2024-10-08, Мягмар
13 C
Ulaanbaatar

Өвөл шиг өвөл дандаа болоосой

Өвөл гэхээр Улаанбаатарт л утаа майндаа тулаад “уушги зүрх минь яана даа” гэх харуусал төрөхөөс биш монгол нутгийн өвөл дэндүү сайхан улирал шүү дээ. Өдийд миний нутаг Заг-Байдрагийн голын ай дагуу бөмбийсөн цагаан өвөл айлчлаад, Хар ус, Халиутын рашаан, Оготнотой булгийн харз булгуудаас савсах уур мананг эс тооцвол бүхий л хорвоо ажин түжин оргиод диваажингийн орон ийм байдаг уу гэмээр янзтай сайхан байгаа даа.

Дөрөө зурам найгасан шаргалхан өвст талд бодын хар туруу цас орсон байхад “Малын амны цастай, жаргаж байна аа хө” гэж налайсан өвгөд мод толгойгоо нэрэн, өвлийн илчгүй цагаан нарыг ширтэн бөмбөл цагаан хоньдоо гилэнхэн, дэрсэн толгой тоож үл шүүрдэх оноотой тарган унаа хүрнээ хөтөлсөн шиг аажуу тайвуухан нуруугаа үүрэн алхаж яваа нь харагдана.

Бага дөтийн Ихэр, Бөндий, Хүрэн хавцгайн ээвэр дулаан энгэр өвөлжөөнд хэд гурваараа айлсан буусан гэрүүд холоос харахад хуруувчин чинээхэн үзэгдэж, аргал хөрзөнгийн цагаахан суунаг утаа үдийн тэнгэрийг сүвлэн өөдөө хөөрөх нь уранхан нэгэн бүсгүй учиг утсаа татан шаглан ямархан нэгэн хээ угалз мэтгэн байна уу гэлтэй байгаа.

Их дөт, Жаргалант хөндий, Баян хөндий хаа л бол хаа өвлийн идшээ базаасан айлууд өвсний сортой, цасны зөөлөнд адуу малаа гилчихээд, хааяа нэг гарч дурандсан шигээ алсаас л харуулдахаас биш хавар, зуных шиг хариулаад байхгүй нь даанч сайхан. Дэлгэсэн ширний халим тонших алаг шаазгай шаг шаг шагшрахад амны ус хайлуулахаар мөс хормойлон орох гэрийн эзэгтэй “Сайн хэлээ наашаа, саар хэлээ цаашаа” гэж дом болгон шившихэд хангай дэлхий ханайж, жавартай өвлийн жаргалтай аялгуу дуурсаж, цаг хугацаа бүүр зогсчихсон мэт санагдана.

Алсын уулсын орой мөнгөн дуулга шиг гялалзсан амар жаргалт өвөл хөдөө нутагт налайхад төв суурин газрын өчүүхэн бужигнаант амьдралаас зугтаж ертөнцийн буйд хязгаарт насыг элээмээр бодогдоно. Төв Азийн Монголд минь амьдрал шиг амьдралыг таниулж, өвөл шиг өвлийг мэдрүүлдэг зүйл бол хүйтэн гуай билээ. Азарган нэхий дээлийн урт нударгыг буулган адуундаа мордоод давхихад уяан дээр бөн бөн чичирч, амгай хэмлэн байсан хүлгийн шандас тэнийж, унасан эзний хийморь сэргэн уурга алдам жаврыг сөрөн удмын золбоог бадраана.

Дөрөөн доогуур урсан өнгөрөх газар дэлхий нүдний өмнө жирэлзэж, аргал хомоолхон боловч үл харагдах атал талын тавиуныг ширтэн алсын барааг тольдоход адуу малын зүс ч аяндаа тодроод ирнэ. Морин туурайн төвөргөөн хөлдүү газрыг бөмбөрдөж, үнэгэн лоовуузын соронд цан хүүрэг татахад дэлхийн дайдыг эрхшээсэн тэнгэрлиг өвгөдийн сүнс тэндээс харж байгаа даа гэж ямархан ч аавын хүү цантсан сормууст нүдээр тэнгэрийг цээлийг ширтэнэ.

