2024-10-07, Даваа
7.1 C
Ulaanbaatar

Алдарт морин хуурч Чибулаг: Хүний нас гэдэг зуны нэг ялаа

Дэлхийн хэмжээнд яригдах оюунт цөөхөн Монголын нэг, БНХАУ-ын нэгдүгээр дэсийн хуурч, манайхаар бол ардын жүжигчин, төрийн шагналт Чибулагтай Шилийн хот дахь “Чибулаг” морин хуурын сургууль дээр нь зорин очиж уулзаж билээ. Чибулаг гуайн өрөөнд Отгонтэнгэр хайрханы сүүдэр залаастай. Тэгэхнээ, мань эр Завхан аймгийн чиглэлийн сартуул хүн гэнэ шүү. Үүнийгээ бол харин ч нэг нуухгүйгээр үл барам “Ар, өвөр, халимаг, буриад гэх биш бид дэлхийн нэг л монгол” гэж омог бардам хэлж байлаа.

– Би Завханы Отгонтэнгэрийн сартуул хүн шүү дээ –

-Тантай уулзаж хөөрөлдөх гэж эх нутгаасаа зорьж ирлээ дээ?

-Сайн явж ирэв үү. Би дэлхийд олон олон Монгол байна гэж боддоггүй, ганцхан Монгол, ганцхан Чингис хаан байдаг гэж бодож ирсэн. Би яруу найрагч Лхагвасүрэнгийн нэвтрүүлэгт орохдоо ч “Дэлхийд миний ээж, аав бол ганцхан миний Монгол, дэлхийд ганцхан миний Улаанбаатар, дэлхийд ганцхан миний морин хуур” гэж хэлсэн. Тэрийг та нар сонссон байлгүй. Дуучин Лхагвасүрэнд хүртэл тэр утгаараа “Морин хуур” гэж дуу хийж өгч дуулуулсан.

-Та гадаад дотоодгүй их аялна биз?

-Манай Өвөр Монголын дарга нар “Бид нүүдэлчин амьдралаа гээжээ. Ганцхан Чибулаг л нисгэл (онгоц)-д суугаад дэлхийгээр нисэж байна аа” гэж ярьж байна.

-Дэлхийг өдөртөө шахуу тойрдог танд ямар зүйлийн ачаа тээш байх вэ?

-Надад нэг морин хуур байхад л хангалттай. Дэлхийн хүн ардад морин хуураар Монгол гэдэг өнгө, гэрлийн гялбааг үзүүлье гэж явсаан. Дал гаруй жилдээ явж байна.

-Хэдэн наснаасаа морин хууртай нөхөрлөв?

-Би зургаан наснаасаа хуурдаад энэ жил далан дөрвөн нас зооглож байна аа. Хүмүүс надаас “Та яагаад өтөлдөггүй юм бэ” гэж их асуудаг. Би тэдэнд “Дайсныхаа өмнө үхэж болохгүй, үхсний хойно ч сүнсээ худалдахгүй” гэж хэлдэг юм.

Ямар учраас тэгж байна гэхээр би гэдэг хүн морин хуур хуурдана гэж үйлийн үрээ өмчилж авсаан. Би Хятад ард улсын арван жилийн их самралтаар гянданд суулаа, хар ажил хийлээ. Хүний муу үхдэггүйн үлгэрээр одоо болтол үхсэнгүй. Одоо болтол амьд сэрүүн явсан минь бас ч амаргүй гэж би боддог юм.

-Ээжийгээ улаан хувьсгалчдад амьдаар нь шатаалгаж, шорон гянданд хоригдсон атлаа үхээгүйн шалтгаан юунд байна?

-Хүн гэдэг чинь үндэстний омогшлынхоо туг нь байх учиртай. Өөрийнхөө үндэстний омогшил нь байж чадахгүй бол энэ дэлхийд хорхой шавьжийг ч дийлэхгүй өчүүхэн амьтан шүү дээ. Тэгж амьдраад хэрэггүй. “Зоос олно оо, зоос олно оо” гэж хөөрцгөөх болж. Зоос гэдэг юм хүнд тэгтлээ хэрэггүй ээ.

