2024-12-03, Мягмар
-26 C
Ulaanbaatar

Эгшиг яруу дууны хорвоог эрхшээн соёрхсон Чинжиг

Одоогоос дал орчим жилийн тэртээ 1955 оны ээжүүдийн баярын өдөр Булган аймгийн Могод сумын Дэрстийн гүвээ хэмээх газар малчин Цэдэн-Иш гуайнд нэгэн хүү төрсөн нь ирээдүйн Монголын хөгжмийн их суу билэгтэн Чинзориг байлаа. Тэр хөвүүн тэнгэрээс сарны гэрэл дамжин тооноор буугаад орж ирсэн ид шидтэн биш, жирийн монгол эцэг эхийнхээ хайраас мэндэлсэн нэгэн байж.

Энэ тухай хөгжмийн зохиолчийн эжий Дэндэвийн Намжилсүрэн гуай “Хүүг маань Хишигт гэж аавынх нь эгч эх барьж, тогоонд хөмөрч аваад, дээс татаж хөл хорьж байсан. Дээр нь хоёр ч хүүхэд эндсэн болохоор тэр. Тэгээд Хишигт эгч Төмөртогоо гэсэн нэр хайрласан. Хүү маань сургуульд орсон хойноо “Төмөртогоо гэж муухай нэр юм. Хүүхдүүд шоолоод байна” гэсээр нэрээ сольсон. Чинзориг гэдэг нэрийг нэг ангид байсан манай хамаатны хүүхэд өгч байсан санагддаг” гэж хуучилсан байдаг.

Айлын энхрий ганц хүү гурван настайгаасаа л тухайн үеийн хөдөөгийн хүмүүсийн мэддэг дуу бүхний үгийг нь сайн хэлж чадахгүй мөртлөө босон суун байнга аялдаг, тавхан настайдаа ээжийнхээ урлаж өгсөн саарал пүүсүү дээлээр гоён Могод сумын концертод дуулж байсан гэхээр ямархан авьяастан мэндэлсэнийг таамаглаж болох мэт санагдана.

Аав нь хүүгээ сургуульд ороогүй байхад мориор дүүрч Хишиг-Өндөр орж концертод дуулуулж дээл, арван төгрөгийн шагнал авчирч байсан гэдэг. Тиймээс аав нь бригадын агентад ирсэн хоёр гармон хөгжмийн нэгийг хүүдээ авч өгөөд “Миний хүү энүүгээр хоолоо олж иднэ” гэж байсан урлагийн бурханы хайрласан заяа хишгийг эцгийн зөн билгээр эрт таньсныг гэрчилнэ. Булган хангай айраг идээ, найр наадам дэлгэр нутаг. Шаггүй дууч нагац ах Шагдар зааныг шөнөжин дуулсан ч бяцхан хүү хажууд суугаад хонодог байжээ.

Хөдөөгийн дууч хөвүүн Булган аймгийнхаа төвийн нэг, хоёрдугаар найман жилийн сургуулийг далан нэгэн онд дүүргэн Багшийн сургуулийн хөгжмийн ангид элсэлтийн шалгалт өгчээ. Түүний багш Монгол Улсын төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Нацагийн Жанцанноров “Чинзориг шалгуулахдаа Жүгдэрийн “Дөлгөөн Хэрлэн” дууг дуулсан нь миний сэтгэлийг ёстой нэг “бөмбөрүүлсэн” билээ. Дууны оргил хэсгийг хийсэн хоолойн тэр донж маяг дахин давтагдах аргагүй авьяастай хүүхэд юм даа гэсэн сэтгэгдэл төрүүлсэн.

Ингэж миний ангийн хүүхэд болж долоон эгшиг заалгаж эхэлсэн дээ. Хэдийд л бол хэдийд төгөлдөр хуурын ард суучихсан мэдэх, мэдэхгүй дуугаа оролдон өөрөө дуулж суух нь хэн нэгнийг дуурайх биш өөрийнхөө сэтгэлийг л илэрхийлж байгаа хэрэг байлаа. Би 1972 онд “Уран гоо” дууны ая зохиож , сургуулийн тавин жилийн ойн баярт Чинзориг дуулсан юм. Түүний дуулахыг сонссон гавьяат жүжигчин Банзрагч надаас дуулах зөвшөөрөл авч радиогийн урын санд оруулсанаар миний хувьд ч “нэр алдраа мандуулах” завшаантай хэрэг болсон. Тэр үнэхээр дуучин хүү байсан.

