2024-12-03, Мягмар
-19 C
Ulaanbaatar

“Тусгаар тогтнол”, “Чингис” шүлэг, “Сэгс цагаан богд” найраглалд умбасан өдөр

Монгол дээлтэй, лоовууз малгайтай хүү “Чингис” шүлгийг цогтой уншихад Тэмүүжин ийм л хүү байсан байх даа гэж бодогдоно.  Д.Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийг бага ангийн багачуудаас эхлээд, ахлах, дунд ангийн олон сурагч сонгон уншсан учраас тусгаар тогтнолыг эрхэмлэсэн найрагчийн захиас зүрхэнд хүрэв.  Эрхэм найрагчийн шүлэг найраглалаас сурагчид  уран уншиж уралддаг  “Эзэн заяа” наадмыг  11 дэх жилдээ зохиож буй.  “Үй цай” сургуулийн багш, сурагчид  Бүгд Найрамдах Улсаа тунхаглан, анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдрийг угтан,  үндэсний дээл хувцсаараа гангарч, Дэндэвийн Пүрэвдоржийн шүлэг найргаар “амьсгалдаг” уламжлалтай.

Найрагчийн шүлгийн мөрөөр нэрлэсэн “Эзэн заяа” наадмыг нээж,  үг хэлсэн Д.Пүрэвдорж сангийн тэргүүн,  Төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн,  орчуулагч  Ц.Гомбосүрэн “Д.Пүрэвдоржийн дурсгалыг хүндэтгэдэг, тэр хүнийг эрхэмлэж явдаг  бүх хүн та бүхэнд талархалтай байгаа шүү, Д.Баяраа захирал аа.   Д.Пүрэвдорж 76 насалсан. Уран бүтээл нь хэдэн зуунаар  насална. Бид  тэр их үйлсийн замын өртөөчид. Өөртөө ногдсон өртөө улааны үйлийг сайхан биелүүлцгээнэ шүү, хэдүүлээ” гэлээ.

Нээлтийн үгийн дараа их найрагчийн  дуу хоолой сэрүүн тунгалаг янзаараа  танхимд  хангинав. Д.Цэцэгмаа захирал  түүний энэхүү  бичлэгийг Монголын радиогоос олж авсан гэнэ лээ.

Ардын уран зохиолч, Хөдөлмөрийн баатар, төрийн шагналт Д.Пүрэвдорж “Монголчуудын энэ газар нутаг дээр олсон хамгийн  эрхэм дээд олз нь гал, яруу найраг хоёр гэж би боддог юм.

Хэрвээ миний бичсэн шүлгээс хэн нэгэн уншигчийн сэтгэлд хүрсэн бол тэр нь монгол  түмний голомтонд ухаанаас нь ассан  сэтгэлийн дөлөөр бичсэн байх болов уу гэж би уншигч түмэн, монгол түмнээрээ бахархаж явдгаа айлтгая” гэж  хэлж байх юм.

Ардын жүжигчин  Г.Равдан, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Н.Гантулга,   “Хүмүүн бичиг” сонины эрхлэгч Б.Элбэгзаяа  нар шүүгчээр ажилласан “Эзэн заяа” наадам аанай л бага ангийн сурагчдын уран уншлагаар  эхэлсэн.

Энэ удаагийн наадамд нийслэлийн таван дүүргийн дунд сургуулийн сурагчид зорьж ирж оролцсон бол  найрагчийн төрсөн нутаг Өвөрхангай аймгийн Есөнзүйл, Бүрд  сумаас 16 сурагч, багш нартайгаа ирж, олон ч түрүү авсан даа.   Бага насны ангиллын онцлох сурагчийн нэг нь Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын Б.Буян-Арвижих байлаа.  Тусгай байрт орж, өргөмжлөл мөнгөн шагнал хүртсэн хүү “Эрээн уул” шүлэг уншсан.

“Сэвшээ хонгор салхин дотор нь

Сэвлэг даахины минь үнэр бий

Уулын хүйтэн шанданд нь

Уруулын улбаа бүлээн бий” хэмээх мөрүүд бүтсэн

Эрээн ууланд хүүгийн гэр бүлийнхэн одоо ч нутагладаг гэнэ шүү.

