Хятад, Энэтхэг хоёр амлалтаа биелүүлбэл хүлэмжийн хий нэлээд багасна
Агаар дахь хүлэмжийн хийг бууруулах асуудлыг улс орнуудын хувьд хуульчлах зорилготой Киотогийн протоколд зөвхөн хөгжингүй орнууд нэгдэх боломжтой байсан юм. Хөгжиж буй орнуудын тухайд, эдийн засгаа хөгжүүлж амжаагүй байхад юу юугүй хүлэмжийн хийг бууруулахын тулд эрчим хүчний гол эх үүсвэр болох нүүрсний хэрэглээгээ бууруул гэх шаардлагыг хүлээж авах боломжгүй байсан хэрэг. Товчхондоо хүлэмжийн хий их ялгаруулдаг улсууд бууруулах ажлыг хийж эхлүүлэх ёстой гэсэн байдал давамгайлж байсан гэсэн үг.
Улс орнууд хэдийгээр Киотокийн протоколд нэгдсэн ч үүргээ биелүүлэхгүй орж гараад л явдаг байсан. Уг протоколын хэрэгжилт, зорилт сайн үр дүнд хүрэхгүй явсаар 2015 оны 12 дугаар сарын 12-нд Францын Парис хотноо Парисын хэлэлцээр батлагдсан түүхтэй. Манай улсын тухайд Парисын хэлэлцээрт 2016 оны дөрөвдүгээр сарын 22-нд нэгдэн орсон.
Хүлэмжийн хийг багасгах асуудлын эргэн тойронд ногоон санхүүжилтийн асуудал чухлаар тавигдаж байна. Тухайлбал, үйлдвэржчихсэн, баян орнууд нь бид үүргээ биелүүлнэ, сэргээгдэх эрчим хүч, ногоон барилга, эрчим хүчний нэмэлт шинэ эх үүсвэр рүү орох шинэчлэлээ хийдгээрээ хийнэ гэсэн байр суурийг илэрхийлсэн. Харин хөгжиж буй орнууд нь, бид ч гэсэн хүлэмжийн хийг бууруулах үүргээ хүлээнэ, гэхдээ гурван нөхцөлтэйгөөр гэсэн асуудал тавигдсан.
Нэгдүгээрт, хөгжчихсөн улс орнууд ямар нэг байдлаар хөгжиж буй орнууддаа ногоон санхүүжилтийг хүртээнэ. Гэхдээ бүхнийг 100 хувь даана гэсэн үг биш.
Хоёрдугаарт, орчин үеийн ногоон хөгжилд зориулсан том том технолигиудыг хөгжиж буй орнууд руу шилжүүлнэ.
Гуравдугаарт, чадварт сургасан тохиолдолд л бид нэгдэнэ гэж байр сууриа илэрхийлсэн. Ямартай ч дэлхийн улс орнууд 2015 онд Парисын хэлэлцээрт нэгдэж чадсан бөгөөд уур амьсгалын өөрчлөлтийн санхүүжилтийн асуудлыг шийдэх гарцаа олсон. Өөрөөр хэлбэл уур амьсгалын өөрчлөлтийн санхүүжилтийг хөгжиж буй орнууд руу урсгахын тулд санхүүгийн олон улсын байгууллагууд байгуулах ёстой гэсэн шийдэлд хүрсэн.
Миний ажиллаж буй Green Climate Fund буюу Уур амьсгалын ногоон сан нь яг энэ үед байгуулагдсан юм. Дэлхий нийтээр 2050 он гэхэд хүлэмжийн хийг тэглэхийг зорьж буй. Гэвч боломж бий юу.
Мэдээж аль болох багасгаад тодорхой хэмжээгээр ялгаруулсаар байгаа бол мод тарих ч гэх юм уу ажиллагаа эхэлсэн. Ялангуяа сүүлийн хоёр жилийн хугацаанд улс орнууд маш хурдтайгаар амлалт авч эхэллээ. Мэдээж хамгийн түрүүнд Европын холбоо, тэгээд Япон, Солонгос амлалтаа авсан.
