2024-03-03, Sunday
-7.4 C
Ulaanbaatar

Л.УРТНАСАН: АН иргэдэд стратегийн ордуудыг “Алтан хувь” хэлбэрээр өмчлүүлж, жил бүр ногдол ашиг хуваарилна

АН-ын гишүүн Л.Уртнасантай ярилцлаа.

-Иргэдэд “Алтан хувь” олгоно гэж байна. Энэ тухай тайлбарлаач?

-Төр орон нутгийн өмч, компани, стратегийн ордуудыг Монгол Улсын иргэдэд хувьцаа хэлбэрээр олгож, жил бүр ногдол ашиг хүртээдэг болъё гэж байгаа юм. Учир нь төр нийтийн баялгийг хамгаалах, нийтийн эрх ашгийн төлөө үр ашигтай зарцуулах үүргээ биелүүлж чадахгүй гэдгээ өнгөрсөн 33 жилд хангалттай нотоллоо гэж үзэж байна.

Хамгийн сүүлийн муу жишээ Ногоон автобус, 44 их наядын хулгай боллоо. Газрын доор, дээргүй үндэсний баялаг бол ард иргэдийн өмч, төр түүнийг нь “зөвхөн хамгаална” гэж бид Үндсэн хуулиндаа зааж өгсөн байдаг. Хүний эрх, хувийн өмч, хувь хүний сайн сайхан амьдралыг чухалчилсан чөлөөт Ардчилсан нийгмийг цогцлоохоор зорьж буй улс.

Өнгөрсөн 33 жилийн хугацаанд 33 хөрөнгөтөн төрж, 3.5 сая иргэд уланд очсон. Өмч төрд байхаар хулгай, луйвар, шахаа л болж байгааг бид нийтээрээ харж ойлгож байгаа үү дээ. 21 зууны амжилттай орнууд болох Скандинав, Арабын орнууд болон Сингапур зэрэг улс ийм л жишгээр хөгжиж иргэд нь хангалуун, сэтгэл амар сайхан амьдарч байна.

Нийгэм, эдийн засгийн олон үзүүлэлтээр эдгээр орнууд дэлхий нийтийг тэргүүлж байна. Хэдхэн компанийг бүхий л талаар дэмжиж, эдийн засгаа чирж явдаг тогтолцоо ХХ зууны сүүлийн хагаст Япон, Солонгос зэрэг орнуудад амжилттай хэрэгжсэн ч зарим талаар алдаа дутагдалтай, баян хоосны ялгааг гааруулдаг хоцрогдсон тогтолцоо болох нь харагдаж байна.

Ардчилсан нам 1990 онд хүний эрх, эрх чөлөөг дээдэлж, улсынхаа тусгаар тогтнолыг жинхэнэ утгаар нь баталгаажуулсан Ардчилсан хувьсгалыг манлайлсан бол энэ удаад Өмчийн хувьсгалыг өрнүүлж иргэдээ өмчтэй, орлоготой болгож, төрийн ухаалаг цомхон болгохоор зорьж байна.

Энэ хүрээнд төр, орон нутгийн өмчтэй 400 орчим компани, аж ахуйн нэгж, байгууллага 40 орчим стратери ордуудыг иргэддээ өмчлүүлж, үйл ажиллагааг нь ухаалаг, үр ашигтай болгож иргэддээ жил бүр ногдол ашиг хүртээх ажлыг улс орон даяар зохион байгуулна. Компани, ордуудын үр ашиг дээшлэхээр улсад төлөх татварын орлого ч нэмэгдэнэ. Төр зөвхөн хууль, эрх зүйн оновчтой тогтолцоо бүрдүүлэх, нийтийн эрх ашигт нийцсэн дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажлуудыг л хариуцах ёстой.

-Төрийн хулгай луйвар хэрээс хэтэрч, иргэдийн амьжиргаа доройтсон энэ цаг үед сайхан л сонсогдож байна. Гэхдээ энэ “Алтан хувь” үнэхээр бодит ажил болж чадах болов уу? 90-ээд оны цэнхэр ягаан тасалбар болчихгүй байгаа?