Бага ангийнхан олонтаа уншсан  “Буурай эмээ” шүлгийг дахин дахин сонсохоор эмээ минь бодогдож, шүрх шимширч билээ.

“Гал дээр цай богшоосон

Гар харж нүд хариулсан

Газар дээр бүхнийг хайрласан

Ганцхан өөрт нь хайр дутсан

Буурай эмээ

Будангийн нар шиг бүдэгнэн

Буцах өдрөө хүлээсэн

Буруугүй атлаа буруудан

Бурхан, чөтгөр хоёулаа мартсан

Буурай эмээ…”

Ц.Гомбосүрэн: Хүүхдүүдийг  өрөвдөөд гэх үү, хайр хүрээд гэх үү баясаж суулаа даа

Наадмын завсарлагаар Ц.Гомбосүрэн гуайгаас асуулт асууж амжлаа.

 –Жил болгон Үй цай сургууль дээр “Эзэн заяа наадам болдог. Эрэгтэй эмэгтэй, том, жижиг хүүхдүүд Д.Пүрэвдоржийн шүлэг, найраглалаас уншаад байхаар их найрагч амьд байгаа ч юм шиг, тэр олон хүүхдийн амаар дамжаад үгээ хэлж байгаа юм шиг сонин мэдрэмж төрдөг. Та их найрагчийн андын хувьд уран бүтээлийг нь сонсоход юу бодогдов?

-Би хүүхдийн наадмыг анх удаа  үзэж байна л даа.

Тэгээд Д.Пүрэвдорж гэдэг агуу хүн хүүхдийн ам руу орчихоороо, уран бүтээл гээчийнх нь жинхэнэ амьсгаа сүнс нь нялх амьтдаар дамжиж  гарч ирэхээрээ үнэнхүү нарийн нандин болоод явчихдаг юм байна.

Эд чинь үнэхээр амилуулдаг юм байна. Ёстой нөгөө хүүхдүүдийг чинь  өрөвдөөд гэх үү, хайр хүрээд гэх үү баясаж суулаа даа. Ийм ажил зохиодог “Үй цай” сургуулийнхан, эдний Д.Пүрэвдоржийн  нэрэмжит Монгол хэл, уран зохиолын танхимын хамт олон Монголын ихээхэн чухал өв соёлын нэг хэсгийг урт наслуулах, хүүхэд багачууддаа өвлүүлэх тухайд аргагүй буянтай ажил хийдэг юм байна.  Үнэхээр бахдах сэтгэл төрүүлж байна. Чухам үүнийг дагуулаад бодоход хожим хойт өдрийн тухайд санаа зоволтгүй, ингээд үргэлжилэх юм байна. Мөнхрөх тавилантай бол ингээд мөнхөрдөг юм байна гэж бодож суулаа л даа гэв.

“Сэгс цагаан богд”-оос түүсэн шинэ өнцгүүд

Баасан гарагт болсон “Эзэн заяа” наадмаас өмнө, пүрэв гарагт “Үй цай” сургуульд   их найрагчийн 90 насны тэгш ойг нь тохиолдуулан “XX зууны монгол найраглалын үнэт зүйл Д.Пүрэвдоржийн уран бүтээл “Сэгс цагаан богд найраглалын хэл зүйн шинж” сурагчдын эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаан  болсон юм.

Найрагчийн төрсөн нутаг Өвөрхангайгаас ирсэн хүүхдүүд дуу хуур, шүлэг яруу найргаар ширүүн  өрсөлдөгчид байсан бол  нэгдүгээр ангиасаа судалгаа хийж,  англи, хятад, монгол хэлээр илтгэл  тавьж дадсан   “Үй цай” сургуулийн  судлаач  сурагчид илтгэлийн уралдаанд үнэхээр хүчтэй  байсан юм.

   “Сэгс цагаан богд найраглал дахь байгалийн дүрслэл” сэдвээр Үй-цай сургуулийн 12б ангийн сурагч Б. Номин-Эрдэнэ  илтгэл тавьсан.  “Говийг арван нэгэн төрлийн тэмдэг нэр ашиглаж дүрсэлсэн байна” гэсэн түүний  дүгнэлт анхаарал татсан юм. Түүнээс энэ талаар тодруулав.