БНХАУ-ын дарга Ши Жинпин гэхэд л 2022 оны есдүгээр сард, Хятад улс 2060 он гэхэд хүлэмжийн хий ялгаруулдаггүй болно гэж амласан. Хятад улс дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч. Хэдийгээр 30 жилийн өмнө хамгийн том хүлэмжийн хий ялгаруулагч гэгдэж байсан бол одоо байдал өөрчлөгдөж байна.
Үнэндээ Хятад бол хамгийн том ялгаруулагч, хамгийн том үйлдвэрлэгч. Дараагийнх нь хүлэмжийн хий ялгаруулагч бол Энэтхэг улс. Хэрвээ Хятад, Энэтхэг хоёр улсад асуудал шийдэгдэж чадвал дэлхийн хүлэмжийн хийг бууруулах асуудал нэлээн цэгцэрнэ. Ямартай ч Хятад улс 2060 он, Энэтхэг улс 2070 он гэж зарласан.
Ногоон хувьсгалын эринд Монгол яах вэ?
Монголын тухайд нүүрсний цахилгаан станц огт хэрэггүй гээд хаагаад хаячихаж болохгүй. Гэтэл нүүрсний цахилгаан станц чинь дараагийн 20, 30, 40, 50 жилд нүүрс хүчлийн хийгээ ялгаруулаад л байж байна. Тиймээс ядаж тал хэсгийг нь сэргээгдэх эрчим хүчээр хангах шийдэл олох ёстой. Шийдлээ өнөөдрөөс ажил болгохгүй бол амжихгүй.
Энгийнээр тайлбарлавал 2030 он хүртэлх ойрын 10 жил маш чухал цаг хугацаа. Монгол Улс 2030 он хүртэл хүлэмжийн хийн ялгаруулалтыг 25 хувиар бууруулна гэх амлалтаа авсан. Одоо яаравчлах хэрэгтэй. Хэдхэн жилийн өмнө дэлхийн дулаарал гэхээр хойд, урд мөсөн далайн мөс, цас хайлж, Номхон далайн усны түвшин жаахан нэмэгдэх нь гэж боддог байсан. Одоо тийм цаг өнгөрсөн.
Дэлхийн дулаарал Монголд ч нөлөөлж, байна. Бэлчээрийн талхлалт, цөлжилт хурдацтай тэлж байна. Хэдийгээр бэлчээрийн талхлалт малын тоо толгойтой хамаатай боловч нөгөө талаараа дэлхийн цаг агаарын дулаарал сөргөөр нөлөөлж байгаа.
Манай улсын мөнх цаст уулын цас мөсний 40 хувь нь хайлчихсан
Манай улсын мөнх цаст уулсын цас мөс 1940 оноос хойш хийсэн судалгаагаар бараг 40 хувь нь хайлаад, эзлэх талбай нь багасчихсан. Байгаль орчны сайд асан З.Батжаргал гуайн өгүүлснээр 2040 он гэхэд бүх мөнх цаст оргилууд хайлж дуусна гэсэн судалгааны дүн бий. Мөнх цэвдэг хүртэл хайлж эхэлсэн. Сибирьт гэнэт том том нүхнүүд гарч буй тухай та бүхэн дуулсан байх. Яаж байна вэ гэхээр мөнх цэвдэг хайлж байна. Монголын газар нутгийн гуравны нэг хувь нь мөнх цэвдэгтэй. Цэвдэг хайлж, мөс нь хайлаад ирэхээр пал пал гээд шууд уначихдаг аюултай жишээнүүдийн нэг бол Сибирийн хар нүхнүүд.
Мөн түймэр байна. Дэлхийн улс орнуудад түймэр гарч, талбай, эрч нь нэмэгдээд хугацаа нь уртсаад байна. Хэдийгээр дэлхийн дулаарлын талаарх тоог сонсоход бага юм шиг хэрнээ нийт уртрагаараа бол нэлээн дулаарчихсан. Одоогоос хэдхэн жилийн өмнө дэлхийн дулаарал дунджаар 0.7 хэм байсан бол Монголд 2.2 хэмээр буюу бараг гурав дахин илүү эрчимтэйгээр дулаарсан гэх судалгаа бий.