Би бол зоос олно гэж ердөө боддоггүй. Зоос олно гэж бодсон бол энэ морин хуурын сургуулиа байгуулахгүй. БНХАУ-ын ӨМӨЗО-ы Засгийн газраас байгуулсан энэ сургуульд маань олон улсын сурагчид зоос мөнгөгүй сурч байна. Монгол Улсын арван таван сурагч энд сурч байна.

-Мөнгө олохгүй юм бол та юунд энэ сургуулиа байгуулав?

-Манай өвөг дээдэс Чингис хаан энэ дэлхийг эзлэхдээ монголчуудыг олон газар тарааж. Монгол гэж хаа хаана тарсан ямар хэлтэй, ямар зан заншилтай хүмүүс байдгийг бид бүрэн гүйцэд мэдэхгүй. Тиймээс би олон улс оронд байгаа монголчуудын хүүхдүүдийг энд авчирч, морин хуураар дамжуулан морин хуурын эгшигт бүх дэлхийн монголчууд сэтгэл нэгдэж өвөг дээдсийнхээ алдар гавьяаг улам сайхан уламжлаасай гэж бодсоных юм.

Газар газрын монгол хүүхдүүд энд ирснээр бие биеэ танихгүй байна гэж юу байхав. Халимагт байгаа, Японд байгаа, Тайваньд байгаа, Буриадад байгаа, Улаанбаатарт байгаа монголчууд харилцан бие биеэ таньж мэднэ. Хүний нэг нас гэдэг чинь зуны нэг ялаа. Ямар учраас ингэж хэлж байна гэхээр “Үхэш үгүй хүн хүн гэж үгүй. Үнэр орохгүй мах гэж байдаггүй”. Тиймээс хүн гэдэг үхэхээ мэдэж байгаа бол үндэстнийхээ төлөө зүтгэх хэрэгтэй. Хэрвээ зүгээр л үхэх хорвоо гэж бодож байвал тэр хамгийн тэнэг, соёлгүй зүйл.

-Чибулаг ах та зүгээр ч нэг хуурч биш, том философич хүн байна шүү?

-Ертөнцөд манай өвөг дээдэс Чингис хаан агуу их түүхийг бүтээж. Тэгвэл бид юу юм. Бид чинь бас хүн. Хүн гэдэг чинь махаар бүтсэн амьтан. Тэр эртээ оройгүй үхдэг юм. Тэгэхээр үхэхээсээ өмнө үндэстэн угсаатнаа гэрэлтүүлэх өнгө гэрэл нэмэх учиртай. Хүн болж төрсөн л бол заавал үүнийг биелүүлэх хэрэгтэй. Тиймээс би морин хуураараа дэлхийд “Үхэшгүй бие, үнэр оршгүй мах”-ыг орлуулан амьд л байвал хүмүүн төрөлхтөнд морин хуурын эгшгийг тархааж явъя гэж амьдарсан.

Чибулаг-Та морин хуурынхаа эгшгийг энэ онд гэхэд хаа хаана дэлгэрүүлэн сонсгов?

-Би өмнө хоёр сард дөчин өдөр дотор Хятад орны хорин таван хотод тоглож, өмнөд орны арван гурван мужийн нанхиад ахан дүүст морин хуурын увдис шидийг үзүүллээ. Манай морин хуурын аялгууг сонссон хүмүүс ямар үндэстэн, угсаатнаасаа үл хамааран нүднээсээ нулимс унаган, сэтгэл нь их хөдөлж байна. Ази тив бол монгол хүний хойч үе гэдгийг би бүрэн мэдэж байна.

Нэг япон хүн надад “Нэг үндэстэн, нэг угсаатан аж амьдралаа бүгдийг өөрчилж болно” гэж хэлж байсан. Гэвч, үндэстний эс өөрчлөгддөггүй. Тэр эс гэдэг чинь хоёр түмэн жил болоод ч өөрчлөгддөггүй. Морин хуур гэдэг үндэстний эс болсон оюун санааны түлхүүр болж ард түмний сэтгэлийн оньсыг нээдэг гайхамшиг гэдгийг би мэдсэн.

-Мөн ч сайхан юм даа, ах минь. Морин хуур, та хоёр монгол соёлоо дэлхийд харин ч нэг гайхуулж байна шүү?