-Тиймээ. Энэ талаар бас бодолцож байна. Иргэдийн “Алтан хувь” нэртэй хувьцаа зарагдахгүй байх ёстой. Мөн хувьцааны ногдол ашгийг бэлнээр биш зөвхөн эрүүл мэнд, боловсрол, орон сууцны урьдчилгаа, жижиг дунд бизнесийн санхүүжилт гэсэн хэлбэрээр олгоё гэж тооцож байна.

Ямар ч хүн хөдөлмөр эрхэлж идэх хоол, хувцас хэрэглээний мөнгө олж байх нь нийгмийн амьдралын зохистой зарчим. Хөгжлийн бэрхшээлтэй болон ахмад настнууд ногдол ашгаа ахуй амьдралдаа зарцуулж болох бол хүүхэд багачууд ирээдүйдээ хуримтлал үүсгэж болох юм.

Мөн хувьцаа эзэмшигч насанд хүрсэн иргэд компанийхаа удирдлага, удирдах зөвлөл болон хяналтын зөвлөл гэсэн хяналтын байгууллагуудын гишүүдийг сонгоход оролцох ёстой. Түүнээс төр, эрх баригчид зэрэг ямар нэг улс төрийн намын төлөөлөл үүнд оролцохгүй байхаар зохицуулах нь зүйтэй.

Хувьцааны тухайд яваандаа нийгэм эдийн засгийн нөхцөл байдал сайжирч, хувьцаа эзэмшигчдийн хөгжил төлөвшил тодорхой төвшинд хүрсэн үед хувьцааг барьцаалах, худалдаалах зэргээр эдийн засгийн эргэлтэнд оруулж болох юм. Ингэж байж эдийн засаг улам бүр өсөж хөгжих бас нэг нөхцөл бүрдэнэ гэж харж байна.

Иргэдэд “Алтан хувь” олгох талаар иргэдийн саналыг авах, судалгаа шинжилгээний ажил зохион байгуулж, энэ үйл ажиллагааг хэрэгжүүлэх шийдэл, төлөвлөгөө боловсруулах, Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт оруулах бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгийг байгуулж байна.

Иргэдэд “Алтан хувь” олгохоос өөр шийдэлгүй гэдгийг нотлох олон тайлбар байна даа. Тухайлбал МАН төрийн хулгайтай тэмцэж байна гэж нэг хулгайчийг барьсан дүр үзүүлж хамгийн шударга гишүүнийг томилж ажиллуулсан ч нөгөөх нь НОГООН АВТОБУСНЫ ХУЛГАЙ-тай холбогдчихлоо. Тэд аргаа барж байна.

Төрийг хулгайлах өмч хөрөнгө, бизнесгүй болгохгүй л бол төрийн нэртэй эзэнгүй өмчийн хулгай зогсохгүй. Тогтолцоо өөрчлөхгүйгээр хүн солиод нэмэр арга. Дээрээс нь намын тамга удирдлага авах гэж, төрийн аль нэг төвшний сонгуульд ялах гэж ямар их дайн тулаан, өрсөлдөөн тэмцэл болж байгааг бид бүгдээрээ л харж байна. Энэ юуны төлөө вэ? Бүгд л аймаг, дүүрэг, улс орноо хөгжүүлэх гээд үхэн хатан тэмцэлдээд байна уу гэвэл үгүй л байгаад байна.

Төрөөс өмч, бизнесийг салгаад иргэддээ өгчихвөл энэ их улстөржилт, нам төрлүү дайрсан тэмцэл өрсөлдөөн ч үгүй болно. Жинхэнэ бодлого, хөгжил тойрсон нийгмийн идэвхитэй цөөн хэсэг хүмүүс л нам, төрийн ажил дээр үлдэнэ. Энэ утгаараа “Алтан хувь” олон талын үр дүнтэй энэ цаг үеийн хамаг л болохгүй асуудлыг шийдвэрлэх хамгийн оновчтой шийдэл болно.