Манай улс 2-оос дээш хэмээр эрчимтэй дулаарчихсан байгаа нь газар зүйн байршилтай холбоотой. Бид өөрсдөө л дулаарлыг Монголдоо бий болгоод байгаа юм биш. Хэдийгээр нүүрс шатаадаг ч гэсэн хүн ам цөөтэй учраас 2.2 хэмээр дулаарах хэмжээнд хүрэхүйц хэмжээгээр хүлэмжийн хий ялгаруулахгүй. Хамгийн сүүлийн хэмжилтээр дэлхийн дулаарал 1 хэмд хүрсэн байна билээ.
Сонсоход тун бага мэт санагдах ч байгалийн тэнцвэр гэдэг жаахан өөрчлөлт гарахад л асар өндөр өөрчлөлтийг дагуулдаг аюултай.
Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр дэлхийд нүүрлэх хамгийн аюултай эрсдэлд байгаль орчинтой холбоотой эрсдэлүүд хүч түрэн орж ирсэн. Сүүлийн таван жилд илт нэмэгдсэн. 2021, 2022 онд дэлхийн дулааралтай холбоотойгоор байгалийн гай гамшиг ихээр гарлаа.
Арга хэмжээ авахгүй байхаас өөр аргагүй эрсдэл, байгаль орчны бохирдол доройтол, халдварт өвчин ихэслээ. Би 2003 онд анх Дэлхийн эдийн засгийн чуулгад оролцож байсан. 2007, 2008 онд байгаль орчинтой холбоотой эрсдэлүүд бага, уламжлалт аюулгүй байдлын эдийн засгийн эрсдэл л их байдаг байсан.
Харин өдгөө байгаль орчинтой холбоотой учраас дагаад эдийн засгийн аюулгүй байдал, мөн уламжлалт бус аюулгүй байдлын асуудлууд тулгарах боллоо. Өөрөөр хэлбэл дэлхийн дулаарлын уршигаар байгалийн гамшиг ихсэж, амьдрахад хэцүү болж байна гэсэн үг.
Байгалийн гамшгийн асуудлуудын хэмжээ, цар хүрээ нэмэгдсээр байна. Дэлхий дээр урд хожид байгаагүйгээр халж, хөрж, хур тунадас, цас бороо орж байна. 1991 онд Кембридижид байгалийн гаж үзэгдлээр судалгаагаа эхэлж байхад эргэлздэг байсан. Одоо эргэлзэхээ больсон.
Дэлхийн дулаарлыг 1.5 хэм дотор л барихгүй бол 2050 он гэхэд үүнээс үүдэлтэй сөрөг үр дагавруудыг урьдчилж хэлэх боломжгүй, гэнэтийн аюултай үзэгдлүүд ихээр тохиож болзошгүйг хүлээн зөвшөөрчихлөө. Тиймдээ ч 1.5 дотор л барих ёстой. Барихын тулд нийт дүнгээр нь тэглэх ёстой гэдэг дээр байр суурин дээр дэлхий нийт нэгдчихээд байна.
Индонезичууд тутаргаа тариалахын тулд ширэнгэн ойгоо устгаж байна
Үйлдвэрлэл бол хамгийн их хүлэмжийн хий ялгаруулагч. Харин эрчим хүч 25 хувийг ялгаруулдаг гэх тооцоо бий. Эрчим хүчний эх үүсвэрийг цөмийн болон сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлэх шаардлагатай.
Хоёрдугаарт хөдөө аж ахуйн салбар хүлэмжийн хий ялгаруулагчид тооцогддог. Жишээ нь дэлхийн хүн ам асар хурдтайгаар нэмэгдэж байна. Тэднийг хооллох хэрэгтэй. Хооллохын тулд газар хэрэгтэй. Газар тариалангийн газрыг бий болгохын тулд байгаль орчныг асар ихээр сүйтгэдэг.