-Морин хуур бол манай өвөг дээдэс Чингис хаанаас үлдээж өгсөн орийн ганцхан эрдэнэ. Би морин хуурыг зүгээр нэг хуур гэж боддоггүй. Морин хуур бол дэлхий дээрх ганцхан толгойтой хөгжим. Толгойтой тулдаа таван цултай. Таван цултай учраас сүнстэй. Сүнстэй тулдаа сахиус оршсон хуур юм аа.

Ерийн хуур биш ээ гэж би зүтгэсээр байгаад тайзан дээр далан жил хөгжимдөж байна. Тайзан дээр гарахаас өмнө зургаан жил хөгжимджээ. Тиймээс ч би морин хуурынхаа эгшгэнд залуужиж наян настай мөртлөө тавьтай хүн шиг явж байна.

-Зургаан настайгаасаа хөгжимдсөн гэхээр морин хуур та хоёр тун чиг олон жил нөхөрлөжээ. Анх хэн танд хуурын аялгуу зааж өгөв?

-Хэн ч зааж өгсөнгүй. Би Өвөр Монголын Тунлогийн тэнд хорчин хошууны Морин сүмийн тавдугаар дүрийн хувилгаанаар тодорч байсан хүн. Тэр үед хувьсгал болж Морин сүмийн лам нарыг алж, би хөдөө гэртээ ирсэн. Ирсэн өдрөөсөө эхэлж хуур цуур суръя гэж ааваараа ганц нэг татлага заалгасан. Тэр дэмий болсонгүй хуурч болжээ.

Бага сургууль төгссөний хойно Өвөр Монголын Дуурийн театрт шалгалт өгч хуурчаар орсон. Ингэж 1958 оны аравдугаар сарын 1-нээс Хөх хотод ирснээс хойш олон жил болж байна. Харин энэ Шилэн хотод үүнээс ч өмнө ирсэн. Шилийн хот тэр үед мал бэлчсэн, чоно уулын оройгоор сүлжиж гүйсэн зэлүүд хөдөө газар байлаа.

Чонын дуу шөнө бүр дэргэд гардаг, байгаль ертөнц тэр хэвээрээ байсан нутаг шүү. Би Шилийн хотод машинаар ирэхэд нэг сүм, хоршоо хоёр л байсан. Сүмд нь хоноход сарьсан багваахай манай хамт явсан хэдэн хүний хамар дээр сууж айлгаад, шөнө дунд нөгөөдүүл маань “Ээ, чөтгөр өө” гэж дуу алдан бөөн юм болж байлаа. Бид шөнө босч гар дэнгээ барьж явсан ч чөтгөр огт олсонгүй. Энэ газар ирсэн ч манай монгол соёл цөөхөн, харин Шаньси соёл нэлээд түгээмэл байлаа.

-Шаньси соёл гэдэг юу гэсэн үг билээ?

–“Шаньси газраасаа ирээд
Шаашийгаа үүрээд гарч ирж байна” гэж дуу хүртэл байсан. Шаньси гэдэг чинь хятад гэсэн үг юм уу даа. Тэгтэл Шилэн Ажил мэргэжлийн сургуулийн тэргүүн дарга очиж намайг сонгон энд ирсэн. Тиймээс ч би Хөх хотод биш Шилийн гол аймгийн төв Шилэн хотод “Чи булаг” морин хуурын сургуулиа байгуулсан. Таван мянган түмэн зоосоор морин хуурын сургуулийн асар тагтыг байгуулаад зургаан жил боллоо.

-Танай сургууль бас онцлогтой юм аа даа?

-Дэлхийд морин хуур сурдаг ганцхан тусгай сургууль юм аа. Энэ сургуулийн төсөл зургийг би өөрөө зурсан. Би сургуулийнхаа үүдэнд ар Монголын алдарт хуурч Жамьян болоод бусад багш нарынхаа хөшөөг босгосон. Тив дэлхийд нэртэй багш нар маань нас барсан ч би шавь нь болсон хүний хувьд хүж асаан хүндэтгэн мөргөдөг. Мартаж болохгүй ачтаны дээд бол багш юм.

Монгол үгэнд “Нэг төрлийн эцэг эх арван төрлийн багш” гэдэг дээ. Гэтэл одооны залуус илүүд үзэх болж. Багш нь ч мөнгө, шавь нь бас мөнгө, цөм мөнгө л гэнэ. Энэ мөнгөний чөтгөр хэзээ арилдаг юм бол доо гэж заримдаа ганцаараа лам багшаасаа асууж сууна. Мөнгө гэж байхгүй байсан бол дэлхий ертөнц амгалан байх байсан даа.