-Яагаад байгалийн дүрслэл сэдвийг сонгож авсан бэ, илтгэл тавихыг өөрөө шийдсэн үү, багш нь санал болгов уу?

-Есдүгээр ангидаа “Сэгс цагаан богд” найраглалыг уншиж цээжилж байсан. Би говьд очиж үзээгүй, говийг  үнэхээр гоё дүрсэлсэн болохоор  говийн байгалийн дүрслэлээс болж байгалийн дүрслэл гэдэг сэдвийг сонгосон. Илтгэл тавих болоход багш ангийн хэдэн хүүхдэд санал болгосон юм. Ангиасаа бас сургуулиас  шалгарч чадсандаа баяртай байна.

-Сэгс цагаан богдыг зурсан байсан, шүлгээс ургуулж зурсан гэсэн үү?

-Байгалийн дүрслэлийг судалж дуусаад, говь гэдэг үгэн дээр түлхүү ажилласан. Говийг арван нэгэн төрлийн тэмдэг нэр ашиглаж дүрсэлсэн байсан. Тэр тэмдэг нэрүүдийг аль болох  оруулахыг хичээгээд өөрийн толгойд буусан Сэгс цагаан богдыг зурсан юм. Түүнээсээ улбаалаад шүлэг бичсэн.

-Үй цайгийн хүүхдүүд мэргэжлийн хүмүүс доктор профессоруудаар илтгэлдээ шүүмж бичүүлсэн байна лээ. Мэргэжлийн хүнээс гадна ааваараа шүүмж бичүүлсэн нь содон байлаа?

-Аав хүүхэд байхдаа  нийслэлийн монгол хэлний аварга болж байсан. Гэхдээ Орост инженер мэргэжлээр төгссөн болохоор  яг мэргэжлийн хүн биш.  Бидний хичээл даалгаврыг хараад энд алдсан байна гэдэг. Хааяа чатлахаар алдаатай бичвэл олоод харчихдаг  болохоор ааваараа шүүмж бичүүлсэн нь надад өгөөжтэй байсан. Зарим үг үсгийн алдааг маань ч засч өгсөн.

  –Жил бүр “Эзэн заяа” наадам болдог болохоор Үй цай-гийн хүүхдүүд Д.Пүрэвдоржийн уран бүтээлээс бусдыг бодвол  илүү их мэддэг болов уу?

-Монгол хэлний арав хоног болдог. Тэр үеэр  Д.Пүрэвдорж найрагчийн шүлэг уран бүтээлээс цээжилж  уншдаг.

Бага ангид “Тусгаар тогтнол” шүлгийг цээжлэхэд хэцүү санагддаг байсан бол  саяхан энэ шүлгийг сургуулиараа унших болоход сэтгэлээсээ уншсан.

Д.Пүрэвдоржийн шүлэг найраглал Үй цайгийн хүүхдүүд бидэнд дотно, сэтгэлд үлдсэн байдаг.

-Үй цай-гийн хүүхдүүдийн илтгэлийг сонсож байхад маш их хөдөлмөр зарцуулсан байна лээ. Илтгэл дээрээ хэр ажиллав?

-Багш арваннэгдүгээр сар дөнгөж эхэлж байхад зарлаж, хэлж байсан. Жишээнүүдээ түүж, багшдаа шалгуулж нэлээд засвар хийсэн. Бараг гурван долоо хоног багш нарынхаа араас гүйсэн.

-Гадаад хэл дээр илтгэл тавьдаг уу?

-Олон хэл дээрх хэл зүйн илтгэл жил бүр болдог. Дэлхийн уран зохиолуудыг уншдаг. Манайх хос хэлний сургууль учраас англи, хятад, монгол гурван хэлээр хэл зүйн харьцуулалт хийдэг. Ийм илтгэл тавьж дассан болохоор илтгэх чадвар багаасаа хөгжсөн гэв.

 Б.Түмэн-Өлзий Өвөрхангай аймгийн Есөн зүйл сумаас ирж, илтгэлийн уралдаанд нэгдүгээр байр эзэлсэн сурагч. “Орчин үед аливаа нэг улс  үндэстэнг эзлэе гэвэл буу зэвсэг барьж дайрах шаардлагагүй. Тухайн улсын залуу үе рүү соёлын дайралт хийж нөлөөлөх нь илүү ашигтай. Тийм учраас залуу үеэ хэрсүү ухаалаг байлгахын тулд хэл яруу найргаараа ингэж оюуны дархлаатай болгоосой гэж боддог. Энэ санаагаар илтгэлээ тавьсан” гэж тэр ярьсан юм.