Гэхдээ энд манай уламжлалт нүүдлийн мал ахуй хамаарахгүй. Яагаад мах бага идэх ёстой вэ гэсэн асуултын хариу их энгийн. Эрчимжсэн мал аж ахуйд тэжээл хэрэгтэй. Тэжээл тарихын тулд газар хэрэгтэй. Дэлхийн нийт хөдөө аж ахуйн газрын 40 хувь нь зөвхөн малын тэжээл тарихад ашиглагддаг.
Газар олж авахын тулд Амазонг, Индонезид хүлэмжийн хийг шингээгч том ширэнгэ, ой модоо устгаж, газар тариаланд ашиглаж байна. Индонезид гэхэд л гол экспортын бүтээгдэхүүн болох тутаргаа тариалахын тулд ширэнгэн ойгоо шатаадаг байх жишээний.
Газар гэдэг юм чинь маш чухал. Газрын доройтол, модоо тайрчихаар хүлэмжийн хийн шингээлт байхгүй болчихно. Нөгөөтэйгүүр модыг тайрчихаар хөрс нь сулраад метаны хий ялгардаг. Метан бол илүү хүчтэй хүлэмжийн хий ялгаруулдаг эд. Үйлдвэрлэгчдийн тухайд бүхий л улс орон барилга байшин барьдаг. Байшин барихад ган хэрэг болдог. Коксжсон нүүрс яагаад үнэ цэнтэй вэ гэвэл гангийн үйлдвэрлэлд хэрэгтэй учраас тэр.
Гангийн үйлдвэрийн технологийг өөрчилж “ногоон” болгоно
Гангийн үйлдвэрлэлийг яаж ногоон болгох вэ гэдэг асуудал хөндөгдөөд эхэлчихсэн. Технологийг нь өөрчлөх шаардлага тулгарч байгаа. Цементийн үйлдвэрүүд ч ялгаагүй. Ер нь аливаа үйлдвэрүүд хамгийн том хүлэмжийн хий ялгаруулагч байдаг. Хэдхэн жилийн өмнө ногоон хөгжил гэхээр мод тарих, ус сан байгуулах, зэрлэг ан амьтнаа хамгаалах тухай боддог байсан.
Харин өдгөө хийж байгаа бүх юмаа ногооноор “шигтгэж” хийх л чухал болчихоод байна. Жишээ нь барилга барилаа гэхэд гангийн үйлдвэрлэл, эрчим хүч, барилгын материалаа яаж ногооноор хийх вэ гэж бүх юманд шигтгэж, шингээх тухай асуудал. Дэлхийн хамгийн том бодлого яг энэ зүгт чиглэчихээд байна. Мэдээж шинэ шилдэг технологи хайх нь чухал ч энгийн юмнаас шийдлүүд гарч ирдэг юм байна. Аль болох хурдхан шиг бууруулж чадах шийдлүүд бас байна гэсэн үг шүү дээ.
Бид арав, хорин жилийн дараа хүлэмжийн хийн том ялгаруулагч болчих эрсдэлтэй
Дэлхийн тав зургаахан орон нийт хүлэмжийн хийн ялгаруулалтын 50 хувийг “гаргадаг”. Хятад, Энэтхэг, Европын холбооны 28 орон, Япон, Америк эдгээр орнууд 80 хувийг эзэлдэг. Эдгээр улсуудад хамгийн түрүүнд эрс шинэчлэл хийгдэх ёстой. Үлдсэн 170-180 орон ч бас анхаарлаа хандуулах учиртай.
Өнөөдөртөө гайгүй гэж байтал эдийн засаг түрээд өсөөд ирвэл дагаад үйлдвэрлэл хөгжинө. Тэр хэрээр хий ялгаруулагч болоод гараад ирдэг юм байна л даа. Магадгүй 10-20 жилийн дараа гэж байтал хамгийн том ялгаруулагч болох эрсдэл байна. Тиймээс бүгдээрээ л энэ зүгт анхаарал, бодлогоо хандуулах ёстой.
2007 онд Ногоон хөгжлийн хууль батлагдаж, сайн хууль гэгдэж байсан. Нөгөөтэйгүүр сэргээгдэх эрчим хүчний байгуулагдах өртөг нь сүүлийн 10-20 жилд 5-10 дахин буурсан. Техник технологи нь сайжраад өнөөдөр нүүрсний цахилгаан станц барих, сэргээгдэх эрчим хүчээр цахилгаан станц барих нь өртгийн хувьд адилхан болсон.