ЧинзоригДууны хорвоод их удаан амьдрахыг хүсч тэр цагаас л ноот холбон, ая зохион давтагдашгүй олон сайхан дуу туурвисан. Түүний аялгууны мэдрэмж нь унаган сайхан хоолой, хөдөө нутгийн байгаль, хүний араншинг танин барьсан ухаан, сод билэг төгөлдөр авьяасыг нь төрөлх нутаг, эжий аав нь цогц болгосон болов уу” хэмээсэн байдаг. Ингэж л хоёр зуун дамнан алдаршсан хоёр их суу билэгтэн багш, шавийн барилдлагаар учирсан ажгу.

Сургуулиа төгсөөд Багшийн сургуульдаа хөгжмийн багшаар ажиллаж байх үед нь яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн өрөөнд нь үе үехэн очдог байж.

Тухайн үеийн Ой мод, аж үйлдвэрийн яамнаас уран бүтээлчдийн дунд зарласан “Ой мод хамгаалах” сэдэвт дууны уралдаанд Лхагвасүрэн найрагч
“Үүл гижигдэн найгах
Арын номин шугуй
Үрэл бурман жимс нь
Атганд унадаг хангай…
Өглөө дуулсан дуу минь
Өдөржин хургадаг шугуй
Нөмгөн цагаан манан
Нөмөрт нь хоргоддог хангай” гэсэн утга төгөлдөр “Үүлэн цэнхэр хангай” шүлэг бичин, арван жилийн хүүхэд шиг анхил залуухан Чинзориг аялгуу зохион оролцож дөнгөн данган тусгай шагнал аван, тавин төгрөгөөр шагнуулж дуулсан дуучин, тоглосон хөгжимчдөө “Туул” зоогойд дайлан хөөрхөн баярлацгаажээ. Тухайн уралдаанд түрүүлсэн “Ойн цагдаа” өнөө сураггүй болсон байхад хоёр залуухан уран бүтээлчийн туурвил өнөө ч ард түмний дунд амьдарсаар байгаа нь үг, аялгуу зохирсны шинж билээ л. Үүнээс хойш Чинжиг хүүхдийн зохиолч Д.Содномдоржийн “Сурагчийн хувцсаар ижилсэн гоёсон

Сургуулийн жилүүдэд дэндүү дасчээ” (“Учран золгохын ерөөл”) дуугаа зохиож, Б.Лхагвасүрэнтэй “Зүүдний говь”-оо амилуулж жинхэнэ тэнгэрлиг хөгжмийн зохиолчийн онгодоор туурвиж эхлэн хожим ардын эрхэм уран зохиолчтой “Илдэн уулын цуурай” оратори бичин, ЮНЕСКО-гийн алтан фондод хадгалуулах хувь ерөөлтэй байж. Бавуугийн хүүтэй тэрээр “Жамын цаана нуугдах газаргүй”, “Бэрийн өглөө”, “Хожуу хайрын дуу” зэрэг утга-уянга төгөлдөр дуунууд бүтээсэн байдаг.

Монголын хөгжмийн урлагийн наяад оны төлөөлөл болсон Б.Шарав, Х.Билэгжаргал, Ц.Чинзориг хэмээх аялгуу эгшгийн гурвалсан хөлөг морьд байдаг. Чинжигээ, Шарав хоёр орост Уралын хөгжмийн дээд сургуульд сурч ахуйдаа цонхтой тасагт толгой холбож, цоожтой хаалганд түлхүүр нэгтгэж авьяас авьяасынхаа нөмөрт аж төрсөн гэнэм. Эхэндээ Чинжиг нь “Би ахгүй юм чинь таныг ахыгаа болгоно” гэсхийж байснаа зан зангаа аваад найзууд болов гэх. Оюутан хоёр ээлжилж хоолоо хийнэ.