Өвөл өө гэж. Яг л ийм үед дархад шүлэгч Баттөрийн Мягмаржав андын бичсэнчлэн
“Сургүй мөнгөн хазаар
Хүлгийн толгой хайрчих гээд
Дүрж болохгүй
Өвөл шиг өвөл
Шагайн чинээ бөгж
Хуруу хайрчих гээд
Зүүж болохгүй
Өвөл шиг өвөл
Элдэв бусын чамирхлыг нууж
Энгийн байхын сайхныг нээсэн
Өвөл шиг өвөл
Хээр хоноход галын дэргэд
Хэнхдэг цонож нуруу жиндээд
Хэцэд асдаг янгирын сүрэг
Хэвтэр ханьсан хот бараадаад
Хурдан бууны гохон дээр
Хуруу дөхвөл наалдчих гээд
Амьтан хүнгүй хулхи нь буусан
Антай мантай
Өвөл шиг өвөл өө
Эвхээд мартсан нэхий дээл
Эрсийн биеэр элдүүр орж
Сор нь гүйцсэн лоовуузны дороос
Согоо охидын хацар улайгаад
Өвөл шиг өвөл дандаа болоосой
Өвгөд шиг өвгөд дандаа байгаасай” гэмээр дэндүү сайхан. Согоо охидын хацрыг ягааруулсан тунгалаг өвлийн жаварт хайр хүрнэ. Салхи ч үгүй нам гүмд цантсан өвсөн толгойг дагуулан наран сөрөг харахад солонгын өнгөөр туяарна. Өвлийн солонго хараад баймаар сайхан.

Сумын төвөөс багийн төв, багийн төвөөс айл айлын өвөлжөөг зорьсон түм түмэн морин жим зурайж, аймгийн төвийг зорьсон их зам л цасан цагаан хөндийг хөндлөн гулд татсан тариан шангийн мөр шиг тодоос тодхон зурайна. Их цасан тал юу ч бичээгүй цагаан цаас шиг цавцайж, малын хөлөөр шийрлэсэн хэсэг нь малчин түмний хувь заяаны бичиг шиг дурайна.

Хүйтэн жаврын бийрээр бичигдсэн цасан талын хуудас болсон бэлчээр бол малчин хүний хувь заяаны зурхай яахын аргагүй мөөн. Өвлийг бодохуй өөрийгөө аргадуулах гэж туньсан өр зүрхний хавар шиг л төсөөлөгдөнө. Өвөл бол хавар охины ээж нь юм. Идэр ес эхэлж, хүйтний эрч чангарахад тарга сайтай мал тааваар сайхан идээшилж, харин зуны сарыг зургаа юм шиг зугаалж, намрын сарыг найм юм шиг наргин хээрийн соргог бэлчээрт малаа оторлуулаагүй залхуу хойрго малчны хотыг харлуулахаар цасан шуургаар заналхийлж, мөсөн бургидсаар яс янгинатал шавхуурдана.

Аз муутай амьтаст аж төрлийн гүн ухааныг заадаг үлэмж мэргэн багш бол өвөл мөн билээ л. Цас мөсөө гайхуулсан Норвеги, Швейцарийн өвөл хэчнээн сайхан ч миний нутгийн өвлийн гоо сайхныг гүйцээ л гэж үү, хорвоо минь. Цагаан баавгай доншуучилсан туйлын орон сайхан чиг оноотой тарган мориндоо орчлонгийн жамыг тэсэж гарсан миний өвгөдийн нутагтай дүйцэх нь байдаг л бил үү, бөмбөрцөгхөн минь.