Нэгэнт л адилхан өртөгтэй юм бол ногооныг барих нь чухал. Хятадын эдийн засгийн өсөлтөөс болоод дэлхий дээр сэргээгдэх эрчим хүчний үнэ асар хурдтай өсөөд эхэлчихсэн. Хятад бодлоготойгоор сэргээгдэх эрчим хүчиндээ асар их хөрөнгө оруулалт хийж, тэр хэрээр өртөг нь бууж технологи нь сайжирч байна.
Сэргээгдэх эрчим хүчээрээ Герман, Япон биш Хятад “гялалзаж” явна
Дэлхийн сэргээгдэх эрчим хүчийг шинээр суурилуулъя гэвэл хамгийн түрүүнд Герман юм уу АНУ, Япон тодорч харагддаг байсан. Өнөөдөр тэр цаг өнгөрч Хятад илүү тод харагддаг болсон.
Өртөг нь хямд, мөртлөө чанартайг тэд хийж чадаж байна. Өвөрмонгол гэхэд л 51 мянган гегаваттаар хэмжигдэх сэргээгдэх эрчим хүчийг гаргаж ашиглаж байна. Оюутолгой төсөл урд хөршөөс цахилгаанаа авдаг. Авахдаа зөвхөн нүүрсээр ажилладаг цахилгаан станцаас авдаггүй.
Нарийн тоог нь хятадууд хэлдэггүй ч гэсэн миний тооцооллоор Оюутолгойн авдаг эрчим хүчний 30 орчим хувь нь сэргээгдэхээс гарч байгаа. Учир нь Өвөрмонголд сэргээгдэх эрчим хүчний олон станц барьсан.
Компаниуд ирээдүйн мөнгөний урсгалаа дагаж ногоон хувьсгалд нэгдэж байна
Ташрамд дахин тэмдэглэхэд зөвхөн улс орнууд амлалт авахаас гадна том том компаниуд нэгдээд хувьсгал айсуй гэдэг шиг амлалт авч байна. Компаниуд юу юугүй л ашиг орлогоо хаяад, бид нар дэлхийн дулааралтай тэмцэхгүй бол болохгүй, хүүхдүүдээ бодохгүй бол болохгүй юм байна гэж гэнэт өөрчлөгдөд байгаа юм биш. Мэдээж шаардлага бий. Тэрнээс илүүтэй дэлхий тэр чигээрээ ногон хөгжил рүү явах юм байна. Тиймээс эртхэн тийшээгээ орсон нь зөв, санхүүгийн боломж тэнд л байна гэж харсан хэрэг.
Хятад улсын бодлого 2060 оноос өмнө сэргээгдэх эрчим хүчээ эрчтэй хөдөлгөж, цахилгаан машины зах зээлийг эзлэх төлөвлөгөөтэй яваа. Хятад АНУ хоёрын хооронд ямар том худалдаа, эдийн засгийн өрсөлдөөн явагдах гээд байна вэ гэж хүн бүр л анзаарч суугаа.
Ерөөсөө л ногоон технологиор хэн нь дэлхийг эзлэх үү гэсэн том бодлого явж байгаа. Энэ нь нэг талаар дэлхийн дулаарлын эсрэг ч нөгөө талдаа зах зээлээ эзлэж авах арга нь.
Компаниудын тухайд “Амазон” хоёр миллиард ам.долларын хүргэлтийнхээ 100 мянган машиныг цахилгаан электро болгоно гэх амлалт өгчихсөн байх жишээний. Мэдээж тэд амлалтаа хэрэгжүүлэх, замын зураг ажлаа хийгээд эхэлчихсэн. Бидний сайн мэдэх “Рио Тинто” ч амлалтаа өгчихсөн яваа.