-Таны “Чибулаг” морин хуурын сургуульд хаанаас оюутнууд ирж сурч байна?

-Янз бүрийн газраас оюутнууд ирж байна. Япон, Тайвань, Өмнөд Солонгос улсаас оюутан залуус ирж суралцаж байна.

-Азиас өөр тивээс оюутан байна уу?

-Америкаас бас хэдэн оюутан бий. Дөчин жилийн өмнө Танзанид болсон нэг тохиолдлыг өнөө ч санаанд тодхон байдаг. Тэр үед нэг тогоочийн эхнэр надад хоёр настай хүүгээ өгч явуулсан юм. Нөгөө хүүтэй 15 хоног хамт явсан даа. Тэгээд нисэх онгоцны буудал дээр очиход хятад дарга маань надаас “Хэний хүүхэд вэ” гэж асуудаг байгаа. Би ч “Ээж нь надад өгч явуулсан юм аа.

Би энэ хүүд морин хуур сургана” гэлээ. Учир байдлаа өчнөөн тайлбарлаж хэлсэн ч өнөө дарга хүлээж авдаггүй. “Хятад улсын найман миллиард хүн ам хоолтой үгүйтэй байхад бас нэг хар бөмбөг нэмэх нь тэгээд чиний ажил уу” гээд халгаагаагүй. Тэр хүүгийн зураг одоо ч надад бий. Үргэлж бодож дурсаж явдаг юм. Хожим нь тэр хүүхэдтэй уулзаж магадгүй гэсэн итгэл одоо ч надад байдаг. Хэрвээ би тэр хүүг аваад ирсэн бол өдийд 40 гаруй настай сайхан уран бүтээлч болчихсон суух байсан даа. Их нэртэй хуурч болчихсон байхыг үгүй гэх газаргүй шүү дээ.

-Та өөрийгөө ямар үндэстэн гэж бодож байна?

-Би үндэс угсаа гэж хамаардаггүй ээ. Би танай Завханы Отгонтэнгэрийн хүүхэд ээ. Би хувилгаан гэгээн байсан тулдаа энэ насандаа бурханы авралаар нэг хүний амийг аварчихаад дараагийнх нь хүний амийг бас аварья гэж бодож явсан. Дарга болъё, эхнэр авъя гэж бодсонгүй.

Мөнгө хөрөнгө ольё гэж ердөө ч бодоогүй. Ганцхан Монгол гэж явсаар өдий хүрсэн хүн. Би Морийн гэгээн гэж нэртэй хүний удам. Тавдугаар дүр нь. Морийн гэгээн энэ төрөлдөө морин хуурч болсон хэрэг л дээ. Дараа төрөлдөө бас морин хуур тоглох байх аа. Морин хуур байсан цагт монголчууд маань мунхаг нь цэцэн болно, цэцэн нь улам ухаантан болно гэж боддог доо.

-Та морин хуурыг дэлхийд сонсгож яваа хүний нэг. Хаа сайгүй аялна биз?

-Би өнөөдөр Токиод, маргааш Францад, нөгөөдөр Тайваньд гээд дэлхийн хаана ч явж байж мэдэх хүн. Одоо бол Хөх хотоор явж байна. Өмнөд нутгийн нэг хэцүү нь хоол. Хорхой шавьж иддэг газар очихоор өлсөөд хэцүү шүү. 40 хоногт 10-аад кг хаялаа. Тэдний хоолыг яагаад ч идэж чадахгүй юм. Хар багаасаа Шилийн голд өссөн болохоор малчны хоолоос өөрийг идэж чадахгүй. Манай дарга “Би чамтай хамт олон жил болсон доо. Гэтэл чи хөдөөний хоол л иддэг амьтан байх нь” гэдэг юм.

-Монголчууд “Гурван төрийн нүүр үзсэн хүн” гэж ярьдаг даа. Та хэдэн төрийн нүүр үзэв дээ?