Сүүлийн үед нэг ийм мэдээлэл их явдаг болсоныг та бүхэн анзаарсан байх. Скандинавын орнууд тухайлбал Финляндад залуу бүсгүй Ерөнхий сайд боллоо, эмэгтэйчүүдийн улстөрийн манлайлал сайн байна, Европын орнуудад маш залуу Ерөнхийлөгч, Ерөнхий сайд төрлөө, Канадад хотын захиргаанд нь гадаадын иргэд очиж ажиллаж байна гээд л. Тэнд иргэд нь улс төр сонирхдоггүй.

Хэн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хийж байгааг мэддэггүй гэх мэт яриа байдаг. Энэ юуг харуулж байна вэ гэхээр? Тэнд төр лүү зүтгэсэн, тэнд байгаа өмч хөрөнгийг хулгайлах гэсэн өрслдөөн тэмцэл алга гэдгийг харуулж байгаа нэг хэлбэр.

Манайд нэг ийм яриа байдаг. Манай төр 3.5 хан сая иргэнээ ядуу амьдруулж байна. Ийм их баялагтай оронд арай ч дээ гэж. Энэ ч үнэн. Нэгэнт чадахгүй байгаа төрийг харж суухаар иргэд өөрсдөө өмч, баялагаа эзэмшээд, удирдаад явъя л гэж байгаа юм. Дэлхийн амжилттай улс орнууд ингэж л хөгжиж байна. Манайд ч гэсэн хувийн хэвшилд ажилладаг иргэд маань ажил бизнесээ амжилттай явуулаад, татвараа төлөөд, аятайхан амьдарч чадаж байгаашдээ. Тэд төр бидний ажилд оролцохгүй байж тус болбол их сайн байна гэдэг. Монголдоо төдийгүй олон улс, дэлхийн зах зээл дээр амжилттай бизнес эрхэлж байгаа иргэд маань өөрсдөө оролцоод үндэснийхээ том компани, ордуудыг амжилттай аваад явж чадна гэж бид үзээд байгаа юм. Гэхдээ хэнээр компани, ордуудаа удирдуулахаа насанд хүрсэн иргэд өөрсдөө шийдэг. Улс төрчид түүн нь оролцохоо л больё.

-Халамж болчихгүй байгаа. Танай Баруун төвийн үзэл санаатай зөрчилдөхгүй байгаа.

-Иргэд эрүүл мэнд, боловсролын чанартай үйлчилгээ авах, ая тухтай орчинд амьдрах, ажил, бизнес эрхлэх боломжоор хангагдах нь хүний үндсэн эрхийн асуудал бөгөөд Баруун төвийн улстөрийн үзэл санааны амин чухал хэсэг. Үүн дээр хүний эрх, эрх чөлөө, тусгаар тогтнол, үндэсний түүх соёлын үнэт зүйлийг Баруун төвийн улстөрийн үзэл санааны суурь бүрэн болж байгаа юм.

Бид ямар нэг бэлэн мөнгө тараа иргэдийг бэлэнчлэх сэтгэлгээтэй, амьдрах чадваргүй болгох тухай бус өмчтэй, орлоготой, өөртөө итгэлтэй, ажилч хөдөлмөрч иргэд, ая тухтай, амар амгалан амьдралын тухай ярьж байгаа юм.

Эрүүл, боловсролтой, ая тухтай орон байртай, ажил бизнес эрхлэх боломж, нөөцтэй иргэд идэх хоол, өмсөх хувцас, хэрэглээгээ хангахын тулд урам зоригтойгоор хөдөлмөрлөнө шүү дээ. Бизнесийн зарчмаар ямар нэг шахаа, хулгай, тендерийн луйваргүй, нээлттэй ажилладаг Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэт, Хөтөл, Дарханы төмөрлөг гэх мэт олон компаниудад ажлын байр, ЖДҮ эрхлэгчдийн ханган нийлүүлэлтийн боломжууд ч олноороо гарна.

Өөр олон төсөл, орд, компаниуд байгаа. Төр, орон нутгийн өмчтэй 400 гаруй, 40 орчим том ордууд яг үнэндээ иргэдийн өмч шүү дээ. Төр тэднийг ашигтай, иргэдэд өгөөжтэй ажиллуулж чадахгүй байна. Баялаг тэгш бус хуваарилагдаж, хулгай луйвар хэрээс хэтэрч, баян хоосны ялгаа туйлдаа хүрчихлээ. Нийгмийн тогтворгүй байдал гэж аюул хаалга тогшиж байна!