Үйлдвэрлэл явуулахдаа эрчим хүчинд хэмнэлттэй, худалдаж авахаар бол аль болохоор нүүрсний бус өөр эрчим хүчнээс гэх мэт сонголтыг хийнэ гэсэн үг. Би Рио Тинто, “Чалко”-той хамтраад нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ гэж сонссон.
Өөрөөр хэлбэл томоохон компаниуд, эдийн засгийн хувьд тамиргүй орнууд руу мод тарих , цэцэрлэгжүүлэх ажилд нь эхлэл хөрөнгө оруулна гэсэн үг. 15 сая ам.доллараар байгуулах нарны цахилгааны станцын 50 хувийг Японы Засгийн газар даана гэх маягаар ажил өрнөх юм. Өгөхдөө зүгээр өгч байгаа юм биш. Япондоо хүлэмжийн хий ялгаруулж байгаа хүмүүс өөр улс оронд санхүүжилт өгч хүлэмжийн хийг бууруулна гэсэн үг. Бүр тодруулж хэлбэл хүлэмжийн хий бууруулсан гавьяаг нь өөрсдөдөө тооцуулах юм.
Салхитын станц хүлэмжийн хий бууруулж буй хэмжээгээрээ Шведээс санхүүжилт авдаг
Парисын гэрээний зургадугаар зүйл заалт явсаар байгаад өнгөрсөн жил батлагдсан. Одоо хэрэгжилтийн механизмууд нь яригдаж байгаа. Манай Салхитын цахилгаан станц хүлэмжийн хий бууруулж буй хэмжээгээрээ Шведийн засгийн газраас тодорхой хэмжээний санхүүжилт авдаг.
Нэг их хэмжээний биш ч гэсэн цаашдаа өргөжөөд эхэлбэл ногоон хөрөнгө оруулснаараа ногоон хөрөнгөний зөрүүг нь хэн нэгэн гаргах юм. 100 сургууль барилаа гэхэд эхний гурвыг нь барих хөрөнгийг шийднэ гэх маягаар дэмжлэг үзүүлэх зарчмаар дэлхий нийт хамтдаа дэлхийн дулааралтай тэмцэж байна. Европод бол хүрэн барилга барьснаас ногоон барилга барьсан нь ашигтай болсон. Эсвэл ногооноос өөр барилга захиалахаа больчихсон байх жишээний.
Байгаль өөрийгөө цэвэрлээд хүн гэдэг амьтан динозавр шиг арчигдах магадлалтай
Дэлхийн дулаарлаас гадна яагаад байгаль орчны байгальдаа ээлтэйгээр өсөж хөгжихгүй бол хүн төрөлхтөнд аюул тулгарах гээд байна. Дэлхийн дулаарлыг бид л бий болгодог. Дэлхий 4.5 тэрбум жилийн өмнө бий болсон. Харин хүн гэдэг төрөл зүйл хоёр гуравхан сая жилийн өмнө л үүссэн. Тэрнээс өмнө янз бүрийн хувилбарууд байсан л байх.
Хүн 10 мянган жилийн өмнөөс л суурьшиж, газар тариалан эрхэлдэг болоод, сүүлийн 200-хан жилд нүүрс шатааж, эрчим хүчтэй, замтай болоод дэлхийн дулаарал гэх айхтар юмыг бий болгоод, дэлхийг бохирдуулаад байж байна. Динозаврууд 230-66 сая жилийн өмнө мөрөөрөө амьдарч л байсан. Гэтэл хүн гэдэг төрөл зүйл дэлхийн түүхтэй харьцуулахад маш богинохон хугацаанд дэлхийг давамгайлаад, бохирдуулаад, өөрсдөө аюулд орохоос гадна бусад төрөл зүйлийг устгачихаад байж байна. Энэ маягаараа байгаад байвал байгалийн төрөл зүйл байхгүй болох аюул тулгараад байна. Дэлхийн хүн ам 8 тэрбум руу дөхөж байна.
200-гаад жилийн өмнө 10 дахин бага хүн амтай байсан байна. Тэр үед хүн өдөрт 3, хөдөө аж ахуй эрхлээд 10 гаруй, үйлдвэрлэл нэмэгдээд 100 л ус хэрэглэдэг болсон. Хэрэглээ 10 дахин, хүн ам 10 дахин нэмэгдчихээр нийтдээ 100 дахин нэмэгдсэн байгаа биз.