-Би Манж улсын Пу И хааны үед төрөөд Чан Кай ши-гийн үед хэдэн жил амьдраад Мао Зэ Дуны үед тоос хөдөлгөж явсан хүн. Мао Зэ Дуны дараагаар бас нэг дарга гарч ирлээ. Дараагийн удирдагч нь Дэн Сяо Пин. Хятад улс шинээр дэгдэн мандаж байтал Ху Жин Тао гарч ирсэн. Тэгээд Ши Жин Пин төрийг удирдаж эхэлсэн. Тэгэхээр би их хуучны, Манжийн үеийн хүн болж таарч байгаа биз. Долоон төрийн нүүрийг үзээд бараг долоон эгшигтэй адил болж байна даа. Энэ Өвөр Монгол гэдэг чинь 1947 оны тавдугаар сарын 1-ний өдөр Улаан хад гэсэн газар байгуулагдсан.

Энэ Хятад улсыг байгуулснаас хоёр жилийн өмнө Өвөр Монголын өөртөө засах орныг байгуулжээ. Тэр үеийн зургуудыг анзаарахад дунд нь Мао Зэ Дуны хөрөг өлгөөтэй харагддаг. Харин зүүн талд нь Өвөр Монголын анхны дарга Улаанхүү, хажуу талд нь Чойбалсан, Сталин, Ленин багшийн зургийг өлгөсөн байдаг даа. Ажигч хүмүүс бол андахгүй мэдэж л байгаа байх.

-Хятад улс энэ цагийг өнгийг олох гэж багагүй өөрчлөгдөж шинэчлэгдсэн сүүлийн жилүүдэд Өмнөд Монголчуудын аж амьдрал хэр өөрчлөгдсөн гэж та боддог вэ?

-Хятад улс өөрчлөлт шинэчлэлт хийснээс хойш үй олон монголчууд баяжиж, баялаг амьдарч байна. Дөчин жилийн өмнө ийм барилга байшин ч гэж байсангүй. Тэр үеийн байшинтай зүйрлэх аргагүй хөгжсөн л дөө. Би энэ Японд 30 жил сууж байна. Манай Өвөр Монгол орон тэр үед маш ядуу байсан.

-Үндэсний соёл, түүхээ ярих ч боломжгүй, аж амьдрал тааруухан цаг үе байсан юм биш үү?

-Тийм шүү, морин хуураа хүртэл мэддэггүй байсан цаг бидэнд бий. Морин хуур гэдэг чинь соёлын хувьсгалд бас л нэг сөрөг зүйл байсан. Тэр үеийн сонинд “Морин хуураас монгол үндэстний анхил үнэр үнэртэж, эгшиг бүрээс нь өмхий үнэр ханхалж байна” гэж шүүмжилж байлаа. Морин хуур тоглодог хүн бүрийг барьж байсан цаг. Тэгээд одоо би морин хуурд ганцаараа үнэнч үлдсээн.

-Морин хуурыг энэ цагийнханд хүргэсэн таны гавъяанд ээжийн тань нөлөө их байсан гэдэг байх аа?

-Ээж минь “Дэлхийд бурхны хөгжим ганц л бий. Тэр нь морин хуур. Чи хэрвээ морин хуурыг насаараа хуурдвал ээж нь нас барсан ч сүнс минь тэнгэрт гарна. Харин хуураа муу тогловол ээжийнх нь сүнс эрлэгт очно. Миний хүү бурхны хөгжмийг тоглож байгаа цагтаа дуу дуулаад хэрэггүй шүү. Хоёрт кинонд бүү тогло, гуравт нь битгий цам харай. Дөрвөн настын хөгжим гэж байна. Тэр бол чөтгөрийн хөгжим. Сурч болдоггүй юм. Муу дуутай, чөтгөрийг дууддаг хөгжим. Морин хуур бол огт өөр. Бурханыг дууддаг хөгжим. Морин хуураа л тоглоорой” гэж захисан хүн дээ. Ээжийнхээ захиасыг бодоод өдий хүртэл хуурдаж байна.

-Таныг Жамъян багшийг зориод ирэх үе тун хэцүү цаг байсан. Яг ямар түүхтэйгээр Ар Монголд ирж байсан бэ?

-Тэр үед Хятад улсад зүүний хэлбэрийн завсарлаг үзэлтэн, Оросын завсарлаг үзэлтэн, Монголын завсрын үзэлтэн гэж байлаа. Монголд очих чинь түймэр гарахаас хэцүү. Жамьян багшийн урилгаар Монголд очьё гэсэн чинь “Бид мэдэхгүй ээ, Бээжингээс асуу” гэдэг юм. Их ч зоригтой байж.