Чинжиг айлын эрх ганц хүү болохоор будаа, давс, мах, аль бэлэн бүхнээ нэг тоглож орхичихоод алга болчихдог гэж байгаа. Нөгөө мундаг “Илдэн уулын цуурай”-гаа тэр үед бичжээ. “Чинжигээ дууг их хурдан хийдэг, шүлгээ хараа л шууд аялаад явчихдаг. Сэлэнгийн нутгийн дууны уралдаанд З.Түмэнжаргалын шүлэг “Ус мөрөн олон чиг” дуу хийж очоод тэндээ “Сэлүүн дэнжийн яргуй”-гаа хийгээд ирсэн.

Би мэргэжил нэгтний хувьд Чинзоригийг “Ная, ерээд оны нийтийн дууны уянгын оргил байсан” гэж нэг л үгээр тодорхойлж чадна. Ардын хөгжмийн эх суурь дээр тулгуурласан дан хөгжмийн бүтээлүүд нь ч Монголын хөгжмийн урлагт том байр суурь эзэлнэ” гэж уран бүтээлийн их анд Шарав нь өгүүлж байна. Тэдний бүтээл нэгэн зохиролд орсон тохиол ч бий. Төрийн ордонд Хан хуур залах ёслолын уралдаанд Уралын оюутан ахуйн хоёр анд оролцож.

Уралдааны дүн гарахад шүүгчээр ажилласан тэдний багш, Монголын орчин цагийн хөгжмийн урлагийн аугаа төлөөлөгч Л.Мөрдорж хөгжмийн зохиолч “Чинзоригийн зохиолын эхний хэсэг, Шаравын бүтээлийн төгсгөл хэсэг хоёрыг нийлүүлчихье” гэснээр “Хан хуурын сүлд аялгуу” хэмээх бүтээл одоо ч цагаан сар, наадмаар хамтдаа эгшиглэсээр байдаг аж.

Нэрт хөгжмийн зохиолч маань дууны шүлгийн гайхамшигтай мэдрэмжтэй нэгэн байсан бөгөөд нүдийг нь олсон ганц үгийг шуудхан олоод шигтгэчихдэг байж. Тиймээс ч дууны шүлгийн мастер, соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Загдын Түмэнжаргалтай хамтарч “Идэр омголон насны өнгөөр
Эрдэж бардаж яваагүй л билүү
Эндүү андуугийн халуухан харгуйг
Эргээд санахад харамгүй л билүү
Уянга яруухан дууны хорвоод
Удаан амьдармаар санагдаад байх юм” (“Дууны хорвоо”) дуу туурвиж “Морин хуур-94” наадмын тэргүүн шагнал хүртсэн удаатай.

Энэ дуу яагаад ч юм, Монголын гайхамшигт эл хоёр эрхэм хүмүүний богинохон амьдралын мөрийн хөтөлбөр мэт эмзэгхэн, гунигламаар, өр зүрх шимшрүүлэм сонсогддог юм.

Хүүхдийн “Тэмүжин” дуурийг Монголд анх бичилцсэн яруу найрагч Шагдарын Уянга, Чинжиг хоёр жигтэйхэн найз байсан улс. Уянга, Болд-Эрдэнэ нарын найрагч ах нарын амнаас анх “Чинжиг Мөөеө багшийн төгөлдөр хуурыг өвлөж авсан. Чинжиг маань өөртөө онигой зохиож” гэх мэтийг сонссоор эчнээ танил болсон хүн олон байдаг байх. Ш.Уянга агсан Чинжигийнхээ тухай “Түүний уран бүтээл хийгээд амьдралын зам үргэлж дардан байсангүй.

Түүнд доройтон гутарсан өдрүүд олон байсан. Сар хүртэл хомстохоороо гутардаг. Алгаа цэврүүттэл халгай зулгааж, ажилгүй явсан он өдрүүд, ганц биеэр Баянхонгор аймагт ажиллаж амьдарсан хоёр жил…түүнд их хүнд байсан.