Дэлхий хүн гэдэг төрөл зүйлийн 100 дахин нэмэгдсэн хэрэглээг даах хэрэгтэй болсон. Даах шингээхэд маш бэрх болчихоод байна. Бид багадаа ганцхан тумбанд л бүх хувцасаа багтаадаг байсан бол одоо бидний хүүхдийн хувцас хэр байна вэ. Өмнө нь бид машингүй болдог байсан бол одоо хот, хөдөөгүй хоёр машинтай болчихоод байж байна. 100 дахин их хэрэглээ, хэрэглэхдээ бохирдуулаад нүүрсээ шатаагаад дэлхийн дулаарлаа нэмэгдүүлээд байхаар байгаль гэдэг зүйл чинь хэцүүднэ. Бид дэлхийд хэрэггүй, бидэнд дэлхий хэрэгтэй гэдэг шиг байгаль өөрийгөө цэвэрлээд динозавр шиг арчигдахгүй гэх үндэслэл хаана байна.
Тогтвортой хөгжлийн анхны хурал дээр Ерөнхий сайд Д.Бямбасүрэн гуай явсан юм билээ. Манайхан тогтвортой гэж орчуулсан ч Д.Бямбасүрэн гуай даацтай хөгжил гэж орчуулсан байдаг юм. Даана гэдэг даах уу шингээх үү гэсэн утгыг агуулдаг үг. Товчхондоо хүн гэх төрөл зүйл цаашдаа дэлхий дээр аятайхан шиг амьдарч, байгальтайгаа зохицоод хэрэглээгээ багасгаад явж чадах нь уу гэдэг л асуудал шүү дээ.
Сонирхуулахад, дэлхийн хоол хүнсний гуравны нэг хувь хаягддаг. Цэвэр цэнгэг усны 70 хувь нь хоол хүнсний үйлдвэрлэлд зарцуулагддаг. Гэтэл хоол хүнсний гуравны нэг хувийн хаягдалтай хамт өнөө хэрэглэсэн цэвэр усны 4/1 хувь нь хаягдчихдаг юм байна. Хэрвээ хүнсний хаягдлыг нэг улс гэж нийлүүлээд тооцвол гурав дахь том хүлэмжийн хий ялгаруулагч гэж тооцогдохоор байгаа юм. Тиймдээ ч Тогтвортой хөгжлийн зорилтын нэг нь хүнсний хог хаягдлаа 2030 он гэхэд 50 хувиар багасгах явдал.
Монголд “Ногоон банк” байгуулна
Green Climate Fund буюу Уур амьсгалын ногоон сан 2015 онд сан байгуулагдсан агаад би гадаад харилцааг нь хариуцан ажилладаг. Бидний ажлын 80 хувь нь хөгжчихсөн, үйлдвэржсэн орнуудаас мөнгө босгох явдал. Босгосон мөнгө маань хөгжиж буй орны ногоон төслүүд рүү хуваарилагдах зарчмаар ажилладаг. Хуваарилахдаа нягтлана, дэлхийн дулааралд яаж нөлөөлөхийг шалгана.
Өнөөдрийн байдлаар 140 оронд 200-гаад төсөл хөтөлбөр батлагдаад байна. Мэдээж олон орон дамнасан төсөл ч бий. Нийт 40 орчим тэрбум ам.долларын төсөл хэрэгжиж байгаагийн 10 орчим тэрбумын санхүүжилт нь манайхаас бусад нь бидэнтэй хамтарч буй хамтрагч байгууллагуудаас гарсан.
Чилид бид нэг тэрбум орчим ам.долларын төсөл хэрэгжүүлж байгаа юм. Нарны 500 МВт, цэнэгт усан станцын нарны 500 МВт-ын нийтдээ 800 МВт-ын цахилгаан станц байгуулах юм. Энэ төслийг Японы банк хэрэгжүүлж байгаа. Мэдээж бид тэрбум ам.долларыг нь өгөхгүй. Эхний ээлжинд 60 сая ам.долларын хувьцааг нь гаргана. Ногоон санхүүжилтийн гол санаа нь хувийн хэвшлийн санхүүжилтэл аль болох эртхэн туслах, эрсдлээс гаргахад дааж эхлэлийг нь тавихад дэм болдог.