БадамсамбууМалчин монголчуудын амьдралд өвөл хэдийгээр гоо сайхны хэмжүүр мөн байж болох боловч аж төрлийн гашуун сургамж хайрладгаараа байгалийн шалгуурт зүй ёсоор тооцогдоно. Тунгалаг гэгээн төрхтэй уянгалаг сайхан өвөл маань үнэг шиг сүүлээ шарвахад л малын буянд шүтэж ирсэн бидний зүрхэнд сүүдэр унана. Ерээд оны эхээр болсон зуд одоо ч миний сэтгэлээс гардаггүй.

Өлсөж өлдсөн үхрүүд минь уулын нэг тарж, долоо хоногтоо нэг бөөгнүүлэхээр мордоход унаа морь улдаж эцээд үйлээ үзэхийн дээдийг үзсэн сэн. Олон хоног хээр хөдөө явсаар цасанд нүд гялбан өвдөж, айлын буурин дээрээс олсон эмэгтэй хүний трикогоор нүдний саравч хийж явснаа яривал мушийх хүн л олдохоос үнэмших хүн цөөхөн биз. Тэр их зуднаар түлэх түлшгүй болсон айл авдар саваа эвдэн шатаагаад, эцэст амиа аргацаахын тулд унь ханаа түлж байсныг зурагтаар үзсэн хүн олон л байх.

“Дайны хажуугаар дажин” гэгчээр үхсэн үхэр, адууны сүүл огтолж, шир хуулах хулгайчид олширч байлаа. Айлын амьд бухны сүүл огтолсон, тэмээг амьдаар нь өвчсөн зүй бусын гаж явдал ч гарч байсан нь хүн хэмээх хоёр хөлт, хохимой толгойтны ямар муухай шунаг шунахайг гэрчлэх баримт болон үлджээ.

Сүүлээ тасдуулсан хар халзан бух хавар нь хүн амьтны бараа харж чадахгүй уулын таг барин дутаагаад байсан юм даг. Өлсөж турсан мал модны холтос, нэгнийхээ үс ноосыг хүртэл зулгаана. Далан хэдэн онд болсон аюулт зуднаар хонь, ямаад хулгана огтоно барьж идсэн төдийгүй их цастайд мал бараадаж буусан болжморыг хүртэл түүж идэж байсан яриа ч байдаг. Ер нь зудны адуу мал дэл сүүлээ зулгаалцах бол энүүхэнд.

Цас зудтай жил хоног хугацаа ч урагш ахиж өгдөггүй. Арайхийж нэг ес өнгөрүүт л дараагийн ес эхлэх бүхэл бүтэн зуун жил өнгөрөх мэт удаан. Тамын зовлонд л хүн гээч амьтан хоног хугацааг тийн хүсэн хүлээдэг үү гэлтэй. 1999-2000 оны зуд арай л дэндүү удаан сунжрах шиг болсон. Есдүгээр сарын 16-ны өглөө Заг сумын төвд л гэхэд тав зургаан айлын гэрийн багана хугалан, гэр дарж орсон их цас хавар тавдугаар сар гарчихаад байхад л арилж өгөхгүй мөн ч их удаж билээ.

Монголын энэ хахир хатуу өвлийг жилийн тэн хагас гэж овоо урт хугацаа болно шүү. Гэвч, энэ л урт хүйтэн өвлийн эцэст монгол нутагт минь урин дулаан хавар айлчилж, удалгүй цэнгэлт зунтай золгодог нь амьдралын нэг баяр бахдал болдог билээ. Тэр л цагт хүн, малын зоо тэнийж өвлийн сайхныг ч, өвлийн хэцүү бэрхийг ч ор тас умартан цэнгэлийн манлайг эдэлнэ. Идэр ес удахгүй эхлэх энэ л цагт өвөл шиг өвөл эх оронд минь дандаа л ирж байгаасай гэж энэхэн тэмдэглэлээ өндөрлөсүү!

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img