа уул уурхайн тээврийн түлшний шинэ эх үүсвэрийг бий болгох замаар дэлхийн нүүрстөрөгчийн ялгаруулалтыг өргөн хүрээнд бууруулах явдлыг дэмжих билээ.
Бидний хөгжүүлж буй сэргээгдэх эрчим хүчний цахилгаан станцын эрхэм зорилго нь чухал ашигт малтмалаасаа сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр гаргах салбарт шийдлүүдийг олохын зэрэгцээ, сэргээгдэх эрчим хүчийг нийлүүлэх, хадгалах чиглэлд өртгийн гинжин хэлхээнд боломжийн үнийг гаргахад хамтын ажиллагааны хөшүүргийг бий болгох явдал юм. Энэ бүхнийг хэлэлцэх цаг нь яг одоо ирчихлээ . Бидэнд цэвэр тэг эрчим хүч рүү шилжин ороход 312 сарын хугацаа байна. Илүү тодотгож хэлэхэд бидэнд сар бүр чухал байгаа.
Хүн төрөлхтөн хөгжил дэвшлийнхээ хугацаанд олон гайхамшигтай өөрчлөлтийг хийж чадсан. Бидэнд ч санаанд багтамгүй олон гайхалтай өөрчлөлтийг хийж чадах хүч бий. Инновацын хамгийн өндөр түвшинд үйл ажиллагаагаа явуулдаг, шинэ шийдэл, шинэ технологиудын анхдагч гэдгээрээ дэлхий даяар үнэлэгддэг уул уурхайн салбарынхаа оюун санааг энэ зүгт чиглүүлэн ашиглах цаг нэгэнт иржээ.
2050 онд болон цаашдаа автомашиныг хөдөлгөж, байр байшингуудыг халаах эрчим хүчний эх үүсвэрийг бид нарны туяанд алтрах газар нутаг, салхи сэвэлзсэн тал нутгаасаа хайх цаг болжээ. Өнөөгийн ажлын арга барилаа өөрчилж, эх дэлхийгээ илүү сайн байлгах ирээдүйн төлөө ихийг хийж бүтээх цаг ирээд байна.