Монгол Улсын тухайд 7-8 төслийг батлуулж чадсан. Гэхдээ хэрэгжилт нь дөнгөж эхлэх гэж байгаа. Азийн хөгжлийн банк JCI-тай хамтраад хоёр төсөл батлуулсан. Гэр хорооолол дахин төлөвлөлтөд дэм болно. 10.000 ногоон барилга бүхий эко хорооол байгуулна. Гэхдээ өндөр барилгагүй, ногоон барилга бүхий хороолол. Нийтдээ 540 сая ам долларын төсөл.
Азийн хөгжлийн банк 3/1 хувийг нь, манай байгууллага 3/1 хувийг нь, 3/1-ийг улс, хот, хувийн хэвшлийн компаниуд гаргана. Хувийн хэвшлийн компаниуд хөрөнгөөрөө хороолол байгуулна гэхэд шууд ногооноор байгуулахад асуудалтай. Тиймээс манайхаас гарч байгаа 3/1 хувь буюу 170 орчим сая ам.доллар гэж бодоход 50 сая орчим нь буцалтгүй тусламжаар, 90 сая орчим нь хөнгөлттэй зээлээр гарч байгаа.
Манайх чинь дундаж хөгжилтэй оронд тооцогддог учраас 50 сая ам.долларын буцалтгүй тусламж өгөх нь ховор. Ийм таатай боломжуудыг ногоон сангаас өгнө гэсэн үг.
Түүнээс гадна Монголын Ногоон санхүүжилтийн корпораци байгуулахаар санхүүжилтийг нь баталсан. Хэрэгжилтийн тухайд Монгол талаас санхүүжилт нь гарахыг хүлээгээд гацчихсан байгаа.
Энгийнээр тайлбарлавал Ногоон банк байгуулна гэж ойлгож болно. Мэдээж манай арилжааны банкууд ногоон болох гээд хичээж байгаа ч 50 сая ам.долларын Ногоон банк байгуулах санаа бий. Үүний 25 орчим сая ам.доллар нь нь манай байгууллагаас гарна. Гарахдаа 6-7 хувийн хувьцааг бид эзэмшинэ. Бас 25 сая ам.долларыг хариуцаж, хяналт тавина.
Үлдсэн 25 саяыг нь 1-2 хувийн хүүтэй, хөнгөлттэй зээл олгоно. Нэг их зарлаад байдаггүй ч ногоон санхүүжилтийн зээл маш сайн хөнгөлттэй, дэмжлэгтэй байдаг. Үлдсэн 25 сая ам.долларын тухайд Монголын Засгийн газар 5 орчим саяыг нь гаргаад гадаад, дотоодын банкууд өөрийн хувиа гаргах юм. Хэдийгээр 50 сая ам.долларын банк том биш ч гэсэн гэр хорооллыг нүүрснээс татгалзуулах жижиг төсөлд бол хүрэлцээтэй л гэж харж байгаа.
Мөн бэлчээрийн нэг төсөл батлагдсан. Гэхдээ манай Монгол их “сэргэлэн”. Сүүлийн хоёр гурван жилд ногоон юм ярьж байгаад хамтарсан санхүүжилттэйгээ нийлүүлэх юм бол бараг 1.4 тэрбум ам.долларын санхүүжилт бүхий төслүүдийг батлуулж чадсан. Дөнгөж батлагдаад хэрэгжиж эхлэж байгаа учраас төдийлөн сайн мэдэхгүй байж магадгүй.
Эцэст нь багцлаад хэлэхэд ийм маягийн ногоон төсөл, дэлхийн дулааралтай холбоотой төсөл хөтөлбөр байвал олон улсын байгууллага дэмжлэг авч байна. Энгийнээр дэлхийн санхүүгийн салбарт ногоон хувьсгал гарч байна.