2024-05-17, Баасан
10 C
Ulaanbaatar

Майкл Карритэрс: Будда

“НЕПКО”-гийн хэвлэсэн Оксфордын их сургуулиас эрхлэн гаргадаг “Тун товчхон танилцуулга” цувралаас Дарэмын их сургуулийн Антропологийн тэнхимийн профессор Майкл Карритэрсийн “Будда” номыг онцолж байна. Профессор номынхоо эхэнд “Христээс хагас мянганы өмнө, манайхаас огт өөр нийгэмд өөр соёлтой орчинд төрсөн дорнын энэ зөнчөөс орчин үеийн сэтгэгч нарт эрэлхийлэх юм бий юу гэсэн асуултад хариу хайлаа.

Ингэхдээ Буддагийн намтраар нь хариулах гэж оролдлоо. Хувийн амьдрал нь номлолтой нь нийцээгүй үй олон хүнээр түүх дүүрэн учраас би ийм тактик сонгосон юм. Энэ тал дээр Будда онцгой бөгөөд түүний сургаал, туулсан амьдрал хоёр нь салгахын аргагүй сүлэлджээ” хэмээж.

Антропологийн тэнхимийн профессор манай эрины өмнө аж төрж явсан, дэлхийн хамгийн нөлөөтэй сэтгэгчдийн нэгд багтдаг Сиддхарт Гаутомын амьдрал, номлолын талаарх олон судрыг шинжиж бичжээ.

Тэр ч утгаараа сонин содон дүгнэлт ихтэй ном болж. Уншиж эхлэнгүүт л “Буддаг хожим хааны хүү гэж нэрлэдэг болсонд шүүмжлэлтэй хандах хэрэгтэй. Ганга мөрний хойд саваар нутаглаж байсан олон угсаатны нэг Саякачууд бусдынхаа адил омгийн бүгд найрамдах улс хэлбэртэй байв. Өөрсдийгөө өндөр угсаа гаралтай гэж үздэг байсан ч хил хязгаарынх нь гаднах хэн ч тэднийг ингэж өргөмжилж байгаагүй” гэсэн дүгнэлт шигтгэчихсэн байх жишээний.

Өрнийн эрдэмтний “Сократ Будда хоёрын хэн нь ч ямар нэгэн бурхан буюу, бурхдыг, нөгөө ертөнцийнхнийг шохоорхон сониучирхаагүй, харин хоёулаа хүний аж төрөл, амьдрах ухааныг хичээнгүйлэн судалжээ” гэсэн харьцуулалт ч сонирхолтой санагдав. Будда залуудаа зэгсэн зөрүүд явсан, нас барсан он цаг нь тодорхой биш гэх мэт өмнө сонсч дуулаагүй содон гаргалгаанууд ч их юм.

Сонирхол татсан өөр нэг өнцөг нь Буддагийн зөвлөсөн гэгээрэлд хүргэх бясалгалын тухай хэсэг байлаа. Бурхан багшийн хүн төрөлхтөнд үлдээсэн бясалгал бол випассана. Тухайн үеийнхээ иогач, бясалгагч даяанчдын арга ухаанаас авахыг нь авч, гээхийг нь гээж, өөрийн биеэр туршиж үзэж нээсэн випассанаг Майкл Карритэрс “Сэрэнгэ, эрч хүчтэйгээр дотоодоо тольдох явдал Буддагийн бясалгалд оруулсан хувь нэмэр. Чухам энэ дотоодоо шинжих шинжилгээний дараа түүнд сэрэлт иржээ. Хүн яаж өөрийн мэдрэмж хандлагыг шинжин судалж болох вэ? Уур хүслийн эрхэнд авталгүйгээр уур хүслээ ашиглаж болох уу? Өөрийн бие дээр янз бүрээр туршин хэрэгжүүлсний үндсэн дээр боловсруулсан Буддагийн бясалгалын систем эдгээр асуултын хариултыг өгдөг” хэмээн онцолжээ.

Номын зохиогч хараат бясалгал буюу випассана хийхэд ямар бодит үр дүн гардгийг туршихаар Шри Ланкын ойд бясалгагч лам нартай ажиллаж л дээ. Их сургуулийн профессор эцэст нь лам нарын арга зүй жинхэнээсээ үр дүнтэйг харж ойлгосноо гайхан бичжээ. Тэрээр “Ширэнгэн ойд ламтай хамт явж байхдаа би хоёр ч удаа уурласан зэрлэг амьтантай таарсан. Тэд над руу дайрах замд гар хоосон давжаа биетэй лам зогсоосон юм.

Лам гэхдээ тэр амьтныг үргээж хөөгөөгүй. Тайван мөртлөө өөрөө итгэлтэйгээр тэр амьтантай ярихад амьтан удсан ч үгүй буцаад ой руугаа орчихсон. Эдгээр явдлууд энгийн тохиолдол биш бөгөөд буддын сургаал дасгалуудаар дамжин хүн ямар гүнзгий өөрчлөгддөгийн тод жишээ. Энэ бүхэн мэдээж Буддагийн номлол яг үнэн зөв гэсэн баталгаа биш л дээ. Гэхдээ л түүний философийг нухацтай авч үзэх хэрэгтэй, түүний номлолын хүний мөн чанар, потенциал, чадварын тухай өгүүлсэн нь хоосонгүй шүү гэж сануулж судлан шинжлэхийг урьж байна” хэмээн мэдрэмжээ хуваалцжээ.

“Будда” номын орчуулагч Випассанаг хараат бясалгал гэж хөрвүүлсэн учраа “Буддын шашны тухай зарим монгол номд үүнийг үлэмж үзэхүй буюу зөнт бясалгал гэж нэрлэсэн нь бий. Сэтгэл доторхоо харах гэсэн утгатай ойлголт тул утгыг нь илүү тодорхой болгох үүднээс хараат бясалгал хэмээн орчууллаа. Ерөнхийдөө сэтгэл доторхоо рентгендэж буй хэрэг” гэж тайлбарласан байна лээ.

Гэрээ орхисон цагаасаа зовлонгийн шалтгааныг олох гэж хэрэн бэдэрсэн Буддагийн түүхийг, сургааль номлол нь олон зуун жил хүчирхэг хэвээр яваагийн нууцыг барууны эрдэмтэн хэрхэн харж, яаж дүгнэснийг таны сонирхолд үлдээе.

- Сурталчилгаа -spot_img

1 сэтгэгдэл

  1. Сократ бурхан биш хүн, Будда ч бурхан биш хүн….яахав жаахан гэгээрсэн хүн…Тэрнээс Бурхан биш юм…. Будда дэлхий ертөнцийг бүтээгээгүй. Будда нарыг бүтээгээгүй, будда хүнийг бүтээгээгүй ….зүгээр л сайхан сургаал зохиож түүнийхээ дагуу амьдрах гэж хичээсэн САЙН ХҮН БАЙЖЭЭ………..,хөөрхий…….Гэхдээ тэр одоо үхчихсэн. Тэр үхчихсэн учир бидэнд юу ч хийж өгч чадахгүй. Бидний залбиралыг ч яаж сонсохов дээ……….Тэрэнд орвол Чингэсээ л шүт. Будда бол төвд хүн байсан….

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img