Гэвч, тэр уйлалгүй, “дуулж” явсаар амьдралын замаа өөд татсан юм. Хонгор нутагт ажиллаж байхдаа
“Эгшгийн хүлгээ эмээллэн мордоод
Эрлийн холоос яаран хүрээлж
Ивээл хайраа дэлгэсэн нутаг минь
Хонгор нутаг минь, Хонгор нутгийнхан минь
Холдоод явчихаж чадалгүй
Холбоотой шүү, та нартайгаа…” хэмээх дууг Ванхүүгийн Батбаяртайгаа тэр бичсэн юм.

Баянхонгорт тэрээр өөрийн нь нэрлэснээр “ёотон цагаан” гэгдэх байшингийн нэг өрөөнд төгөлдөр хуур, төмөр цагаан ор, Чинзориг гурав хоёр жил амьдрахдаа авьяасыг хайрлаж чаддаг нөхөр, атаа санаж цааш түлхдэг дайсан хоёрыг ялгаж ухаарсан” гэсэн байдаг.

Яруу найрагч Ш.Уянга Чинжигтэйгээ уран бүтээлийн дөрөө харшиж хэд хоноход “Миний сэтгэлийн зовлонг ойлгодог нэг л сайн хүн байдаг. Чамайг танилцуулъя” гэж аймгийн төвийн наад бие доор урсах тунгалаг булаг дээр дагуулан очиж мэлмэрүүлсэн гэдэг. Тиймээс ч найрагч анд нутгийн олны “Оготнотой булаг” хэмээх эл рашааныг хожим “Чинзоригийн ганцаардлын булаг” хэмээн хайрлан нэрлэсэн байдаг. Чинжиг энэ л ганцаардлын булгаасаа онгодын эх авч зохиолч Намжимын Сүхбат андтайгаа “Намираа цэнхэр бороо”-гоо хүний орчлонгийн хайрын шиврээ болгон шүншиглэсэн билээ.

Хожим энэ сайхан дуу гэргийтэй нь танилцуулах гэгээн түүхийн ундарга болжээ. Ганмягмар хэмээх Могодын айраг шиг исгэлэн залуу тэр л ариухан анхилтайгаа үүлэн чөлөөний наран шиг л богинохон жаргал амсах хувьтай байж, Сувд-Эрдэнэ, Номин-Эрдэнэ хоёр ихэр охиныхоо дүрийг харж амжилгүй дөчин тавхан насандаа тэнгэр зүг оджээ.

Сэтгэл гэгэлзүүлсэн олон сайхан дуу бүтээгч Чинзориг агсан “Хорвоод ганцхан ээждээ”
“Наран наадавч харламгүй
Насны салхитай үсийг чинь
Ариун гангын усаар угааж
Ачийг тань нэг хариулах сан” гэж яруухан гунигшиж, “Хорвоод намар ирдгийг мартсан хонгор хүүгээ уучлаач” гэж шимширч явсан юм.

Саяхан түүний “Уйлж дуулах хорвоо” хэмээх шилдэг жаран дууны эмхэтгэл-дурсамж номыг хайрт гэргий Д.Ганмягмар нь эрхлэн хэвлүүлсэн нь уран бүтээлчийн амьдаас амьд хөшөө гэлтэй.

Монгол хүн бүрийн сэтгэл зүрхийг дуугаар хөглөж, өөрөө бас хүн болгоны сэтгэл зүрхэнд хөг аялгуу болон хоногшин үлдсэн эрхэм хүн, уянгын дууны хаан, ойр дотныхондоо төдийгүй дуунд дуртай монголчуудынхаа сэтгэл зүрхэнд Чинжиг нэрээр үүрд дурсагдаж үлдсэн төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Цэдэн-Ишийн Чинзориг урын сандаа 300 гаруй зохиолын дуу, найрал дуу, цөөхүүл болон найрал хөгжмийн 400 гаруй бүтээл туурвисан нь ямархан их авьяаслаг нэгэн байсныг илтгэнэ.

Эгшиг яруухан дууны хорвоог эрхшээсэн Чинжигийн бүтээлүүд монгол түмнийхээ сэтгэлд үеийн үед дуурссаар, дурсагдсаар, дуулагдсаар байх бүлгээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img