-ОТ, ТТ, Эрдэнэт, Дархан төмөрлөг, Хөтөл зэрэг иргэдийн өмчийн томоохон компаниуд хөгжөөд ирвэл 33 жил бойжсон хувийн хэвшлийн компаниудтай зөрчилдөх үү? Тэдгээр компаниудыг зах зээлээс шахах эрсдэл бий юу?

-Харин ч тэднийг цэвэр өрсөлдөөнд оруулж хөгжүүлнэ. ОТ, ТТ, Эрдэнэтэд олны танил улстөрчид хүртэл хүүхдээрээ дамжуулан шахаа хийдэг гэж иргэд дургүйцдэг.

Иргэдээс сонгогдсон удирдлага, хяналтын байгууллага тухайн компаниудыг удирдаад ирэхээр энэ бүх шахаа, хулгай, луйвар шахагдаж, олон нийтэд нээлттэй ханган нийлүүлэлтүүд хийгдэж эхэлнэ. Жирийн иргэдийн хувийн хэвшлийн компаниуд энэ бүх том төслүүдийн ханган нийлүүлэлт, туслан гүйцэтгэл рүү орж ажиллах, өсөх, хөгжих боломж харин ч нээгдэнэ.

Уул уурхай болон бусад чиглэлээр чадавхижсан хувийн хэвшлийн томоохон компаниуд ч иргэдийн өмчлөлийн компаниудын Удирдлага, менежментийн нээлттэй сонгон шалгаруулалтанд орж, тухайн төслүүдийн үр өгөөжийг нэмэгдүүлж, ашгийн хувиа хүртэх зарчмаар хөгжих боломжууд нээгдэнэ гэж харж байна.

-Сонгууль дөхөөд сүүлийн үед Шинэ нам Эрдэнэс Таван Толгой ХК-ийн хувьцааг иргэдэд тараана гэж байна. МАН бас юу гэж амлах бол? Нөгөө 2008 оны сонгуулийн “Эрдэнийн хувь”, “Эрдэнийн хишиг” гэдэг шиг Популист амлалтын уралдаан гэж харах хүмүүс бгаа байх?

-Шинэ намын зөв гэхдээ дутуу байна. Зөвхөн ЭТТ ХК-ийн хувьцааг биш төр, орон нутгийн өмчит 400 орчим компани, аж ахуйн нэгж, байгууллага, 40 орчим стратегийн орд баялгийг бүгдийг нь иргэдэд “Алтан хувь” болгон эзэмшүүлэх ёстой. Төрд өмч, бизнес хэрэггүй. Хулгай, луйвар л гарна.

Орчин үеийн төр иргэдийн сайн сайханд л үйлчлэх үүрэгтэй. Өмчтэй, бизнестэй төр Хаант засаглал, дарангуйлалтай, коммунист нийгэмд л байдаг. МАН-ын тухайд энэ бүхнийг хийх эрх мэдэл, боломж нь байна. Гэхдээ тэд өнгөрсөн 7 жилд хулгай, луйвар л их хийлээ. Өөр зүйл хийсэнгүй. Өөр зүйл хийж чадахгүйгээ нотоллоо. Тэд худал амлаж сонгуульд ялахдаа л гайгүй юм.

Харамсалтай нь амлалтаасаа ухарч буцахдаа сайн юм. Татвар огт нэмэхгүй гэсэн хэдэн удаа ч нэмэв. Ядуурал, үнэ, ам.доллар, түлшний үнэ өслөө. Одоо иргэд МАН-д итгэхгүй байна. Тэд иргэдийн итгэлийг алдсан. Уг нь уралдаж амлаад ч хамаагүй иргэдэд “Алтан хувь” өгөх нь чухал. Улстөрийн намын хувьд ялалт чухал ч иргэдийн сайн сайхан илүү чухал. Хөгжил дэвшил бол Улс төрийн намын эрхэм чухал зорилго.

-За баярлалаа. Танд амжилт хүсье.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img