Мао Зэ Дуны үеийн Гадаад явдлын сайд дээр яваад очлоо. Долоо хоног үүдэнд нь сууж байгаад зөвшөөрүүлсэн дээ. Тэгээд эхнэрээ дагуулаад Улаанбаатарт очсон. Улаанбаатарт миний бүл ах Хасбагана гээд хүн байсан. Бүл ах маань намайг гэртээ байлгалаа. Тэгээд Жамьян багштай уулзлаа. Хар багаасаа морин хуур тоглосон миний хувьд хүндэлж биширдэг ганц хүн маань шүү дээ. Пянзыг нь шимтэн сонсч, өдөр бүр уулзахсан гэж бодож хүсч явсан хүнтэйгээ уулзах агшны сайхныг зүйрлэж ярих юм биш ээ.

Сангисүрэн багшийн маань багш шүү дээ. Тэр үе бол Монголын хувьд социализмын үе. Жамьян багшийг Монгол байтугай дэлхий мэддэг байсан үе л дээ. Сангисүрэн багш Жамьян багшийн хуурдахыг сонсоод “Манай эндхийн хуур тун ч түүхий байна. Би одоо Жамьянаас хуур сурна” гээд Улаанбаатарт очиж хуур сурч ирээд бидэнд заасан.

-Хөгжмийн зохиолч Жанцанноров морин хуурын тухай яриа дэлгэхдээ таны тухай их тод дурсдаг шүү?

-Би 1988 онд очоод 1989 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр Хөгжим бүжгийн тоглолт хийдэг концертын зааланд очиж тоглосон юм. Үүнийг Монгол Улсын Хөгжмийн нийгэмлэгийн даргаЖанцанноров гуай хийсэн. Жанцанноров “Танай анхны программ юу юм” гэж асууж байна. Би “Чингисийн эр хоёр загал” гэсэн чинь “Чингис гэдэг хүний нэрийг манай энд хэлж болдоггүй юм шүү. Тэр бол Германы Гитлертэй адил гэж манайхан үздэг.

Ленин, Сталиныг бол нэрлэж болно” гэдэг юм байна. Тэгээд Жанцанноров гуай Мөрдорж, Дамдинсүрэн зэрэг нэртэй хүмүүсийг дуудлаа. Би ч тайзан дээр тоглосон. Бүгд намайг гарч ирж тэврээд, би их баярласан. Тоглолт амжилттай болоод орой нь найр хийлээ дээ. Гончигсумлаа багш намайг үнсээд “Миний аязыг чам шиг ийм амьтай хөгжимдсөн хүн ганц ч байхгүй” гэж билээ.

-Монгол үндэстний бахархал болсон эрхэм хөгжимч та морин хуур хөгжмөө аргагүй л шүтэн бишрэх юм аа?

-Монгол улсад морин хуур бол төрийн хөгжим. Хятад улсад бол цөөн тоот үндэстний хөгжим. Төрийн хөгжим биш. Цөөхөн тоот үндэстний хөгжим урагшлахад хэцүү. Морин хуурыг бүх Хятадад таван түмэн хүн, тавин мянган хүн монгол, хятад бүгдээрээ хөгжимдөхөөр барахгүй сайн дурын ажлын хөгжимчин хот болгонд дүүрэн байна. Хятад оронд аж төрж байгаа 56 үндэстэнд бүгдэд нь хоёр утастай хөгжим хэрэггүй юм. Зовлонтой хөгжим гээд гадуурхаж цонхоор хаях тохиолдол байна. Гэхдээ морин хуурын соёл Хятад оронд маш их хөгжиж байгаа.

Яагаад хөгжиж байна вэ гээд шалтгааныг нь хайхаар хүн амдаа байгаа юм. Би бол үнэнээ хэлнэ. Гянданд сууж элдвийн үйлийг үзлээ. Би гэдэг хүн нэгт хүнийг бялдуучлахгүй. Хоёрт нь би ардын жүжигчин хүн. Хөндлөн алхдаг хүн бишээ. Би бол хүн. Би бол хүний учрыг хийж байна. Хүн төрөлхтний учрыг хийж байна. Хүн заавал хүний учраа хийх хэрэгтэй. Дэлхийн хүн болгонд морин хуураа атгуулах нь миний жаргал.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img