 Илтгэлийн уралдаанд нийслэл болон орон нутгийн 11 сургуулийн  ахлах ангийн 16 сурагч оролцсоноос  шилдгийн шилдгээр Үй Цай сургуулийн 12б ангийн сурагч Г.Бямбагэрэлийн “Сэгс цагаан богд найраглал дахь хэлц холбоо үг”  сэдэвт илтгэл шалгарав.

Орчлонд би азтай төржээ

Баасан гарагийн үдээс хойш Үй цай сургуулийн “Урлаг” танхим дахиад л хүүхдээр дүүрэв.  Энэ удаа Дэндэвийн Пүрэвдоржийн нэрэмжит Дөрвөн цагийн тал” дуун цэнгүүн боллоо. Соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжим судлаач Ч.Буянхишиг, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Г.Эрдэнэчулуун нар энэ наадмын шүүгч байлаа.

Ч.Буянхишиг гуай сэтгэлд хоногшсон зөөлөн дуу хоолойгоороо наадмыг нээж ийнхүү хэллээ.  “Монголын ард түмний эрхэмлэж хүндэтгэж явдаг, алдар цуутай яруу найрагчийн нэрэмжит наадам боллоо. Д.Пүрэвдорж найрагч мөн  эх орноо магтсан дуулсан олон сайхан дуунуудтай. Д.Пүрэвдорж гуайн бүтээлүүд эх оронч сэтгэлгээтэй байдгийг та бүхэн маань мэдэж байгаа байх. Уралдаандаа бүгдээрээ амжилттай оролцоорой, хүүхдүүдээ” хэмээв.

   Ахлах ангийн ангилалд шилдгээр шалгарсан Үй цай сургуулийн хөвгүүдийн “Дөрвөн бэрх” хамтлагтай танилцав. Тэд “Амин нутаг” дуулахдаа Камертоныг санагдуулсан юм.

 Яг л мэргэжлийн дуучин шиг дуулсан Г.Дөлгөөн Үй цай сургуулийн 11 А ангид сурдаг. Дуулах, зураг зурах хообийтой. Комик төрлөөр зурдаг энэ хүү номоо гаргаж байсан гэнэ. Хөвгүүд долоо хоногийн турш “Амин нутаг”  дуугаа бэлтгэжээ. “Дөрвөн бэрх” хамтлаг анх удаа  сургуулийнхаа  тайзан дээр ийнхүү дуулж мэндэлжээ.

Хамтлагийн гишүүн Т.Тэргэл мөн л Үй цай сургуулийн 11 А-д сурдаг. Чөлөөт цагаараа найзуудтайгаа сагс, волейболоор хичээллэдэг.  Багаасаа  дуу дуулж уралдаан тэмцээнээс медаль хүртэж байжээ.

С.Баянбат 11 Б ангийн сурагч. Багаасаа дуулах дуртай ч зориг гаргаж уралдаан тэмцээнд оролцож байгаагүй гэлээ. Энэ хүү багтаа “Дөрвөн бэрх” нэр хайрлажээ.

12 Б ангийн сурагч С.Төрмандах өмнөх жилийн “Эзэн заяа” тэмцээнд яруу найргийн төрлөөр нэгдүгээр байрт шалгарч байсан. Төгөлдөр хуур тоглодог. Канадын Торонтогийн сонирхогчдын  тэмцээнд хоёрдугаар байрт шалгарсан авьяаслаг хүү. Тэрбээр мөн усан пологоор хичээллэдэг. Монгол Улсыг төлөөлөөд, Орост Томскт тэмцээнд оролцож байжээ. С.Төрмандах Англи хэлний түвшин тогтоох  IELTS, Хятад хэлний түвшин тогтоох шалгалт  HSK -д тэнцээд байгаа гэнэ.

Д.Пүрэвдорж найрагч олон сайхан дуутайг энэ өдөр мэдэв. “Орчлонд би азтай төржээ” хэмээх сайхан дууны үгс чихэнд хоногшжээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img